Дарима Линховоин: Ариунбаатар “Багш аа, би Чайковскийд явахгүй ээ” гэдэг байгаа

0
2892

Оросын холбооны Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын төгөлдөр хуурч, дуурийн концертмейстер, ОХУ-ын ардын жүжигчин, Буриад улсын төрийн шагналт, монгол үндэстний бахархалт багш Дарима Линховоинтой ярилцлаа.

Тэрбээр монгол шавь Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай шинэ бүтээлийн бэлтгэл, сургуулилт хийхээр Улаанбаатарт ирээд буй билээ. Бид шөнө дөл болтол сууж ярилцан инээлдэж хөхрөлдөн нэгэн үдэш сэтгэлийн цэнгэл эдэлсэн юм.

Бид ийн ярилцав.

-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулах уу. Таныг Монголын хөгжмийн ертөнцийнхөн, ялангуяа дуурийн урлагийнхан маш сайн танина, хайрлаж хүндэлдэг. Харин олон нийт төдийлөн мэдэхгүй байж болох юм…

дарима-Намайг Дарима Линховоин гэдэг. Би төгөлдөр хуурч. Оросын холбооны Буриад улсын Улаан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилладаг. Ленинградын Хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх Хөгжмийн тусгай сургууль болон тус хотын Хөгжмийн дээд сургууль төгссөн. Тэндээс Улаан-Үдийнхээ Дуурийн театрт ирээд дуурийн концертмейстерээр ажиллаж эхэлсэн юм. Энэ л ажлаа 40 жил хийж байна. Дуурийн концертмейстер гэдэг ажилдаа маш дуртай. Аав ээж маань дуурийн дуучид болохоор ч тэр байх. Миний эцэг эх амжилтын оргилд гарсан хүмүүс. Аавын нэр Лхасран Линховоин, ЗХУ-ын ардын жүжигчин. Ээж Вера Лэгдэнова ОХУ-ын гавьяат жүжигчин. Тэд гэртээ хүмүүжүүлж төгсгөсөн маш олон шавьтай. Би аав ээж маань шавь нартайгаа хэрхэн ажиллаж байгааг харж, сонсч, мэдэрч өссөн болохоор дуурьт дурласан. Тэгээд л төгөлдөр хуурч мэргэжил эзэмшихдээ дуурийн концертмейстерээр мэргэшсэн дээ. Ээжийн шавь нараас эдүгээ профессорууд Найдалмаа, Дашима нар Монголын СУИС-д багшилдаг. Дуучин хэрхэн бий болж, өсч байгааг шат болгонд нь харж байдаг байсан болохоор өөрийн эрхгүй энэ урлаг татагдсан. Би одоо ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын төрийн шагналтай. Олон улсын олон уралдаанд амжилт гаргасан. Өөрийнхөө тухай, аав ээжийнхээ тухай товчхон ярихад ийм байна даа.

-Та 40 жил нэг театрт ажиллажээ. Энэ хугацаанд та юу хийж бүтээсэн бэ?

-Чин сэтгэлээсээ үнэнийг хэлэхэд дуурийн төгөлдөр хуурч гэдэг маш том бие хүн юм. Энэ хүн хэрвээ жинхнээсээ ажиллах юм бол дуучдад өсч дэвжих боломж олгодог. Бүр 0-оос эхлүүлээд алдар хүндийн оргилд аваачиж чадах хүмүүс. Би үүнийг батлахыг хүссэн юм. Яагаад гэвэл өмнө нь дуурийн төгөлдөр хуурчийн тухай өөр ойлголттой байдаг байлаа. Тэдний талаар өөрөө өөрсдөдөө л тоглож суудаг хүмүүс шүү дээ, ийм мэргэжил гэж юу байх вэ дээ гэх мэтчилэн хардаг, ярьдаг байсан нь үнэн. Гэтэл үгүй юм. Тэд маш их ажилладаг, тэр хэрээр дуучдыг өсгөж бойжуулдаг төгөлдөр хуурчид байдаг. Одоо бол бүгд дуурийн төгөлдөр хуурч гэж хэн бэ гэдгийг мэдэх болсон. Тосгоноос дөнгөж ирсэн залуу хархүү, эсвэл бүсгүй мэргэжлийн хичээлдээ сайн байх ч ерөнхий мэдлэг, хөгжмийн соёл, хөгжмийн дуу авиа, өнгөний тухай мэдлэггүй байдаг л даа. Би энэ бүхнийг залууст суулгаж өгөхийг хичээдэг. Тэр хүүхдүүд зааж зөвлөснийг хүлээж авсаар аажим өөрчлөгдөж, соёлтой хөгжимчид болдог. Тэднийг яаж өөрчлөгдөж өсч дэвжиж байгааг харж баярладаг даа. Залуус боловсорч хөгжихөд миний хөдөлмөр зүтгэл орж байдаг болохоор эндээс би таашаал авдаг юм. Энэ бүхэн миний бүтээсэн, бий болгосон зүйл юм уу даа.

-Хойд хөршийн бидэнд хамгийн ойрхон Дуурийн театр бол танайх. Тэнд юу болж байна, ямар жүжиг тавих гэж байна, хэн ямар дүрд тоглох гэж байна гэдгийг анзаарч байдаг. Танай театрт ажилладаг монгол дуучин Г.Ариунбаатарын анхны тоглолт тэнд болоход гудамжин дахь зарлалын самбарт юу гэж бичсэн нь анхаарал татаж байлаа. Ариунбаатар, гээд “Дарима Линховоин представляет” гэж бичсэн байсан. Эндээс нэгэнт Дарима үзэгчдэд санал болгож байгаа бол сайн тоглолт гэсэн ойлголт төрөхөөр байсан. Танай театр ингэж таны нэрээр тоглолт рекламдах нь хэр олон бэ?

-Шинэ дуучныг үзэгчдэд таниулах шаардлага байсан. Хэн юм, ямар амжилттай вэ, урын санд нь ямар уран бүтээл байдаг вэ, одоо ямар ямар дуу, ари, романс дуулах гэж байна вэ гэх зэргийг тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй байсан. Ариунбаатарыг театрын орчинд, урлагийнхан мэдэж байсан ч үзэгчид бүгд мэдэхгүй байлаа шүү дээ, тухайн үед. Надтай хамт ажиллаж байгаа дуучин олон түмэнд хайрлагдсан, ойлгомжтой байх ёстой. Одоо бол тэр Буриад даяар алдартан. Орост ч тэр. Ер нь тэр одоо дэлхийд сонирхол татаж байгаа дуучин болсон.

-Тэр таны хамтарч ажилласан, ажиллаж буй анхны монгол дуучин биш. Та тэртээ 1998 оноос дуурийн гоцлооч П.Ганбат агсантай хэрхэн ойлголцож хамтарч ажиллаж ирснийг мэдэх юм…

-1997 оноос бид хамтарсан.

-Өндөр ч амжилтад хүрсэн дээ…

-Тэгэхэд Чайковскийн уралдааны IV байр авсан. Энэ бол тухайн үедээ хүчтэй цохилт болж байлаа. Үүнээс өмнө Монголын ертөнцөд, үүн дотор Буриад ч орно, дуучид сайхан хоолойтой, гэтэл дуулах соёл байдаггүй гэсэн яриаг хаанаас л бол хаанаас сонсч болохоор байлаа. Фразыг (хэллэг, өгүүлбэр) хаанаас хэрхэн эхлэх, дуусгах, кульминац (оргил хэсэг) нь хаанаа байна, яаж дуулах гэх зэргийг нарийн хийж дуулах талд дутагдалтай байсаар ирсэн л дээ. Гэтэл П.Ганбат тэр уралдаанд IV байр эзэлснээр Монголын ертөнцөөс юу ч хүлээж болох юм байна гэсэн ойлголт бий болж эхэлсэн. Чайковскийн уралдаан гэдэг бол элит, хөдөлмөр шаарддаг, хүнд уралдаан байдаг.

-Олимпийн наадамтай зүйрлэх нь ч бий…

-Тийм ээ, олимпийн наадам л гэсэн үг. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр Пласидо Домингогийн уралдаанд түрүүлсэн дуучин л гэхэд Чайковскийн уралдааны III шатанд орж чадаагүй үлдсэн. Олон улсын нэр хүндтэй олон уралдаанд түрүүлж байсан орон орны дуучид ташраараа унаж байлаа. Энэ жил болж өнгөрсөн уралдаанд шүү дээ. Тэгэхээр хэр хатуу уралдаан болох нь харагдаж байгаа юм.

дарима 2-Бас нэг зүйл ажигласан. Буруу харсан ч байж болох юм. Чайковскийн уралдаанд ур чадвараас гадна гоо сайхан нэлээд нөлөөлсөн үү. Манай дуучны төрх, байгалийн өгөгдөл болсон сайхан зүс царай, тэгш бие хаа, төрөлхийн инээмсэглэл шүүгчдэд багагүй нөлөөлсөн болов уу?

-Байгалийн өгөгдөл нэг хэрэг. Гоё залуу, сайхан дуучин гэж түүнийг тайзан дээр гарах бүрт шивнэлдэж байсан. Гэхдээ энэ юу ч шийдэхгүй. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжилтнүүд сууж байгаа шүү дээ. II шатны шалгаруулалтын үед би харсан юм. Шүүгчид Ариунбаатарын тухай ярих үедээ гар хуруугаараа гэдэсний булчин, уушги, цорой болон толгойн орой зулай хэсгийг зааж байгаад ярилцаад байсан. Сүүлд нь шүүгчид тэр үед Ариунбаатар биеийн доод, дунд, дээд хэсгүүдийг шууд холбож дуулж байна, маш өндөр техниктэй юм байна гэж байсан. Бусад дуучин тэр хэсгүүдийг ээлж дараалан ажиллуулж дуу авиаг шахдаг бол тэр бүгдийг шууд холбож ажилладаг юм байна гэж ойлгосон. Энэ бол дуулах техникийг төгс эзэмшсэн байдал, ур чадвар. Тэгэхээр гоё сайхан байдал нь биш, дуулах ур чадвар нь түүнийг алдартай болгоод байна. Багш нь сайн сургасан байна. Өөрөө ч их зүтгэлтэй хүү.

-Дуулах урлагийн багш гавьяат жүжигчин Д.Банди, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо гэдэг хоёр багштай хүн. Аль нь ийм техник заасан бол гэдэг сонин байна. Танд хэлж байв уу?

-Багш нарын аль нь ч заах байх л даа. Банди багшийн тухай ярьж байсан. Багш нь түүнд яаж зааж сургаж байсныг надад тайлбарласан л даа. Шавийнхаа өмнө босч, сууж байгаад л гараараа зааж үзүүлэх зэргээр ойлгуулж байсан гэсэн. Ариунбаатар тэр үед дуулах урлагийн техникийн амин гол нь хаана байна вэ гэдгийг ойлгосон гэж ярьж байсан. Ер нь Банди багш сайн шавь нар төрүүлсэн дээ. Дуучин Уянга байна, Энхтайван байна, миний сайн мэдэхээс. Мэдээж бүх шавьдаа өөрийн мэдлэгийг харамгүй өгч, зааж сургасан байж таарна. Харин хэн хэрхэн хүлээж авч хэрэгжүүлж байна вэ гэдэг л чухал.

-Та хоёр “Чайковский”-д маш сайн тактиктай орсон л доо…

-Ямар (инээв) ?

-Аль шатанд ямар бүтээл дуулах вэ гэдгээ маш сайн тооцоолсон санагдсан.

-Тийм ээ. Мэдээж бодлого хэрэгтэй. Бид Леонкаваллогийн “Пролог”-оор дуучдыг “алж” орхисон юм (хөхрөв). Үүнийг дуулсны дараа шүүгчид надад “Та нар супер юм үзүүллээ” гэж хэлсэн. Энэ “Пролог”-ийг тенорууд дуулах нь элбэг. Тенор дуулдаг дууг баритон тэр дээд өнгөнд гоё дуулна гэдэг амар биш. Гэтэл манай хүн зүйрлэвэл өндрийн харайлтын мастер Исинбаева дээд амжилт тогтоох шиг л харайгаад гарчихсан. За тэгээд, эндээс цааш бүх юм сайхан болсон. Маэстро В.Гергиев Ариунбаатарыг Елецкийн ариг маш гоё дуулсан гэж онцолж хэлсэн. Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ариг оросууд өөрсдөө ч ингэж гоё дуулах нь ховор. Маэстро “Би цаашид орос дуучдад Елецкийг яаж дуулахыг Ариунбаатараас асуу гэж хэлж байна аа” гээд инээж байсан. Тэр романс их гоё дуулдаг. Бид бэлтгэхдээ энэ романсыг бусад дуучин ингэж дуулах байх, харин хоёулаа чиний давуу талуудад түшиглээд ингэж дуулъя гэхчлэн сэтгэл, зүрхээ илүү шингээж ажилласан. Ариунбаатар заасныг маш сайн хүлээж авч, тухай бүрт нь хэрэгжүүлдэг болохоор дорхноо сурсан. Бидний амжилтын бас нэгэн нууц энэ юм.

-Уралдааны I байр гэдэг маш өндөр амжилт. Дээрээс нь Гран при шагнал авах болоход нь үзэж байсан бид хэтрүүлж хэлэхэд баярласандаа болоод ухаан алдахаа шахсан. Дуучин чухам ямар байдалтай хүлээж авсныг мэдэхгүй юм. В.Гергиев хэнд Гран при өгөхөө шийдэх хэцүү байсан байх аа…

-Маш хэцүү байсан гэсэн. Гран при зарлахаар тайзнаа гарахын өмнө тэр Германд байсан төгөлдөр хуурч Д.Мацуев руу утасдаж “Би монгол дуучинд өгмөөр байна. Чи юу гэж бодож байна” гэсэн гэнэ. Тэгэхэд өнөөх нь “Надад бас энэ залуу их таалагдсан. Буруудахгүй байх аа” гэсэн байгаа юм. Ийм хариу сонссон маэстро итгэлтэйгээр үзэгчдийн өмнө Ариунбаатарт уралдааны Гран при шагнал гардуулжээ. Энэ мөч манай дуучны хувьд уран бүтээлийн уртын урт аян замын эхний цэг байлаа. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэр мөн ч олон нэр хүндтэй тайзан дээр дууллаа. Орост олон удаа, Америк, Англид ч очсон. Хатан хаан Елизавета дуулахыг нь сонсъё гэж хүлээж авсан. Би шавь нараа магтах дургүй. Гэхдээ Ариунбаатарын хувьд аль нэр хүндтэй театраас урилга ар араасаа ирж байгаа болохоор түүнийг дэлхийн анхааралд өртсөн монгол дуучин гэж хэлж байгаа юм. Англиас хун тайж Чарльз ч урьсан шүү дээ.

-Тийм үү. Энэ тухай дуулаагүй явна…

-Тэгсэн. Захидал нь дуучны энгэрийн халаасанд явж байж ч мэдэх юм. Яагаад гэвэл энэ хамгийн сүүлийн үеийн хамгийн сонирхолтой урилга. Хунтайж түүнд Английн аль хүссэн театртаа хэзээ боломжтой үедээ ирж дуул, жүжигт тогло, таны өмнө Английн аль ч театрын хаалга нээлттэй гэж хэлсэн. Мөн хэрвээ Англид ирэхгүй бол, Марийнскт тоглож эхэлмэгц чинь очиж үзнэ гэсэн байна лээ.

дарима 1-Бүхний тухай яриад байлтай биш гээд дуугүй байгаа юм байна л даа. Эсвэл би мэдээллээс хоцорсон байж болох юм. Энэ онц сонирхолтой шинэ мэдээлэл байна. Тэгэхээр одоо манай Ариунбаатар Марийнский театрын дуучин уу?

-Марийнскийд уригдсан дуучин. Тэр одоогоор өөрийгөө бэлэн биш байна гэж үзээд очихгүй байгаа юм. Бэлэн биш гэдэг нь хэлний бэрхшээлийг хэлж байгаа байх. Бусад талаар тэр бэлэн хүн. Гэхдээ Марийнскийн ерөнхий захирал, уран сайхны удирдагч В.Гергиевээс их том том даалгавартай яваа. Уг нь бид энд даалгавраа биелүүлэх гэж, давтлага, сургуулилтаа хийх гэж яваа хүмүүс. Байн байн Монгол руугаа гүйгээд байхаар нь энд нь ирээд цуг хичээллэе гээд хүрээд ирсэн. Тэгтэл түүний концерт саад болоод байна (хөхрөв). Аргагүй дээ, эх орон, ээж аав, гэр бүл нь, хүүхэд нь байна, дээрээс нь тэр ер бусын гэрсэг, Монгол, Монгол л гэсэн хүн байдаг.

-Адуу гэхгүй байна уу?

-Ярина. Багш аа, би харимаар байна, Тал нутагтаа, адууныхаа бэлчээрт очмоор байна гэдэг. Гэтэл цаана нь дэлхий хүлээгээд байдаг. Чайковскийд түрүүлмэгц нь түүнийг Финландын театр шууд урьсан. Үндсэн дуучнаар ажиллаач гэж. Тэгэхэд нь “Баярлалаа, би Монгол руугаа явах ёстой” гээд наашаа нисчихсэн. Ийм л хүн дээ. 2016 оны тоглолтынх нь хуваарь хэдийнэ гарсан. Түүний бүх гэрээ контрактууд надаар дамжиж хийгдэж байгаа. Яагаад гэхээр Ариунбаатар оросоор төдийлөн сайн ярихгүй байгаа болохоор урьж байгаа газрууд надтай холбогдож ажиллаж байна. Тэр ирэх онд маш олон газар дуулах урилгатай. Америкт Метрополитен ирээч гэж байна. Өмнөд Америкийн Чили, мөн Ямайка гээд нэрлээд байвал олон.

-Ирэх онд нисээд л нисээд л, бараг л тэнгэрт амьдрах юм байна даа…

-Нээрэн тийм.

-Орос хэл хэр сурч байгаа вэ?

-Түүнд оросоор ярих орчин дутагдаад байна. Ганцаархнаа оросуудын дунд хэсэгхэн л хугацаанд байх юм бол шууд ярьдаг болно. Гэтэл одоо тэр дандаа монголчуудтайгаа хамт байна шүү дээ. Найз нөхөд нь байнга ирж, очно. Гэр рүүгээ олон ирнэ. Оросоор сэтгэж өөрийгөө хөглөх боломж олдохгүй байна. Гэхдээ хүний ярихыг маш сайн ойлгодог. Маэстро В.Гергиев, төгөлдөр хуурч Д.Мацуев тэр гурав маш гоё гурвал болж ажиллаж байгаа. Ариунбаатар ярихгүй л болохоос бүхнийг ойлгодог. “Да, нет, будет, согласно, не согласно, почему, можно, потом, сейчас, хорошо” гэх зэргээр ярина. Нөгөө хоёр нь бүгдийг нь ойлгоно.

-Нэг л өдөр ярина л даа. Одоо дотооддоо өөрөө өөртөө үргэлж ярьж байгаа байх…

-Магадгүй. Тэр юмыг дутуу хийх, дундуур гүйцэтгэхийг хүсдэггүй чанартай юм билээ. Алдах дургүй. Тийм болохоор нэг мөр сайн ярьдаг болсон хойноо ил ярья гэж бодож байж магадгүй. Гэхдээ зүгээр ээ, болохгүй бол би монголоороо ярьчихдаг юм (хөхрөв).

Сонирхуулж хэлэхэд бид Улаан-Үдэд нэлээд удаан бэлтгэл сургуулилалт хийчихээд овоо сайхан жигдрээд байтал “Багш аа, би Чайковскийд явахгүй ээ” гэдэг байгаа. Яаж байгаа нь энэ вэ, юу нь болохгүй байна гэхэд “Нэг л явмааргүй байна, болоогүй юм шиг санагдаад байна” гэсэн. Тэгэхэд нь ерөнхий багцааг нь мэдэж байгаа хүний хувьд ятгаж гарсан. Юу ч гэсэн явъя, цагтаа очъё. Үнэхээр ормооргүй байвал тэр л биз гэхчлэн ярилцлаа. Очлоо. Эхний сонсгол эхлэх боллоо. Манай хүн алга л байлаа. За яадаг бол доо, болихоор шийдсэн юм биш байгаа гэж бодож суутал сонсгол эхлэхээс 20 минутын өмнө ирлээ шүү. Инээгээд л. Сайхан хувцаслачихлаа. Тэгээд л ороод явчихсан. Ямар гоё дуулсан гэж санана. Урьд өмнөхөөс хамаагүй илүү сайхан, чөлөөтэй, тайван дуулсан. Шүүгчид тэр даруйдаа л түүнийг онцолж харсан байна билээ.

-Та ятгаагүй бол явахгүй байсан байна шүү…

-Яг цагаа тулахаар яах байсан юм бол, юутай ч явмааргүй байна гэж айлгаад авсан. Би бол 100 хувь итгэлтэй байсан болохоор зүтгүүлчихсэн.

-Танд баярлалаа. Та хүчлээгүй бол Гран при өөр хүнд очих байж. “Ариунбаатар Ганбаатар Монгол” гэж хаа очсон газраа дуудуулж дуугаараа, уран бүтээлээрээ дамжуулж Монголоо сурталчилж явах хувь зохиолыг та бий болгосон байна.

-Баярлалаа. Аливаа юманд цаг хугацаа, бүрдэл, тохироо гэж байдаг. Би Монголын дуучидтай ажиллах дуртай. Хамт ажилласан дуучин бүр амжилтад хүрдэгт нь баярладаг. Хамгийн өндөр амжилтыг Ариунбаатар үзүүлээд байна.

-Бидний яриа шууд л Ариунбаатар руу чиглэчихлээ. Зүгээ биз дээ?

-Мэдээж. Өнөөдрийн сонирхолтой сэдэв шүү дээ.

-Энэ залуу бол таны хамтарч ажилласан дөрөв дэх дуучин. П.Ганбат агсны тухай ярьсан. Өнөө хоёр нь хэн юм бол гэж уншигчид сонирхох байх…

-ДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр, Ч.Энхтайван нартай хамтарч ажилласан. Мөн л амжилттай байсан. А.Сайнбаяр М.Глинкийн уралдаанд бараг л түрүүлэх шахсан. Ч.Энхтайван хэд хэдэн уралдаанд амжилт үзүүлснээс хамгийн өндөр нь Чайковскийн уралдаан байсан. Тэр үед Э.Амартүвшин II байрт ороод, Ч.Энхтайван шилдэг дөрвийн нэгээр үлдсэн. Энэ шүүлт бол Чайковскийн уралдааны түүхэнд байгаагүй алдаа байсан. Тэр өндөрт гараад ирсэн дуучныг байр эзлүүлэлгүй орхисныг бүгд буруушаасан, маш том дуулиан болсон. Маэстро В.Гергиев уурлаж “Энэ уралдааныг цаашид ийм байдалтай явуулж болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл” гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс ч болсон байх, өнгөрсөн зун болсон уралдаан зохион байгуулалт их сайтай, сонирхолтой болсон.

-Нэгэнт ингэж тухтай ярилцаж байгаагийнх нэг зүйл асууя. Ийм асуулт тавилаа гэж та эгдүүцэхгүй байх гэж найдаж байна. Мөн Ариунбаатар бас эвгүйцэхгүй байх гэж бодож байна. Түүнийг Гран при авсны дараа мэдээж монголчууд бүгд баяр хүргэж, магтаж сайшаасан, сайхан угтаж авсан. Харин хожим нь түүний талаар мэр сэр жаахан таагүйгээр ярьсан тохиолдол бий. Урлагийнхны дунд түүнийг ноот мэддэггүй, авьяас, мэдрэмжээрээ, төгөлдөр хуурчийн тусламжтай л дуулдаг гэсэн яриа гарсан. Би хувьдаа үнэмшээгүй. Та юу хэлэх вэ?

-Хэн тэгж байгаа юм. Ариунбаатар ноот мэддэг. Мэдэхийн дээдээр мэднэ. Өөрөөр яаж дуулах гэж. Би гэрчилнэ. Харин ноот мэддэггүй хэрнээ маш өндөрт гарсан дуучин бол Лучиано Паваротти байлаа. Тэр жинхнээсээ ховор сайхан хоолой, авьяас, мэдрэмжээрээ дуулдаг байсан. Бүгд мэднэ. Тэр баян хүн. Өөртөө нэг гоё байшинтай, хажуудаа төгөлдөр хуурчдаа бас нэг гоё байшин бариад өгчихсөн, өдөр ч, шөнө ч хамт давтаж байдаг хүмүүс байлаа шүү дээ. Паваротти дэлхийг эзэмдсэн дуучин байлаа. Түүнийг чи сайхан дуулах юм, гэхдээ ноот мэдэхгүй байна гээд хэн ч тайзнаас түлхэж буулгаагүй. Яагаад гэхээр тэр дэндүү гоё дуулж байсан. Ийм ор хоосон дэмий яриа хаа ч байдаг л даа. Ариунбаатар энэ тухай сонсоод гомдох, эсвэл юм бодох хүн биш. Яагаад гэхээр худлаа юм чинь.

-Сэтгүүлчийн хувьд нэг талаар хэрэгт дурлаж, нөгөө талаар үнэнийг магадлаж уншигчдад мэдээлэх нь хаа хаанаа хэрэгтэй юм гэсэн үүднээс асуулаа. Одоо арай өөр сэдвээр асууя. Хөгжим яагаад хүнд хэрэгтэй байдаг талаар та юу гэж хэлэх вэ?

-Шинжлэх ухаанч талаас авч үзэх нь дээр байх. Орост их алдаршсан, Москва, Лондон, Америкт ч амьдардаг хөгжмийн онолч шинжлэх ухааны доктор Дина Кирнарская гэж хүн бий. Өнөөдөр хөгжмийн ертөнцийнхөн түүний үгийг маш их сонсдог. Зөвхөн хөгжмийнхөн ч биш, нийгэм хүлээн зөвшөөрөх болсон. Тэр эмэгтэй сонгодог хөгжим хүний оюун ухаанд хэрхэн нөлөөлдгийг олон жил судалж байна. Бараг 20-иод жил судалж байгаа байх. Олон ч ном бичсэн. Түүний “Музыкальные способности и влияние на …” номыг нь би уншиж байгаа. Маш чухал зүйл хэлж өгсөн байдаг. Тэр хүн бүхэн хөгжим тоглож сурах хэрэгтэй гэж бичдэг. Ажил мэргэжил, хувь заяа хаашаа ч эргэсэн бай, хөгжим тоглож сурсан хүн цаашдын аливаа ажил, ер нь амьдралдаа мухардмал байдалд ордоггүй. Хуруугаараа, хөлөөрөө мэдэрч хөгжим тоглоход хөдөлгөөний болон оюун ухааны эвсэлтэй болдог. Энэ давуу тал нь асуудал тохиолдоход гарц олох, амьдралаа зөв зохион байгуулах зэрэгт нөлөөлдөг гэнэ. Дина сүүлийн жилүүдэд ажил олгогчдод зөвлөхдөө хэн нэгнийг ажилд авахдаа хөгжим тоглодог, эсвэл тоглож байсан эсэхийг асууж бай гэдэг болсон. Интернэт орчинд хэрхэн баруун солгойгүй ажиллаж чаддаг, эсвэл тоонд сайн зэрэг нь сонин биш, харин хөгжим тоглож чаддаг эсэх нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн шалгуур тавих чухал үзүүлэлт байх ёстой гэдэг. Ажилд орох гэж байгаа хүн шаардлагад тэгтлээ нийцэхгүй байсан ч хөгжим тоглож чаддаг бол сургаж авч болох хүн гэж үзээд шууд ав гэж зөвлөдөг. Сургаж авч болох хүн. Хөгжим сурч чадсан хүн бусдад суралцах бүрэн боломжтой гэж үздэг. Хөгжим ийм л чухал зүйл дээ.

Нэг зүйл нэмж хэлье. Дуурийн дуулаачдын олон улсын ч бай, үндэсний хэмжээний ч бай уралдаанд өндөр амжилт үзүүлсэн дуучид л мундаг, шилдэг нь гэж ойлговол өрөөсгөл. Тэдний гол ажил нь дуурьт дүр бүтээх юм. Баруунд бол хэн, хэзээ, ямар дуурьт ямар дүр бүтээв гэдгээр амжилт, нэр хүнд нь хэмжигдэж байдаг юм.

-Тийм байх. Манай улсад олон улсын уралдаанд өндөр амжилт гаргасан дуучин л мундаг гэх ойлголт хаа хаанаа байдаг нь үнэн. Олон нийтийн дунд ч, яам тамгын хүрээнд ч тэр. Магадгүй шагналын системийн гажуудал байж ч болно. Уралдаанд өндөр амжилт гаргасныг сайн урамшуулах хэрнээ, олон жил дуурьт тогтвор суурьшилтай олон сайн дүр бүтээсэн нь төдийлөн товойхгүй явж ирсэн байх жишээтэй. Заримдаа монголчууд бидний амьдрал концертууд дээр тогтож байна уу гэхээр л байдаг…

-Яваандаа засагдах байх аа. Урлагийн мөн чанарыг үнэлэх цаг ирнэ.

дарима 3-Тантай ярилцах сайхан юм. Олон зүйлийн талаар асуумаар байна. Дараа дахин уулзаж ханатлаа ярилцах боломж олдох байх аа. Монголдоо ирж, монгол шавийнхаа ирээдүйд санаа тавьж, цаг заваа зориулж яваа танд монголчууынхаа өмнөөс баярлаж байгаагаа дахин илэрхийлье.-Баярлалаа. Ярилцахад маш гоё байлаа.

                                                                                              Р.Оюунжаргал, М.Цогбадрах

                                                                                                  2015.12.16-нд

ярилцаж, 19-нд буюу Г.Ариунбаатарын

“Монгол сонгодог-2” тоглолттой өдөр сайтад оруулав.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ