Өмнийн говийн хүү, Үндэсний чуулгын удирдаач Н.Буянбаатар

0
1216

буяа 8Говьд нар мандах анир. Тэв тэгшхэн шал дээр дугариг шаргал наран эгээ энүүхэнд буй мэт инээмсэглэсээр өндийх тэр агшин. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж байгалийн энэхүү төгс үзэмжийг дүрслэн эгшиг холбож симфони зураглал болгосныг маэстро Н.Буянбаатар удирдан тоглуулахыг сонссон хүн бүр дотооддоо уяран хайлж байгаа нь илт. Буяа удирдаач говийн хүн. Говийн нам гүм, хаа нэгтээ сэрвэлзэх гүрвэл, голио. Их зэрэглээ, зээр. Тэртээд харагдах ганц айл. Алсаас бараа нь тод баянбүрд. Сэтгэлдээ тээж явдаг нандин мэдрэмжээ тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан үзэгч олонтойгоо хуваалцсан нь онцгой байлаа. Тоглолтын төгсгөлд төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын амьдралын төлөөх тэмцлийн дүр төрх, шуугианыг зурсан “Салхит шувуун” симфони бүтээлийг тоглуулж зүрх сэтгэлийг булгилуулан догдлуулах нь найрал хөгжимчдийн, ялангуяа удирдаачийн мэргэжлийн ид хавыг илтгэн нүргэлнэ. ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатарын уран бүтээлийн тоглолт СТӨ-нд энэ сарын 21-нд дуулиантайхан болж өнгөрснөөс дээжлэн мэдээлэхэд энэ. Дуулиан гэдэг нь олон нийтийн дунд эрэлттэй тоглолт байсан гэсэн үг юм. Монгол төрийн их найрлыг агуулж байдаг тус Чуулгын ерөнхий удирдаачаар 2006 оноос ажиллаж буй маэстро байгууллагынхаа захиргаа, уран сайхны зөвлөлийн шийдвэр, “шахалтаар” Чуулга байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч, сонсогч олондоо ийнхүү хүргэсэн юм.

Чуулга УАДБЧ нэртэй байсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд цөөхөн ерөнхий удирдаачтай хамт олон. Хамгийн олон жил ерөнхийлөн удирдсан нь УГЖ С.Сүндэд бөгөөд түүний туслах удирдаачаас удирдах ажлын гараагаа эхэлсэн Н.Буянбаатар 1985 оноос хойш эдүгээг хүртэл үндэсний хөгжмийн их найралд зориулсан хэдэн дан хөгжмийн бүтээл, хэдэн бүжгийн хөгжим, хэдэн дууны уран бүтээлийг удирдан тоглуулж ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд хичээн зүтгэж, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагаа зориулсан гэх вэ. Тоолж баршгүй. Удирдаач өөрийгөө одоо л найрал хөгжим удирдах урлагийн “А”-тай танилцаж дуусаад “Б” рүү шилжих гэж байна. “Я” хүртэл мөн хол байна аа гэж даруухан өгүүлнэ. Тэрбээр өдөр бүр өөрөөсөө, хөгжимчдөөсөө суралцаж байдаг нэгэн. Дохих бүртээ шинэ юм олж мэдэж авсаар, багш нарынхаа зааж зөвлөж байсантай нийлүүлэн бодож хөгжимчдөө, хөгжмөө удирдан тоглуулж Монголын үндэсний хөгжмийн их найрлыг дуу, дуугаралтын өндөр түвшинд авч явна.

Хөгжим бүжгийн сургуулийн гурван давхар шар байшин, Чуулгын ягаан байшинд 37 жилийг өнгөрөөсөн тэрбээр хөгжмөөр амьсгалж, хөгжмийг “идэж, ууж”, хөгжимчин бүсгүйтэй гэрлэж, хөгжмөөр урлагийг, нийгмийг, эх орноо, дэлхий ертөнцийг ч таньж, олж авч, мэдэрч ойлгосноо ажил уран бүтээлдээ тусган дуу, хөгжим, бүжгийн сайхан бүтээлүүдийг нэр төртэй удирдан тоглуулж монгол түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж, итгэлийг дааж явна.

Н.Буянбаатарын суурь мэргэжил морин хуурч. Мэргэжлийн анхны багш нь Д.Буян. Хоёр жил түүний шавь байсан. Алдарт хуурч Г.Жамъян багшаар нэг жил хичээл заалгасны дараа багшийн шууд залгамж халааг авсан шавь, эдүгээ МУГБ Ё.Батбаярын гар дээр ирж 1-4 дүгээр курстээ суралцан төгссөн байна. Хөгжим бүжгийн дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд удирдаачийн хичээл ордог. Хэрвээ сонгон суралцах бол төгсөх курстээ үргэлжлүүлж болдог. Тэр журмаар ангиасаа гурвуул М.Булган багшийн найрал хөгжим удирдах урлагийн хичээлийг сонгон суралцаж төгссөн нь түүний ирээдүйн идэвхтэй амьдралын эхлэл болжээ. Энэ бол 1985 он юм.

Мэргэжлийн сургууль төгсөгчдийг засаг өөрөөр хэлбэл Соёлын яам мэдэж хуваарилдаг үе байлаа. Хэн хаашаа явах дуртай байна, эсвэл дургүй байна уу, нутаг уу, биш үү хамаагүй хаа хэрэгцээтэй газар явуулдаг байв . Н.Буянбаатарыг харин ийш тийш яв гэсэнгүй, Ардын дуу бүжгийн чуулгад илгээжээ. Ангиасаа морин хуурч Шагдаржав, эвэр бүрээний Цогтсайхан гурав Чуулгад 1985 оны долдугаар сарын 1-нд хөгжимчнөөр ажилд оров.

Ардын жүжигчин Д.Лувсаншарав Чуулгын дарга бөгөөд уран сайхны удирдагч. Ерөнхий найруулагч нь Ё.Цэрэндолгор, харин ерөнхий удирдаач нь УГЖ С.Сүндэд байлаа. Батмөнх, Мэнд-Амар, Чойжилжав, Самбалхүндэв зэрэг том хөгжимчид оркестрантууд. Тэд “Шагдаржав, Буянбаатар хоёр удирдаачаар давхар төгссөн юм билээ. Энэ залуусын нэгийг туслах удирдаачаар ажиллуулбал яасан юм” гэж ярилцаад туршиж эхэлжээ. Ерөнхий удирдаач С.Сүндэд, мөн түрүү жил хойно сургууль төгсч ирсэн Бямбадорж гэж удирдаач нар хөдөө ажлаар явсан хойгуур нэг өдөр Ё.Цэрэндолгор найруулагч “Үлдсэн тоглолтыг Буянбаатар хариуцна” гэж палхийтэл хэлсэн тэр зурсхийсэн агшин залуу хуурчийн ирээдүйн амьдралын гэрлийг асаачих мэт. Энэ бол 1986 он.

Ингээд залуу хөгжимчин дөрөв, таван тоглолтыг бие дааж удирдан явуулах боллоо. Ногооноороо амьтан, гар нь салбаганасан л нөхөр байсан гэнэ. Анхны бие дааж авч гарахаар үүрэг авсан тоглолтуудын нэг нь 11 бүтээлээс бүрдэж байжээ. Нэг том тоглолтыг нь маэстро маш сайн санадаг юм байна. Ази, Номхон далайн орнуудын Коммунист намын төлөөлөгчдийн чуулга уулзалтад зориулсан, Дуурийн театрт болсон тоглолт. Тухайн үеийн улс төрийн мундаг том олон улсын арга хэмжээ, хариуцлага ч өндөр шаардаж байлаа. Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс хянав. Дан хөгжмийн бүтээлээс гавьяат Л.Идэрбатын “Хөгжлийн хурд” гэж том зохиолтой, бусад нь дан бүжиг. “Цоглог залуус”, “Адуучин”, “Саальчин”, “Баяд” гээд хуучны С.Сэвжидийн, С.Сүхбаатарын сайхан бүжгүүд байв. Тайзан дээр өдгөөгийн “ардын” Д.Самбуугийн нэг дуу, “Ардын баяр” хоёрыг дохих ёстой. Бусдыг нь бол “яам”-нд гэсэн чигтэй байлаа. Ердөө 21 настай хөгжимчин залуу мэдэх юмаар тааруу, шалгаж байсан хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлж байсан бол доо. Комиссынхон ярилцаад “Энэ хүү арай л багадаад байна даа. Хүү ерөөсөө “яам”-ндаа (яма) удирдаг, харин тайзан дээрхийг Ж.Чулуунаар дохиулъя гэсэн шийдвэр гаргаж байжээ. Ингэж “яам” гээч айхавтар нүхэнд найм, есэн бүжгийн хөгжмийг чадан ядан дохисон гээд өдгөө тачигнатал хөхөрч суух нь жаргалтай. Тэгэхэд хоёр өвдөг нь овоо салгалж байсан гэдэг.

Тэгж байтал 1987 он гарч “Бид нэг орчлонгийн хүмүүс” гэсэн уран бүтээлд удирдаачаар оролцжээ. Олон үндэстний хөгжмөөс толилуулсан энэ тоглолтоор Л.Идэрбатын “Манай залуус” гэдэг шинээр тавигдсан бүжиг, Э.Чойдог багш “Жоок” гэдэг бүжиг сэргээж тавьсныг “яам”-нд удирдсан. 1988 оны “Хаврын дуу” уран бүтээлд бие дааж Ж.Мэнд-Амар, Х.Билэгжаргалын хөгжим “Торгууд” бүжгийн сюитийг тоглуулснаар туслах удирдаач болов. Ийнхүү хөгжимчин, морин хуурын дөрвөлийн гишүүн, туслах удирдаач зэрэг ажлыг давхар хийсээр 1995 он болоход зөвхөн удирдаачийн ажлаа дагнах болжээ. Харин 2006 оноос Чуулгын ерөнхий удирдаач болж өнөөг хүртэл ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил Чуулгынхаа уран сайхны удирдагчийн ажлыг ч давхар хашиж байв. Ер нь Буяа удирдаач залуугаасаа дарга болсон л доо. Тэрбээр сургууль төгсөөд Чуулгад ирмэгцээ УАДБЧ-ын Эвлэлийн үүрийн даргаар сонгогджээ. Одоогийн Маркетингийнхны өрөөнд албаны утастай “том” дарга суудаг байж.

буяа 4Үндэсний хөгжим хэмээх гайхамшигтай амьдралаа холбосон тэрбээр гэргийгээ ч энэ л Чуулгаасаа олж авчээ. Түүний ханийг Ж.Гэнэндулам гэдэг. УАДБЧ-ын гоцлол хөгжимчин, шанзчин. 1986 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдээр Их театрт “Үлгэрийн холбоо” бүхий “Ардын аялгуу”-г оркестртой гоцлон тоглож байсан шилдэг хөгжимчин. Радиогоор найрал хөгжимтэй явдаг “Ардын аялгуу” түүнийх. Алдарт Ц.Дашдулам багшийн шавь. Мааран дээрээ цохих зэрэг хөгжимдөх арга барил, өвөрмөц манертай шанзчин гэдгээр хөгжимчид дунд хүндтэй, тухайн үеийн үзэгчдийн ч танил нэгэн. Тэд Чуулгад 2000 он хүртэл цуг ажилласан бөгөөд “Хоёул урлагийн хүн байгаад яах вэ. Чи урлагтаа зүтгэ, харин би арыг чинь даая” гээд ажил мэргэжлийн өөр замаар явсан хичээл зүтгэлтэй бүсгүй. Уран бүтээлч хос хөөрхөн охинтой.

Н.Буянбатаар удирдаач мэргэжилдээ дуртай, юу ч болж байсан хөгжим гээд явж байх хүн гэж өөрийгөө тодорхойлно. Эдүгээ ХБК, СУИС-д цагийн багшаар давхар ажиллаж хуурч хүүхдүүдэд чаддаг мэддэгээсээ зааж өгч байгаа.

Тэрбээр хөгжимчин заяандаа хайртай. Тайван сайхан ажиллаж амьдрах, дур зоргоор дуу аялан исгэрч явах эрх чөлөөт Монгол Улсын иргэн болж төрснөөрөө бахархдаг. Чуулгынхантайгаа 1985-1990 оны хооронд 18 аймгийг бүтэн тойрсноо их л олзуурхан, ямар нэгэн барагдашгүй баялаг олсон мэт бахархан ярина. Чуулга Д.Банзрагч, Д.Самбуу, Ч.Чимэдцэрэнгийн тайлан, Ж.Нансалмаа, Д.Хоролсүрэнгийн тайлан, Г.Түмэндэмбэрэл, Г.Зоригт, Ц.Өлзий-Орших нарын тайлан болон ерөнхий бригад гээд тав, зургаа хуваагдаад орон нутагт тоглолтоор явдаг байжээ. Ятгачид Түмээ, Өлзий-Орших, Зоригт гуравтайгаа, Буяагийн баг гурван гавьяаттай явна. “Таван эгшиг”, “Найрамдал”, “Залуус”, “Аялгуу” гээд дөрвөн хамтлагтай. Буяа гэргийтэйгээ нэг хамтлагт явдаг. Жилийн 90 хоногийг хөдөө өнгөрөөсөн тохиолдол ч байжээ. Энэ мэтчилэн нэг гэрийн хоёр хамтдаа хөдөө бол хөдөө, хотод бол хотод үдэш оройг үл анзааран урлагт хүчин зүтгэх нь амаргүй байж. Ийнхүү 15 жил хоёул үдэш орой тарж, олон ч удаа оройтож харьж, хөргөгчөө онгойлгон хөлдүү маханд заазуур зоочихоод гэсэхийг нь хүлээж суусан түүхтэй. Тийм л учраас гэргий нь шийдвэр гаргаж ханиа их урлагт нь үлдээж өөрөө арын ажлыг зохицуулах болжээ.

Н.Буянбаатар найрал хөгжимчдийнхөө удирдаач нь ч, зөвлөгч нөхөр нь ч юм. Тэрбээр байнга шахам хэлдэг хэдэн үгтэй. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байж л хөгжимчин болдог. Оркестрын хөгжимчин гэдэг бол мэргэжил. Доод тал нь оркестрт таван жил сууж байж сая оркестрын хөгжимчин болдог. Түүнээс биш хоёр, гурван сар мэргэжлийн багштайгаа эсвэл концертмейстертэйгээ ганц, хоёр зохиол нүдэж нүдэж шалгалтаа амжилттай өгснөөр өөрийгөө хөгжимчин болчихлоо гэж бодвол эндүүрэл. Сургалтаар анхан шатны л мэдлэг олгодог, хөгжимчин болно гэдэг амьдрал туулсан эсэх тухай асуудал юм. Банзрагч нэг янзаар, Самбуу өөрөөр, Нансалмаа ч өөрийнхөөрөө дуулна. Хөгжимчдийн өөрөө өөртөө тоглодог “Сүнжидмаа” тайзан дээр тэс өөр байж ч магадгүй. Олон янзын хэмнэлтэй бүжгүүд байна. Хөгжмийн зохиолч болгон өөр өөрийнхөөрөө харж юм хийнэ. Найруулга, маяг нь ондоо. Гадуур тоглоно, цаг нар, нөхцөл байдалд баригдана. Ийм орчинд “За хаанаас вэ, эндээс” гээд явахад л яв цав байх түвшинд бэлэн байх нь хөгжимчин болсны шинж. Уртын дуу явдалтай. “Хэрлэнгийн баръяа”-г Цогтсайхан фа-гаас явж байхад, өөр хэн нэгэн соль-оос явна аа гэх жишээтэй. Ингээд ирэхэд бүх юм өөр болоод явчихна. Энэ өрнөж буй амьдрал дунд хөгжимчин тоглож сурдаг гэх зэргээр тэрбээр хөгжимчдөдөө байнга ярьж сургана. Маэстро “ҮДБЭЧ надад энэ бүх ухааныг өгсөн, намайг хөгжимчин, удирдаач, хүн болгосон газар даа” гэж түүнийг тосч авсан, хүмүүжүүлсэн, сургасан, удирдаач болгосон байгууллагадаа баярласан сэтгэлээ илэрхийлэн өгүүлнэ.

Хөгжим нарийн. Сайн бичсэн, бүтээсэн хөгжим удирдан тоглуулахад нөнжигтэй. Үгүй бол ер нь л явахгүй. Удирдаач, алдарт Ж.Мэнд-Амарт нэг удаа “Мэндээ ах аа, энэ аялгууг шанзанд бичвэл гоё биш үү” гэхэд “Ээ, Буяа минь дээ, хөгжмийн найруулга хийнэ гэдэг чинь хөгжмийн зэмсгээс гадна хүнийг нь харж хийдэг юм аа” гэж хэлж гэнэ. Гол аялгууг тэр хөгжимд өгчихөөр явах уу, үгүй юу. Тэнд хэн сууж байгаа билээ гэж бодох ёстой. Хөгжимчний чадварыг харж, зохиолын гол санааг тоглолтоор нь гаргуулдаг байх нь гэдгийг тэр туршлагатай хөгжмийн зохиолч, найруулагчийн үгнээс ойлгож авч байжээ. “Одоо бүгд харж байна, сайн хөгжимчид байгаа болохоор сайн хөгжмийн бүтээл төрж байна. Хөгжимчид сайнгүй бол хөгжмийн зохиолчид хурцлагдахгүй. Одоо бие биенээ хурцалж сайхан бүтээл төрүүлж байна шүү дээ. “Алив яана гэнээ, Шинэцог оо” гэж хөгжимчний үзүүлж буй янз бүрийн техник, боломжуудыг харсан Өлзийбаяр “Аанхаа, ингэж болох нь байна” гэж сэтгэж ажиллаж байна. Хөгжмийн найруулга хийх гэдэг бол ухаан, зүгээр нэг юм бичээд 70 хүнд тараагаад өгчихдөг юм биш. Тэр сайхан хөгжмийг утгаар нь тоглуулж дуугаргах гэдэг удирдаачийн ажил. Тэгэхээр үндэсний энэ найрал хөгжимд морин хуурчаас авахуулаад сууна гэдэг маш их юм сурч байгаа хэрэг. Би хэлүүлэх гэхээс илүү харж, бодож сурдаг. Өглөө бүр би автотакт өгдөг ч гэсэн удирдаж байгаа зүйлээсээ суралцаж л байдаг. Партитураа маш сайн эргүүлж харах хэрэгтэй. Үүнийг би ингэж өгөх ёстой юм байна, манай хөгжмийн баланс ингэдэг юм байна гэхчлэн байнга суралцаж байдаг. Ч.Чинбат багш Болгарт Удирдаачийн академи төгсөөд ирснийхээ дараа “Багш нь гурван жил хоёр роялийн ард зогслоо. Төгсөхийн алдад л симфони оркестртой ажиллалаа даа. Суралцагсдын зоргоор олддог найрал хөгжим гэж алга. Тэгээд ч ер нь удирдаач болохын тулд практик дээр л сайн ажиллах ёстой юм байна” гэж байсан юм. Үнэндээ бол тийм. Биеэрээ туулж, мэдэрч яваагийн хувьд багш үнэн хэллээ гэж бодож байлаа. Оркест гэдэг бол бодит орчин. Бүх юм ил байгаа болохоор хөгжимчидтэйгөө ярилцаад явахад эцсийн дүнд боловсорсон бүтээгдэхүүн гардаг” гэж маэстро удирдаачийн ажлын онцлогийн талаар цухас ярьсан юм.

Н.Буянбаатар удирдаач өөрийгөө тийм ч сайхан зантай хүн биш гэв. Үүнтэй санал нийлмээргүй байна. Түүний гараас гарч байгаа, удирдан тоглуулснаар нь хүмүүний сэтгэлд хүрч буй хөгжмийн өнгөөр нь түүнийг гэгээн, уужуу, ухаалаг, уярамтгай нэгэн гэж бодном. Удирдаач заримдаа уцаартай байж болно, хааяа багтрах шахталаа бачуурдаг байж болно. Гэхдээ энэ бүхэн үндэсний их найрал хөгжмөө яаж дуугарах ёстой тэр хэрд дуугаргахын төлөөх зүтгэл, сэтгэл юм. Энэ Монгол Улсын маань гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн удирдаачийн нэг эгэл даруу урлагийн зүтгэлтэн таны ажил үйлс үргэлж дэлгэрч дэвжиж байхын ерөөл өргөе.

Тоглолтыг зохион байгуулагчид нэгд удирдаачийн ажил, уран бүтээлийн талаар олон нийтэд танилцуулъя гэсэн. Хоёрдугаарт энд нэг ийм удирдаач “цаашаа хараад” ажлаа хийгээд байж байдаг юм шүү. Олон жил Улсын том чуулгын нөр их ажлыг нуруундаа үүрч явлаа, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэх цаг болоогүй юу гэж төр засгаас асуух гэсэн. Тоглолтын дараа үзсэн хүмүүс энэ талаар олонтаа ярьсан. Харин үүнийг бичигч миний бие түүнийг “Төрийн бодлогын цоорхойд гялалзах даруухан од” гэж хэлнэ. Буяа удирдаач бор царайтай хүн. Нэг удаа уран бүтээлч нөхдийнх нь дунд ийм яриа өрнөхөд тэрбээр чихнээсээ эхэлж, хамрынхаа үзүүр хүртэл улайснаа “Боль оо боль, та нар, уран бүтээлээ л яривал ярья” гэж ичингүйрсэн юм.

Хийсэн ажилтай, дүгнэж цэгнэх хамт олонтой, үнэлүүлэх төр засагтай хүнд энэ ичгэвтэр зүйл биш байх аа. Гагцхүү мэдээлж, хүргэж, сонордуулж байх нь зөв бөгөөд уран бүтээлч хамт олон, Чуулгын захиргаа, удирдлага соргогоор мэдэрч ерөнхий удирдаачийнхаа ажлыг үзэгч, сонсогчиддоо тайлагналаа.

Р.Оюунжаргал “Улаанбаатарын сонин”-д хэвлүүлснээр

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ