Токиод үнэрлэсэн Монголын салхи

0
450

Япончууд Монгол урлагийг  их мэддэг болж. Сонирхдог, дурладаг, дэмждэг тодорхой хүрээнийхэн  бас байдаг болжээ. Морин хуурын чуулгын аялан тоглолт, Со гавьяатын “Билгүүн ундарга” багийхан гээд энэ намар Монголын урлагийн шилдгүүдэд Их Наран улсад бараг  хүрээгүй газар алга.

Арлын Японд уран бүтээлээ туурвидаг “Их Татлага” хамтлаг мөн хэдхэн хоногийн өмнө Токиогийн “Топпан холл” хэмээх нэр хүнд бүхий концертын танхимд ээлжит бие даасан тоглолтоо өргөн барьжээ. Тус хамтлагийн  уран бүтээлчид  энэ оны хавар ” Сантори холл”-д анхны тайлан тоглолтоо хийсэн бөгөөд  хоёр дахь удаагийн “Монголын үнэртэй салхи” хэмээх  энэхүү концертдоо мөн цоо шинэ уран бүтээлүүдээ хүргэсэн нь “Их Татлагыхны’ хөдөлмөрч хичээнгүй зан чанарын томоохон илрэл  болж  харагдаж байна.  Манай урлагийхны хувьд жилдээ 2 тайлан байтугаа 5,10 жилдээ тоглолтоо нэг удаа хийж амждаг улс нь хэд билээ, тэр дундаа өөрийн биш хүний нутагт гээд бодохоор “Алтны дэргэд гууль шарлана” гэдгийн үлгэрээр ажилсаг Японы ард түмний дэргэдээс суралцсан нь энэ байх гэж бахдмаар.

Тоглолтын сонин сайхнаас чих тавьбал  бид бүхний сайн мэдэх, алтан үеийнхний дуучдын нэг  хонхон хоолойт МУГЖ Ш.Даваахүү хүүгийхээ хамтлагийн урилгаар  ирж оролцсон нь Япон, Монгол үзэгчдийг сэтгэлийг уяраан хөглөж, алга нижигнүүлсэн ташилтаар дахиулж байсныг сонсоход бахтай. Гэвч түүнийг цаанаа хүнд өвчтэй, суугаа хүний тэргэнцэр дээр тайзны ард хүртэл түрүүлж явсныг тэр болгон хүн мэдээгүй болтой.  Дотроо уйлж байсан ч гаднаа инээж байх үүрэгтэй   урлагийн хүний тавилан гэдэг олон зүйл дээр хатуу ч тайзан дээрээ жаргалтай ясны дуучин маань юу ч болоогүй юм шиг цангинуулж байсныг  сонсоход уярам.  Монгол хүний хатуужил гэдэг энэ байх. Танд хурдан эдгэхийг ерөөе.

Эх орныхоо нэрийг хүний нутаг “Арлын оронд”  сайн сайхнаар өргөж явдаг сайхан залуусын төлөөлөл болсон “Их Татлага” хамтлагийн уран бүтээлчдэд амжилт хүсч талархал илэрхийлье.

Ч.Дэлгэрцэцэг

www.soyol-urlag.mn


img_7638

img_7639

img_7640

img_7641 img_7642

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ