“Асар” чуулгын үүсгэн байгуулагч А. Бат-Эрдэнэ: Монголчууд давхиад л байвал баярлаад байдаг

0
954

Монгол улс Морин хуурын чуулга  гэж дэлхийд данстай  эх орны нэрийг мандуулдаг сайхан чуулгатай билээ. Урдаа барьдаг,    дэлхийд өөр үндэстнээс ялгаруулдаг цөөхөн гайхамшигуудын маань нэг бол яах аргагүй морин хуур билээ. Тэгвэл гадаад хүмүүс морин хуурыг эгшиглүүлж дэлхийн тайзнаа Монгол хөгжмийг мандуулж байна гэвэл ямар вэ? Бүр олон улсын чуулга байгуулагдаад жил бүрийн хавар наран ургах Япон улсад   цуглан тоглож байна гэвэл  ямар вэ? Энэ сайхан ажлыг санаачлан хэрэгжүүлж  байгаа эрхэмтэй цахимаар холбогдон ярилцлаа.   “Асар” чуулгын үүсгэн байгуулагч А. Бат-Эрдэнэ  нь Япон дахь ” Их Татлага” хамтлагийн хөгжимчин  “Дэлхийн морин хуурын холбооны” ерөнхийлөгч гэх албуудыг хашдаг бөгөөд  хэдхэн хоногийн дараа буюу 5 сарын 19нд Токиогийн алдарт Сантори холлд  болох тоглолтын бэлтгэл гээд тун завгүй давхиж явахад нь барьж авч холбогдсоноо хүргэе.

31960109_10215774491252861_2240944756291010560_n

 

Ямар ямар улсаас танай уран бүтээлчдийн баг бүрддэг вэ? Чуулга байгуулагдаад хэдий хугацаа болов?

-Монгол, Орос, Хятад, Япон, Герман зэрэг орнуудаас 20 орчим  мэргэжлийн хөгжимчид цуглан тоглож байна. Байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд жил ирэх тусам хүрээгээ тэлж байна.

Бүгд мэргэжлийн хөгжимчид гэдэг их сонирхол татаж байна. Танай Герман хуурчийг хийлч мэргэжилтэй, хөгжмийн сургуулийн багш гэж сонссон юм байна. Энэ чуулгыг байгуулах санаа яагаад төрөв? 

Морин хуур гэдэг хөгжим гадна дотнод ингэж дэлгэрч байна, гадны хүмүүс ийм хэмжээнд тоглож байна гэдгийг харуулах зорилготой анх байгуулсан. Өв уламжлалаа хадгалахаас  гадна ирээдүйд морин хуур  гэдэг хөгжим улам дэлгэрэхэд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл зорилгын маань нэг юм. Гадны хүн зөвхөн морин хуур тоглоод зогсохгүй Монголын төлөө сэтгэл зүрх нь чиглэж байгааг харахад сайхан байдаг.

Иймэрхүү цар хүрээ ихтэй ажил хийхэд мөнгө санхүү их чухал байдаг байх. Аль нэг газраас дэмжлэг ирэх үү?

Бор зүрхээрээ л зүтгүүлсээр явна. Ойлгож, дэмжих цаг удахгүй  ирэх байхаа. Ер нь одоо ингээд өөрөө болгоод сурчихлаа даа.

Зохион байгуулалт, хөрөнгө санхүү, онгоцны зардлууд дээр нь  уран сайхны ажил гээд их зүйл ганц хүний нуруун дээр буудаг юм байна.   Ингэж дурлаж уйгагүй хийдэг зүйл гэхээр морин хуурандаа үнэхээрийн хайртай юмаа? Яаж яваад хуурч болов?

Сургуульд байхад хөгжимнөөс өөр хичээлд явцгүй,  муу сурдаг хүүхэд байсан. Хөгжим бүжигт тэнцээгүй бол юу хийж явах байсан юм бол, мэдэхгүй. Ганц чаддаг, дуртай, өнөөг хүртэл амьдарлаа зориулж яваа зүйл маань энэ юм даа.

Гадныхан яагаад морин хууранд ийм дуртай болоод тоглоод байна?

За ийм учиртай юмаа. Өрнийн хөгжим голдуу дээрээс доошоо буусан сонсогдолттой. Харин морин хуур улнаас дээш дуугарсан сонсогдолттой юм. Тийм болохоор өөр хөгжимтэй харьцуулашгүй онцлог сонсогддог. Үүнд нь болоод дурлаад, дагаж давхилдаад, уйлаад уяраад байдаг юм шүү дээ, морин хуур хөгжимд.

Гадны сонсогчид, Монгол сонсогчдын ялгаа гэж байна биз?  

Байнаа. Жишээ нь Япончууд тайван хөгжимд дуртай бол Монголчууд өндөр темптэй хөгжимд дуртай. Давхиад л байвал баярлаад байдаг.

Тэгвэл Монгол хүнд морин хуур заах, Япон хүнд заахын ялгаа юу байхав? 

Монгол хүн авьяастай, Япон хүн махруу юм даа.

Сүүлийн үед өөрөө хамтлаг, чуулгадаа нилээн хэдэн хөгжмийн зохиол бичсэн.  Сонсогдын таашаалыг хүртээд байгаа санагдсан. 

Хөгжмийн зохиолч гэж хэн хүний хийгээд байдаг ажил биш. Зүгээр сонирхлоороо ганц хоёр юм хиймэр болж байна. Сумын клубт ганц нэг бичсэн шүлгээ хотоос хүн ирэхээр уншиж өгөх гээд байдаг,  болвол гэртээ дайлж байгаад шүлгээ уншдаг хүн байдаг даа. Би л тэр болоод байна. Хөгжмийн зохиолчдыг гуйхаар завгүй улс байх юм.

Хэээ, ямар сайхан хөгжим бэ гэж дуу алдмаар сайхан бүтээлүүд таардаг л байлгүй. Бас ямар сайхан хуурдаж байнаа гэж бахддаг хуурчид байдаг байх. Тэднээсээ нэрлээч.

Хангал, Билигжаргал, Жанцанноровын бүтээлүүдэд  дуртай. Хуурчид гэвэл миний аав шиг ” Жонон харын явдлыг” сайхан тоглодог хуурчид, багш нар, шинэ залуучуудаас Жигжиддорж, Шинэцог за бас  миний найз Бүргэдбаатар гээд тоочоод байвал олон хүмүүс байна даа.

Энэ удаа танай чуулга ямар уран бүтээлүүд тоглох вэ? 

Сүүлийн 5 жилд урын сандаа оруулсан шилдэг бүтээлүүд тоглогдоно. Мэдээж Шарав, Жанцанноров гээд л хөвөрнө. Токиод нэг удаа, бусад хотуудаар 2 тоглох юм.

Үзэгчдийн сонорыг мялаасан сайхан тоглолт болохнээ.  Асар чуулгын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Баярлалаа.

Ярилцсан Ч. Дэлгэрцэцэг

31958938_1745930342140885_7839259323241857024_n31960705_1745930362140883_8213440610690924544_n

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ