Б.Рагчаа: Нэвтрүүлэгчдийг төрийн дуу хоолой гэж хүндэлдэг байлаа

0
219

Хөтлөгч, нэвтрүүлэгч, МҮОНРТ-ийн “Гурван эрдэнэ” студийг үүсгэн байгуулагчдын нэг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Рагчаатай ярилцлаа. Сүүлийн жилүүдэд радиогоор “Бурхны” нэвтрүүлэг байнга хөтөлж, танил сайхан дуу хоолойгоор сонсогч олныхоо сэтгэлийн галыг бадраахын зэрэгцээ хурим, байгууллагын концерт удирдан чиглүүлж уран цэцэн үг, намба ялдам төрхөөр хурсан олныг баярлуулж байдаг түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.

-Та ажил ихтэй гүйж яваа харагддаг. Ярилцлагад бэлдэж намтартай тань танилцсан юм. Та 1947 онд төрсөн хүн юм билээ. Тийм гэхээргүй залуу, сайхан байна. Хүмүүс тэгж хэлдэг үү?

-Дурласан ажлаа хийж, сайхан хамт олон дунд насаараа байсных биз ээ, гайгүй л байна. Сэтгэлээр баян, элдэв шуналгүй, эрүүл байвал бие хөнгөн, хөдөлгөөн хурдан байдаг шиг байна. Тэтгэвэрт гараад улам  их ажилтай болсон. Ажлаас ажил, дуудлагаас дуудлагын хооронд ёстой л гүйх хэрэг гарах юм.

-“Москвагаас ярьж байна” гээд л, ЗХУ-ын нийслэлээс монгол хэлний нэвтрүүлэг хөтөлж дуусаад төгсгөлд нь “нэвтрүүлэгч Рагчаа” гэдэг байсныг санаж байна. Тэр хүн та юм билээ. Хэдэн онд тэнд байсан бэ?

-1972-1975 онд ажилласан. Миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг. Монгол Улс зурагт радиотой болж, хөтлөгч нараа хойш нь курсэд явуулах болоход би жирэмсэн байгаад хамрагдаж чадаагүй юм. Харин дараа нь 25 настайдаа томилолтоор явсан. Оросууд дунд амьдарч, тэднээс үлгэр авч, өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлсэн дээ. Дурсамжтай үйл явдал ч олон тохиосон. Нэг өдөр цахилгаан шатанд орох гээд зогсож байтал хажуугийн хаалга онгойход алдарт Людмила Зыкина гараад ирж билээ. Хараад бараг л нурж унасан. Шүтээн дуучин минь юм чинь. Дараахан нь нэг өдөр “Хаврын арван долоон учрал” киноны гол дүр Штирлицэд тоглодог жүжигчин явж байхад нь танилцсан. Тэврээд авмаар дотно санагдаж байсан даа. Бас нэг удаа оросуудын дунд домог болсон,  II дайны үед фашистууд Сталин тэр хоёрыг хамгийн түрүүн цааш харуулах юм шүү гэсэн зорилт тавьсан байдаг байсан …ирчихсэн байсан. Хүн байхын үлгэр болсон тэр хүмүүстэй таарч, уулзаж байлаа. Манай үеийнхэн бүгд адилхан энэ мэт юманд баярлаж, сэтгэл ханадаг байсан цаг. Түүнээс биш одоогийнх шиг авах идэхийн төлөө улайрах юм байгаагүй. Хүнд их юм хэрэггүй шүү дээ. Сэтгэл тайван, эрүүл байхад ажил үйлс аяндаа өөдрөг байдаг. Ажил, дурласан үйлс гэдэг л баялаг байдаг юм.

-Та одоо радиогоор бурхны сургааль уншдаг. Сонсдог хүмүүст таатай байдаг, уншдаг танд ямар санагддаг вэ?

-“Гурван эрдэнэ” студи зөвхөн бурхны биш, мэргэдийн сургаалиар нэвтрүүлэг хийдэг юм. Хүнийг хүн болгодог хүчин зүйлүүдийн нэг нь  сургааль. Ээж аавын сургааль гэдэг мөн уламжилж ирсэн бурхны л сургааль. Бурхан багш, Далай лам, алдартай соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаагийн гээд ухаант мэргэдийн сургаалийг уншиж, хөгжим чимэглэлтэйгээр хүмүүст  хүргэдэг. Олон сонсогчтой. 15 минут сургааль уншаад гараад ирэхэд их гоё болсон байдаг. Нэг их сайхан дуулмаар ч юм шиг. Ноён хутагт Данзанравжаа гэж ямар гайхамшигтай хүн байсан юм бэ. Сургаалиа шүлгийн хэмнэл, айзамд оруулж хэлдэг хүн байж. Ер нь нэг шад, өөрөөр хэлбэл дөрөв таван үг л хүнийг ухаарал, гэгээрлийн манлайд аваачих гайхамшигтай.

Рагчаа 1-Та айлын арван хүүхдийн нэг юм билээ. Олуул өсөхийн жаргал гэж байдаг гэдэг. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Ах дүү олуул байхын жаргалыг мэднэ, эгч нь. Тэгэх тусмаа би ээжийнхээ одонгийн хүүхэд болохоор илүү сайхан санагдаг. Аав ээжийнхээ тав дахь хүүхэд нь. Завхан аймгийн Сонгино сумын Мөнхийн суу гэдэг газар төрсөн. Их устай газрыг ус бол хүн, мал, амьтныг ундаалж, амьтай байлгадаг  амин эрдэнэ гэж хүндэтгэж тэгж нэрлэдэг юм байна. Шинийн 8-ны өглөө үүр цайж байхад төрсөн болохоор хот айлынхан намайг Базарваанийн амны хишигтэй хүүхэд гэдэг байсан гэдэг. Намайг нэг настайд манайх хот руу нүүж ирсэн юм. Тэмээн хөсгөөр хоёр сар гаруй явсан гэсэн. Хотод орж ирээд удаагүй байхад аав маань залуугаар өөд болоход нь олон хүүхэдтэй үлдсэн ээж минь буцаад жинчид дагаж нутагтаа очсон. Тэнд малаа ахынд орхисон байсан болохоор хүүхдүүдээ тэжээх гэж малаа бараадсан байгаа юм. Малчин ч гэлээ биднийг сургуульд сургаж, эрдэм номтой болгосон гайхамшигтай монгол ээж дээ. Намайг багад ээж малд нүдгүй, ажил мэдэхгүй гэх янзтай байсан юм. Сүүлд Москвад ажиллаж байхдаа ээжийгээ аваачиж амрааж зугаалуулахдаа “Та намайг ажил мэдэхгүй, олигтой хүүхэд болохгүй гээд л байдаг байсан. Би ажил хийж чадаж л байгаа биз дээ” гэж сайрхаж байж билээ. Тэгэхэд ээж минь “Яах нь вэ, намайг тавлаад” гэж байсан сан. Найм хүрсэн жил намайг хот бараадуулъя гээд ахыг дагуулаад явуулсан.  Бас их зориг шүү. Зүүнхараагийн бага сургуулийн нэгдүгээр ангид хожим нэртэй яруу найрагч болсон С.Дашдооров багшийн ангийн сурагч болох хувь заяа тохиосон юм. Тийм сайхан хүнээр А үсэг заалгасан шавьд муу явах эрх байхгүй.

-Та хэзээ, яаж радио, телевизийн хөтлөгч болсон бэ?

-Зүүнхараа, Налайх, Төв аймгийн Сэргэлэн сумын гээд олон сургууль дамжиж сурсан. Хүргэн ах маань намын томилолтоор олон газар ажилласан болохоор бид цуг л явдаг байлаа. Би шүлэг уншиж,  мандолин хөгжим тоглоно. Хамгийн сүүлд долдугаар ангидаа Төв аймгаас шилжиж ирээд нийслэлийн 24 дүгээр дунд сургуульд орсон юм. Тэр үед аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг үйлдвэрт ажиллуулах, эсвэл мал дээр гаргах нь их байлаа шүү дээ. Би тэгж явмааргүй санагдаад хүүхэд ажилд авдаг урлагийн байгууллага байна уу гэж хайлаа. Хүүхэлдэйн театрт ирж Чойжамц даргатай уулзаж шалгуултал “Чи авьяастай хүүхэд байна. Чамайг дагалдан жүжигчнээр авлаа. 300 төгрөгийн цалинтай” гэдэг байна шүү. 1966 оны 300 төгрөг ямар их мөнгө байв аа. Ингэж ажилтай болов. Тэр театрт өнөөгийн од, тод Бавуугийн Лхагвасүрэн байж байлаа. Надаас гурав, дөрвөн жилийн өмнө ажилд орсон болохоор тэрүүхэндээ пээдгэрдүү. Бэлэн цэцэн үгтэй, хүнийг дандаа егөөдөж байдаг, бөгтөрдүү бор залуу байсан. Одоо бид адилхан ахмадууд болжээ.

Анхны эстрад урлаг, дуу гэдэг юмыг бид гаргаж ирсэн ч юм уу гэж бодогддог юм. Л.Ванган найруулагчтай, Л.Цогзолмаа, Мааяа эгч гэсэн туслах найруулагчтай баг бужигнуулж байлаа. Би хүүхэд юм болохоор эрэвгэр дэрэвгэр нүдтэй том том эгч нараас их айдаг. Дандаа л сүрдэж, бултганаж явдаг байлаа. Манай театр Доржпүрэв, Чимэддорж бид гурвыг оролцуулсан “Дуурайл” гэдэг номер хийв ээ. Алдартай дуучид, жүжигчдийг дуурайдаг. Элэглэл л юм даа. Би дуучин Түмэндэмбэрэл эгчийг дуурайж дуулна. Тэр концерт их үнэд орсон. Түмэндэмбэрэл эгч “Жаахан юм байж хүн дуурайна гэнэ ээ” гэх байх гэж бодохоор айна. Аль болох зугтаж явдаг байсан чинь нэг өдөр халз тулчихлаа. Бултгас гээд зугтах гэтэл “Миний охин битгий ай, ямар хөөрхөн юм бэ, чи. Тэр дуу чинь чамд их зохиж байна лээ” гэлээ. Тэгэхэд нь “Баярлалаа” гэж хэлсэн үү, үгүй юү, айсан чигээрээ алга болж өгсөн. “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би, дуучин Түмэндэмбэрэлийг дуурайж чадав уу, би” гэж хэлээд хоёр тийшээ хар гэж найруулагч хэлдэг байлаа. Энэ мэтчилэн хүүхэд байхдаа алтан тайз гэдэг агуу талбарт үзэгчидтэй, уран бүтээлчидтэй харьцах, харилцах мэдрэмжтэй болсондоо маш их баярладаг. Тиймдээ ч тэр байх, одоо би тайзан дээр их чөлөөтэй, мэдрэмжтэй байдаг. Тэр үед Хүүхэлдэйн театр “Лусын дагина” гэдэг орос ардын үлгэрийн жүжгийг радиод бичүүлсэн юм. Лусын хааны хүү далайд живчихээр нь загас далайн захад гаргадаг юм л даа. Тэр эм загас хүн болгож газар дээр гаргахыг ааваасаа гуйсаар байгаад гараад ирсэн чинь хөлгүй учраас гишгэж чаддаггүй. Цээжээрээ нэг их гоё охин, хөл нь өвдөөд явж чадахгүй, дээр нь хэлгүй. Өнөө хан хүү тэр эм загас амийг нь аварсныг ч мэдэхгүй, гүнжтэй хурим хийдэг. Загас энэ бүхнийг харж гутарч байснаа чимээгүйхэн шиг дайлайдаа эргэн орж, буцаж загас болж хувираад лусын хаан аавдаа очдог. Тэр лусын охин-загасны дүрд тоглосны дараа уг  нэвтрүүлгийг бичсэн найруулагч Алтангэрэл намайг сураглаж ирсэн юм. Нэвтрүүлэгчийн шалгаруулалтад оруулна гэнэ ээ. Харангуутаа “Үгүй, чи юм уу. Ямар жаахан жүжигчин бэ” гэж байж билээ. Ингэж тухайн 1966 онд Монголын радио гэдэг айлын хаалга татаж, дагалдан нэвтрүүлэгч болж байлаа.

-Зурагтын нэвтрүүлэгч хэзээ болов?

-Үүнээс жилийн дараа Монгол Улс зурагт радиотой болох их ажил өрнөсөн. Цагаан даавуун дээр кино л үздэг байсан хүмүүс шилэн дэлгэц энэ тэр гэж ярихаар нь ойлгохгүй, их гайхдаг байсан үе. а. Зурагт радио нээгдлээ. Би курст явж чадаагүйдээ дотроо жаахан тиймхэн байдаг байсан юм. Тэгж байтал “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” буюу АСК гэдэг томоохон нэвтрүүлэг явуулах болоход жүжигчин хөтлөгч хэрэг болжээ. Тэгэхэд нь телевизийнхэн “Радиод Рагчаа гэдэг жүжигчин нэвтрүүлэгчээр ирсэн. Тэр чадах байх” гэж санал болгосон  юм билээ. Ингэж армийн алба хаагчдын дунд явуулсан анхны нэвтрүүлгийг Бадрах найруулагч хийхдээ хөтлүүлснээс хойш олон жил энэ нэвтрүүлгээ хөтөлсөн дөө. Зурагт радио гэж онож өгсөн нэр санагддаг юм. Хөдөөний малчин хүн “Зурагтыг нүдээ аниад сонсоход радио л юм даа” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Бас хүмүүс радиод ингэтлээ дассан, дурласан, итгэл үнэмшилтэй гэж бодохоор гоё байдаг юм.

Нэвтрүүлэгчдийг төрийг ард түмэнтэй холбогч гүүр гэдэг, их хүндэлдэг байлаа. Төрийн тогтоол, Их хурлуудын тайлан, илтгэлүүдийг нэврүүлэгч л уншина. Төв халхаар ярьдаг, ястнуудын хазгай хэллэггүй, дуу хоолойн өнгө, өгүүлэхүйн эрхтэн зөв, ярихад амаар шүлс дүүрдэггүй тийм хүн нэвтрүүлэгч байдаг. Залуудаа том нэврүүлэгчдийн хөтөлдөг ажлуудад хорхойсно оо. “Эрин цаг, үйл явдал”-ын толгойг ганц удаа ч болов хэлчих юмсан гэж гижиг их хүрдэг байж билээ.

-Олон нийтийн газар явахад хүмүүс танина биз?

-Танина. Дандаа зурагтаар гардаг цөөн хэдэн нэвтрүүлэгчээ сайн мэднэ. Хүүхдүүд хараад “Энэ эгч зурагт дотроосоо гарчихсан явж байна шүү дээ” гэдэг байлаа. Их хөөрхөн.

-Гоё бүсгүйчүүд анхаарлын төвд байнга байдаг хойно, адал явдал их тохиолдож байсан байх. Сонирхуулаач, та.

-Нэг инээдтэй явдал санаанд орж байна. Бид нэвтрүүлэг хөтлөхдөө ихэвчлэн монгол дээл өмсдөг байсан юм. Нэг удаа наадмын, “Баярын мишээл”, “Цэнхэр дэлгэц” зэрэг гоё нэвтрүүлэгт зориулсан  хувцас хийлгэх гялгар гөлтгөр материал хэрэгтэй боллоо. Тэр нь ганцхан Соёлын яаманд л байдаг. Авчрах хүн томилох болов . Манайхны дунд гоё бүсгүйчүүдийнхээ нэгийг явуулна гэсэн яриа гарлаа. “Хүргэн хүү” кинонд тоглодог Батсүрэн, Хишгээ гуай, Цэенханд эгч бид хэд л байлаа шүү дээ. Тэгтэл залуу нь гээд намайг явууллаа. Албан бичгээ бариад гарах болоход залуучууд “За, Аким сайд урлагийн гоё хүүхнүүдийг барьж авдаг хүн. Гэхдээ ажил бүтээх хэрэгтэй юм чинь явж л таарна” гэлээ. Яам руу явж байхдаа яагаад тэгдэг юм бол гэж бодсоор очлоо. Сайдын өрөөнд орлоо. Намайг таньж байна. Бичгээ ч өглөө. Тэр болтол юу ч болсонгүй. “Зүгээр л хүн байна шүү дээ” гэж бодож амжаагүй байтал бичиг буцааж өгөх болохдоо гэнэт сүп гэж босож ирснээ барих гэлээ шүү. Тэгэхээр нь ширээг нь бүтэн тойрч зугтаад, бариад авахад нь сүк гээд мултраад гарчихлаа.

-Шоглож, яахыг нь харах гэдэг байсан юм байх даа.

-Мэдэхгүй. Бодвол барьж авч, тэврээд л явуулдаг байсан байх л даа. Ажлын өрөөндөө лав л үнсэв гэж (хөхрөв).

-Хөгжилтэй түүх байна.

-Ажил дээрээ ирэхэд “Яасан сайдад тэврүүлэв үү” гэж байна. Тэгэхэд нь “Юу гэж тэврүүлж байдаг юм бэ, булт үсрээд гараад ирэхгүй юү” гэж хэлж билээ. Хамгийн инээдтэй нь өрөөнөөс нь зугтахдаа цохуулсан албан бичгээ муухай болгуулахгүй гэж их дээр өргөж гарсан. Хүн тийм байдалтай сандарч гарч байхад нарийн бичиг нь хэнэг ч үгүй, юу ч болоогүй юм шиг сууж байсныг их гайхаж билээ. Энэ мэтчилэн ажил, амьдралын сонин сайхан их бий.

-Одоо ч гэсэн адал явдал үргэлжилсээр байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Эмээ болсон. Хүү минь Америкт олон жил болж байгаа. Том охин БНСУ-д амьдардаг. Тэнд айл гэр болсон. Байнга ирж, очдог. Гэртээ бага охинтойгоо хоёулаа амьдарч байна.

-Би таныг хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа гуайн гэргий гэж дуулсан юм. Ташаа ярьж байна уу?

-Миний анхны хань л даа. Хоёр хүүхдийн минь аав. Анхны хүүхэд маань нас барсан юм. Дараагийнх нь Америкт байгаа хүү. Сүүлд би хоёр охины минь аав эмч хүнтэй гэрлэсэн. Өвгөн маань өөд болсон. Амьдрал жаргалтай, зовлонтой. Гэхдээ сайн сайхан тал нь илүү болохоор гоё  л доо. Хүн болж төрсөн хувь заяандаа эзэн болж, эцэг эх , ахас ихэсээ хүндэлж явахыг залуустаа үргэлж захидаг. Наад зах нь дүү нар минь эхийгээ доромжлохтой адил “п” гэдэг үгийг бүү хэлж байгаач, тэр үгийг хэлэхийн тоогоор хийморь чинь доройтдог, ажил чинь бүтэлгүйтдэг шүү гэж сургадаг. Бусдыг бурханчлан хүндэлдэг хүн хэзээ ч амнаасаа билэггүй үг унагадаггүй.

Р.Оюунжаргал

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ