“Оройн дээд” юун тухай өгүүлнэ вэ?

0
1347

“Оройн дээд” гэдэг нэрнээс нь хараад  Богд хааны тухай жүжиг юм байна гэж бодогдсон байж магад.   Энэ бол оройдоо дээдлэн залах ёстой, хүний хамгийн эрхэм нандин зүйлийн тухай өгүүлэх түүх юм.

Таны хувьд хамгийн чухал юм чинь юу вэ гэж асуувал хүн бүр өөр өөрөөр хариулах  байх. Гэвч эрх чөлөө гэдэг хүн зоны хувьд, тусгаар тогтнол гэдэг   улс үндэстний хувьд оршин тогтнохын гол утга учир юм гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Оройн дээд жүжгийн эхлэл та бүхнийг XX зууны эхэн үеийн Монгол орон, Нийслэл хүрээ рүү хөтлөн аваачна. Харанхуй бүүдгэр тайзны дээрээс хазайсан тооно өлгөжээ.  Тоононоос хадаг биш гинж дүүжлээстэй.

Шорон мөглөнд  хатсан дөнгөтэй эрчүүд, цаазын ял авсан эр нөхрөө олж уулзах гэж өлгийтэй хүүхдээ тэврэн уйлан хайлан царайчлах бүсгүй, санаж сарвайх хүүгээ эрж аргаа барсан хөгшин эх, хятад цэргүүдээр бүслэгдсэн Хүрээний өнгийг харахад дотор харанхуйлж, нэг л хөндүүр оргино.

11034175_630400067092590_1287137350303878361_n

Өрөвдөх тэнгэр байдаг бол

Өршөөж хайрлана уу

Өмөөрөх төр байдаг бол

Өмгөөлж хамгаална уу хэмээн уйлах

бүсгүйн дууг сонсоод юу билээ дээ энэ чинь гэж өнөөгийн байдалтай харьцуулан сэртхийв.

Зовлон шаналалд баригдаж, тартагтаа тулсан ард түмнээ хараад хөдлөх цаг ирснийг ойлгосон Чин ван Ханддорж тэргүүтэй хэсэг ноёд нууцаар хуралдаж, Оросоос тусламж гуйх болсноор жүжиг өрнөнө.

11043021_10204593054331631_7919771891183145726_n

Урвалт, шарвалт, хуйвалдаан, хүчирхийлэл, ашиг сонирхлын тэмцэл ч энэ үед хамт явж байна. Түүх хуучирдаггүй, давтагдаж байдаг нь туйлын үнэн ажээ.

Манжийн эсрэг үзлээсээ болж   араа соёонд зуугдсан Чин ван Ханддорж  Бээжинд дуудагдаж очиход   зоогийн ширээнээ тавган дээр долоон настай хүүгийх нь толгойг ялз жигнээд  тавьчихсан байсан гэдэг. Энэ мэт увайгүй харгис үйлдлээр Манж  өөрийх нь эсрэг зогссон монгол эх орончдыг  нухчин дарах гэсэн оролдлогыг байнга хийдэг байсан ч тэднийг мохоон зогсоож чадаагүй юм.

Хүүгийхээ толгойгоор золио хийсэн Ханддорж ван “Марал илжигний туурай маалинган шаахайн мөр Халхын нутагт гишгүүлэхгүй”  хэмээн жинсээрээ чулуу саван тангараглаж байсан  нь бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ямар их үнэ төлсний нэг жишээг харуулна.

“Данзанжамц үр минь

Даанч урт насалсангүй дээ

Далай төр минь… төр минь

Дандаа мөнх наслаг дээ”

гэж элэг эгшээн, зүрхэн эмтрүүлэн  дуулах эцгийн дүрийг  СТА Б.Батмэнд сэтгэлд хүртэл бүтээжээ.

11027939_800174030065563_1275876959880539526_n
Сандо амбаны Богд хаанд хэлдэг

“Цуглаж үгссэн ноёдын чинь

Цусаар шавар зуурч

Сувд цагаан хэрмэн дээр

Суварга босгоно би

Оройн дээд чи

Очиж мөргөөрэй”

гэж занах аринаас Монголыг төртэй нь, төрийн тэргүүнтэй нь, ард түмэнтэй хүчээр атгаж байсан Манжийн хүнд дарангуйллын гашуун түүх мэдрэгдэнэ.

11088_595070043958926_6136595625725779029_n

Дондогдулам хатныг энэ жүжигт эр нөхөртөө тулгуур болсон монгол эхнэр, эх орныхоо төлөө бол хэрэгтэй цагтаа ташуур болсон ухаалаг эмэгтэй байсан гэдгээр нь тодотгон харуулсан нь маш онцлог байлаа.

“Найр найрын эхэнд

Нар шиг залардаг билээ та

Намхан хятадад ноолуулах

Номхон төр баймгүй еэ”

гэж Богд хаанд үг хаядаг хэсгээс  түүний байр суурийг харж болно. Сандо амбан Богд хаанд анх бараалхахад   Дондогдуламыг   суудлаасаа босч амбанд хүндэтгэл үзүүлээгүй гэж  уулзсан  цагаас эх дагинатай харьцаа муу байсан тухай сонирхолтой баримт түүхэнд байдаг бөгөөд Манж амбаны эсрэг Богд хааныг хөдөлгөхөд тэдний хүйтэн харьцаа бас түлхэц болсон болов уу гэж энэ жүжгээс харагдаж байв.

10827947_629215637211033_5986555109457750447_o

“Морьтон дээдсийн удам судар

Мохошгүй зоригт ноёдын үлгэр

Мохоо гэнэн хувраг намайг

Монгол оронд хайртай болгожээ.

Цастын оронд төрсөн би

Цаньдын ном уншсан би

Цаг нь ирвээс Монголын төлөө

Цааз хүлээж чадна би”

гэдэг Богдын аринаас түүний дотоод  сэтгэл, шашин төрийн тэргүүн хүний ноён нуруу харагдана.

 

11222581_716908261775103_1545179302416709540_n-1

Уг жүжиг дээр гарч буй шүлэг, хэллэгүүдийг сонсоход аргагүй л П.Бадарч, Д.Төрбат нарын “ аваргуудаас” л  гарах бүтээл байна даа гэж мэдрэгдэж байв.

Хайр дурлал, урвалт, зүтгэл тэмцэл, айдас,  итгэл, золиос, эр зориг, занал хорсол, гайхашрал олон зүйлийг  багтаасан энэхүү жүжгийн сүүлийн үзэгдэл дээр Монгол Улс харийн дарлалаас ангижирч, шорон мөглөнд байсан эрчүүд гав гинжнээсээ салахад бүсгүйчүүд нь малгай бүсийг барьж ирнэ. Сүлд хийморийн бэлгэдэл малгай бүсээ зүүсэн эрчүүд  тоононоос дүүжлээстэй байсан гинжийг таслаж , хазгай байсан тооноо тэгшилэв. Энэ үед “Эрхэм төр” Монгол ардын уртын дуу эгшиглэхэд түрүүнээс хойш багтраад байсан дотор өөрийн эрхгүй цэлмэж, хоёр нүдний нулимс мэлмэрэн урсаж байсныг  үзэгч би нуух юун.

Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг дээдсийн үгийг найруулагч энд сануулах гэж зорьсон нь биеллээ олжээ . Монгол Улсыг тусгаар улс хэмээн зарлаж, Богдыг Монгол улсын хаанаар өргөмжлөхөд баярлаж магнай нь тэнийсэн ард олон дуугаа дуулж бүжгээ хийв. Нэг л тийм сайхан, наадам ч болоод байгаа юм шиг, цагаан сар ч болоод байгаа юм шиг баяртай, жаргалтай мэдрэмж өөрийн эрхгүй төрж байв. Нулимс, инээд , үзэн ядалт, ухаарал, гуниг, бахархал олон мэдрэмжийг энэ хоёр цагийн жүжгээс жинхэнэ “кайф”-тайгаар амсаж эдэллээ.

Сандо амбан, Шанзав Бадамдоржийн аринууд  бол дуулахад амаргүй, дуучдын   чансааг өндөр түвшинд шалгасан бүтээлүүд болжээ гэж мэргэжлийхэн ярьж байна. Монгол хүн бүрийн үзэх ёстой  бүтээл болжээ гэж ирсэн хүмүүс бүгд нэгэн дуугаар санал нийлж байгаа нь ” Оройн дээд” цаг хугацаа, сэдвийн хувьд  нүдээ олсон, хөгжим, утга санаа, цомнол, найруулгын хувьд бүх талаараа өв тэгш, Монголын сонгодог болохоор  сайхан бүтээл болсны илрэл юм.

Тэр үеийн алдаа оноог, тусгаар тогтнол эрх чөлөөний үнэ цэнийг үгээр, үйлдлээр, бүжгээр, хөгжмөөр, өнгөөр, нүдэнд харагдаж гарт баригдахаар хийсэн бүх уран бүтээлчдэд тэр дундаа ухаанаа урсган, авьяасаа асган бүтээсэн найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М. Бирваа нарт баяр хүргэе. Маш олон жил бодсон, түүний төлөө олон шөнө нойргүй хоносон  хөдөлмөр гэдэг нь жүжгийн хором мөч бүхнээс үнэртэж байлаа.

11690_653135181485745_2873556117700319333_n

Жүжиг үзээд гарж явахад нэг л баяртай, цээж тэнэгэр, хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл бахархал тодорсон байхыг харахад сайхан. Нэг тийм эв нэгдэлтэй баймаар ч юм шиг, эргэн тойрны хүмүүс бүгд сайн сайхан харагдаад ч байх шиг, төрөө хүндэлмээр ч юм шиг,  удахгүй ингээд  засаг төр минь биднийгээ өмөөрч харах ч юм шиг,  эх орончид гарч ирээд  хамгаалах ч юм шиг   горьдлогын оч бүүр түүрхэн асах мэт болов.

torgon tserguud face copy

Түүх хуучирдаггүй, давтагдаж байдаг.  Эхний алдаа бол эмгэнэл, түүнийг давтвал харин даажигнал гэдэг. Үүнийг дахин давтахгүйн тулд бид түүхээ эргэн харж байх учиртай билээ.

Ч. Дэлгэрцэцэг

10846334_10203923942764260_5114768329780576391_n

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ