Хуураар хөглөгдсөн хувь заяаны эзэн

0
763

Шатарын ӨЛЗИЙБАЯР

Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш. Хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаануудын шагналт, Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан.

Бүтээл туурвил нь өргөн тоглогдож олон түмний хүртээл болж буй, урын сандаа дуунуудыг оролцуулаад 200 гаруй хөгжмийн зохиолтой, хөгжмийн “Алтан намар” наадмын дөрвөн удаагийн шилдэг бүтээлийн эзэн, улмаар морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагналд  нэр дэвшээд буй онцлох уран бүтээлч.

 

Төрсөн он                              1977

Төрсөн газар                          Дорноговь аймгийн Мандах сум

Аав                                        Ё.Шатар орос хэлний багш мэргэжилтэй. Мандах сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, Сайншандын Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн II  боловсон хүчнээр ажиллаж байсан.

Ээж                                       Н.Сүрэндаваа орос хэлний багш

Гэр бүл                                  Гэргий Б.Долгормаа Улсын филармонийн гоцлол дуучин. Ө.Гэгээнзаяа, Ө.Гэгээнсайхан, Ө.Гэгээнбаяр, Ө.Гэгээнсод  гэж дөрвөн хүүхэдтэй.

Ах нар                                   Ш.Түвшинбаяр жолооч, Ш.Энхбаяр сэтгүүлч

 

Сайншандын нэгдүгээр 10 жилийн сургууль                                                1984-1994 он Соёлын коллеж                                                                                           1994-1997 он Москва хотын Соёл урлагийн их сургууль                                                   1998-2003 он

Москва хотын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцаж төгссөн   2009-2010 он

СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхимд багшаар                                             2003 оноос

Монгол Улсын филармонид хөгжмийн зохиолчоор ажилладаг                     2012 оноос

 

Уран бүтээл, амжилтын тухай

өлзийбаяр 2Түүний уран бүтээлийг дан хөгжмийн, тайз, дэлгэцийн, дууны уран бүтээлийн гэж ангилж болно. Нэрийн хуудас болсон  бүтээлүүдэд нь морин хуур, найрал хөгжимд зориулсан I, II, III концерт, төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариац токката”, төгөлдөр хуурт зориулсан рапсоди зүй ёсоор орно.

Мөн “Дөрөө” модерн балет (2012 он), “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийн хөгжим (2013 он), ”Эх орон дуудаж байна”, “Цэн тогоруу” киноны хөгжим (2014 он) “Баян Монгол” чуулгад зориулсан “Оргилуун удиртгал” (2013 он), ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт /3 ангит/ (2012 он), “286-р галт тэрэг” симфони зураглал (2012 он), хийл, төгөлдөр хуурын соната /3 ангит/ (2009 он), чавхдаст хөгжмийн дөрвөл /3 ангит/ (2010 он), үндэсний үлээвэр найрал хөгжимд зориулсан Скерцо (2014 он), төгөлдөр хуурт зориулсан Рапсоди (2015 он), найрал хөгжим, найрал дуучдад зориулсан “Монгол түмний хийморь” магтуу (2015 он) зэрэг бүтээлүүд нь Монголын мэргэжлийн хөгжмийн урын санд багтаад байна.

Мөн тэрбээр “Хулдын цэнхэр уулс”, “Хайрлаюу л гэсэн юм аа”, “Тэргүүн хамбын нутаг” зэрэг нийт 180 гаруй дууны аялгуу зохиосон.

“Дөрөө” модерн балет, “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжиг, Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концерт, Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт, Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариаци Токката”, Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол чуулгад зориулсан “Оргилуун удиртгал” зэрэг бүтээл нь 2010, 2011, 2012, 2013 оны “Алтан намар” хөгжмийн наадмын шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан. Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариаци Токката” бүтээлээрээ 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналыг хүртэж байсан бол 2015 онд төгөлдөр хуурт зориулсан “Рапсодия” бүтээлээрээ  С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан төгөлдөр хуурын зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

“Би Монгол”, ”Дорнын говиос Монгол эхэлдэг”, ”Талын хөх чоно”, “Хулдын цэнхэр уулс”, “Хайрла юу л гэсэн юмаа”, “Нүүдэлчдийн нутаг” зэрэг дуугаар оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” уралдааны тэргүүн, дэд, гутгаар байрыг 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012 онд, БХЯ, ЦДБЭЧ-аас зохион байгуулсан цэргийн болон жагсаалын дууны уралдаанд “Эх орны дуудлага”, “Монгол цэрэг” дуугаар дэд болон тусгай байр, “Хайрын сүлд дуу-2006” уралдаанд “Хайрын наран тэнгэр” дуугаар дэд байр тус тус эзэлсэн.

Тэрбээр Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын IY уралдааны тусгай, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын  XYI уралдааны III байр шагналтай. Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концерт нь 2014 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулагдсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртсэн. Мөн энэхүү бүтээлийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог хөгжимдөн Австрийн Вена хотод зохиогдсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны Гран-при шагналыг 2013 онд хүртсэн.  “Чавхдаст хөгжмийн дөрвөл” бүтээлээрээ 2012 онд ОХУ-ын Элиста хотод зохиогдсон “Пентатоника” наадамд амжилттай оролцсон ба мөн онд Волгаград хотын Филармонийн хөгжимчид тус бүтээлийг нь хөгжимдөн Петроград хотод болсон цөөхүүл хөгжимчдийн уралдаанд  тэргүүн байр эзэлсэн.

 

Хуураар хөглөгдсөн хувь заяаны эзэн

өлзийбаяр 3Дорноговь аймгийн Мандах сумын найман жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч Ё.Шатарынх 1977 оны намар төрсөн отгон хүүдээ Өлзийбаяр гэдэг нэр өгөв. Хүүг нялх, багад нагац аав ээж нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд, харин хөгшин аав ээж нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд аж төрж байлаа. Гэрт нь харах хүнгүй тул хүү цэцэрлэгт явна. Жаалхүүг долоо хүрэх жил  эднийх аймгийн төв рүү нүүж ирсэн бөгөөд сөөсгөр хүү аймгийн төвийн сургуулийн сурагч болов. Бага ангид байхад аав нь хүүгээ хөгжмийн дугуйланд оруулжээ. Аймагтаа алдартай Сандагжав гэж морин хуурч тэтгэвэртээ гараад дугуйлан байгуулж хэдэн хүүхэд хичээллүүлдэг байсан нь монголчууд бүх нийтээр морин хуур сонирхох, тоглож сурахыг хүсэхэд ихэд нөлөөлсөн сайн үйлс гэж хаа хаанаа ярьдаг. Тухайн үед Монгол даяар морин хуур тоглодог хүүхэд байтугай насанд хүрэгсэд ч ховор байв. Ё.Шатар багш хүүгээ тэр хүнд шавь оруулж морин хуурт дур сонирхолтой болгожээ.

Ахлах ангийн сурагч өндөр цагаан хүү сургуульдаа л “од” байв. Хөгжимдөнө, дуулна. Сургуулийн дуу хөгжмийн багш Батнасан гэж маш идэвхтэй, хөдөлмөрч хүн байлаа. Зөвхөн сургуулийнхаа төдийгүй аймгийнхаа хүүхдийн урлагийг ихэд өөд нь татсан гавьяатай нэгэн. “Сургуулийн хавар”, “Ширээний найз” зэрэг хүүхдийн олон сайхан дуутай. Тэр үед Завханы Цэвээнравдан, Дорноговийн Батнасан нар хүүхдийн урлагаар тэргүүлж байна гэж яригддаг байв. Багш өөрөө дуулна, хөгжимднө, дуу зохионо, найрал дуу, үндэсний хөгжимд найруулна, ер бүгдийг хийнэ. Нэг сайн багш байхад бусад багш нар, хүүхдүүд ч дагаад их амжилт гаргадгийн жишээг эндээс харж болохоор хэмээн өдгөө хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ярьж байна.

Ш.Өлзийбаяр ес, аравдугаар ангид байхдаа сургуулийнхантайгаа бүхий л концертод хөгжимдөж байлаа. Одоогийн “Меднесс” хамтлагийн Оюунсайхан нарын сурагчидтай хамтарч “амьд” хөгжмийн хамтлагт тоглодог. Өлзий тэгэхэд даралтат хөгжимчин байв. Ноотгүйгээр сонсголоороо тоглоход бас нэгэн чиглэлийн чадвар хөгждөгийг тэгэхэд мэдэж авсан. Тэр үед Батнасан багш нь түүнд хөгжмийн, урлагийн сургуульд л ордог юм шүү гэж захиж байлаа. Хүү хэдийнэ тийм бодолтой болсон, аав ээж нь ч дэмжиж байв.

Тэрбээр Соёлын коллежд ороод гурав дахь жилдээ сурч байхад сургууль Улаан-Үд явууллаа. Сайнбуян гэж баян хуурын багш “Монгол баянистгүй боллоо. Энэ мэргэжил тасарлаа” гээд Ш.Өлзийбаярыг хойд хөршид илгээжээ. Оюутан солилцооны хөтөлбөрөөр тэнд очсон залуу бүтэн жил баян хуур хөгжимд суралцаж ирээд энэ хөгжмийн төрлөөр оюутнуудын дунд зарласан уралдаанд түрүүлэв. Мэргэжлээ сүрхий эзэмшсэн нөхөр СУИС-д ороход баян хуурын анги байгаагүй тул зориглоод концертмейстерийн ангид орж явчихлаа. Хүүхэд байхын төгөлдөр хуурт илүү сонирхолтой байсан болохоор сэтгэл аяндаа татагдсан.  Соёлын коллежд байхад нь морин хуурын Баатархүү багш “Чамайг Морин хуурын чуулгад оруулна шүү” гэдэг байв. Гэтэл Ш.Өлзийбаяр сүүлдээ морин хуур биш, баян хуур  биш, харин  төгөлдөржсөн хуур хөгжим сонгов. Ер нь хөгжмийн зохиомж  сонирхоод, татагдаад байж л дээ. СУИС-ийн концертмейстерийн анги дөнгөж нээгдээд байсан үе. Тэнхмийн эрхлэгч нь нь Ж.Аминчимэг, Л.Замбага багш нар. Орост мэргэжил эзэмшсэн хуучны бүтээгдэхүүнүүд өөрсдийн төгссөн сургуулийн хөтөлбөрөөр оюутнуудаа шахаад жинхэнэ шүүсэлдэг байв. Багаасаа мэргэжлийн төгөлдөр хуураар сураагүй, аравдугаар анги төгсөөд орсон хүүхдүүд чирэгдээд, хасагдах вий гэхээс өвдөг чичирч, ёстой амнаасаа хөөс сахартал давтдаг байлаа. Багш нар долоо хоногийн зайтай шалгалт авах хуваарь гаргачихсан байх. Ш.Өлзийбаяр төгөлдөр хуурын Эрхэмбаяр, Отгонтуул, Гүнсмаа нарын багшийн хатуу шаардлагын дор нэг жил энэ ангид сурахдаа их юм мэдэж аваад Москва хотын Соёл урлагийн их сургуульд сурахаар одлоо. Энэ сургуулийг амжилттай дүүргээд иртэл мөн Москвад Гнесиний Хөгжмийн академид хоёр жил улсын зардлаар сурах боломж олдоход яваад төгсөөд ирсэн. Морин хуурч, баян хуурч, төгөлдөр хуурт шунан дурлагч хөгжмийн зохиолчийн их урлагийн замд хөл тавьсан товч түүх ийм буюу.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр зохиомжийн чиглэлийн анхны бүтээлүүдээ оролдлого төдий гэх аж. Өөрөө тоож, арай гайгүй болсон нь юм уу гэж үзэж байгаагаа “Вариац токката” гэнэ. Гнесиний академид Геннадий Чернов багш нь төгөлдөр хуурын прелюди бичээдхэ гэхэд нь даалгавар биелүүлээд очиход “Чи төгөлдөр хуурт биччих хүн юм байна. Одоо вариац бичнэ ээ” гэж шууд зүтгүүлжээ. Хэлсэн ёсоор нь бичээд, мөн багшдаа удаан хугацаагаар сурах гэж ирээгүй, мэргэжил дээшлүүлэх курст ирсэн гэдээ тодотгож хэлснээс хойш багш нь сургалтыг түргэвчлэв. Бичсэн вариац нь өгөөжтэй болж, хөгжмийн зохиомжийн хэд хэдэн уралдаанд сойход нь байр эзэлснээр залуу хөгжмийн зохиолч ихэд урамшлаа. Үүнээс хойш үргэлж бичиж суудаг болов. Хийл, төгөлдөр хуурын сонат, чавхдаст хөгжмийн дөрвөлийг гурван ангиар нь бичлээ. Үүнээс хойш гараас гаргасан зохиол бүтээл олон.

Ш.Өлзийбаяр дунд сургуульд байхдаа зуны амралтаараа Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өвөө, эмээгийндээ “цөлөгдөж”, морь мал дунд зусдаг байсан нь монгол ахуй, ёс заншлаасаа суралцахад их нөлөөлжээ. Хөдөө байхад наад зах нь босгон дээр гишгэж орж гардаггүй, уурганы хуйван дээгүүр алхдаггүй гэдгийг мэдэж авдаг. Унаж яваа морио амгайвчилж услаад мордоод давхичихна. Энэ мэтчилэн хэвшил болгосон монгол ахуйтай холбоотой зан заншлын элемент маш олон. Энэ бүх хөгшдийнхөө дэргэд байж сурсан ардын ухааны эрдэм, түүнээс улбаатай төлөвшил өнөө хөгжим бичихэд нь үндсэн суурь, хөг  болж байна.

Ш.Өлзийбаяр:

-Монгол хүн л монгол хөгжим бичнэ. Тэр бүү хэл хөдөө төрж өссөн хөгжмийн зохиолч, хотод хүн болсон хөгжмийн зохиолч хоёрын бүтээл ялгаатай байдаг. Бүтээл бол тухайн хүний толь гэдэг. Хөгжмийн зохиолч, хөгжимчин хоёрын уран бүтээл хоорондоо шүтэлцээтэй. Сайн хөгжимчид хөгжмийн зохиолчдыг хурцалж, онгод, урмыг нь бадрааж өгч байдаг юм байна. Өнөөдөр энэ зүй тогтол маш тод томруун харагдаж байна. Уншиж судалж байхад ч гэсэн ийм баримтууд байдаг. Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Шостакович болон цуутай хөгжимчин, виолончельч М.Ростропович нарын уран бүтээлийн замналыг харахад бие биенээ маш их хурцалж, нэг нэгнийхээ сэтгэлийн гал дөлийг бадрааж байснаар нэг нь гайхамшигтай хөгжмүүдээ бичиж, нөгөө нь тоглож ирсэн байдаг юм билээ хэмээн ярьж байна.

Үнэхээр тийм юм. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр морин хуурт зориулсан I, II, III концертоо морин хуурч Н.Жигжиддорж, морин хуурч Д.Шинэцог-Гени нарын тоглох ур чадварт тулгуурлан, бараг тэдэнд зориулах мэтээр зохиосон ч гэж харагддаг. Түүний морин хуурын I концерт нэлээд хол хүрч буй. Энэ концертыг нь морин хуурч Д.Шинэцог Австрид болсон суут Ф.Шубертын нэрэмжит язгуур урлагийн олон улсын наадамд төгөлдөр хуурч Д.Баярцэцэгийн хамт хөгжимдөж гоцлол хөгжмийн төрөлд Гран при хүртэж, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг тус уралдааны “Шилдэг пианист”-аар  өргөмжлөгдсөн билээ. Энэ амжилтын дараа удалгүй үзэгч, сонсогчид морин хуур, найрал хөгжимд зориулсан II концертыг морин хуурч Н.Жигжиддоржийн гоцолж тоглосноор, харин III концертыг нь морин хуурч Д.Шинэцог-Генийн тоглосноор хүлээж авсан түүхтэй.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр өөрийн эзэмшсэн мэргэжил, одоогийн нөхцөл байдал болоод ер нь хөгжмийн зохиолч ямар бодол санаатай явдгаа ийнхүү хуваалцаж байна. Тэрбээр:

-Одоогийн хөгжмийн зохиолчдод Монголын хөгжмийн зохиолчдын “Мөнгөн үе”-ийнхний нөлөө их бий гэж боддог. Ер нь бидний бүгдийнх нь бүтээлд тийм юм ажиглагддаг. Ардын жүжигчин Л.Мөрдорж, С.Гончигсумлаа гуай гэх зэрэг хөгжмийн зохиолчид бидний түрүүчийн түрүү үеийнхэн. Тэдний хөгжимд ардын дуу илүү, лад, тоналистын хувьд ч гэсэн натураль талдаа. Мажор, минорын сэтгэлгээнээс арай өөр, ардын дуутайгаа ойроор бодож сэтгэдэг байжээ. Энэ тухайд Л.Мөрдорж гуайг онцолж хэлж болно. Авсан ч до, ми, соль-оор нь авахгүй, до, соль ч юм уу арай өөрөөр хийгээд байдаг. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, З.Хангал нарын нөлөө дараа үеийн бидэнд шууд туссан болов уу. Ялангуяа эхний бүтээлүүдэд. Гэхдээ мэдээж бид арай өөрөөр бодъё, бичье гэлгүй яах вэ.

Хойд хөршид сурахын ач тус гэж бас бий. Тэнд сонсох юм ихтэй. Гэхдээ л тухайн үед одоогийнх шиг нэг товч дараад  хүссэнээ сонсч чаддаггүй байсан. Партитур олчихоод энэ ямар хөгжим юм бол гэж ухаж түнхэж суудаг байлаа. Өөрийн гараар, толгойгоороо ухна. Багшаасаа асууна. Жинхэнэ утгаар багшийг шүтэж сурдаг байлаа. Гэтэл одоогийн хүүхдүүд Youtube гэдэг багштай болчихоод биднийгээ тоохтой үгүйтэй байна. Багш, оюутны хоорондын амьд харилцаа багасаад, түүнийгээ дагаад хөгжим нь ч гэсэн тиймэрхүү болоод байх шиг. Би одоо хөгжмийн зохиомжоор хэдэн шавьтай. Нэг юм бичээд ир гэхээр компьютерт бичээд, өнөөх дөрвөлжин юмаараа сонсгоно. “За, чи үүнийгээ төгөлдөр хуурт дараад сонсго” гэхээр тоглохгүй. Тэгэхээр нь “Чи юу зохиосон юм” гээд л асуудал үүсдэг. Төгөлдөр хуурт тоглож, амандаа аялах зэргээр сэтгэж зохиогоогүй хөгжим амьгүйдүү, хөндий, хүйтэн болдог юм байна. Байдал ингэж өөрчлөгдөж байна. Төгөлдөр хуур дээр гар тавихгүйгээр хөгжим бичдэг үе иржээ. Ингээд ирэхээр хөгжим бичих их амархан юм шиг санагдах ч талтай. Компьютерт янз бүрийн жишээнүүд байдгийг хэлэх үү. Энэ мэтээр улам хялбарчлагдсаар байх юм бол эцсийн эцэст аялгуу л үлдэх юм байна даа гэж боддог болсон. Техник, технологийн тусламжтайгаар эвлүүлээд хэчнээн гоё хийлээ ч гэсэн хүний сэтгэлээс гарсан аялгууг бий болгож чадахгүй. Шинэ эриний техник технологийн хөгжлийн сөрөг талуудад оюутнуудаа автуулахгүйг хичээж шавь нараараа дандаа гараар бичүүлэхийг хичээдэг. Электроникоос үүссэн хөгжмийг хөгжимчид яаж тоглох билээ. Морин хуурт зориулж бичлээ гэхэд морин хуураа барьж үзэхгүй, хөгжимчинтэй ажиллахгүйгээр шууд хөгжим зохионо гэж байхгүй. Мөн техник, технологиор зодсон хөгжим урт наслахгүй. Натур зохиол бүтээлд дарагдана. Гэхдээ л  богино хугацаандаа, ялангуяа сурч байгаа хүүхдүүдэд маш хортой байна. Эцсийн дүнд хүний тархи, сэтгэл, хөлснөөс гарсан хөгжим л бол хөгжим. Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш тэрбээр ийнхүү санаж боддогоо хуваалцаж байна.

Сэтгүүлч Бодонгууд Рэнчингийн Оюунжаргалын “Их урлагийн манлай уран бүтээлчид: Тэргүүн дэвтэр” номонд орсноор.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ