Ч.Мөнхзул: Би хийнгээ суралцаж ирсэн хүн

0
1047

Ч.М 5Шинэ оны анхны ярилцлагаа Монгол Улсынхаа зүрх болсон төв талбайд эрхэмсэг орших УДБЭТ-аас эхэллээ. Театрын захирал Ч.Мөнхзултай дэлгэрэнгүй ярилцсан юм.

-Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлав уу?

-Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлалаа.

-Улиран одоод удаагүй байгаа 2015 онд танай театр амжилт арвинтай байв уу. Уран бүтээлч хамт олныхоо ажлын амжилтын талаар бахархан дуулгах сонин сайхан ихтэй байна уу?

Ч.М 2-2015 он олон талаар сайхан жил байлаа. Амжилттай байгаа уран бүтээлчдээ харахаар сайхан байна. Түрүү жилийг бид томоохон гадаад арга хэмжээгээр эхлүүлээд, мөн нэлээд дуулиантай гадаад арга хэмжээгээр үдлээ. Өмнөх оны нэгдүгээр сарын 3-8-нд манай симфони найрал хөгжим, найрал дуу Оросын холбооны Буриад улсын Улаан-Үд хотод Рождественский фестивальд оролцож хоёр том тоглолт хийсэн юм. Найрал дуучид “Mongolian Gala” тоглолт хийсэн бол симфони найрал хөгжим П.И.Чайковскийн төгөлдөр хуурын II концертыг төгөлдөр хуурч Дмитрий Маслеевтай тоглосон.

-II концерт уу?

-Тийм ээ.

-Ховор тоглогддог юм билээ.

-Чухам тийм учраас сонгож тоглосон. Энэ төгөлдөр хуурч дараа нь, зун нь болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны төгөлдөр хуурчдын хэсэгт тэргүүн байр эзэлсэн. Тэгэхээр тийм сайн өсч яваа залуу хөгжимчинтэй тоглож оны ажлаа эхэлсэн нь их бэлгэдэлтэй сайхан зүйл болжээ гэж сүүлд манайхан ярилцаж байлаа. Энэ тоглолтыг суут П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн хүрээнд Улаан-Үдийн Филармонитой хамтарч хийсэн юм. Тэгэхэд 113 хүний бүрэлдэхүүнтэй явж ирсэн. Харин сая оны ажлаа БНСУ-д хийсэн аялан тоглолтоор хаалаа. Тус улсад нийт 68 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, дуучид, зохион байгуулагчид ажилласан.

Улиран одсон онд театр шинэ бүтээл тавилаа. “Лучиа ди Ламмермур” гэж Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн бельканто дуурийг шинээр тавьж үзэгчиддээ хүргэсэн. Театрын урын санд байгаагүй учраас үзэгчдэд ч, уран бүтээлчдэд ч, ер нь урын сангийн хувьд ч тэр нэгэн цоо шинэ алхам болсон. Аливаа ажил хийсний дараа үзэгчдийн санал, шүүмжлэл, уран бүтээлчдийн өөрсдийн хүсэл эрмэлзэл зэргийг нэгтгээд аваад үзэхээр бодол төрдөг шүү дээ. Эерэг, сөрөг, дэмжсэн, түтгэлзсэн гээд олон арав, зуун саналыг харахад зөв юм хийсэн байна гэж бодогдож байлаа. Ж.Вердийн гранд дууриудыг тавьчихаад Г.Доницетти руу, бельканто руу ордог нь зөв үү, буруу юу гэсэн санал хэлж байсан хүн бий. Би бол зөв гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл тийм их хөгжимлөг, яруу дуурь тавих нь ялангуяа залуу дуучдад их хэрэгтэй байжээ гэж БНСУ-д энэ дууриа тоглох үед бодогдож байсан. Зөв сонголт болсон гэдэг нь харагдсан.

Хувь уран бүтээлчдийн амжилт арвин байна. Манайхаас нийт 28 уран бүтээлч гадаадад болон эх орондоо мэргэжлийн уралдаануудад оржээ. Дуурийн гоцлоочид Базарсадаевын, Линховоины, Минскийн, Чайковскийн болон “BBC Cardiff”-ын зэрэг уралдаанд оролцсон. Балетийнхан маань хоёр ч уралдаанд оролцсон. Тэднээс 12 нь шагнал авсан байна. Залуу, эрч хүчтэй, “Би юу хийх вэ”, “Би юуны төлөө үзэх вэ” гэдгээ тодорхойлж яваа ийм уран бүтээлчид бүрдсэн цаг үе л дээ. Тэд өөрөө өөрсдийнхөө уран бүтээлийн карьерын төлөө санаа тавьж аль болох уралдаан, тэмцээнүүдэд оролцож, театрын зүгээс болох хэрээр нь дэмжиж ажиллаж ирлээ. Тэгсний үр дүнд энэ жилийн хувьд ургац арвинтай байлаа гэж бодож байна. Хамгийн сүүлийн амжилт гэвэл манай гоцлол дуучин О.Хүрэлбаатар Минскийн олон улсын уралдаанд шилдэг 10 дуучны нэг болсон.

Ирэх зун “Учиртай гурав”-ыг дахиад задгай талбайд тоглоно

Ч.М 1Театрын ажил, амжилтыг зөвхөн уралдаан, шинэ бүтээлээр хязгаарлахгүй. Оны турш бид үндсэн уран бүтээлийн 80 гаруй тоглолтоо үзэгчиддээ үзүүлсэн. Задгай талбайд хийсэн “Best of classics” хоёр дахь удаагийн тоглолтыг онцлохоор нэрлэж болно. Өмнөх жил нь энэ тоглолтыг 3200 үзэгч үзсэн бол 2015 онд 5000 үзэгч болж өссөн.

-Үндэснийхээ дуурийг задгай талбайд тоглолоо…

-Тэглээ. Анх удаа үндэсний дуурийг гадаа тоглосон маань шуугиан нэлээд дагуулсан үйл явдал болсон. Зарим хүн дуурь гадаа гарах ёсгүй гэсэн. Гэтэл үгүй, ёстой юм л даа. Энэ бол бидний зүгээс үзэгчиддээ хүрч буй арга замуудын нэг. Манай театр 500 л суудалтай. Шинэ дуурь тавилаа гэхэд 200 гаруй, бараг 300 хүн зүтгэж хийсэн нэг бүтээлийг маань нэг дор ердөө 500 хүн л үздэг. Тэгэхээр жилдээ ганц удаа нэг бүтээлийг ялангуяа үндэснийхээ бүтээлийг үзэгч олондоо үнэ төлбөргүй тоглох нь зөв зүйтэй алхам гэж үзэж байгаа юм. “Учиртай гурван толгой” дуурийг Чингис хааны талбайд тоглоход нийт 10 мянган хүн үзсэн. Уг нь 5600 сандал зассан. Сүүлдээ Сүхбаатарын, Чингисийн хөшөө ч гэсэн үзэгчийн сандал болж хувирсан шүү дээ. Үзэгчдийн 30-аад хувь нь гадаад хүмүүс байлаа. Тэр хүмүүс Монголын үндэсний дуурь ямар байдаг талаар бодит мэдээлэл авсан гэж бодож байгаа. Тоглолт маш олон хүний бүрэлдэхүүнтэй болсон. Дуурийн уран бүтээлчдийн ур чадварыг олон талаар харуулсан, сорьсон тоглолт болсон доо. Энэ бол театрын тайзан дээрхээс арай өөр тоглолт. Дараа жил тоглохдоо яаж илүү сайхан болгох талд хэд хэдэн сайн санаа нөөцөлж аваад байна.

-Дараа жил бас тоглох юм уу?

-Бид “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглоё гэдэг саналыг 2014 онд нийслэлийн Засаг даргад тавьсан юм. Гэхдээ анхны санал Хүй долоон худагт, наадмын дэнжид тоглоё гэсэн байсан юм. Тэгэхэд Э.Бат-Үүл дарга сайхан хүлээж авч, дэмжсэн. Харин тоглолтыг наадмынхаа үндсэн үйл ажиллагааны хүрээнд багтааж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наадамчин олон болон гадаадын жуулчдад хотын төвд үзүүлэх нь дээр гэж үзсэн. Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газрын зүгээс Монголын уламжлалт ахуй соёлын элементүүдийг урлагт шингээж харуулсан ийм жүжгийг дэмжиж, захиалагч болж хамтарна гэдэг их сайхан шийдэл байлаа. Ирэх жил ч гэсэн тэдний зүгээс “Учиртай гурван толгой”-гоо тоглоё гэдэг саналтай байгаа. Гэхдээ өөр уран бүтээлчид тоглоно. Гол дүрүүдэд дуулах дуучдын сонгон шалгаруулалтыг дахиж хийнэ. Орон нутгийн театруудад өөр өөрийн онцлогтой Нансалмаа, Хоролмаанууд олон байна. Тэд 2016 оны сонгон шалгаруулалтад их чадваржиж орж ирэх байх гэж харж байгаа. Тэгээд ч энэ жил “Учиртай гурав”-ын шилдэг дүрийн уралдаан болно. Уралдааны шагналтнууд сонгон шалгаруулалтад оролцох байх. Гэх мэт хүчин зүйлүүдийн нөлөөгөөр ирэх наадмын тоглолт өвөрмөц болох болов уу гэж бодож байна. Хэдийгээр театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон ч нэмэхээр л харагдаж байсан. Төрсөн санаа хэд хэд бий, хэрэгжүүлнэ.

-“Учиртай гурав”-ыг гадаа тоглосноор олон хүний нүд, чих онгойх шиг санагдсан. Наадмын нээлтээс дутуугүй сайхан арга хэмжээ болж байна гэх хүн ч байсан…

-Тийм. Гэхдээ үнэнийг хэлэхэд би нэлээд чичлүүлсэн. Дуурь гадаа гаргаж үнэгүйдүүллээ гэж зэмлэсэн нь ч байлаа. Би бол өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй хэвээр байсан. Гадаа үнэ төлбөргүй тоглуулсны хэрээр бид 11 мянган үзэгч авлаа шүү дээ. Театрынхаа үзэгчийг 5000-аар нэмлээ. Шүүмжлэхийн тулд шүүмжилж байдаг хэдэн хүний юу гэх надад нэг их сонин байгаагүй, нэг дор ийм олон үзэгчид энэ дуурийг хүргэж чадсандаа баяртай байгаа. Энэ байшин дотор хүмүүс юу хийж байдаг юм бэ гэдгийг өргөн олонд харуулсан маань чухал.

-Задгай талбайн тоглолт зурагтаар шууд явахад бүх насны хүмүүс үзэж байсан. Зурагтынхаа өмнө тухалсан 80 гарсан, гоцлол дуучин Э.Амартүвшингийн фэн хөгшин намайг дуудаад “Чи хар даа, Амартүвшингийн дээл багадсан байгаа биз дээ. Тааруулаад оёчихдоггүй яасан оёдолчин бэ” гэж байлаа. Үзэгчид тэгж нарийн үзэж байсан гээд бодохоор хүмүүст энэ жүжиг нэлээд сайн хүрсэн л дээ. Мэдээж телевизийн дамжуулалт, театрын тайз хоёр тэс өөр ч сэтгэгдэл өндөр наадамчид үйл явдлыг хөөж дуртай үзэж байсан…

-Олон хүнээс энэ мэтчилэн ихэвчлэн эерэг сэтгэгдэл ирж байлаа. Тэр дээл түүхэн хувцас л даа. Гол дүрүүдийнхээ дээлийг солих уу, яах вэ гэдэг дээр нэлээд ярилцаж байгаад, дуучдын “Эвтэйхэн, дассан сурсан хувцсаа өмсмөөр байна. Шинэ орчинд шинэ дээл хувцастай гарахад юу ч болоо билээ” гэсэн саналыг харгалзаад байгаа дээлнүүдтэй нь гаргасан нь тэр.

Тэр тоглолтын үеэр монгол дээл, гутлаа сайхан өмссөн нэг настайвтар эмэгтэй намайг зорьж ирээд хэллээ. “Та нар үндэсний дууриа үндэсний хувцастайгаа ирж үзээрэй” гэж уриалаад байсан. Гэтэл энд монгол үндэсний хувцастай ирсэн үзэгчид тал хувь нь хүрч байна уу, үгүй юу” гэж асуусан. Үзэгчид тийм идэвхтэй, санаачилгатай байх нь сайхан. Үнэхээр бид наадамчдыг үндэсний хувцастайгаа, гадаадынхан монгол үндэсний хувцасны ямар нэг элемент агуулсан байдлаар хувцаслан ирж “Учиртай гурван толгой” дуурийг үзээрэй гэж уриалж байсан юм. Дараа жил ч гэсэн ингэж хүсэх болно. Ер нь ингэж гадаа талбайд тоглуулснаар Монголын ч, гадаадын ч үзэгчдэд монгол үндэсний дуурийн тухай олон талын мэдээлэл өгсөн гэж дүгнэж байгаа. Ингэж сонирхолтой, дуулиан шуугиантайгаар “Учиртай гурав”-аа гадаалуулсан түүхтэй.

Театрт ч гэсэн нийгмийн хариуцлагатай байх ёстой

-Танайх нэг хэсэг хүчирхийллийн эсрэг чиглэлд гэж хаяглан үйл ажиллагаа явуулаад байсан уу?

-Манай театр нийгмийн хариуцлагыг өндөрт тавьж ажилладаг. Нийгмийн хариуцлага гэхээр бүгдээрээ туг бариад, Ура хашгираад гардаггүй ч гэсэн байнгын хийдэг ажлууддаа их анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тоглолт үзэхээр олуул ирсэн. Аутизмтай хүүхдүүдийн ээж аавыг баярлуулсан. Хорих ангид очиж тоглолоо. Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 16-18 насны, ид гялалзаж явах залуус хоригдож байна. Тэдэнд шилдэг бүтээлийн дээжээсээ тоглож үзүүллээ. Олон улсын театрын өдрөөр бид “Монголын бүх гэр бүл хүчирхийлэлгүй байгаасай” гэж уриалаад, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг дэмжиж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарч ажилласан. Ингэснээр театрын хамт олон хүүхдийн тоглоом, ном болон мөнгө цуглуулж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандивласан юм. Хамгийн сүүлийн шинэ тоглолт “Лучиа ди Ламмермур” дуурийнхаа хоёр дахь тоглолтон дээр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн магистрын ангийнхантай хамтарч, тэд менежментийг нь хариуцаж ажилласнаар 100 тасалбарын орлогыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан. Хамгаалах төвд нь компьютер, ном зэргийг авч өгсөн юм. Бидний хувьд бол хийж байгаа ажил маань үргэлж сайн сайхан, гоо сайхан мэдрэмжийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажил байдаг. Гэхдээ зохих түвшинд хүндрэл бэрхшээлтэй хүмүүсийг дотор нь орж мэдэрч хамтарч ажиллахыг хичээдэг. Үүний дагуу бид нийгэмд чиглэсэн дөрвөн том ажил хийсэн. Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү хандаж ажиллая гэж бодож байгаа.

-Театр уран бүтээлчид, уран бүтээл, үзэгчид, удирдлага, менежмент, уран сайхны бодлого гэх зэрэг зүйлүүд дээр тогтож байгаа. Танайд энэ жил удирдах ажилтнуудын хувьд нэлээд өөрчлөлт гарсан ч, найруулагчгүй хэвээр байна. Гаднаас найруулагч урьж ажиллаад байхад болно гэж үзэж байгаа юу, эсвэл яах аргагүй байдлаас болоод байна уу?

-Яах аргагүй байдлаас болж байна. Гэхдээ хоёр талтай. Заримдаа үнэнийг хэлэхэд их гайхдаг. Дэлгэрэнгүй ярилцлага авч байгаа учраас би ярья. Би бас өөрөө сэтгүүлч учраас хэлэхээ хэлье гэж бодож байна. Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа аливаа юмны эерэг, сайн талыг олж харахыг хичээдэг, ажилладаг байлаа. Энэ ажлыг хийх болсноор яг эсрэгээрээ юмнуудыг их мэдэрч байна л даа. Миний хийж байгаа ажил, бодож байгаа бодлого, хүмүүсийг дэмжиж байгаа тэр талуудыг харахаас илүү яаж алдах нь вэ, юуг буруу хийх нь вэ гэж харах нь байна. Надтай шууд хамаатай биш, өчнөөн жилийн турш анхаарал тавиагүй ирснээс болж буй асуудлуудыг ч гэсэн надтай холбож шүүмжлэх л гэж шүүмжилдэг, харлуулах л гэж харлуулдаг хүмүүс байна аа. Манай сэтгүүл зүйн салбарт ч байна. Нэг жилийн дотор миний ажлыг харлуулах зорилготой дөрөв, таван ярилцлага авахуулдаг хүн, нийтлэл бичдэг сэтгүүлч ч байна. Сонин. Тэр хүн яагаад гарч байгаа амжилт, эерэг талыг олж харахгүй байгаа юм бэ гэдэг хачирхалтай. Би их гайхдаг. Бүх юм хоёр талтай. Бүх юм давуу болон сул талтай. Бүх юмны хувьд гэрэл гэгээтэй болон бараан тал хамт явж байдаг. Мэдээж гэрэл гэгээтэй тал нь бараанаа дарж амьдралыг өнгөтэй болгож байдаг ийм л ертөнц. Тэгэхээр ийм асуудлууд байгаа юм.

Х.Гэрэлчимэгтэй балетчид хамтрахгүй гэсэн, харин Д.Дашлхагва өөрөө явсан

Балетаас эхэлье. Одоо манай театрын ерөнхий балетмейстерээр Б.Жаргал гэж залуу ажиллаж байгаа. Манай театрт бүжигчин байсан, дараа нь Франц улсад балетийн компанид таван жил бүжиглэсэн, мөн тэндээ суралцсан. Дээд боловсролтой болсныхоо дараа СУИС-д багшаар ажиллаж байсан ийм хүн.

-Францын Лионы Хөгжмийн дээд сургууль төгссөн гэж ойлгосон…

-Лионы Консерваторийн бүжиг дэглээчийн ангийг түргэвчилсэн сургалтаар төгссөн юм билээ. СУИС-д багшилж байхад нь би туслах балетмейстерээр урьсан юм. Одоо ерөнхий балетмейстер. Харин туслахаар ГИТИС (Оросын Театрын урлагийн их сургууль)-ийг балетмейстерээр төгсөөд ирсэн Ц.Чинзориг гэж залууг авсан. Сайн ажиллаж байгаа. Миний санал бол түүнийг ерөнхийгөөр авъя гэсэн байсан юм. Гэтэл балет ангийн хамт олон туршлага илүүтэй нь ерөнхий байсан нь үр дүнтэй гэж үзсэн. Би балетийнхныхаа саналыг үндэслэж шийдвэр гаргасан л даа. Ц.Чинзориг бол мөн манай театрт бүжиглэж байсан, СУИС төгссөн, дараа нь ОХУ-д дээд сургууль төгссөн мэргэжилтэн. Сүүлд Ц.Чинзоригийн хийсэн балетийн гурван номерыг үзэгчид, ялангуяа манай хөгжмийнхөн их өндөр үнэлсэн. Өндөр мэдрэмжээр сайхан бүжиг дэглэсэн байна гэж үнэлцгээсэн. Ингэж залуучуудыг дэмжиж ажиллаж байна. Ер нь манай театрт балетмейстерээр ажиллах эрх бүхий дөрвөн хүн байна. Тэр дөрвийг ирэх онд их юм хийгээсэй гэж хүсч байна. Илүү боломж өгч, анхаарал тавьж ажиллана гэж бодож байгаа. Өнгөрсөн жил ерөнхий балетмейстерийг сольсон тухай асуудал нэлээд хугацаанд хүмүүсийн анхааралд байлаа. Балет сонирхогчид цөөнгүй байдаг. Тэдэн дунд бүсгүйчүүд олон. Балетмейстер Х.Гэрэлчимэг бол үнэхээр сайн багш. Тийм ч учраас одоо ч гэсэн олон хүүхдийг балетад сургаад амжилттай явж байна. Хувь хүний нэр хүндийн асуудал учраас би яагаад түүнийг сольсон бэ гэдэг талаар ярьж байгаагүй юм. Гэтэл эсрэгээрээ намайг дандаа буруугаар бичээд, бичүүлээд байдаг. Тэр үед, байгууллага удирдаж байгаа надад 20 залуу хүний хэрэгцээг бодох уу, эсвэл нэг хүний хэрэгцээг бодох уу гэдэгт сонголт хийх шаардлага тулгарсан юм. Тэгэхэд багийнхан буюу 20 залуу хүний хүслийг барьж шийдвэр гаргахад хүрсэн. Х.Гэрэлчимэг багштай хамтарч ажиллахгүй гэсэн 19 хүний гарын үсэгтэй бичиг надад одоо ч байж байна. Репититороор (дасгалжуулагч багш) байх бол ажиллаж болно, харин ерөнхий балетмейстер байх юм бол хамтарч ажиллахгүй гэсэн байдаг.

-Балетчид яагаад түүнийг ерөнхий балетмейстер болбол хамтарч ажиллахгүй гэсэн юм бол. Шалтгаан байж л таарна даа…

-Гэрлээ багш залуу балетчид уралдаан тэмцээнд орох гэхэд дургүйцдэг. Хэрвээ уралдаанд явах юм бол тэр чигтээ яваарай гэдэг байсан байгаа юм. Бас их сургуульд давхар суръя гэхэд, чи өөр мэргэжилтэй болох гэж байгаа юм байна, тэгвэл чи ч бас яваарай гэдэг. Нэг бол сургуулиа сонго, үгүй бол энэ ажлаа сонго гэж хувь хүний хувьд хүлээж авахад хэцүү шаардлагууд тавьж байсан юм билээ. Балетчин хүн мэргэжлээрээ цөөн жил ажилладаг болохоор хэцүү. Залуудаа бүжиглэж байсан бүсгүй 40 наснаас хойш юу хийх вэ. Ингээд бодохоор насны багад давхар мэргэжил эзэмшиж байя гэж бодох нь буруу биш байх л даа. Бас гадаадад түр хугацаагаар ажиллаад эргээд ирэхэд нь хувиа бодоод гадаад явсан гээд буцааж авахгүй байх жишээтэй. Тийм тийм асуудлуудаас болоод зөрчилддөг байжээ. Тухайлбал УГЖ Д.Алтанхуягийн ангийнхныг ажилд авдаггүй. Монголын балетийн төлөө зүтгэхгүй байгаа энэ хүмүүсээр яадаг юм гэж маш өндөр хаалт тавьсан байх жишээтэй. Гэтэл би бол яг эсрэгээрээ. Тэнд юм сураад ирсэн бол энэ хүмүүстээ зааж өг, хамт ажилла, гадаадад ийм байна гээд сурга, хэлж өг гэдэг. Тэр хүний нэр хүндийг бодоод би бодит үнэнийг хэлэхгүй, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэж хэлээд байдаг байлаа. Гэтэл тэр хүн дандаа эсрэгээр нь ярилцлага өгөөд л, өнөө сэтгүүлч нь ч тэгж яриулж аваад л байдаг. Над дээр бөмбөг нь ирж тэсэрдэг байсан ч гэлээ, түүний нэр хүндийг хамгаалж ирснээ зөв гэж бодоод л сууж байна. Өөрөө ч даралт ихдээд ядраад байна аа гэж хэлж байсан болохоор нь эрүүл мэндийн асуудлаар ажлаа өгсөн гэж хэлдэг байлаа. Гэтэл цаанаа ийм өөр шалтгаантай. Дахиад хэлэхэд нэг хүний эрх ашгийг бодох уу, 20 залуу хүний эрх ашгийг бодох уу гэдгийг бодож байж шийдвэр гаргасан. Тэр байдал одоо болтол үргэлжлээд явж байна. Харин энэ жил бол мэргэжлийн сургууль төгсөөд ирсэн болохоор нь Ц.Чинзоригийг ерөнхийгөөр авъя гэсэн саналыг удирдлагын хувьд тавьсан ч хамт олны саналыг харгалзаж эцсийн шийдвэрийг гаргасан.

-Х.Гэрэлчимэг багшийн дараа ерөнхий балетмейстер болоод ажиллаж байсан Д.Дашлхагва яасан юм бэ. Нэг л мэдэхэд ажлаа хийхээ больчихсон байсан…

эр төрийн ажлын механизмыг ойлгоогүй, мөн ёс зүйн алдаа гаргасан. Уг нь би Д.Дашлхагвыг өөрөө ажиллаач гэж урьсан хүн байгаа юм. Яагаад гэвэл тэр сайн багш. Эрэгтэй балетчдад ажиллагаа шаардлагатай байсан болохоор, түлхүү ажиллуулъя гэж түүнийг урьсан юм. Ирсэн. Эрчүүд үнэхээр сайжирсан. Өргөлтийн техник сайжирсан, бяр хүч нь жигдэрсэн гээд дурдаж болно. Гэтэл тэр хүний хувьд улсын байгуулагад ажиллах, төрийн систем дотор ажиллахдаа ямар зарчим баримталж, юунд захирагдаж, ямар дүрэм журмыг баримталж ажиллах вэ гэдэг талд туршлага дутсан. Уран сайхны зөвлөлөө үл оошоох тохиолдол ч байсан. Гэх мэт асуудал олон гарсан болохоор захиргааны зүгээс сануулга өгөөд, уулзъя гэхэд ирэхгүй байсаар байгаад өөрөө явсан.

Боловсон хүчний дутмагшилтай нөхцөлд бүхнийг болох талаас нь харж ажиллаж байна

Хоёрдугаарх нь удирдаачийн асуудал байна. Манайх хоёр л удирдаачтай. Хоёулаа албан ёсоор өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүс. Гэхдээ авьяас чадвар тэтгэвэрт гардаггүй болохоор манай хоёр ажиллаж л байгаа, ажлаа ч сайн хийж байгаа. Гэхдээ ер нь бол ачаалал даах чадвар нь насны эрхээр багасалгүй яах вэ. Үүнийг харгалзаад Ц.Мөнхболдыгоо албан ёсны удирдаач болгоод, балетуудын олонхыг хариуцуулаад байгаа.

Би оркестрынхоо байнгын үйл ажиллагааг сайжруулъя гэж их хичээдэг. Энэ жил оркестрт олон сайхан залуучууд авсан. ХБК болон Орост сургууль төгссөн эвдрээгүй, ажилдаа дуртай, урам зоригтой, хамтач, нийтэч, соёлтой ямар сайн хүүхдүүд ирэв. Харахаар хайр хүрмээр. Боловсрол их чухал. Тэдний бусдадаа сайн нөлөөтэй байдлыг жигдрүүлээд нэгэн зүгт авч явахад удирдаачийн ажиллагаа их хэрэгтэй. Яг хөгжимчидтэйгөө тулж ажилладаг удирдаач хэрэгтэй. Тийм болохоор гадны зочин удирдаач их урьж байгаа. 2015 онд л гэхэд манайд таван зочин удирдаач ажиллалаа. Тодорхой бүтээлүүд дээр ажиллаад явсан. Энэ онд голдуу итали дуурь дээр ажиллах зочин удирдаач бас авна. Өнгөрсөн жил манайд хоёр, гурван ч бүтээл дээр ажилласан зочин удирдаачаа бас урих бодолтой байгаа. Яагаад гэхээр сая оркестр маань БНСУ-д тэр удирдаачтай ажиллалаа, сэтгэл үнэхээр өндөр байсан. Хөгжимчид өөрсдийг нь ойлгоод, бас дээрээс нь юм өгдөг хүнтэй хамтарч ажиллахыг хүснэ шүү дээ. Одоохондоо Монгол талаас төгссөн, мэргэшсэн удирдаач байхгүй байгаа болохоор ингэж гадны удирдаач урьж гар сольж ажиллахаас өөр аргагүй байна. Гадаадад ажиллаж байгаа монгол удирдаач нартай театрт ажиллах талаар санал солилцож байсан л даа. Зарим нь богино хугацаанд л ирнэ үү гэхээс тухайн улс орондоо ажил амьдралтай учраас чадахгүй гэж байсан. Харин зарим нь дуурь, балет гэхээс илүү симфонийн бүтээлдээ дуртай учраас боломжгүй гэж байлаа. Одоогоор гадаадад хоёр хүүхэд удирдаачийн мэргэжлээр сурч байна. Тэд төгсөх арай болоогүй. Тэднийг сургуулиа төгстөл энэ удирдаач нар маань ажилласаар байх болов уу гэж бодож байгаа. Мөн одоо оркестрын дээд боловсролтой хөгжимчдөөсөө гадаадад удирдаачийн мастерын сургалтад явуулах талаар хөөцөлдөж байгаа юм бий. Бүтэх байх. Хэрвээ энэ ажил амжилттай болбол хоёр, гурван жилийн дараа удирдаач дутагдахаа байна.

Ч.М 3Гуравдугаарт найруулагч. Энэ бол байнгын сэтгэл өвтгөсөн асуудал хэвээр байгаа. Л.Эрдэнэбулган гуай зөвлөх найруулагч, орон тооны биш. Тодорхой жүжгүүд дээр хааяа дуудагддаг. Бас настай болж байгаа. Өөрөө албан ёсоор орж ирээд “Миний бие үнэхээр дийлэхгүй нь ээ” гэж үнэнээ хэлж байгаа юм. Тэгэхээр бид шинэ бүтээлийг мэргэжлийн сайн найруулагчаар тавиулаад, тэдний тавьсныг эндээ дотроосоо томилсон туслах найруулагч нар маань авч явж байхаар зохион байгуулдаг болсон. Одоо Италид нэг сайхан залуу найруулагчаар сурч байгаа. Гурван жилийн дараа ирнэ. Нямдоржтойгоо сургалтын жилүүдэд нь театртаа дадлага хийх бололцоогоор хангах зэрэг асуудлаар харилцан ярилцаж байгаа. Бас Оросын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар хоёр залуу бэлтгэж байна. Хэлний бэлтгэл чухлаар тавигдаж байна. Энэ залуус зорьсноо биелүүлээд ирцгээвэл театр хэсэгтээ найруулагчгүйн зовлонгүй болно оо. Харин энэ залуусыг төгсөөд ирэх хүртэл Л.Эрдэнэбулган гуай өөрийнхөө тавьсан жүжгүүд дээр ажиллаад, бусад шинийг нь туслахууд аваад явчихна. Сарантуяа найруулагчийг заримдаа урьж авчирч ажиллуулдаг. Ерөнхий найруулагч байхгүй байгаа маань бол үнэн. 20 гаруй жилийн турш удирдаач, найруулагч бэлтгээгүйн уршиг өнөөдөр гарч байна. Улс нь нарийн мэргэжлийн , уран бүтээлийн удирдлагын мэргэжилтнүүдээ бэлтгээгүй байхад би яах ёстой юм гэж хэлмээргүй байна л даа. Тэгж хэлэхгүй байгаа учраас өнөөдрийн нөхцөл бололцоонд зохицуулан ажиллаж байна. Аль болох гадаадад сургаж бэлтгэхийн төлөө байна.

Уран сайхны удирдагч бол Уран сайхны зөвлөлийг ахалж, удирдаж, бодлогын хувьд чиглүүлэх ёстой. Тийм учраас би хөгжим судлаач хүн ажиллуулахаар урьсан. С.Энхбулаг ажлаа аваад удаагүй байна. Нуух юу байх вэ, А.Дашпэлжээ гуайг олон талаар үгүйлж байна. Олон жилийн туршлага, нэр нөлөө нь их хэрэг болж байжээ. Хэд хэдэн хүн “Дашпэлжээ гуайг явлаа гэхээр нь явуулчихдаг нь яаж байгаа юм. Чаргууцалдаад байхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Гэтэл тэр хүний ар гэрт асуудал байна аа гэж хоёр удаа өргөөдөл барьж орж ирсэн хувийн сонголтыг яалтай билээ. Зарим нэг хэвлэлд театрт түшигтэй уран бүтээлчийг хөөгөөд явуулсан гэж бичсэн л байна билээ. Уншаад инээгээд л өнгөрсөн. Нэг иймэрхүү боловсон хүчний дутмагшилтай нөхцөлд аль болох бүтэх талаас нь харж, хандаж, хичээн зүтгэж ажиллаж байна даа. Гэхдээ болно оо. Театр гэдэг өөрөө их хүч.

-Дэлхийн аль ч театрыг ерөнхий найруулагч нь хэн бэ гэдгээр хардаг, үнэлдэг бичигдээгүй хууль байдаг. Гэтэл манай ганц театр ерөнхийгүй байгаад байхаар нэг л дутуу, дунд санагдах нь бий. Гэхдээ нөхцөл байдал аргагүй ийм байдаг юм байна л даа. Мэргэжлийн урлагийн байгууллагуудад улсаас өгдөг төсөв хумигдсаар байгаа гэж үнэн үү?

-Энэ жил л гэхэд манайд улсын төсвөөс өгөх мөнгө 100-гаад саяар хасагдсан. Улс мөнгө өгөхгүй байгаа юм чинь гээд зүгээр суугаад баймааргүй байна. Тийм болохоор манай театрт хандаж байгаа хүмүүстэй харилцан хоёр талдаа ашигтай, бие биедээ дэмжлэгтэй байхаар хамтарч ажиллах, хөрөнгө босгох чиглэлээр ажиллах бодлого барьж байна. 2015 оны хувьд шууд болон шууд бусаар 650 сая төгрөгийн дэмжлэг бусдаас авлаа. Үүнийг би өөрийнхөө ажлын нэг үзүүлэлт гэж харж байна. Үүний 400-гаад сая нь саяхан БНСУ-д хийсэн аялан тоглолтод зарцуулагдсан. 68 хүний бүрэлдэхүүнтэй 20 хоног аялж, тоглоод ирсэн. Ямар боломж байна, тэр болгоныг ашиглая гэж бодож байгаа.

-Сайн олсон байна шүү дээ. Тэр олон хүн нөгөөдөр нисэх гэж байхад тал мөнгө нь шийдэгдээгүй байна гэж сонсоод санаа зовж л байлаа. Гэхдээ эцсийн мөчид бүх юм амжсан бололтой. Аялан тоглолт сайхан болсон гэсэн мэдээлэл дуулсан…

-Тийм ээ. Энэ том төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа.

-Театрт юу болж, ямар шинэ юм нэмэгдэж байна гэх зэрэг нь үргэлж сонин байдаг. Ер нь театрын нэр хүнд нийгэмд хэр байна гэж та хардаг вэ?

-Энэ театрын талаар хүмүүс мэдээд, тогтоод аваасай гэдэг нэг юм байдаг. Зарчим юм л даа. Олон нийтийн хувьд, хувь хүмүүсийн тухайд ч тэр сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж өндөр байгаасай. Театрын барилга ч гэсэн архитектурын чухал, ховор өв. Монголд ганц байгаа сонгодог урлагийн ганц театрт тоглолтоо хийх гэсэн уран бүтээлчид, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс энэ театрыг өөрийнх нь үнэлэмжийн хэрээр хүндэлдэг баймаар байгаа юм. Хамтарч ажиллахад ямар журамтай юм, хамгийн энгийнээр аваад үзэхэд ямар гарцаагүй зардал гардаг юм, уран бүтээлчидтэй хамтарч ажиллахын тулд юу ойлгох ёстой юм, энд уран бүтээлчид, ажилтан, ажилчид өглөөнөөс орой хүртэл ажиллахдаа ямар их ачаалалтай байдаг юм, түүнийг нь ойлгож мэддэг байгаасай гэж хүсдэг. Энэ тухайд театрынхаа эрх ашгийн үүднээс төр засгийн зарим нэг хүмүүсийн уурыг хүргээд амжсан. Театрт мөрддөг дүрэм журам болон уран бүтээлчдийн эрх ашгийг хүндлээсэй гэдэг үүднээс тэдэнтэй зөрчилдөх алхмууд хийлээ. Загнууллаа.

-Том хүний?

-Том хүний уурыг хүргэсэн. Гэхдээ би буруу гэж бодохгүй байна. Хэнбугай ч байлаа гэсэн энэ театрт ийм байдаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байгаа юм. Сая БНСУ-д хийсэн аялан тоглолтын хүрээн дэх сүүлийн гурван тоглолт “Mongolian Gala”-г цэвэр урилгаар зохион байгуулж байгаа юм. Гурван хотод 800, 1200, 1100 хүний суудалтай заалуудад хүмүүсийг урьж үзүүлсэн. Яагаад гээч. Монголын сонгодог урлаг энэ түвшинд байдаг юм, манай уран бүтээлчид ийм юм чаддаг юм гэдгийг харуулж мэдүүлэх гэж тэр. Мэдүүлэхгүй бол бид дараа нь яаж ажиллах юм бэ. Огт мэдэхгүй бол үзэгчид нь хүлээж авахгүй. Тэгэхээр эхлээд мэдүүлэх хэрэгтэй. Тэр зорилгын хүрээнд хийсэн ажил. Үнэхээр зардал, төсөв дутаад Монгол Улсад анх удаа ирэхэд нь уулзсан солонгос хүнтэй хүртэл ярилцаж дэмжлэг хүсэх зэрэг замаар төсөв бүрдүүлсэн. Яадаг юм, Монголын сонгодог урлагийн төлөө юм чинь. Тэгж ажиллаж байхад, ирж амжаагүй байхад л ард “Мөнхзул олон удаа гадаад явлаа, олон хүн авч явлаа, төрийн мөнгийг яаж зарцуулж байгааг нь шалга” гэж угтах. Шалгаг. Энэ ажлыг хийх гэж яаж ажилласныг хараг. Жилд 650 сая төгрөгийн хөрөнгө босгох ямар хэцүү байдгийг ирээд үзэг. Би энэ бүхнийг яах гэж хийж байгаа юм. Манай оркестрынхон их сэтгэл хангалуун ирсэн. Нэг ч гэсэн залуу хөгжимчин юм үзэж, нүд тайлаг, Азийн өндөр хөгжилтэй оронд урлаг, хөгжим нь яаж хөгжиж байна, үзэгчид нь ямар хүмүүс байдаг юм байна, тэдний хөгжимчидтэй өрсөлдье гэвэл би юу сурсан, мэдсэн байвал зохих юм гэдгийг харж, ойлгож, нэг юм ч болов өөртөө нааж ирээсэй гэж хүссэн. Нэг хүний сэтгэл санаа өөдрөг байвал хамт олон нийтээрээ сайхан байна. Энэ мэтчилэн зорьсон бол хүрнэ гэж зүтгэдэг зантай болохоор 2015 онд бүхий л зорьсон төлөвлөсөн ажлуудаа хийсэн. Гэхдээ бодууштай юмнууд байна аа. Өнгөрсөн жилийн орлогын төлөвлөгөөг Сангийн яам автоматаар 40 сая төгрөгөөр нэмчихсэн. Энэ нь бидний бодит ажил, төлөвлөгөө, тооцоог авч үзэхгүй байна л гэсэн үг. Энэ тухайд албан ёсны тайлбар өгөөд байгаа. Би уран бүтээлчид амарсан үед наймдугаар сард юу хийж суудаг вэ гэхээр жилийн бүхий л орлого, зарлагаа тооцож тоо бодож суудаг хүн. Жилийн тоглолтын тоо хэд юм, нэг тоглолтын зарлага болон орлого хэд байх юм, яагаад гэх зэргийг бүгдийг тус бүрт нь бодож байгаад орлогын төлөвлөгөө гаргаад өгч байхад тэр бүхнийг тооцохгүйгээр шууд 40 саяар нэмэгдүүлсэн нь хүнд цохилт боллоо. Бодитоор хийдэг ажлыг маань харгалзаж үзэж байвал сайн байна гэж хэлэх гээд байна л даа. Гэхдээ ч бид уран бүтээлийн орлогын төлөвлөгөөг дандаа давуулж ирсэн. Тухайлбал 100 саяыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байхад 200 болгон биелүүлж ирсэн.

-2016 онд танайх үзэгчиддээ ямар шинэ содон уран бүтээл үзүүлэх вэ?

-Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг анхлан тавина. Уг нь 2015 онд хийхээр төлөвлөсөн байсан ч нэмэлт санхүүжилт хожуу орж ирсэн болохоор одоо л үйлдвэрлэл нь явагдаж байна. Хувцас, тайзаа одоо хийж байна. “Дон Кихот” балетийг шинэчилж тавих гэж байна. Хувцас, тайз, тавилт бүгд шинэ болно. Энэ уран бүтээл дээр Монголын балетийн нэр хүндийг олон жил өндөрт өргөж ирсэн Орост, АНУ-д олон жил бүжиглэсэн Бат-Эрдэнэ балетмейстерээр ажиллахаар ирнэ. Түрүү жил шинэ “Лучиа ди Ламмермур” дуурьт тоглуулахаар Италиас дуурийн гоцлооч У.Уранцэцэгийг урьсан бол энэ жил Бат-Эрдэнийг урьж байна. Ер нь гадаадад сайн ажиллаж байгаа сонгодог урлагийн уран бүтээлчдийг эх орондоо урьж мэдсэн сурснаас нь залуучууддаа хүртээж байх нь чухал гэж үздэг.

Мөн театрын зүгээс залуу уран бүтээлчдийнхээ хүчинд тулгуурлаж цоо шинээр Попера шоу, Балет шоу хийнэ. Энэ их өвөрмөц тоглолт болно гэж бодож байгаа. Оны төгсгөлд нэг шинэ балет үзүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Цөмөөхэй”-гөө БНСУ-д бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор төлөвлөж, ярьж байгаа. Гэхдээ одоогоор гэрээ хараахан хийгдээгүй байна.

Ч.М 7-“Цөмөөхэй” балет театрын бүтээл. Гэхдээ УГЖ Д.Алтанхуяг давуу эрхтэйгээр ажиллаж байгаа харагддаг. Мэдээж энэ балетийг шинэчлэх нь эхний зорилт байсан болов уу. Шинэчлэлийн хүрээний зардлуудыг гавьяат өөрөө даагаад яваад байгаа гэж ойлгосон. Тийм болохоор тоглолтын тасалбарын үнийг мөн өөрөө театрын тоглолтуудаас илүү тогтоож борлуулж байх шиг байна. Хоёр байгууллагын хоорондох ажил, гэрээ байх л даа. Энэ хамтын ажиллагаа, гэрээ бас л сонирхолтой санагддаг…

-2014 онд Нийслэлийн ЗДТГ болон Монголын балет хөгжүүлэх сан хоёр манайд санал тавьсан юм. “Цөмөөхэй” балетийг шинэчилж гоё болгоё гэсэн санал юм. Д.Алтанхуяг өөрөө “Бостон балет”-ийн тавилтын зохиогчийн эрхийг худалдаж авснаар “Бостон балет”-ын хэрэглэж байсан хувцас, тайзыг авчирсан.

-Хувцас чигээр нь авчирсан юм уу, загварыг нь уу?

-Хувцас, тайзыг тэр чигээр нь авчирсан. Нийтдээ 300 сая төгрөг дөхөх зардал гарсан юм билээ. Манайд өөрийн “Цөмөөхэй” байсан уу гэвэл байсан. Гэхдээ түүнийхээ хувцас, хэрэглэлийг шинэчлээгүй их удсан байлаа. Нэгэнт шинэчлэх шаардлага байсан тул нэг мөр тавилтыг нь ч гэсэн орчин үеийн үзэгчдэд зориулаад өөрчилж болно гэж үзсэн л дээ. Тийм ч болохоор НЗДТГ-ын зүгээс Д.Алтанхуягтай энэ уран бүтээлээр хамтарч ажиллаач, бүгд л Монголынхоо сонгодог урлагийн хөгжлийн төлөө зүтгэж байгаа субъектууд юм чинь, хамтаръя гэхэд нь зөвшөөрсөн юм. Тасалбарын үнийг ахиу байлгадаг нь сонгодог бүтээлийн үнэ цэнийг өсгөхийн төлөөх хичээл зүтгэл. Зохион байгуулалтын ажлыг Балет хөгжүүлэх сан бүрэн хариуцдаг. Театрын зүгээс уран бүтээлчид орж байгаа, тайзаа хөнгөлөлттэй журмаар түрээсэлж дэмжиж байгаа. Тэднийх хамтарч ажиллаж буй түншийн хувьд тасалбарын үнийг өөрсдөө тогтоогоод явж байгаа. Тоглолтын орлогоор зардлаа нөхөж чадаад, цаана нь илүү гарлаа гэж бодвол түүнийг тус сан Монголын балетчдыг дэмжих зардалд зориулах учиртай. Сүүлд нь Балет хөгжүүлэх сан зохих зардлаа нөхсөний дараа энэ тавилтыг театрт өгөх тухай яригдаж байгаа.

-Д.Алтанхуяг зүгээр л балетдаа тоглоод л, цалингаа авчихаад л явж байдаг уран бүтээлч биш гэдэг нь олон талаар харагддаг. Яавал Монголын балетийг хөгжүүлэх вэ, юу хийвэл болох вэ гэж байнга толгойгоо ажиллуулж байдаг хүн. Тэр л чанараараа “Цөмөөхэй”-г шинэчилье гэж зорьж л дээ, тийм ээ?

-Тийм ээ. Гоё сайхан болгох, байлгахын зэрэгцээ эдийн засгийн утгаар нь харсан ч ашигтай. Би бол эдийн засгийн утга талаас нь харж дэмжсэн.

-Бас нэг хүмүүсийн анхааралд байдаг, улиг болсон асуудал байдаг. УГЖ У.Далантай та хоёрын маргаан юу болсон бэ. Нэг тийш болсон уу?

-Бид хоёрыг дахин сонгон шалгаруулалтад ор гэсэн эцсийн шийдвэр байгаа. Сонгон шалгаруулалт дутуу хийсэн байна л даа. Хуулиараа, Төрийн албаны зөвлөлийн дүрэм, журам ёсоор байгууллага удирдах хүмүүсээс гадаад хэлний шалгат заавал авах ёстой юм байна. Гэтэл бидний хэн хэн нь гадаад хэлний шалгалт өгөөгүй. Дээд шүүхээс сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгоогүй, авсан шалгалтууд хүчинтэй, харин дутууг нь гүйцээ гэсэн шийдвэр гаргасан. Шалгаруулалт яаж явуулахыг яам л мэдэх байх. Дутуугаа нөхөх юм уу, нэг мөсөн дахиж шинээр авах юм уу, мэдэхгүй. Одоогоор яамнаас ямар нэгэн чиглэл, заавар өгөөгүй байна. Тийм болохоор би ажлаа хийгээд явж л байна. Магадгүй яам илүү сайн менежер олоод түүнд ажил даатгана гэвэл тэр л болно. Би ажил авахдаа ч энэ тухай хэлж байсан. Миний хувьд аль ч тохиолдолд нь “Өө, би хэзээ өнөөгүй ажлаа хүлээлгэж өгөх юм чинь” гээд ажилдаа дутуу, дундуур хандах хүн биш. Надад ямар потенциаль байна, бүхнийг зориулж, энэ суудлаас босон бостолоо бүхнийг үнэнчээр, амжилтад хүргэх бүрэн дүүрэн сэтгэлээр ажилласаар байх болно. Ер нь би өөрийгөө сайн ажиллаж байна гэж боддог. Ажлын үр дүн ил харагддаг байхад, далд байдаг, харагдахүй, үнэлэгдэхгүй нь ч байдаг. Манай театрын бичиг хэрэг гэхэд салбартаа номер нэг боллоо, санхүүгийн зөрчил алга. Заримдаа гадаадад олон удаа явлаа гэж хардагддаг гэж хэлсэн дээ. Тэр болгонд улсын мөнгөөр явдаггүй. Замын зардлаа найз нөхдөөрөө шийдүүлж явж байсан удаа нэг биш. Төрийн ажил хийх гэж найзуудаасаа мөнгө гаргуулдаг гээд бодохгүй юу. Жилдээ албан ёсны гурван л томилолтын эрхтэй хүн юм, би. Ийм хязгаарлагдмал нөхцөлд гадаад харилцаа хөгжүүлж чадахгүй.

МҮОНТВ-ийн II суваг бол миний сүүлд хийсэн хамгийн том ажил

Ч.М4-Илэн далангүй ярилцаж байгаагийнх асуух гэснээ бүгдийг асуучих уу?

-Тэг тэг. Надад нууж хаах юм байхгүй.

-Театрынхан дотор таныг адсага шиг ааштай гэх хүн байна. Яагаад тэгж хэлэгдэх болов оо?

-Би хүмүүстээ заримдаа “Манай дарга гэж хадны мангаа шиг аймшгийн муухай ааштай хүн байдаг юм. Заавал бүтээж очихгүй бол толгойгоо авахуулна” гэж хэлээд наад ажлаа гүйцэлдүүлээд ир гэдэг юм. Тэр мэтээс үүдсэн яриа байх аа. Дотроо хяналт тавьж байгаа хүмүүс хааяа “Тэнд нөхдүүд дэмий ярьж цаг нөхцөөж байна” гэх зэргээр хэлдэг л дээ. Мөрөөр нь арга хэмжээ авах үе гарна. Түүнд дургүйцдэг нь ч байдаг л байх. Уран бүтээлчидтэй харилцах арга барил өөр байхад үйлчилгээний албаныхантай арай өөр байдлаар ажиллана. Гэхдээ энэ нь хүмүүст ялгавартай хандаж байгаа хэрэг биш юм. Хүмүүсийн эрхэлж буй ажил, үүргийн өөр өөр байдалтай холбоотой. Би хүн бүрт таарч тохирч ажиллая, хандъя гэж боддоггүй. Өөрийнхөөрөө л өмнөхөө амжуулахын төлөө байдаг. Тийм болохоор миний зан авир, шаардлага зарим хүний санаа сэтгэлд нийцдэг бол заримд нь таалагддаггүй байж болно. Үгүйсгэхгүй. Миний хэт шулуун, чигч зан зарим үед уран бүтээлчдийн хүсэл, таашаалд нийцэхгүй байсан ч тал бий. Тэр талд би дүгнэлт хийгээд, ажил амьдралаасаа суралцаад л явж л байна.

-Сэтгүүлч байсан хүн театрын захирал болсноор таны театрын талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Урьд нь үзэгч байсны хувьд мэдэрч ойлгодог байсан байдал, хүлээж авах соёлын түвшний хувьд хэвээрээ. Харин театрыг, уран бүтээлийг, уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмж өссөн. Одоо энэ дотор байгаа эд эс бүрийг мэдэрч байна. Энэ бол миний хувьд их том өөрчлөлт.

-Таныг сэтгүүлч гэж мэдэхээс хаана төгссөн, ажил, уран бүтээлийн ямар замналтайг асууж байсангүй. Энэ талаар хэлж өгнө үү?

-Би МУИС-ийг телевизийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм. Их сургуульд сурч байсан цагаасаа соёл урлагийн чиглэлээр дагнаж эхэлсэн. Төгсөхдөө ардын жүжигчин Ж.Чулууны амьдрал, уран бүтээлээр “Цэнгэлийн вальс” гэж баримтат кино хийж байлаа. МУИС-иас шууд Үндэсний телевизийн Соёл урлагийн нэвтрүүлгийн редакцид ажиллахаар очсон. Тэр цагаас хойш сонгодог урлаг, уран зургийн сэдвээр телевизийн олон нэвтрүүлэг хийсэн дээ. Монголын урлагийн алдартнуудаар цуврал нэвтрүүлгүүд хийхдээ маш их судалгаатай ажилладаг, хийж байгаадаа өөрийгөө бүрэн зориулж ирснээр соёл урлагийн салбар дахь ил, далд амьдралын талаар бүгдийг мэднэ.

Дараа нь соёл урлагийн менежментийн сертификатын сургуулиудад суралцаж, АНУ-ын хойд Каролинагийн Дюкийн их сургуульд театрын продюсероор дадлага хийсэн. Мөн Сербийн “Дах” театрт хараат бус театрын менежментийн чиглэлээр ажиллаж дадлагажсан. Өнгөрснөө дүгнэхэд би танхимд суух гэхээс илүү ажил, амьдрал дээр илүү суралцсан байдаг юм. Хийнгээ суралцаж ирсэн хүн дээ. Ийм арга барилаар явж ирснээр цаг хугацаа товчилж, илүү үр дүнтэй ажиллаж өдий хүрч дээ гэж боддог.

СУИС, Кино урлагийн дээд сургуульд багшлахдаа дандаа төгсөх курсийн оюутнуудад хичээл зааж байлаа. Иргэний нийгмийн байгууллагын шугамааар арваад жил ажиллах хугацаандаа НҮБ, ЮНЕСКО, Европын холбооны гэх зэрэг дэлхийн томоохон байгууллагын том том төслүүд дээр ажиллаж байсны үр шимийг төгсөөд шууд ажил дээр гарах оюутнуудад хүртээх нь үр дүнтэй гэж үзэж байлаа. Төслийн менежмент миний мэргэшил. Энд ирэхээсээ өмнө ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффист Монголыг хариуцсан медиа консалтинг-д зөвлөхөөр ажиллаж байсан юм. МҮОНТВ-ийн II суваг бол миний сүүлд хийсэн хамгийн том ажил. ЮНЕСКО-д ажиллаж байхдаа бүтээсэн ажил маань. Өөрөө энэ ТВ-д ажиллаж байсан болохоор нэг ч гэсэн ажил бүтээчихье гэж зүтгэсэн дээ. Ингэж хийнгээ өөрийгөө хөгжүүлж ирлээ. Одоо ч гэсэн нэг шинэ юм хийх тоолондоо түүнээсээ суралцаж байдаг. Англи хэлийг ч гэсэн бие дааж сурсан. Орос хэлний мэдлэг, дадлага бол дунд сургуульд заалгаж байснаа амьдралд хэрэглэж, хэрэгжүүлж ирснээр хэрэглээгээ болгосон. Одоо театр миний амьдралын нэгээхэн хэсэг болоод байна.

-Нийгэм, олон нийтэд байнга эерэг сайхан энерги өгч байдаг мэргэжлийн урлагийн байгууллага, УДБЭТ-ыг удирдаж буй танаас шинэ оны анхны ярилцлага авсандаа баяртай байна. Таны, танай театрын уран бүтээлчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе. Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-Би ч гэсэн баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ