Л.Эрдэнэбулган: Чин Ван Ханддорж, Дондогдулам хатан хоёр сэм биесээ мөрөөддөг байсан байж болох уу

0
1104

ай нанааДуурийн найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн эрдэм чадалт уран бүтээлч Л.Эрдэнэбулганы найруулан тавьсан, зохиолч Б.Цогнэмэхийн цомнол, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Ай, Нанаа” дуулалт жүжгийг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон тайзнаа шинэчлэн тавьсан нь амжилттай болсон юм. Жүжгийн нээлт болоод нэлээд хэд хоносон ч өвгөн найруулагчтай тухтай уулзаж ярилцангаа мэдээлэл дуулгая гэж шийдээд өнөө бичиж буй нь энэ.

Монголын ард түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч чин зоригт монгол эрсийн томоохон төлөөлөл, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэрэг хариуцсан анхны сайд Чин ван Ханддорж хэмээх түүхэн бие хүний хувийн амьдралын зурвас хэсгийг товойлгон тайзны бүтээл болгосныг үзэхэд сэтгэлд нэн таатай, бахархалтай байлаа. Нанаа гэдэг бол чин вангийн хүүгийн нэр юм. Манжууд вантны эх орноо, тусгаар тогтнолоо, ард олон, үндэстнээ гэсэн эрэлхэг зоригийг мохоохын тулд хүүгийнх нь толгойг авч өөрт нь тэврүүлдэг. Энэ бол жүжгийн үйл явдлын гол цөм болоод нэгээхэн хэсэг нь. Энэ мэт түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхнаар зохион туурвисан уг бүтээл ямар ч насны үзэгчийн сэтгэлийг татаж, дурыг булаам юм билээ.

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга уг жүжгийг өдгөөгөөс таван жилийн өмнө анхлан тайзнаа тавьсан бөгөөд дүрүүдэд өөр өөр дуучид дуулж байсан байна. Харин эдүгээ сэргээж, шинэчлэн тавихдаа найруулгыг хөгжмийн театрын мастер найруулагч Л.Эрдэнэбулганд даатгасан нь тун ч ончтой шийдвэр болсон нь харагдаж байлаа.

Найруулагчтай ярилцлаа. Эдүгээ 76-тай, бусдын жишгээр бол гэртээ “зурагттай хэрэлдээд” эсвэл шатар, даалуу эргүүлж суух насны өвгөн уран бүтээлч сэтгүүлчид хэлье гэснээ бүхнийг ярьчих шинжтэй “Төгсгөлөө засна аа. Бодоод олчихсон. Бид сая маш богино хугацаанд гаргалаа. Одоо нэг засаад авбал хаана ч, хэний ч өмнө тоглоход гологдохооргүй аятайхан бүтээл болохоор байна” гэж угтсан юм.

-Танд баяр хүргэе. Шинэ бүтээл тань үзэгчдэд таалагдсан…

ай нан 1-За баярлалаа. Үзэгчдээс янз бүрийн санаа оноо ирсэн. Хүлээж авч байна. Засч залруулах юм ч байна. Хийнэ ээ.

-Өмнө нь жүжигт төдийлөн тоглож байгаагүй дуучдыг тоглуулах амаргүй байв уу, гайгүй юу?

-Амаргүй үе, хэсгүүд байсан. Гэхдээ гайгүй ээ. Би юу хийж байгаагаа мэдэж ажилласан юм чинь. Анх удаа жүжигт тоглож байгаа дуучид шүү дээ гэж өөрийгөө нэлээд дарж, тайван ажилласан. Энэ хүүхдүүд их хичээсэн. Гол нь амьдралын үнэ цэнэ зөвхөн мөнгөн дээр тогтдоггүй гэдгийг бид харууллаа. Энэ жүжгийг хийх гэхэд байгууллагад төсвийн гэх нэг төгрөг ч байгаагүй. Сайхан уран бүтээл хийхсэн, арай өөр юм үзэгчдэд үзүүлэх, сонсгохсон гэсэн удирдлага, уран бүтээлчид л байсан. Төсөв байхгүй гээд зүгээр суух сэтгэлгүй оргилсон хүсэл тэмүүлэлтэй энэ уран бүтээлчдэд дэм болъё гэсэн юм. Найруулагч миний бие, зураач Баярхүү, удирдаач Д.Нямдаш, төгөлдөр хуурч М.Цогбадрах гэсэн мэргэжлийн дөрвөн уран бүтээлч “Ай, Нанаа”-г босгочихъё гээд зориод ажилдаа орсон. Босголоо.

-Анхны тавилтаас хэр өөрчилсөн бэ?

-Өөрчилчихсөн. Тайз декорацыг нь хөнгөлөөд, үзэгдлүүдийнх нь байрыг солиод, эхэнд дуулдаг тангаргийн дууг нь сүүлд нь оруулаад гэх зэргээр. Төгсгөлөө харин олигтой хийж чадсангүй. Хугацаа маш давчуу байлаа. Одоо шийднэ ээ, бодчихсон. Мундаг дуулалт жүжиг тавьчихлаа гэж сүржигнээд байхгүй ч, бидний дөрвөн хүн чуулгын уран бүтээлчдэд богино хугацаанд уран чадварын маш сайн сургуулийг нэр төртэйгөөр өгсөн гэж ойлгож байгаа. Үр дүнд нь “Улаанбаатар” чуулга нэг жүжгээ сэргээж авлаа. Би сүүлд нь яриа хийхдээ хэлсэн. “Та нар үүнийгээ бүх насныханд, сургуулийн хүүхдүүдэд ч үзүүл. Сэдэв сайн. Монгол Улсын онцгой түүхийг хөндсөн сэдэв, зохиол. Тийм болохоор нэгэнт боссон юмыг өөд нь татаад аль болох олон хүнд үзүүлээрэй” гэж хэлсэн. Энэ жүжгийн дүрүүд бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол баатрууд байгаа юм. Тэр их хувьсгалыг хийхийн төлөө, Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн улсуудад хувийн амьдралд нь зовлон жаргал хүний нэгэн адил байсан юм шүү гэдгийг харуулж байгаа жүжиг. Үүгээрээ ялгаатай. Түүнээс биш би Ханддоржийн баатар гэдгийг, Богдыг төрийн толгой гэдгийг нь үзүүлэх гэсэн зорилго тавиагүй.

ай нан 4Богд хаанд тоглосон залуугийн гадаад төрх их аятайхан. Ханд ванд тоглосон залуу бие хаа сайхантай. Шанзав Бадамдорж бас их хөөрхөн, болно. Дуучдын жүжиглэх ур дүйн хувьд жаахан учир дутагдал байсан. Дахиад жаахан нухаад өгсөн бол. Бүжигчид бас хөөрхөн байгаа биз дээ. Үг хэлээд л. Тэр хүүхнүүд бас болж байна билээ. Бүгд л хичээж ажилласан. Хөгжмийн зохиолч нь Х.Алтангэрэл. Том том дуунуудыг нь хасчихсан. Ер нь хөгжмөөс нэлээд хассан. Хөгжмийн зохиолчид нь хэлсэн чинь “Хөгжмийн театрын найруулагч та өөрөө мэдээд л тавь” гэж зөвшөөрсөн л дөө. Одоо бол 2 цаг 20 минутын бүтээл болсон. Цаашид хөгжүүлж, дэвжүүлээд сайн сургуулилахад хаана, хэний ч өмнө тоглох жүжигтэй болно доо.

-Сонирхолтой кино үзэж байгаа юм шиг санагдаад байсан. Түүхэн үйл явдал хэрнээ, хүмүүсийн тухай давамгай юм билээ…

-Энэ жүжгийг үзсэнээр Богд гэж хэн юм бэ гэдгийг мэдэхэд тус болно. Богд хөөрхий амьд хүний хувьд үзсэн туулсан зовлон, жаргалтай хүн байж шүү гэдгийг ойлгоно. Төрийн зүтгэлтний нь тухай эрдэмтдийн бичсэн том том номноос үзэж болно. Харин хувь хүнийх нь хувьд ийм байж болох уу, үгүй юу гэдгийг энэ жүжгээс харж болно.

-Ханддорж ван, Дондогдулам хатантай жиг ургуулсан асуудал түүхэнд байсан юм уу, зохиолчийн урнаар сэтгэсэн зохиол уу?

-Энэ их сонин. Ер нь Монголын ард түмний дунд бичигдээгүй ч гэсэн байнга яригдаж ирсэн зүйлүүд байдаг. Нэг ийм хувилбар бий. Одоо энэ Ханд вангийн өргөө гэж байшин байна аа. Мөн Богдын ногоон ордон бий, музей болчихсон. Энэ хоёр бол тухайн үед Нийслэл хүрээний хамгийн өндөр байшин байсан гэж байгаа. Тэр байшингуудын тэндээс хатан, ван хоёр бие биеэ харуулдаж, сэм сэмхэн санаа алддаг байсан гэсэн домог байдаг. Нөгөө талаар Дондогдулам хатан Ханд ванд маш их сэтгэлтэй, сайн байсан гэсэн яриа байдаг. Энэ нь эр, эмийн явдлын тухайд биш юм. Хүсэл мөрөөдөл нь нийлэх мөч таарвал ухрахааргүй хоёр, гэхдээ ёс төртэй хүмүүс байсан гэдэг. Ер нь бүсгүйчүүд Ханд ванд их унадаг байсан гэдэг. Ханд ван их сайхан залуу байсан бололтой юм билээ. Тиймдээ ч Хүрээний бүсгүйчүүд Ханд ванг их зовоодог байсан түүхтэй.

Ийм хувилбаруудаас дараа нь хэлэлцсэн ч болох юм байна, хэрэлдсэн ч болох юм байна гээд зохиолч бид хоёр ярилцаж байгаад зохиолд жаахан өөрчлөлт оруулсан. Б.Цогнэмэхэд энийг ингээд, тэрийг тэгээд жаахан жаахан өөрчилчих гэхэд мань хүн эхэндээ юм дуугараагүй. Харин дараахан нь “Ерөөсөө тийм домог мэт яриа олон байдаг юм байна” гэсээр орж ирсэн. Тэгээд ч бид хоёр ямар садар самуун юм хийлгэх гэсэн биш, яагаад болохгүй гэж гээд хуучныхаас нь нэлээд өөрчилсөн тал бий. Цогоо “Булган ах аа, Дондогдулам хатнаар Ханд ванг өмөөрүүлье, тэгэх үү. Хатан, ванг өмөөрвөл энэ хоёр зүгээргүй юм байна гэж хүмүүс бодно доо. Таныг л зөвшөөрвөл бичлээ” гэсэн. Тэгэхэд нь би дэмжсэн. Яагаад төрийн эрх барьж буй хааны эхнэр Монголын төрийн төлөө санаа зовохгүй байх учир байх ёстой юм. Ханд ванг харж явдаг бүсгүй хүний хувьд алхам, үйлдэл бүрийг нь мэдэж байсан, тийм болохоор хэлэх үгээ хэлэх газраа хэлж, хүчтэй байх үедээ хүчтэй байсан байж болно шүү дээ, Дондогдулам хатан. Ингэж ярилцаад шийдсэн.

-Уран бүтээл хийх явц сонирхолтой юм аа…

-Үүнээс ч илүү өөрчилмөөр, хасмаар юмнууд байсан. Даанч Цогнэмэхийн дүрүүдээ зөвтгөсөн гол үгнүүд нь алга болчих гээд байсан юм. Санаанд хүрээгүй юмнууд ч мэр сэр байсан. Тухайлбал Шанзав Бадамдорж ухаантай хүн байх ёстой. Түүн дээр жаахан юм дутаад байгаа юм. Тэр нэг бол “Ханд ван, Богдын хатан хоёр Богд ууланд хамт явж байхыг нь харлаа” гэж ярьж байж болох юм. Тэгсэн бол дараагийн удаа ерөөсөө тэр хоёр ингээд сэм сэм уулзаад байдаг болчихсон байна билээ” гэж хэлж байгаа юм. Ингээд л хүнийг хатгаад, шүтгээд байдаг. Гэх мэтчилэн хаанд хэлчихээд “Энэ яаж байна” гэж харна, ажна. “Энэ эмзэглэж байна шүү”… Тэгвэл дахиад нэг давс хийх хэрэгтэй юм байна гэж бодоод, давсаа бага багаар нэмээд байдаг тийм тоглолт их чухал. Үүнийг сайн, Цэрэндагва шиг жүжигчин илүү тодотгож чадна. Гэхдээ сая тоглосон хоёр дуучин болж байна лээ. Өөрсдөө ч дуртай.

-Бадамдоржийн нэг их хурдан хэмнэлтэй дуу нь их таалагдсан. Маш хурдан темптэй хошиг маягийн хийцтэй…

-Ер нь бол Шанзав Бадамдорж хөдлөхөөсөө илүү ухаан заах ёстой дүр юм л даа. Ерөнхийдөө сэтгэл хангалуун байна. Нэг кино хийчих санаатай нэлээд зүтгэлээ. Болохгүй юм байна. Надад хувь дутаж байх шиг байна. Ингээд байж байтал энэ жүжиг тавих болоод. Яах вэ, нэг шинэ бүтээлийн ард гарч байна. “Улаанбаатар” чуулгыхан орон нутагт тоглох юм билээ. Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгаар явна гэж байх шиг байна. Нэг жүжигтэй, сайхан концертой явах бололтой. Энэ чуулга маш гоё концертой. Нэг явсных нэлээд жинтэй бүтээлүүдтэй явбал зүгээр л дээ. Орон нутгаар явж тоглох гэдэг энэ хүнд цаг үед их чухал санаа гэж бодож байна. Мэдээж орон нутаг, удирдлагууд нь сайн тосч авах байх л даа. Өвгөн ах нь иймэрхүү л сонинтой сууж байна.

-Уран бүтээл, амжилтын сонин сайхнаасаа хуваалцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Гялайлаа.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ