Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх…

0
2286

burhan 1Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 25-нд “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно. Тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхадаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэлгэж үзүүлэх юм. Бүтээлүүдийн 96 хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн. Уг үзэсгэлэнг бурхан урлаач Ухаанзаяа хамтран зохион байгуулж, өөрийн урласан бүтээлүүдийг дэлгэн үзүүлж буй юм байна.

Бурханы шашинт ард түмэн түүний дотор монголчууд Лхам бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурхан айл бүхэнд залран ирдэг хэмээн бэлгэшээн, ундаасч ядарсан луусыг нь усалж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ.

“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн гаргаснаар Монголын бурхан урлалын уламжлал, өв, орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжийг үзэгч олонд олгож байна. Мөн үзэсгэлэнгийн үзмэрүүдийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан, өмнөтгөл, тайлбар бүхий каталог хэвлүүлэн уншигч таны оюун мэлмийд хүргэж байна.

Энэхүү үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит музей үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж байгаа бөгөөд энэ нь “Арван хангал бурхад”-ын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн ажээ.

Р.Оюунаа

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ