Итгэл алдаагүй эрэмгий охид хөвгүүд

0
346
“Итгэл” цөөхүүл Степян Карапетян багштайгаа

“Итгэл” цөөхүүл найрал хөгжмийн тоглолт арваад жил завсарласны эцэст дахин үзэгчдэд хүрсэн сэтгэл хөдлөм үйл явдал өнгөрсөн лхагва гаригт УДБЭТ-т болсон юм. Тэртээ 2000 онд, манай улсад ажиллаж байсан Степан Карапетян багшийн санаачилга, удирдлагаар үүсэн байгуулагдсан, ХБК-ийн сурагчдын цөөхүүл найрал хөгжим атгасан гар шиг эв нэгдэлтэй өсвөрийн хөгжимчдийн баг байсныг энэ удаагийн тоглолт харуулав. Тухайн үед сурагч байсан хүүхдүүд өдгөө симфони найрал хөгжмийн хөгжимчид, гоцлол хөгжимчид, багш нар болжээ. Хэд хэд нь Орос, Итали, Америкт суралцаж төгссөн, зарим нь өдгөө үргэлжлүүлэн сурч байгаа юм.

Каро Карапетян

Аль ч улс оронд сурч ажиллаж байсан, залуус “Итгэл”-ээрээ нэгдэж тоглох тухай, тус цөөхүүлийг үүсгэн байгуулсан багш Степан Карапетян багшаа баярлуулах тухай ярьцгаасаар, төлөвлөсөөр байж. Багшийн хүү тухайн үед Оросын 14 дүгээр сургуульд сурдаг, тус найрал хөгжмийг удирддаг байсан Каро Карапетян найзыгаа ч хоёр дахь эх орон болсон Монголд нь урьж хамтдаа тоглохыг хүсч байжээ. Хамтын хүсэл биелж “Итгэл” цөөхүүл тоглов. Багш нь, хүү нь, багшийн гэргий гурав Москвагаас нисч ирцгээв. Тоглолтын хөтөлбөрт Армяны Комитас, Монголын Ж.Чулуун болон дэлхийн бусад алдартай хөгжмийн зохиолчдын цөөхүүл найрал хөгжимд зориулан бичсэн тансаг хөгжмүүдийг багтаажээ. Цөөхүүл найрал хөгжмийн дуугаралт яруу эгшиглэнтэй байв. Залуу хөгжимчдийн гар нийлсэн тоглолтын зэрэгцээ хүндэтгэлийн, бахархлын гэсэн утга, үзэл илүүтэй мэдрэгдэж байсныг онцолмоор байна.

Тоглолтын гол зохион байгуулагч нь эдүгээ ХБК-ийн хийл хөгжмийн багш, ХБК, ОХУ-ын Нижний Новгород хотын Консерваторийн төгсөгч Ц.Төгөлдөр бөгөөд түүний ажилд найрал хөгжмийн хөгжимчид бүгд  тусалсаар багш, шавийн барилдлага ямар их сэтгэл, итгэл, хүчийн нэгдэл болохыг илтгэн тоглов.

“Итгэл” цөөхүүлийг байгуулахад хийл хөгжмийн багш Сарантуяа, хийлч, удирдаач Ч.Чинбат нарын оролцоо, хүчин чармайлт их байжээ. Мөн Ч.Чинбат багшийн хэлснээр тухайн үед хөгжмийн урлагийг дэмжигч “Алтан Дорнод-Монгол” компани найрал хөгжмийг тэтгэж дэмжиж байснаар уг цөөхүүл соёолж эхэлсэн цэцгийг ус, агаар, нарны илч гэрлээр тэтгэхэд ургаж дэлбээлээд ирэх мэт өндийгөөд босоод ирсэн байна. Цөөхүүл найрал хэдэн жилийн турш амжилттай тоглосон ч, сурагчид том болж нэлээд хэд нь гадаадад сургуульд явах болсонтойгоор үйл ажиллагааг зогсоосон түүхтэй. Тоглолт завсарлах нь цаг үеийн л асуудал байж.

Сая болсон тоглолтыг нь үзэж суухад “Итгэл” цөөхүүлийн хөгжимчдийг сургууль, багш нарынхаа, үүсгэн байгуулагч Степан Карапетян багшийнхаа итгэлийг алдаагүй эрэмгий охид, хөвгүүд, энх цагийн “хөгжимчин-дайчид” гэж хэлмээр санагдаж байсан юм. “Итгэл”-ийн дараачийн тоглолт хэзээ юм бол.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ