Монголын гурав дахь Кармен

0
741

Ldag56СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуулаачийн тэнхмийн багш, Гавьяат багш Ц.Ерөөгийн уран бүтээлийн түүхэн замналаас сонирхуулъя.

Багшийн алдартай шавь нарын нэг дэлхийн дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италиас уржигдар буусан өдрөө багштайгаа ирж золгосон аж. “Амраа, Туяа хоёр ярьж сууж байгаад явсан. Хөдөө гэр рүүгээ явж ирэх гэнэ. 10-нд Москвад байх юм байна. Олон улсын том “Браво” шагнал авах юм байна лээ” хэмээн шинэ мэдээлэл дуулгасаар угтсан юм. Тэрбээр гэрэл зургаар түүх өгүүлдэг буланд материал бэлтгэж явааг дуулмагцаа “Багш нь бараг зураггүй болсон. Сонин хэвлэлийнхэн авч явсаар байгаад гологдол хэд нь үлдсэн дээ. Миний зургаар яадаг байна аа. Авчирч өгөхгүй юм” гэсээр зургийн цомгоо дэлгэлээ. Түүний ажлын өрөө цомхон бөгөөд дуурийн дуулаач бэлтгэдэг багшид хэрэгтэй бүхэн байх аж. Хуучны “Красный Октябрь” хэмээх орос төгөлдөр хуур нь аавынх нь. Түүний аав хөгжмийн зохиолч “Маршал” Н.Цэрэнпил алдартай маршуудаа чухамхүү энэ хөгжмөөр тоглож төрүүлж байжээ.

eo28Ц.Ерөө багшийн урлагт хөл тавьсан түүх бас л сонин. Түүнийг 1959 онд нийслэлийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн долдугаар анги төгсөөд байхад нь сургуулийнх нь охин Ж.Цэцгээ (дуурийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин), Эрдэнэчимэг (“Аман хуур” кинонд охин нь болж тоглодог) нартай хамт Ховдоос ирсэн Ж.Жамсранжав (найрал хөгжмийн удирдаач)-тай нийлүүлээд Москвагийн Хөгжмийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид илгээжээ. Очиход нь шалгалт аваад сонсгол, хэмнэлийн мэдрэмж зэрэг нь болж байна, харин гар хуруу нь чангарсан, таарахгүй нь гээд найрал дууны удирдаачийн ангид оруулжээ. 1963 онд дөрвүүлээ сургууль төгсөөд ирэхэд нь Ц.Ерөө, Ж.Цэцгээ нарыг Хөгжим бүжгийн дунд сургуульд орчуулагч туслах багшаар ажиллуулах болсон байна.

Тэр үед Ц.Ерөө тус сургуульд мөн туслах багшаар ажиллаж байсан, дуурийн дуучин мэргэжилтэй М.Найдалмаатай сонирхлоороо үдэшлэг, уулзалтын үеэр хоршиж дуулдаг байснаар дуулах ирээдүйтэй гэдэг нь харагдах болж л дээ.

1963 оны дунд үед найз М.Найдалмаа нь нэг өдөр Ц.Ерөөг дагуулан Дуурийн театрт авчирч шалгуулжээ. Анхны меццо сопрано Б.Дариймаа хөл хүнд. Театр “Лусын дагина” дуурь тавих болоход вангийн хатанд дуулах хүн байдаггүй. Тэр үед дуулж чадах эсэхээ шалгуулсан цовоо сэргэлэн, ЗХУ-д суралцаж төлөвшсөн Ц.Ерөөг үг дуугүй дүр бүтээлгэхээр авчээ. Ус урсаад ч байгаа юм шиг шийдэлтэй гоё тайзтай “Лусын дагина” дуурийг үзэгчид хошууран үзэж байжээ. Зурагт ч байхгүй тэр үед театрын шинэ бүтээл хамгийн эрэлттэй бүтээл байсан тул вангийн хатны дүрд тоглосон залуу бүсгүй Ц.Ерөө тэр дороо манджээ. Ингэж түүний дуурьт дүр бүтээх ажил эхэлжээ. Удалгүй түүнийг мэргэжилтэн Г.Хайдав өөрийн удирдаж байсан дуурийн дуулаач бэлтгэх курстээ авав. Ингэж тэрбээр Коридорын курсийн оюутан болж төгсөн, улмаар Болгарын Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэн Дуурийн театрын гоцлол дуучин болжээ.

unen26AAGI3312 6Уран бүтээлийн гараагаа “Лусын дагина”-аар эхэлсэн дуучин 1968 онд “Фауст” дуурийн Зибельд 16, 17-той эрэгтэй хүүхдийн дүр бүтээсэн нь сонирхолтой байжээ. 1970-аад оноос Сузукид байнга дуулав. Чио Чио Саны хүүхдэд одоогийн “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд тоглодог байв. Дуурийн театр тайзнаа анх удаа Ж.Вердийн “Травиата” дуурь тавихад Флорагийн дүр бүтээжээ. Мөн дараа нь Ж.Бизе дуурийн “Кармен”-ы дүрд дуулж эхлэв. Түүнээс өмнө гоцлол дуучин Д.Баадайжав, Ч.Мөнхшүр нар уг дүрийг бүтээсэн байсан тул Ц.Ерөө Монголын гурав дахь Кармен болжээ. Театр 1982 онд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг шинэчлэн найруулж орос хэл дээр тавихдаа Ольгагийн дүрийг Ц.Ерөөд даатгав. Багш өнөөдөр “Уг нь манай театр дэлхийн дууриудыг бараг бүгдийг тайзан дээрээ тавьсан. Бид тоглож ирсэн. Харин сүүлийн үед бүгдийг нь авдартаа хийгээд хав дарчихаад байна. Хэзээ гаргаж ирэх юм, бүү мэд” гэж байна.

2Ц.Ерөө дуурьт дүр бүтээж дуулахын зэрэгцээ киноны дуунуудаараа олны танил. Тэрбээр Монголын уран сайхны “Баянбулагийнхан”, “Өнөр бүл” , “Ингэх гээд байсан юм” киноны “Байгалийн үзэсгэлэн” дуу зэргийг тэрбээр дуулсан.

Нас өндөр болж байгаа ч өдөрт олон цагийн хичээл ажрахгүй зааж суугаа, уран бүтээлч олон залуусын хайртай багш, Монголын дуурийн урлагийн гал улаан сарнайтай зүйрлэм ганддаггүй_ гунддаггүй сайхан дуучдын нэг, Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, амжилт, аз жаргал хүсэн ерөөе.

 

Сүүлийн зурагт:

Зүүн гараас арын эгнээнд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагч Д.Лхасүрэн, гоцлол дуучин А.Хавлааш, Д.Банди, Д.Жамъянжав, Буриадаас ирсэн дуучин, голд гоцлол дуучин Д.Жаргалсайхан, тайзны ажилчин бүсгүй, театрын дарга Л.Намхайцэрэн, тайзны ажилчин эмэгтэй, дуучин “хар” хэмээх Баатар, найруулагч Л.Эрдэнэбулган, тайзны ажилчин залуу, туслах найруулагч Жаргал нар

Зүүн гараас өвөр эгнээнд дуучин Оюунцэцэг, удирдаач Ж.Жамсранжав, сопрано А.Бүтэд, Болгараас ирж “Тоска”-гийн Тоскад тоглосон дуучин, меццо сопрано Д.Баадайжав, доор суугаа нь тенор Баясгалан, “Евгений Онегин” дуурьт тоглодог байсан хүүхдүүд.

Р.Оюунжаргал, “Өнөөдөр” сонины 2018.3.02-ны дугаарт гарсан.

 

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ