Ёочингийн Дашдаваа

0
598

дашдХүндлэхгүй, дурсахгүй, хөл алдаж бужигнахгүй байхын аргагүй том хүмүүс Монголын урлагт олон бий. Тийм нэгэн эрхэм хүндэт уран бүтээлч бол ёочингийн Г.Дашдаваа багш агсан юм. Багшаар эрдэм заалгаж 1966 онд ХБДС төгссөн нэг ангийнхан буюу Монголын анхны мэргэжлийн ёочин хөгжимчид санаачлан ХБК байгуулагдсаны 80 жил, багшийнхаа мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан үе үеийн мэргэжлийн ёочинчдын хамтаар дурсамж, хүндэтгэлийн цуврал арга хэмжээнүүд  зохион байгуулж байгаа юм. Баярын арга хэмжээнүүд ар араасаа цуврах энэ өдрүүдэд Г.Дашдаваа багшийн 200-гаад шавиас онцолж анхны төгсөгчдийнх нь нэрийг дурдъя. Монголын анхны мэргэжлийн ёочин хөгжимчид бол Д.Чилхаасүрэн, Г.Маруся, Ш.Доржпагма, Х.Дулмаа, Х.Саранцэцэг, Б.Батхишиг, Ч.Буянхишиг, О.Долгор, М.Хишигсүрэн, Ш.Хараавч, Д.Дариймаа нар юм.

Монгол Улсад мэргэжлийн ёочин хөгжимчид анхлан бэлтгэж, сургалтын хөтөлбөр боловсруулан, энэхүү хөгжмийн зэмсгийг зааж сургах дэг сургуулийг үндэслэн байгуулагч ёочин хөгжимчин Г.Дашдаваа бол Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Бага залуудаа өнчирсөн хөдөөний хүү төрөлхийн авьяас, дур сонирхолдоо хөтлөгдөн хотыг зорьж 1953 онд хөгжимчин Дулмаагаар ёочин заалгаснаар төд удалгүй хөгжимчин болж тухайн үеийн Дуу, танцны ансамбльд орон тооны уран бүтээлч болж байжээ. Энэ нь алдарт Л.Мөрдорж хойд хөршид сургууль төгсч ирээд тус ансамблийг байгуулж хөгжимчид, дуучид, бүжигчид цуглуулан  үндэсний дуу бүжгийн чуулга байгуулсан үе бөгөөд дараахан нь УАДБЧ нэртэй болсон түүхтэй. Ёочин тэгэхэд бага гарын, цөөхөн утастай байв. Ёочинчид ч ардын авьяастнуудыг дагалдангаар сургасан хөгжимчид байв.

дашд 1Хөгжимчин Г.Дашдаваа Чуулгад ажиллаж байхдаа хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон Ж.Мэнд-Амар нарын зохиосон ёочинд зориулсан бүтээлүүдийг олонтаа гоцолж тоглон үзэгч олны хүртээл болгож байлаа. Ийнхүү есөн жилийг ардаа үдсэн хөгжимчин залуу 1961 онд ХБДС-д ёочин хөгжмийн багшаар ажиллах томилолт авсан өдрөөс хойш 2002 онд бурхны оронд явах хүртлээ тус сургуульдаа ажиллав. Багш зөвхөн энэ сургуульд багшаар ажиллаж байсангүй. Багшийн сургуулийн хөгжмийн анги, Соёлын коллеж, СУИС-д ч залагдаж, хөгжмөө заахын сацуу сургалтын хөтөлбөр боловсруулж,  мэдлэг, туршлагаа зориулсаар ёочин хөгжмийн чиглэлээр 200 гаруй мэргэжилтэн соёлын салбарт бэлтгэж өгсөн гавьяатан, нэрт сурган хүмүүжүүлэгч юм.

Багш мэргэжлийн ёочин хөгжимчид бэлтгэх амаргүй ажил хүлээж авмагцаа өөрийн мэдлэг, туршлага, ардын дуу хуурын баялаг өв санд тулгуурлан “Ёочингийн сурах бичиг” зохиож хэвлүүлсэн нь хэдэн арван жилийн турш хөгжмийн сургуульд ёочинч мэргэжлээр суралцагсдын төдийгүй соёлын ажилтнууд, сонирхогчдын ч ширээний ном болж байлаа. Багш ёочингийн хөгийг баяжуулж, дуурьсах ая эгшгийн цар хүрээг ихээхэн өргөжүүлснээр энэхүү зэмсгээр зөвхөн монгол ардын дуу хөгжим биш дэлхийн сонгодгуудыг ч хөрвүүлэн тоглох боломжийг нээсэн байна. Багш дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 300 гаруй бүтээлийг ардын хөгжимд хөрвүүлэн, олон арван дууны найруулга туурвисан нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээлүүд болж мөнхөрсөн. Энэ нөр их хөдөлмөр нь түүний Монголын хөгжмийн урлагийн хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр юм.

Г.Дашдаваа багшлахын сацуу монгол ардынхаа урлагийг гадаадад сурталчлахад ихээхэн  зүтгэл гаргасан уран бүтээлч. Тэрээр дэлхийн 30-аад улсад явж ёочингоо тоглосон. Дэлхийн залуучууд оюутны VI их наадамд оролцож Л.Мөрдоржийн зохиол “Хаврын шувууд ирлээ” ёочингийн гоцлол тоглож мөнгөн медаль авсан нь хөгжим, хөгжимчин хоёр хэр зэрэг “дотносон нөхөрлөснийг” илтгэх биз ээ.  Ажлын төлөө, урлагийн төлөө төрсөн мэтээр өөрийгөө ёочин хөгжмийн сургалтыг боловсронгуй болгохын төлөө зориулж ирсэн багшийн хөдөлмөрийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнасан бөгөөд 2000 онд Монгол Улсын гавьяат багш цол олгосон байна.

Г.Дашдаваа багшийн анхны шавь нарын нэг, ХБК-ийн ардын хөгжмийн тэнхмийн ёочин хөгжмийн мэргэжлийн багш, соёлын тэргүүний ажилтан Д.Чилхаасүрэн багшаас Г.Дашдаваа багшийнхаа мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд ямар ажилд гар бие оролцож байгаа талаар нь асуусан юм. Д.Чилхаасүрэн багш:

чилх 1-Би 1959 онд дөрөвдүгээр анги төгсөөд ХБДС-д элсч 1966 онд  Г.Дашдаваа багшийн удирдлага дор төгссөн анхны мэргэшсэн ёочинчдын нэг. Багшийнхаа 80 насны ойг тэмдэглэхээр шавь болгон нь мэрийж ажиллаж байна. Манай ангийн Ч.Буянхишиг, багш Байгалмаа бид гурав хамтарч “Багш дор мөргөмү” гэсэн ном хийлээ. Чухал материал гэвэл багшийн маань бидэнд зааж байсан хөтөлбөр нь байдаг юм, өөрөө гараар бичсэн. Тэрийг нь багтаалаа. Мөн багшийн дэвтэртээ бичсэн байсан дууны үгнүүдийг шивж эмхэлж оруулах гэх зэргээр нэлээд  ажилласан. Анхны, эхэн үеийн 30 гаруй шавийнх нь дурсамж бий. Өөр олон ажил төлөвлөсөн дөө. Багшийнхаа ажиллаж байсан, сургуулийн хойд байрны 46 тоот өрөөг багшийн нэрэмжит болгох юм. Мөн үе үеийн шавь нарынх нь оролцоотой ёочинчдын концерт зохион байгуулж байна.

Миний багшийн хөдөлмөрч зан чанар надад нөлөөлсөн болов уу гэж боддог. Тийм болохоор би 51 дэх жилдээ энэ л ажлаа тасралтгүй  хийж яваа байх. Шавь нарынх нь бас нэг бахархаж хэлэх зүйл байгаа юм байна. Багшийн шавь Ж.Мэнд-Амар Болгар улсад болсон Дэлхийн залуучууд оюутны IX их наадмаас ёочингийн гоцлолоор мөнгөн медаль авсан юм. Дараа нь би 1973 онд Берлинд болсон X их наадамд Ж.Мэнд-Амарын “Хөдөлмөрийн жавхаа” ёочингийн гоцлолоор тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилт бол бидний багшдаа барьсан бэлэг гэж боддог. Ингэж багш бид гурав ёочингоор их наадмаас медаль авсан түүх бий” хэмээн ярьж байлаа.

Мөн Г.Дашдаваа багшийн анхны шавь, хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишигээс түүх хуучилж, багшийхаа тухай энэ өдөр юу хэлэхийг нь сонссон юм. Тэрбээр:

буянх-Бид 1959 онд ХБДС-ийн ёочин хөгжмийн ангид элссэн сурагчид. Хөгжим дээр анх гар тавиулж зааж эхэлсэн багш бол Чулуунбат гэж багш байсан. Тэр хүн бол Г.Дашдаваа багшийн шавь. Манай ангийнхан гурав дахь жилээсээ Г.Дашдаваа багшаараа заалгаж таван жил, нийт долоон жил сурч сургуулиа төгсөцгөөсөн хүүхдүүд. Манай ангийнхан энэ мэргэжлээрээ ажиллацгаасан, харин би арай өөр чиглэлээр дээд сургуульд үргэлжлүүлэн суралцсан болохоор багшийнхаа заасан эрдмийг юм болгож чадаагүй хүн байгаа юм. Жишээ нь манай Д.Чилхаасүрэн бол 26 жил хөгжимдөж, 25 жил багшилж энэ л зэмсгийг оюутан сурагчдад зааж эзэмшүүлэх үйлсэд амьдралаа зориулж яваа хүн. Багшийн шавь нарын шавь нар гээд Монголын хөгжмийн урлагт өнөөдөр маш олон ёочин тоглодог, заадаг уран бүтээлчид, багш сурган хүмүүжүүлэгчид байна. Таны хэлдэг үнэн. Үнэхээр ёочин хөгжмийн сургалтын дэг сургуулийг үндэслэгч бол манай Г.Дашдаваа багш мөн. Системтэй, танхимын сургалтаар сургах хөтөлбөр бий болгосон.  Багш ажиллаж эхэлж байх үед ёочинд зориулсан концерт бүү хэл, аяз ч байгаагүй. Гэтэл өнөөдөр энэ зэмсэгт зориулсан зохиол бүтээл ямар олон болов. Сайн хөгжимчид бий болоход сайн зохиол төрдөг нь зүй тогтол юм. Тэгэхээр  манай багшийн шавь нарын төрүүлсэн сайн тоглоочид олон байгаа болохоор хөгжмийн зохиолчид онгодтой, сонирхолтойгоор хөгжмийн бүтээлүүд төрүүлж байна. Өнөөдөр манай улсад ёочин хөгжим гайхалтай хөгжиж байна. Мундаг тоглоочидтой боллоо. Хятадын 50,60 утастай ёочин дээр тоглохгүй зохиол алга. Тэгтлээ хөг нь баяжигдаж, хөгжимчдийн ур чадвар  өссөн байна. Биднийг төгсөх үед бол ёочин 24 л тэвхтэй, цөөхөн утастай байлаа. Өнөөдрийн түвшинд хүртэл баяжуулж, хөгжүүлэхэд нэгд, Г.Дашдаваа багшийн хичээл зүтгэл их байсан, хоёрт, Хятадаас их гарын ёочин орж ирсэн нь их нөлөөлсөн.

Багшийн мэндэлсний 80 жилийн ой тохиож буй энэ үед багш маань гарамгай хөгжимчин байсан гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Маш цэвэрхэн өнгөтэй, цэмцгэр, техник сайтай тоглооч байлаа. Бас сайн багш байсан.

Үүний зэрэгцээ их сайн хүн. Хөнгөхөн, түргэн хөдөлгөөнтэй. Гэхдээ их даруу, уян зөөлөн, хөдөлмөрч хичээнгүй. Хэзээ ч өөрийгөө магтдаггүй, хэзээ ч албан тушаал, алдар нэр, гавьяа шагналын төлөө явж байгаагүй. Атаархаж жөтөөрхөхийг мэддэггүй, хүнд гомддоггүй, ерөөсөө л ажлаа л хийдэг. Цэвэр цэмцгэр, хөдөлмөрч, цагт тун нарийн. Гэр бүл, үр хүүхдүүдээ халамжтай сайн аав. Өглөө үүрээр шахам босч дасгал гимнастикаа хийж, хүүхдүүдийнхээ цай ундыг бэлдэж өгөөд ажилдаа явдаг хүн байсан.

Хүүхдүүд нь сайхан хүмүүс бий. Улсын филармонийн хийлч Д.Туяа, санхүүч Сарангэрэл, төгөлдөр хуурч Сарантунгаа, Ганзориг гээд байна хэмээн ярьсан юм.

дашдаваа багш 3Ийм л олондоо хүндтэй, шавь нараараа тойрон хүрээлүүлсэн эрдэм номт, сургуультайгаа нас чацуу уран бүтээлч Г.Дашдаваа багшийн мэндэлсний ойн баярт өдрүүд эхэлж байна. Ойн хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ бүрт нь амжилт хүсье.

Гавьяат багш Г.Дашдаваагийн шавь нараас Монгол Улсын гавьяат цолтнууд төрөн гарчээ. Монголын Үндэсний урлагийн их театрын ёочин хөгжимчин, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар гавьяат жүжигчин болсон. Хэдийгээр ёочинч мэргэжлээрээ дагнаагүй ч гэсэн гавьяат жүжигчин болсон, “Дарханы” Б.Энхбат байна. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, гавьяат багш Ш.Доржпагма, хөгжим судлаач соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг нарын нэрийг энэ өндөр онцлон хэлэхэд таатай байна.

Багшид мөргөмү.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ