Б.Батмэнд: Би дуулах гэж яараад, багш ухааруулах гэж зүтгээд байдаг байлаа

0
397

AAGI2819Монголчуудын биет бус соёлын өвийн нэг уртын дууны урлагийг орчин цагт хариуцлагатай уламжлуулан авч яваа уран бүтээлчдийн төлөөлөл Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Батмэндийг зочноор урьж ярилцсан юм. “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн говийн догшин ноён хутагт Равжаа, “Сүнжидмаа”-гийн Мянган, “Оройн дээд”-ийн Ханд ван, “Учиртай гурван толгой”-н Юндэн зэрэг дүрээр үзэгч олны хэдийний танил тэрбээр их дуучин Н.Норовбанзадын шавь билээ. 2010 оны Ванкуверийн өвлийн олимпын соёл урлагийн арга хэмжээний нээлтэд олон улсын “Тооно” төслийн бүрэлдэхүүнд багтан тоглосон амжилтаараа Засгийн газрын тухайн оны “Мөнгөн мод” шагнал хүртсэн. Канад улсын Ерөнхий сайдын шагнал ч авсан. 2016 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Ханд вангийн дүрээр “Гэгээн муза” шагналтан болсон гээд амжилтуудыг нь дурдаад байвал олон. Бид ийн хөөрөлдсөн юм.

-Хуучнаар яривал Чуулгын дуучдын дунд малчны хотноос “олзлогдон” ирж дуучин болсон хүн нэлээд хэд байдаг. Таныг тэдний нэг гэж сонссон. Дунд сургууль төгсөөд аавтайгаа хамт мал хариулж байсан юм билээ. Урлагт хөл тавьсан түүхээсээ сонирхуулна уу?

-Манайх Говь-Алтай аймгийн Тонхил сумын айл. Аав сум, нэгдлийн жолооч. Ээж нягтлан. Бид эцэг эхээс есүүлээ. Мал хувьчлах үеэр манайх ам бүлийн тоогоор нэлээд хэдэн малтай болоод, аав ганцаардаад байсан болохоор намайг дунд сургууль төгсөхөд дэргэдээ авсан байсан юм. Сумын төвд өссөн хүүхэд гэнэт мал дээр гарахад уйдах гэж жигтэйхэн. Тэгэхэд надад радио хань болж байлаа. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг алгасахгүй сонсоно. Хүлээн авагчийн зай амархан суудаг болохоор хониныхоо бууцанд булж байгаад эхлэх цагийг нь хүлээнэ дээ. Бууцанд булахад цэнэг ордог гэж хөгшчүүд ярьдаг нь үнэн юм билээ. Чухам ямар учир, холбогдол байдгийг сонирхоогүй. . “Домогт дууны сангаас” гэдэг нэвтрүүлэг бас сонсоно. “Жаахан шарга”, “Эр бор харцага”, “Цомбон туурайтай хүрэн” гэх зэрэг дууны домгийг ярьж дуулуулах нь гоё. Энэ бүхэн намайг сэрээсэн юм болов уу. Юм юманд дүйтэй, эвлэг хоолойтой аав маань бас нөлөөлсөн. Жолоо мушгиж явахдаа үргэлж ховр дуу аялж явдаг аав минь нутагтаа найрт их уригдана. Айлын хойморт суугаад ая барих нь хэн хүний сэтгэлийг татдаг байсан юм. Өөрөө уртын дуу сонирхоод ирэхээрээ аав яаж дуулж байна, нугалаа хэрхэн гаргаж байна гэх зэргийг нь бараг судалдаг болсон. Аав цаанаа нэг өөр дуулаад байдаг байсан.

-Урлагийн хүн болох анхны алхам тань юу байв?

-Радио сонсож, дагаж дуулж, ид сонирхож байх үед миний дээд талын ах Б.Батболд Соёл урлагийн дунд сургууль төгссөн байлаа. СУИС гэж байгуулагдаж байгаа юм байна, ах тэнд шалгалт өгөх гэж байна гэсэн сураг гарч байлаа. 1993 онд сумынхаа наадамд ирж барилдаад буцаж явахдаа морин дээр “Нарийн сайхан хээр”-ийг дутуу дулимаг ч гэсэн дуулав аа. Тэгэхэд ах жолоогоо татсанаа хэд хэдэн өнгөнөөс дуулуулж үзээд “Чи СУИС-д шалгуулбал тэнцэх юм байна” гэлээ. Орой аавд хэлэхэд зөвшөөрөв. Дараагийн хавар нь хотод ирж шалгуулаад СУИС-д орсон доо. Шалгалт авч байсан хүмүүсийн дунд хааяа зурагтаар царайг нь хардаг Пүрэвдорж, Загдсүрэн нарын мундгууд сууж байлаа. Тэдэн дунд Н.Норовбанзад багш маань байсан юм билээ. Танихгүй юм чинь. Хоёр дахь шатны, хүндрүүлсэн шалгалт өгөхөд төгөлдөр хуурт тоглоод хэдэн өнгө дуугарч байгааг асуулаа. Хэдэн өнгө дуугарч байгааг мэдэх нь бүү хэл, төгөлдөр хуур анх удаа харж байгаа хүн юу мэдэх вэ. Тэндээс нэг эмэгтэй багш толгойныхоо араас хоёр хуруугаа  гозойлгоод байхаар нь “Хоёр” гэсэн чинь “Зөв” гэж байна. Гэх мэтээр ахисаар СУИС-д тэнцэж Н.Норовбанзад багшийнхаа шавь болсон юм.

-Хэн хоёр хуруу гозойлгоод байв?

-Норовоо багш. Эхний шатны шалгалтын дараа ахад намайг тэнцэх байх, аятайхан хүүхэд байна гэж хэлсэн юм билээ л дээ. Тэгээд тэнцчихээсэй гэсэндээ тусалж байсан нь тэр (инээв).

-Та Н.Норовбанзад багшийн отгон шавь гэсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ биднийг төгсгөснөөс нь хойш хувиараа сургалт авсан залуучууд байдаг юм билээ.

-Багшийнхаа сургаалаас юуг нь амьдралдаа мөрдлөг болгож явдаг вэ?

-“Хоолойгоор биш ухаанаар дуулдаг юм” гэж сургадаг байлаа. Би ганц хоёрыг цээжилчихээд дуулж шалгуулах гээд байдаг. Гэтэл багш өөдөөс алдарт уртын дууч Дорждагва ингэж хэлдэг, захидаг байсан гэхчлэн яриад байна. Толгойд юм хийх гээд байдаг байж л дээ. Тэгтэл би “Хэзээ дуулуулах юм бол” гэж яарч, байж яддаг байж билээ. Багш “Уртын дуу  бол тусдаа урлаг. Биеэ мэдэрч, захирч байж дуулж сурна. Түүнээс биш зүгээр чадал мэдэн орилоод байх юм бол утга ч байхгүй, урлаг ч болохгүй” гэдэг байлаа.

Анх хичээл орохдоо “Урлагийн хүн бусдын хайр хүндлэл дээр амьдардаг юм. Чамайг завин дээр суулгаад тэр хүндлэл хайрын дундуур түлхчихнэ. Тэр хүндлэл хайрыг идээний дээд айхавтар гашуун ундаа дагаж байдаг юм. Тэрийг сэлээд гарна уу, дунд нь живнэ үү гэдгийг чиний ухаан мэднэ. Үүн дээр болгоомжтой байх хэрэгтэй. Уртын дуучин, уралдаанд сойсон морь хоёр адилхан. Маргааш амрах юм чинь, нөгөөдөр чөлөөтэй юм чинь гэж тайвширч назгайрч болохгүй. Хэзээд дуулахад бэлэн байх ёстой. Уртын дуунаас битгий урваарай, цааш нь уламжлуулж хөгжүүлж яваарай” гэдэг байсан. Багшийн захиас ёсоор энэ жилээс Консерваторийн дөрвөн оюутанд хичээл зааж эхэлсэн.

Өнөөдрийн энэ амьдралтай минь золгуулсан хүн бол багш. Би барилдах дуртай байсан болохоор оюутан болмогцоо бөхийн секцэнд орсон байсан юм. “Барилгачин”-д барилдаж байгаад, хичээлдээ ирнэ. Дуулах гэхээр болохгүй. Багш гайхна. Гэтэл нэг өдөр мэдчихээд “За, хүү минь бөх бол бөх, дуу бол дуу, аль нэгийг нь сонго. Дууг сонгоно гэвэл дараагийн хичээлд ирээрэй” гэлээ. Би бодож байгаад дуугаар тууштай явахаар шийдээд хичээлдээ ирж, бөхийн секцийг орхисон юм.

-Бөх болсон бол засуулч-дуучин ахтай, нэлээд өндөр цолтой бөх байх байж дээ.

-Харин л дээ.

-Н.Норовбанзад багш их сайн хүн байсан гэж ярьдаг.

-Тийм ээ. Би гэрээр нь байнга орж, гардаг байлаа. Хөдөөнөөс ирсэн оюутнуудад их сайн. Надад заримдаа “Хоол аваад идчих” гээд мөнгө гаргаж сарвайна. Чуулгын хоолны талон бол бараг байнга өгнө. Өөрөө янз бүрийн хоол иддэггүй хүн байсан. Их дэглэмтэй, цэмцгэр. Хоёулаа ихэнхдээ мэргэжлийн хичээлээ Чуулгад хийдэг байсан юм. Концертмейстер багш Цогбадрах тэнд ажилладаг болохоор амар гээд хоёр талаас ирдэг байсан. Гавьяатуудын эсвэл гоцлол дуучдын өрөөнд орох болохоороо зөвшөөрөл авч, бусдад саад болохгүйг хичээж байгаа зэрэг нь хүндэлмээр. Тэгэхэд нь уран бүтээлчид өөрийг нь хүндлээд хурдхан өрөөгөө суллаж гарна. Тийм олонтойгоо, нэр хүндтэй хүн байсан даа.

-Чуулгад ажилд ороход тань хамит олон яаж хүлээж авсан бэ. Байгууллагад шинэ хүн ирэхэд угтдаг бичигдээгүй “журам” зарим газар байх нь бий. Журамлуулсан уу?

-Үгүй ээ. Юу ч болоогүй. 1998 онд төгсөх курст байхад УАДБЧ Д.Ширмэнтуяа бид хоёрыг уртын дуучнаар авсан байсан юм. Тэр үед уртын дуучин ховор байлаа. Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал ах, Б.Сарантуяа, А.Нэргүй эгч нарын нас 40 нэлээд гарчихсан байсан. Дараагийн үеийн дуучдыг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байсан байх. Бидний өмнө 1996 онд төгссөн оюутнуудаас С.Цогтсайхан, манай ах Б.Батболд хоёрыг ажилд авсан байлаа.

Сургууль төгсөөд ажилд орсон анхны орой Их тэнгэрийн ам руу Люксембургийн Ерөнхий сайдын хүлээн авалтын тоглолтод явуулсан. Дуулах ёстой байсан хүн нь ирээгүй юу, яагаад намайг явуулсныг одоо хүртэл гайхаад байдаг юм. Тэр онд С.Сүхбаатар багш “Монгол түмний дуу-2” гэдэг концерт найруулж тавихдаа надад догшин ноён хутагт Равжаагийн дүрийг өгсөн. Ингэж тоглолтын говийн хэсэгт “Үлэмжийн чанар” дууг таван бадгаар дуулж анхны том даалгавар гүйцэтгэсэн. Багш маань ирж үзсэн. Цэцэг барьчихсан инээгээд зогсож байсан нь нүдэнд харагдаад л байдаг юм.

-Монгол ахуйд ойр байсан давуу талууд уртын дуучин болоход тань нэмэр болсон уу?

-Нэмэр болсон. Биеэ чангалж, амьсгаагаа удирдаж дуулах үед морин дэл дээр яваа үе санаанд ордог юм. Морины нуруунд яваа хүн хэзээ ч биеэ шалхайтал сул хаядаггүй. Уртын дуу бол зөвхөн хөдөө тал, мал ахуй, аав ээжийн тухай дуу биш юм. 20-иод жил дуулахдаа, бодох тусам, утга учрыг нь ухаж төнхөх хэрээр, багш нар, эрдэмтэн мэргэдийн ном, сургаалыг унших бүрийд уртын дуу нь цаанаа амьтай, сүнслэг юм байна гэдгийг ойлгож байгаа. Хүмүүс бурхан номын газар хоорондоо ярилцаад байдаггүй. Түүнтэй адил аливаа найр, наадам, концертын манлайд уртын дуу дуулахад хүмүүс чимээ гаргаад байдаггүй. Бүгд дор бүрнээ сүслэх мэт нандигнаж, уярч хүлээж авч байхыг нь мэдэрдэг. Тэгэхээр шид байна гэж боддог.

-Шидтэйн зэрэгцээ дуулахад бяр амтагдах мэт эрч хүч өгдөг ямар дуунууд байна?

-Лхамжавын “Жаахан шарга”, Норовбанзадын “Уяхан замбуутивын наран”, Дорждагвын “Дуртмал сайхан” гэх зэргээр дуунууд өөр өөрийн дуучинтай мэт болсон байдаг. Баритон хоолойд таарах өнгөтэй нь “Дуртмал сайхан”, “Асрын өндөр” , “Төрийн түмэн эх”, “Эртний сайхан”, “Хуур магнай” зэрэг төрт ёсны найр наадам эхлүүлдэг дуунууд байдаг.

-Танай ах Б.Батболд та хоёрыг уртын дууны нэгэн үеийг авч явсан уран бүтээлчид гэвэл дөвийлгөсөн болох болов уу?

-Уртын дуучин элбэг байдаггүй. Эмэгтэй дуучдаас Норовбанзад, Сүглэгмаа, Шархүүхэн, дараа нь Нэргүй, Чимэдцэеэ, Сарантуяа, сүүлд Цогтсайхан, Ширмэнтуяа, Түмэнжаргал гээд л бараг болчихно. Гайгүй гарч ирсэн бүсгүйчүүд байдаг ч замаасаа хазайсан байдаг. Тэгэхээр энэ дуучдыг хэн залгуулах вэ. Эрэгтэй дуучдаас Баттөмөр, Түвшинжаргал, Базарбат нарын араас Батболд ах бид хоёр дуучин болж очсон. Бидний дараагийн үеийн дуучид бол Энхбаатар, Мөнхбаатар нар юм. Энэ сайхан дуучдыг хэн залгуулах бол.

-Ах дүү хоёр уртын дуучин өрсөлдөгчид үү?

-Би 2002 оноос багшгүй болчихсон болохоор ахаараа зөв буруугаа шүүлгүүлгэж ирсэн. Гэхдээ багш шавь бол биш, тэгэхээр өрсөлдөгчид юм болов уу. Уралдаанд нэг, хоёрдугаар байрын төлөө үзнэ.  2011 онд инээдтэй юм болсон. Хөх хотод бүжгийн олон улсын наадам болоход ах Монгол Улсынхаа, би Канад улсын туг барьж жагсаалд явж билээ. Намайг олон улсад үйл ажиллагаа явуулдаг, Канадад төвтэй “Red sky” байгууллагын “Тооно” төсөлд уран бүтээл хийж байх үед энэ наадам таарсан юм. Манай төслийн удирдагч надаар туг өргүүлье гээд. Нэг улсын иргэн ах дүү хоёр өөр өөр орны туг өргөж явах сонин юм билээ.

-Уран бүтээлчдийн амьдралд мэргэжилтэй нь холбоотой хөгжилтэй, нэг бол хэцүү тохиолдол бишгүй гардаг. Та энэ тухайд ямар дурсамж хэлэх вэ?

-Ямар ч нөхцөл байдалд дуулах болдог. 2000 онд айхавтар зудтай Завхан аймагт Онцгой байдлынхантай явсан юм. Малчдын мал олноор үхээд үнэхээр нүд хальтрам болсон байсан. Биднийг нэг хотонд “УАЗ-469”-тэй очиход малчид уулын энгэрт цас малтаж үлдсэн гурав, дөрвөн үхрээ идүүлээд зогсож байсан юм. Албаны хүмүүс тэдэнтэй уулзаж ярилцан, тусламжийн бараа өгөөд, сэтгэлийг нь сэргээх гэж дуутай, хууртай яваагаа хэлсэн л дээ. Би өвдгөөр татсан цасан дунд зогсож байгаад дуулсан. Морин хуурч маань машин дотроосоо тоглож байлаа.

Гадаа задгай талбайд салхины өөдөөс харж дуулах амаргүй. Тоглолт зохион байгуулагчид дарга нарын суудлыг л янзлаад байна уу гэхээс хөгжимчид, дуучдад нөхцөл нь таарч байна уу, үгүй юу гэдэгт төдийлөн анхаардаггүй (инээв). Гэхдээ зүгээр ээ, амьдрал баян, сонирхолтой.

-Амьдрал баян гэснийх та албан томилолтоор гадаадын олон оронд явж дуулдаг. Ерөнхийлөгчийн айлчлал, Монголын соёлын өдрүүд, ЭКСПО гээд арга хэмжээ тасардаггүй. Очсон улс орон, хоттой хэр сайн танилцдаг вэ?

-Бид тайзан дээр сайн дуулахаа, тоглохоо л боддог. Очлоо, байрлалаа, бэлтгэл сургуулилт хийлээ, тоглолоо, за бараг л тэгээд онгоцондоо сууна шүү дээ. Үндсэндээ тамирчидтай адилхан. Ийш  тийшээ яваад зугаалаад байх цаг бараг гардаггүй. Харин олон улсын байгууллагын шугамаар юм уу, хувийн зарим нэг тоглолтын үеэр явахдаа ханатлаа газар үздэг. Тэр жил Канадын “Рэд скай” байгууллагын хэрэгжүүлсэн олон улсын уран бүтээлчдийн хамруулсан “Тооно” төсөлд уртын дуучин Түвшинжаргал ах, “Домог” хамтлагийн ахлагч Бат-Орших нартай хамт хамрагдахдаа Канад, Хойд Америкт ёстой нэг тухалсан. Тэр үед Ванкуверын өвлийн олимпын урлаг соёлын арга хэмжээний нээлтэл тоглосон.

Манай театрынхан зун ажилладаг болохоор бусад хүнтэй адил хөдөө бол хөдөө, гадаадад бол гадаадад амраад, эхнэр хүүхэдтэйгээ хамт амарч чаддаггүй. Сүүлийн үед харин энэ тухай яриад л байгаа.

-Таны гэргий ямар мэргэжлийн хүн бэ?

-Багш. Нийслэлийн 84 дүгээр дунд сургуульд ажилладаг. Намайг ажилтай, бүтээлтэй байлгах бүхий л нөхцөлөөр хангаж, гурван хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж байгаа хүн бол миний гэргий. Одоо бодоход ханьдаа өөрт нь яг ингэж хэлж байсан ч билүү, үгүй ч билүү гэж бодогдож байх чинь.

-Ярилцлагын эхэнд аавыгаа цаанаа л нэг өөр дуулдаг гэж хэлж байсан. Ухааныг нь олсон уу?

-Аав маань бүхий д сэтгэлээсээ дуулдаг байж дээ гэж бодож байна. Багш бас хоолойгооргэхээс илүү ухаанаар дуулдаг юм гэж хэлж сургадаг байсных нь учрыг олж л байна. Өөрөө багш болж, хүүхдүүдэд хичээл зааж эхлэхэд энэ бүхэн орой руу орж ирдэг юм байна. Нэмж хэлэхэд манай ээжийн талынхан бас сайхан дуулдаг хүмүүс байдаг. “Алтай” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ц.Оюунцэцэг эгч манай ээжийн нагацын охин юм. Удамд аль аль талаас авьяас байгаа юм болов уу гэж боддог.

Танай сониноор дамжуулаад ээждээ, ханьдаа, охиндоо, нийт бүсгүйчүүдэд эмэгтэйчүүдйн баярын баярын мэнд хүргэе.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ