Дэлхийд дуурсагдах монгол үнэртэй хөгжим түүнийх

0
730

Сангидоржийн Сансаргэрэлтэх

Хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт.

Урлагийн гэр бүлийн гишүүн, удам дамжсан хөгжмийн зохиолч, дэлхийн хөгжмийн суутнуудын төрөлх сургууль П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийн төгсөгч тэрбээр зохиож туурвисан хөгжмийн бүтээлүүдээрээ Монгол гэдэг нэрийг олон улсын хөгжмийн ай савд багтаахын төлөө цаг зав, мэдлэг, чадвараа зориулж явна.

Төрсөн он                                           1969 он

Төрсөн газар                                      Улаанбаатар хот

Аав                                                     Ч.Сангидорж хөгжмийн зохиолч, Монгол Улсын УГЗ

Ээж                                                     Б.Бадамгэрэл эмч мэргэжилтэй, УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн лабораторид олон жил ажилласан.

Эгч, дүү нар                                       Эгч С.Саянцэцэг төгөлдөр хуурч, дүү С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нар мөн төгөлдөр хуурч

Гэр бүл                                               Гэргий, гурван хүүхдийн хамт амьдардаг.

 

ХБДС-ийн төгөлдөр хуурын ангид суралцаж улаан дипломтой төгссөн      1977-1989 он

Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжилтэй, магистр цолтой дүүргэсэн. Мэргэжлийн багш нь ЗХУ-ын ардын жүжигчин,  төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Алберт Леман                                             1995 он

Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийнхаа аспирантурыг төгссөн.                                                                                                               1997 он

Испанийн Мадрид хотын Хааны Хөгжмийн академид суралцаж төгссөн     1997-1999 он

АНУ-ын нэрт, дорно дахины хөгжим судлаач Теодор Левиний урилгаар Нью Хампшер мужийн Дартмоуфын их сургуульд xөгжмийн зохиолчийн мэргэжлээр зургаан  сарын сургалтад хамрагдаж, хөгжмийн зохиолч Жон Абелтонтой хамт электрон хөгжмийн зохиомж судалсан                                                                                              2003 он

 

Уран бүтээл, амжилтын тухай

Сансаргэрэлтэх зураг 3Түүний бүтээлийн дээжсээс танилцуулъя. Нэрийн хуудас болсон зохиолоор нь төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан концертыг нь нэрлэнэ.

Төгөлдөр хуур хөгжимд зориулсан монгол ардын 32 дууны найруулга хийсэн. Аав хөгжмийн зохиолч УГЗ Ч.Сангидоржийн бүтээлийг дахин сийрүүлж шинэчлэн найруулж хэвлэлтэд өгсөн (2016 он). “Хүн ба байгаль” төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт (2013 он), “Миний л Аав” романс (2012 он), “S.O.S.” симфони найрал, уртын дууч, рок хамтлаг, хийлд зориулсан зураглал  (2011 он), “Гүнжийн бүжиг” хийл, цохиврын цөөхүүлд зориулсан концерт (2010 он), “Салхин дурсамж” морин хийлийн гоцлол (2003 он), “Хар Хорин” цөөхүүл оркестор (2000 он), төгөлдөр хуурын I цомнол (1999 он, МXЗХ-ны өргөмжлөл), утсан хөгжмийн дөрвөл (1997 он), Винсент ван Гог-ийн дурсгал хийлийн гоцлол (1996 он), Үлээврийн тавал (1996 он), I симфoни (1995 он), хийл төгөлдөр хуурт зориулсан концерт (1993 он) зэрэг нь онцлох бүтээл.

Жүжиг, киноны хөгжмүүд бий. “Хүсэл Шунал” (С. Бямба), “Гамлет” ( В. Шекспир, Б.Наранбаатар),   “Ану Хатан” (Б.Шүүдэрцэцэг), “Алсын удирдлага“ (С.Бямба).

Түүний уран бүтээлийн амжилтаас танилцуулъя. Төгөлдөр хуурын I цомнол нь “Алтан Намар” хөгжмийн наадмын “Оны шилдэг бүтээл” болсон (1999 он), Америкийн алдарт хөгжимчин Ёо Ёо Ма-гийн захиалгаар “Хар Хорум” зохиолоо бичсэн нь хөгжим судлаачид, үзэгчдийн таашаалд нийцсэнээр хөгжмийн зохиолч Америкт уригдав (2000 он). “Хар Хорум” бүтээл нь Олон улсын хөгжмийн “Торгоны зам” наадмын хүрээнд гурван жил дараалан АНУ болон Европын нэртэй танхимуудад тоглогдов (2000-2003 он). Түүний бүтээлүүд Монголоос гадна ОХУ, Герман, Польш, Испани, Голланд, Бразил, БНХАУ, АНУ, Швед, Украин, Бразил, Эквадор улсад тоглогдсон.

Төгөлдөр хуурт зориулсан I цомнолыг АНУ-ын хэд хэдэн төгөлдөр хуурч өөрсдийн урын сандаа оруулж, CD гаргасан. У.Шекспирийн “Гамлет” жүжгийн хөгжим нь драмын урлагийн шилдгүүдийг алдаршуулдаг “Гэгээн Муза-2012” наадмын “Шилдэг жүжгийн хөгжим” шагнал хүртсэн (2012 он). Аав УГЗ Ч.Сангидоржид зориулан бүтээсэн “Хүн ба байгаль” төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концертоо эх орондоо болон Эквадорт тоглуулсан (2013 он). Түүний хөгжмийн зохиолчоор ажилласан “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” кино Бусан, Тайвань, Мексикийн олон улсын кино наадмын тэргүүн шагнал хүртсэн.

 

Дэлхийд дуурсагдах монгол үнэртэй хөгжим түүнийх

сансаргэрэлтэх зураг 7Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийнх охин Саянцэцэгээ ХБДС-ийн төгөлдөр хуурын ангид  оруулсан нь хангалттай гэж үзсэнгүй, хүү Сансаргэрэлтэхээ мөн тус сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч болгов. Жаалхүү сурлага сайтай, төгөлдөр хууртаа ч сайн.

Долдугаар ангид байхад аав нь нэг өдөр дагуулаад хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийнд очив оо. Шавь оруулах юм гэнэ. Хүү аавыгаа дагаж явснаас цаашгүй, хөгжмийн зохиолч болох тухай бодсон юмгүй. Гэхдээ аавын хэлснээр ноотны цаас аваад гарсан байлаа. Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай аавтай нь, ер нь эдний гэр бүлтэй дотно юм чинь гэж бодож байсан болохоор тэр байх, айхавтар сүрдсэн ч үгүй. Гэтэл Гончигоо багш “Энэ хоосон цаасаар чинь яах юм. Би яах юм, чи ч яах гэж байгаа юм. Гурав хоногийн дотор ямар нэг зохиомж бичиж ир” гээд “хөөгөөд” гаргав. Тэгнэ чинээ санаагүй хүү нам суулаа. Бодож байгаад “Баавгай” гэдэг юм бичээд бариад очлоо. Тэгсэн багш магтаж байна шүү. “Өө, болж байна. Аавын юм байна. За, чи миний шавь болсон шүү” гэж хүлээж авчээ. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж ч хадаг барьж шавь оруулъя гэсэнгүй, С.Гончигсумлаа багш ч тэр. Орос гэргийтэй, ер нь европжуу амьдралын хэв маягтай хүн байсан болохоор энэ тухай ер хөндөөгүй юм билээ. Ингэж төгөлдөр хуурын ангийн сурагч хөгжмийн зохиомжийн зүг давхар чиглэв.

С.Сансаргэрэлтэх ХБДС-иа төгсөөд гадаадын хөгжмийн сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн  бусад зургаан хүүхдийн хамт Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн бэлтгэл анги төгсөөд үндсэн ангид шалгуулж орох шатанд ирэв. Шалгалтууд боллоо, зургаан найз нь бүгд “үсэрчихэв”. Тэгтэл С.Сансаргэрэлтэхээс шалгалт авахгүй гэжээ. Яагаад гэхэд “Монголчууд муу байна. Чи ч гэсэн адилхан л байгаа биз, шалгах гэж цаг гарздах хэрэг байхгүй. Бид направление бичиж өгье. Уралын Хөгжмийн дээд сургуульд очиж сур” гэж гэнэ. Тэгэхэд нь “Та юу ярьж байгаа юм бэ, би шалгалтаа өгнө” гэж тэмцэв. Авахгүй л гээд байлаа. Тэгэхэд уг сургуульд оюутан С.Саянцэцэг эгч нь “Шалгалт авалгүйгээр хүүхдийн хувь заяаг шийдэж болохгүй шүү дээ. Соёлын яаманд нь хэл” гэхэд нь очжээ. Тэгтэл түүнийг Монголд ирж шалгалт авч тэнцүүлсэн Воронцов гэдэг хүн хүлээж авав гэнэ. Түүнийг яаманд ажилладаг гадаад оюутан хариуцсан түшмэд гэж мэдээгүй С.Сансаргэрэлтэх аав ээжтэйгээ уулзсан юм шиг баярлажээ. Өнөө хүн ч уулзсандаа баярлаж “За, чи оюутны байрандаа оров уу, тав тух ямар байна” гэхэд нь “Юун оюутны байранд орох, шалгалт авахгүй байна, надаас” гэж хэлээд уйлж гарчээ. Учир байдлыг мэдсэн түшмэд нарийн бичгээ дуудаж бичиг хийлгээд декандаа аваад оч гэв.

Шалгахгүй гэж айлгаад байсан декан Соёлын яамнаас бичиг авмагцаа өөр болж, багш дуудаж шалгалт авахыг даалгав. Нүдэнд дулаахан настай багш Альберт Лемон “За, алив, чи юу чаддаг хүн юм, сонсъё” гээд суухад нь С.Сансаргэрэлтэх үгийн зөрүүгүй л өөрийн зохиосон хөгжмөө тоглож гарав. Тэгэхэд багш “Сайн байна. Гэхдээ өөрийнхөө хөгжмийг биш, бусдын хөгжмөөс тогло доо. Хамгийн эхлээд И.С.Бахын бүтээлүүдээс сонсъё” гэж гэнэ. ХБДС-д сайн сурч байсны хэрэг гарлаа. Тоглож л орхилоо. Бетховен, Шопен гээд л нэр зааж тоглуулж байснаа “Болно, болно. Чи нууц хэр хадгалдаг вэ” гэх юм гэнэ. “Чадна” л гэлээ. Чихэр хүлхэж суусан хүн чихрийнхээ давхар, дотуур нь байдаг шохойтой юм шиг цагаан цаасан дээр үзгээр баллан сохлон бичсэнээ “Чи энд бичсэнийг уншихгүй деканд аваачиж өгч чадах уу” гэж байна. Тэгэхэд нь мань хүн өнөөхийг нь унших нь бүү хэл унагаж гээх вий гэж айн, хоёр өндөгнийхөө завсар хавчуулж гүйхээрээ аваачиж өгч л дээ. Тааруухан зантай декан түүнийг нь уншсанаа шүүгээ уудалж цаас аваад юм бичээд эхлэхэд нь “Тэнцээгүй л болоод явчих шиг боллоо” гэж бодож байтал оюутны байранд амьдрах эрхийн бичиг өгөв өө. Ингэж Ч.Сангидоржийн хүү, С.Гончигсумлаагийн шавь суут П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн оюутан болсон түүхтэй.

Энэ адал явдлынхаа талаар зун гэрийнхэндээ, С.Гончигсумлаа багшдаа ярьж бөөн инээдэм болгож байв. Чайковскийн Консерваторийн талаар ярихад Гончигоо багшийн нүд сэргэж “Мөөеөө багш бид хоёрын чинь төгссөн сургууль. Дайны дараа богиносгосон хөтөлбөрөөр сургаж байхад бид очиж сурсан юм. Хөгжмийн зохиолч талаас чи, бид гурав л төгсөх нь дээ. Сайн сурдаг юм шүү. Монголдоо бол чи миний отгон шавь. Багш нь чамаар шавь отголж байгаа юм. Одоо хийсэн юм байвал сонсгоодхо, дараа жил ирэхэд чинь би үхчихсэн байна” гэж байжээ. Дараа жил нь, түүний дараа жил ч С.Сансаргэрэлтэх багшдаа хийснээ сонсгож, зөвлөгөөг нь авч л байсан юм билээ.

Альберт Лемон багш нь монгол шавьдаа их сайн, гэхдээ ажилдаа чанга. Долоо хоног бүр багшдаа бичиж, хийснээ шалгуулж, шинэ даалгавар авч явдаг. Оюутан нэг, хоёр удаа юм хийлгүй хүрээд ирж л дээ. Тэгэхэд нь “Чи шинэ юм хийгээгүй юм бол яах гэж ирсэн юм. Яагаад энэ ангид байж байгаа юм. Юу ч хийгээгүй бол битгий ирж бай” гэж лүндэн буулгаснаас хойш шавь ихэд хичээж сурах болжээ. Чайковскийн Консерваторийн Мясковскийн нэрэмжит 35 тоот анги гэдэг бол Орос, ЗХУ-ын бүхий л том хөгжмийн зохиолчид хичээллэж төгссөн  эрдмийн өргөө. Леман багш монгол шавьдаа “Чи өөрийгөө таниул. Намайг шооконд оруул. “Консерватори шатлаа” гэдгийг дуулсан багш үсрээд гүйж гарна биз дээ. Түүн шиг намайг үсэрч бостол шооконд ортол бич” гэж нэг удаа хэлснээс нь харахад оюутнаасаа юу шаарддаг байсан нь ойлгомжтой.

1990-ээд он дундаа ороод байв. Орос-Америкийн харилцаа сайжирснаар Орост Америкаас зорчих нь элбэг болжээ. Багш нь нэг өдөр “Тэнд хүрээд ирээрэй. Гадаадаас хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид ирэх гэж байна. Уулзалт болно, чи очно шүү” гэж урьсан нь өвгөн багш шавиа тоож байсных. Аспирантураа төгсөх дөхсөн үед багш нь нэг удаа оюутны байр руу нь утасдаж гэртээ дууджээ. “Крант засч чадах уу” гэсэн байгаа юм. С.Сансаргэрэлтэх янзлаад тавьчихлаа.  Тэгэхэд нь багш “Крант засч өгсөн хүнд 50 гр барьж болдог. Би чамтай найман жил хамт байхдаа нэг ч удаа хундага тулгаж байгаагүй. Чи миний крантыг засч өгсөн болохоор барьж байгаа юм шүү” гээд Портвейн задалжээ. Тэгснээ хундаганы үг маягтайгаар “За, чи нэг юм бодож яв. Би найман жил чамтай хамт байхдаа нэрийг чинь ганц ч удаа бүтнээр зөв дуудаж чадаагүй. Тэгэхээр чи юманд хүрэхийн цагтаа нэрээ богиноор Сансар л гэж хэлж байгаарай. Хүмүүс тогтооход амар” гэжээ. Энэ бол багшийн шавийнхаа ирээдүйд санаа тавьсан захиас байлаа. Түүнээс хойш хөгжмийн зохиолч уран бүтээлийн шаардлагаар нэрээ үнэхээр Сансар Сангидорж гэх болсон байна. С.Сансаргэрэлтэх  Москваг орхиж Мадридад очоод удаагүй байхад буурал багш нь Бурханы оронд явсан юм билээ.

Их Орос улсад суут Чайковскийн нэрэмжит Консерваторид хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшсэн залуу Мадридын Хааны Хөгжмийн дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж Орост сурч байхдаа мэдээгүйгээ мэдэж, Европын хөгжмийн ертөнцийн гайхамшигтай бодитоор нүүр тулсан. Дараа нь Америкт сурч хөгжимд орчин үеийн өнцгөөс хэрхэн хандахаа тодорхойлж авсан. Энэ хүртэл явах замд нь хаана ч “Чайковскийн Консерваторийн төгсөгч та дээшээ, тавтай морил” гэх лугаа “Та шалгалт өгөөд яах юм бэ. Хүрч ирээд л сур” гэсэн урилга нэг бусыг авч байсандаа уран бүтээлч сэтгэл хангалуун байдаг. Сурсан эрдэм, туулсан зам, хуримтлуулсан туршлага нь зохиол бүтээлээс нь илэрч, харагдаж байгаа болов уу гэж боддог. “Өөрөө өөрийнхөө ажил, уран бүтээлийг өөрөө дүгнээд яриад байж болохгүй” гэх түүний амнаас үг унагах бас амаргүй.

2000 онд Америкийн алдарт хөгжимчин Ёо Ёо Ма Дорно, Өрнийг холбосон соёлын харилцааны “Торгоны зам” төсөл хэрэгжүүлэхдээ Монголоос С.Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолчийг сонгож хөгжмийн бүтээлийн захиалга өгсөн нь уран бүтээлчийн амьдралд тод бичигдэх түүхэн агшин байсан. Чухам энэ төслийн хүрээнд бичсэн “Хар хорин” бүтээл нь түүнийг, Монголыг дэлхийн олон улс оронд таниулж, монголчууд хөгжмийн соёлтой гэдгийг гэрчилсээр ирсэн билээ. Үүнээс хойш хөгжмийн зохиолч Сансар Сангидоржийн бүтээн туурвих онгод илүүтэй хөглөгдсөн гэж харагддаг.

Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх 10 гаруй жил Америкт суурин, ирэн, очин амьдарч байгаа билээ. Өөрийг нь хөгжмийн урлагийн замд хөтөлж оруулсан аав, дэмжиж, бүх талаар тусалж өсгөсөн ээждээ талархаж, мөргөж явдаг тэрбээр хөгжмийн зохиолч аавынхаа дурсгалд зориулж “Хүн ба байгаль” төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт туурвиснаа эх орондоо болоод гадаадын нэлээд хэдэн оронд тоглуулсан нь үзэгч, сонсогчид, хөгжим судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авч буй юм. Дэлхийд тулгамдаж буй эх гариг, байгаль орчноо хайрлан хамгаалж, хүн төрөлхтнөөрөө энх тунх амьдрах шаардлага тулгарч буй энэ үед ийм глобал асуудлыг хөндөж монгол үнэртэй дэлхийн хөгжим туурвин, орон гүрэн дамнуулан тоглуулж яваа нь хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх буюу олон улсад дууддагаар бол Сансар Сангидорж билээ.

 

Сэтгүүлч Бодонгууд Рэнчингийн Оюунжаргалын “Их урлагийн манлай уран бүтээлчид: Тэргүүн дэвтэр” номонд орсноор.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ