Ц.Жаргалан: Энэ тоглолтыг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ заавал хамт үзээсэй

0
1088

сол балет 1Монголын балетын урлагийн холбоо Монголын балетын хөгжил сантай хамтарч энэ сарын 19, 20-нд УДБЭТ-т “Spirit of  ballet” нэрийн дор Монгол, БНСУ-ын залуу балетчдын хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байна. Тус холбооны тэргүүн, балетын жүжигчин Ц.Жаргалантай тоглолтын талаар болон бусад сэдвээр цухас хөндөж ярилцсан юм.

-Тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна уу, амжилттай юу?

-Амжилттай. Олон байгууллага, хувь хүн дэмжиж хамтарч ажиллаж байна. УДБЭТ, ХБК, Монголын балетын хөгжлийн сан зэрэг балетын урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж хамтарч байна. “Төгөлдөр сан” ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Манай Балетын урлагийн холбооныхон, балетчин найзууд дэмжээд ажил урагштай сайн байна.

-БНСУ-аас энэ тоглолтыг зорьж хэдэн хүн ирэх вэ?

-БНСУ-ын Балетын өсвөр насны бүжигчдийн KOREA YOUTH BALLET STARS труппийн 12-20 насны 10 бүжигчин ирэх юм. Мөн гурван багш ирнэ. Энэ труппийн захирал, БНСУ-ын балетын урлагийн орчинд нөлөө бүхий хүмүүсийн нэг, “Солонгосын үндэсны балет” театрын гоцлооч байсан хатагтай Мисонг Чой ирэх юм. Энэ хүн бол БНСУ-ын Балет холбооны тэргүүн, тус улс дахь балетын олон улсын тэмцээнүүдийн зохион байгуулах зөвлөлийн гишүүн, их сургуулиудын зөвлөх багш юм. ОХУ-ын Санкт-Петербург дэх Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Урлагийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Өмнө нь мөн балетын мэргэжлээр төгссөн. Монголд анх удаа ирэх гэж байна. Бид гурван жилийн өмнө Yoo’s ballet Concervatory-д очиж шавь нараа сургалтад хамруулж хамтын ажиллагаагаа эхэлж байсан бол хамтарсан тоглолт зохион байгуулах хүртэл харилцаагаа өргөжүүллээ. Одоо ирэх бүжигчид зарим нь хэдийгээр нас бага ч бүгд ур чадвар сайтай. Америк, Швейцарь, ОХУ, Япон, Өмнөд Африк, Итали зэрэг улсад болсон олон улсын өндөр зэрэглэлийн  уралдаануудад гоцлол болон хослон бүжиглэх хэлбэрээр удаа дараа өндөр амжилт үзүүлж ирсэн хүүхэд, залуучууд. Олон улсын уралдааны Гран при шагналтан ч бий, алт, мөнгө, хүрэл медальтнууд ч бий.

сол балет 2-Тэгэхээр залуучууд, өсвөр насныхан гэж харахгүй, ур чадварыг нь анхаарч үзэх нь байна?

-Үнэн. Яг тэгж хэлэх гэж байлаа.

-Хамтарсан тоглолтын ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ?

-Манай улсын ХБК-д балетын мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа хүүхдүүд үе тэнгийн солонгос хүүхдүүдийн ур чадварыг хамт бүжиглэж мэдэж, мэдэрснээр мэргэжилдээ, сурлага, уран бүтээлдээ амжилт, ахиц гаргах байх гэж харж байгаа. Мөн балетын бусад сургалтад ялангуяа мэргэжлийн балетаар хичээллэж байгаа цөөн ч гэсэн өсвөр насныхан цаашаа яах ёстой, юунд тэмүүлэх, хүрэх ёстойгоо мэдэхээ байчихдаг. Тэр хүүхдүүдэд боломжийг зөвхөн одоо байгаа нөхцөл, орчноороо бүү хязгаарла, санасандаа хүрэх өчнөөн гарц, ирээдүй байдаг юм шүү гэдгийг ойлгуулж өгөхийг зорьж байгаа юм. Мөн аль ч сургууль, сургалтад балетаар хичээллэдэг хүүхдүүдийн эцэг эх энэ тоглолтыг хүүхдүүдтэйгээ хамт үзсэнээр хүүхдээ ойлгох, хүсэл тэмүүллийг нь дэмжиж туслах, ирээдүйг хамтдаа харж, зорилго, хүрэх цэгтэйгээр балетын урлагт хандах хандлагатай болоход нь тустай. Тийм болохоор энэ тоглолтыг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ заавал хамт үзээрэй гэж хэлье. Ийм хэд хэдэн зорилгоор хамтарсан тоглолт зохион байгуулж байгаа юм.

-Нээрэн манай балетынхны хувьд өрсөлдөх, хэн нь хэн болохоо харуулах боломж ховор юм аа?

-Манай балетын хүүхдүүд ХБК төгслөө, Дуурийн театртаа ажилд орчихдог. Тэгээд л зогсонги байдалд орчихно. Гэтэл балет гэдэг маань цөөхөн хэдэн жил од мэт гялалзаж ажиллаад, юу чаддагаа харуулаад, мэдрээд, зорьсондоо хүрээд амьдралын дараагийн үе шатанд шилждэг тийм онцлогтой мэргэжил. Гэтэл манай балетчид тэр цөөн хэдэн жилийг урсгалаар өнгөрөөх нь элбэг. Тийм биш байгаасай, хаа хүртэл явж чадах вэ, юу хийж бүтээж чадах вэ, тэр бүгддээ хүрдэг байгаасай гэж бодож байгаа юм. Би өөрөө балетчин, энэ бүхнийг сайн мэддэг болохоор Монголын балетын урлагийн ирээдүйг авч явах өнөөдрийн хүүхэд залуустаа боломжийн түвшинд гарц, цонх нээж өгье гэж бид хамтаар зүтгэж байгаа юм.

-Өмнө нь манай улсад ийм олон өсвөр насны мэргэжлийн балетын бүжигчдийн бүрэлдэхүүнтэй тоглолт ирж байсан уу?

-Нэг удаа БНСУ-аас неоклассик чиглэлийн балетаар хичээллэдэг хүүхэд залуусын бүрэлдэхүүнтэй тоглолт ирж байсан юм билээ. Сонгодгоор бол анх удаа ирэх гэж байна.

-БНСУ-д балетын ямар дэг сургууль буюу шкоолыг баримталж сургалт явуулдаг юм бэ?

сол балет 3-Вагановын шкоолд суурилсан байдаг. XX зууны Оросын балетын дэг сургуулийг үндэслэгч, Мариинский театрын балетын гоцлооч, Оросын ардын жүжигчин А.Я.Ваганова гэж эмэгтэй байсан. XIX зууны сүүлчээр төрсөн, XX зууны дунд үе хүртэл амьдарсан алдартан. Түүний  дэг сургууль Оросын төдийгүй дэлхийн балетын хэмжүүр. Мөн Жорж Баланчиний шкоол гэж бий. Энэ бол америк балетын үндэс. Түүнийг дэлхийн неоклассик балетын эцэг ч гэдэг. Бас балетын франц шкоол гэж байдаг. Солонгосууд бол Вагановын шкоолыг эх орондоо өөрсдийнхөөрөө нутагшуулж, өөрийн балетын урлагийг үндэслүүлсэн байна. Өөрөөр хэлбэл байгалийн өгөгдөл маш сайтай, евро стандартын бие хаатай балетчдыг сургаж хөгжүүлдэг шкоолоос авах гол юмнуудыг нь аваад, намхавтар нуруутай, чацаар уртгүй бие, төрхтэй хүүхдүүддээ тохируулсан өөрсдийн арга зүйтэй болжээ. Ганцаарчилсан сургалт өгч буй багш нар энэ л арга зүй, тактикаараа заасаар, суралцагсад нь багшаас авахаа аваад, гол нь өөрсдөө маш идэвхийлэн хичээж зүтгэсээр ердөө дөрвөн жилийн хугацаанд хичээллэсэн балетчин олон улсын хамгийн том уралдаанд тэргүүн байр эзэлж байсан түүх байна. Тэнд балетчдыг ингэж бэлтгэж байна. Ер нь Солонгосын балет сүүлчийн 20 жилд цойлж хөгжсөн. Одоо тэдний балетчид дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

-Манай улсын балетчид ч гэсэн, тухайлбал та, танай ангийнхан Вагановын дэг сургууль, арга зүйн бүтээгдэхүүнүүд. Энэ шкоол юугаар илүү, давуу юм бэ?

-Сонгодог балетчин бэлтгэх, хөгжүүлэх шалгарсан, сонгодог, өөрөөр хэлбэл үүнээс өөрөөр байх аргагүй нь нотлогдсон шкоол.

-Балетчины чин хүсэл, мэргэжлийн кайф юунд байдаг бол?

-Балетын жүжигчин байх. Зүгээр балетын бүжигчин байх биш, харин жүжигчин байж тайз, танхим, үзэгчийг эзэмдэж, үзэгчид зөвхөн тэр балетын жүжигчний хөдөлгөөн бүрийг нүд цавчилгүй ширтэж, гаргаж буй дүрд нь уусч, түүнтэй хамт амьсгалах мэт тийм мэдрэмж, аура бүрдүүлж ажиллахад л байдаг даа.

-Шүтэж биширдэг балетчин нь гараад ирэх тэр агшинд үзэгчид хэсэгтээ орчноос тасрах мэт болж, өөрөө тэр жүжгийн нэгээхэн хэсэг мэт болох гэвэл арай романтик гэх үү?

-Ер нь бол наадах чинь шүү дээ. Энэ уран бүтээлч, үзэгчдийн харилцан бие биеэ гэсэн холбоог үүсгэх нь жүжгийн, театрын зорилго.

-Эргээд удахгүй болох тоглолтын тухай сэдэв рүү оръё. Ингээд ярихаар өрнийн соёлтой, өрнөдөөс, Оросоос оруулж ирсэн балеттай манайх илүү, Солонгосын балет гэж юу байдаг юм гэж хэлэх хүн гарч ирнэ. Тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ?

жаа-Монголчууд балетын урлагаар Азидаа тэргүүлж байсан цаг үе байсан, харин тэр цаг үе ард хоцорчээ. Бид одоо зогсонги байдалд байна. Театр, урын сангийн хувьд тэргүүлэхээр. Гэтэл балетчдын ур чадвар, идэвх гээд аваад үзэхэд нэг л хэвийн болчихоод байна. Тэгэхээр дараачийн 10, 20 жил, түүнээс цааш Монголын балетыг нэгэн байранд нь байлгах, эсвэл уруудуулах биш, харин өсгөж, хөгжүүлэхийн төлөө ажиллах шаардлага тулгарч байна. жаа 1Ирээдүйн чадварлаг балетчид, балетмейстерүүд, багш нар өнөөдөр энэ хүүхдүүдийн дунд байгаа шүү дээ. Тэднийг хөдөлгөөнтэй байлгаж, нүдийг нь нээж, нүүрийг нь хагалж, ирээдүй рүү гэсэн тэмүүлэлтэй байлгах нь Монголын балетынхны үүрэг. Түүнээс биш хэн нэгнээ болох бүтэхгүйгээр нь дуудах, үгүйсгэх, хоорондоо үг чулуудалцаж байх цаг үе биш. Монголын балет гэхээр хэдхэн хүн л байдаг шүү дээ. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Би энэ бүхнийг яагаад хэлээд байна вэ гэхээр бидний бага залуу балетчин байх үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хэчнээн сайхан балетын жүжигчид  ажлаа, мэргэжлээ орхисныг харж, харуусч явдаг. Одоо бидэнд нэгэн сэтгэлээр хамтдаа энэ сайхан урлагийн хөгжлийн төлөө зүтгэх л үлдээд байна. Төр нь бодлогоороо дэмжээд, сургалтын байгууллагууд нь чанартай сургаад, уран бүтээлийн байгууллага театр нь урамтайхан ажиллаад, хамтарч нийлээд уралдаан, тэмцээн, хамтарсан тоглолт зэргийг олноор зохион байгуулаад, тухайлбал өнөөдөр эхлүүлж байгаа энэ хамтарсан тоглолтод дөрөөлөөд цаашдаа уламжлал болгоод, олон улсын балетын фестивалийг эх орондоо зохион байгуулдаг болмоор байна шүү дээ. Ингэж  амь нэгтэй ажиллах хүсэл, сэтгэл, итгэл байна.

-Ийм ажил зохион байгуулах амаргүй. Та юутай ч зүтгэсэн, зориглосон байна. Баяр хүргэе. Одоо болох “Spirit of  ballet” тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа. Олон хүний, байгууллагын дэмжлэгээр бүтэж байгаа гэдгийг түрүүн хэлсэн. Ивээн тэтгэгч “Төгөлдөр сан” дэмжээгүй бол энэ олон хүнийг авчирч чадахгүй байх байлаа. Маш их баярлаж байна. УДБЭТ, ХБК, Монголын балетын хөгжлийн сан, БНСУ-д ажилладаг балетмейстер, багш Одмаа болон УДБЭТ-ын захирлаар ажиллаж байсан, балетчин Б.Сэргэлэн, манай холбооныхон гээд найз нартаа талархаж байгаа илэрхийлье.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ