Ш.Наранчимэг: Энэ удаагийн тоглолтоо зөвхөн монгол дуунуудаар хийх гэж байна

0
593

%d0%bd%d0%b0%d1%80-2УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ширмэнгийн Наранчимэг уран бүтээлийн бие даасан “Хүний заяа” тоглолтоо энэ сарын 25-нд төрөлх театрынхаа тайзнаа хийх гэж байна. Театртаа 12 жил ажиллахдаа Монголын болон дэлхийн сонгодог 20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээж жил бүрийг уран бүтээлийн өндөр амжилтаар үдэж байдаг түүнтэй тоглолтынх нь бэлтгэлийн дундуур товч ярилцсан юм.

-Та бие даасан тоглолт хэд дэх удаагаа хийх гэж байна вэ?

-Энэ тав дахь нь.

-“Хүний заяа” гэж нэрлэжээ. Яагаад ийм нэр өгөх болов?

-Би монгол дуу, дуурьт илүү дуртай. Дуулдаг дуу бүртээ чин сэтгэлээсээ сүсэлж явдаг.  Хамгийн дуртай нь төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүний заяа” л даа. Яг л энэ хорвоод хүн болж төрсөн хэн ч байсан газраас эхтэй, ээжээс ерөөлтэй. Тийм ч учраас байгаль дэлхийтэй зохицож, эцэг эхийн сургаалийг санаж сайн сайхан амьдарч энэ хорвоог элээх ёстой гэж шүлгээрээ ч, хөгжмөөрөө ч хэлээд байдаг сайхан дуу. Би өөрийнхөө тухай л бодоход мэргэжлийн ажлаа сайн хийж, амьдралдаа сэтгэл хангалуун байж, хийсэн, хийх бүтээлтэй, үргэлж өөдрөг сайхан байх нь эцэг эхийн ачийг санаж, эрдэмтэн багш нарын нэрийг өндөрт өргөж, эх орондоо хэрэгтэй зүйлд өөрийгөө зориулж явахын утга гэж ойлгодог. Миний сонгосон мэргэжил, амжилт, алдаа оноо бүгд миний л заяа. Ингээд бодоод үзэхээр ийм үнэн үгтэй, үнэхээрийн тансаг  хөгжимтэй энэ дууны агуулгыг хөтөч болгоё гэж бодоод энэ удаагийн тоглолтоо нэрлэсэн юм.

%d0%bd%d0%b0%d1%80-Таныг “Учиртай гурав”-ын маш сайхан Нансалмаа гэдгийг монгол түмэн мэднэ. “Ламбугуайн нулимс”-ын Цэрэнлхамд сайхан тоглодог. Сонгодог дуурь сонирхдог, үздэг хүмүүс “Аида-гаар бас таньдаг. Өөр ямар ямар дуурийн гол дүр бүтээсэн талаараа сонирхуулаач?

-“Үүлэн заяа”-гийн Наранзэл, “Хан Бүргэд”-ийн Норовлхам, “Чингис хаан”-ы Бөртэ хатан, “Гүн гэрийн гүнж”-ийн Цай Ван Жи гүнж. “Трубадур”-ын Леонора, “Тоска”-гийн Тоска гээд олон дүр бий. Энэ бүх хоорондоо ялгаатай, эрс тэс шинж төрхийн дүрүүдийг яаж бүтээдэг юм бэ гэж найз нөхөд маань гайхаж байсан удаатай. “Нараа, чи яасан ч их дуулдаг юм. Байсхийгээд л шинэ дүрд дуулах юм. Тэгээд бас“Монголтой нь ч, гадаадтай нь ч шүү” гэдэг.

%d0%bd%d0%b0%d1%80-1-Театрын ачаа даадаг, тэнхээтэй сопрануудын нэг гэж таныг тодорхойлж байхыг сонссон…

-Баярлалаа. Надад бас магтаалын гэх үү, урам хайрласан үгнүүд сонсогддог. Тэр бүхний талаар яриад өөрөө өөрийгөө магтаад байлтай биш, сонсоод, баярлаад л өнгөрдөг.

-Таныг Монголын анхны Аида гэж ойлгодог. Ямар учраас танаар анх дуулуулсан юм бол?

-Суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Вердийн алдарт “Аида” дуурийг Монголд 2011 онд тавихад найруулагчаар ажилласан ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын удирдаач А.П.Чепурной гол дүрүүдэд дуулах дуучдыг сонгон шалгаруулалтаар шийдэхдээ намайг сонгосон. Дуурийн урлагийн мундаг мэргэжилтний шалгуурт тэнцэж анхны Аида болсондоо би их баярлаж явдаг. Мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд багшийнхаа зааж сургасан, өвлүүлсэн бүхнийг шавхаж тэр шалгаруулалтыг давж байлаа. Гурван цаг үргэлжилдэг дуурь. Аида дандаа дээд өнгөн дээр, тасралтгүй 30 минутын турш дуулах хоолойн чадал сорьдог хэсэгтэй, хүнд хэцүү  даваа олонтой том бүтээл болохоор “Гранд дуурь”  гэсэн тодотголтой юм билээ. Энэ бүхнийг залуу насны зориг, эрч хүчээр гэхээс илүүтэй багшийнхаа заасан эрдмийг өөрийн болгосны ачаар давж гарсан гэж боддог.

img_7712

-Та байгалийн үзэсгэлэн цогцолсон Хонгор нутаг,  домогт Их Богд хайрханы унаган охин. Таны тоглолт болоход нутгийнхан тань хамгийн түрүүн цэцэг тэвэрсээр орж ирдэг. Энэ удаа бас ялгаагүй байх даа?

-Тийм ээ, манай нутгийнхан намайг тоглолтоо хийх бүрт томоохон хэмжээний баярт оролцох гэж байгаа юм шиг өндөр сэтгэгдэлтэй ирж үздэг. Би ч  их баярладаг. Ялангуяа энэ удаагийн тоглолтоо зөвхөн монгол дуу, дуурийн урлагийн бүтээлүүдээр хийж байгаа болохоор үзэгчид илүү сонирхох байх гэж бодож байна.

-Танд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ