Гунгаасүхийн гоё хүүхэн

0
172

“Багш аа, энэ номд таны нэрийн ард нэг “а” үсэг илүү биччихжээ” гэхэд “Яах вэ, ингээд байж байг. “Дашиймаа” гэж уртаар дуудсанаас дээр” гээд инээх СУИС-ийн дуулах ур зүйн багш, дэд профессор, Гавьяат багш Д.Дашиматай уншигчдаа танилцуулъя.

Буриадын Хэжэнг нутагт төрж өсөөд, хөгжим хэмээх увдист хөтлөгдөн сурч боловсорсоор Монголын дуурийн урлагт олон сайхан дуучин “бэлтгэж нийлүүлсэн” тэрбээр ЗХУ-ын Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг дуурийн дуулаач, багш мэргэжлээр төгссөн. Хайртай нөхөртэйгөө гэрлэж, хүүгээ төрүүлэхээр Монголд ирснээс хойш өнөөдрийг хүртэл 45 дахь жилдээ багшилж буй тэрбээр олон жилийн туршлага, заах аргадаа тулгуурлан “Дуулах ур зүй I, II” хэмээх хос дэвтэр ном бэлтгэснийг СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулиас хэвлүүлжээ. Дуурийн дуулаач мэргэжлээр суралцагсад болон залуу багш нарын гарын авлага болох уг бүтээлдээ багш оюутнуудад юу хэлмээр байна, тэр бүхнийг багтаасан нь хайр хүрмээр. Номын нээлтээр үе үеийн шавь нарынх нь төлөөлөл хол, ойроос хүрэлцэн ирж дуулан, сэтгэлийн үгээ хэлж багшийгаа баярлуулах үеэр түүний тухай илүү ихийг мэдмээр санагдсан юм.

Юуны өмнө номынх нь сонирхол татсан хэсгүүдийн тухай өгүүлье. Дуурийн ари болон романсыг зөв сайхан дуулахад хөгжим талд сайтар хичээхийн зэрэгцээ шүлэг, яруу найргийн үгийг итали бол итали, франц, орос, монгол аль ч хэлээр зөв дуудаж дуулахын чухлыг онцолж, хүснэгтлэн заажээ. Оюутнууд любовь гэхийг любов гэх нь энүүхэнд. П болон Ф гийгүүлэгчийг дуудахдаа солино, нэг бол хоёуланг нь адилхан хэлэх нь “чих ураад”, “ари алаад” байдаг болохоор нэг бүрчлэн тайлбарлаж өгчээ. Итали хэлний өргөн хэрэглээний үгнүүдийн  талаар ч тун дэлгэрэнгүй, залхуугүй тайлбарласан байна. Ингээд “зажлаад” өгч байхад хүртэл оюутнууд буруу, хазгай хэлээд байдгийн шалтгааныг хүүхдүүдийн гэрийн хүмүүжил, өссөн орчин, дунд сургуулийн багш нарын мэдлэг, боловсролын түвшин доогуур байгаагийнх юм болов уу гэж байлаа. Гэсэн ч насанд хүрсэн залуус хичээж зүтгэвэл төд удалгүй хэл, яриагаа зүгшрүүлж болмоор. Тийм атал зарим нь олон дахин хэлүүлээд ч сурахгүй байгаагийг учрыг багш төдийлөн олохгүй байгаа хэвээр. Юутай ч мэддэгээ хойч үедээ өвлүүлж үлдээхэд ном тустай гэж үзжээ.

Д.Дашима багш бол ДБЭТ-ын ерөнхий зураачаар олон жил ажилласан Ардын зураач Ч.Гунгаасүх агсны гэргий юм. Хүү нь зураач, өдгөө ДБЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар. Охин Г.Оюун нь мөн тус театрын хувцасны зураачаар ажилладаг. Хоёр хүүхэд нь гурав, гурван хүүхэдтэй. “Манай хүүхдүүд аавыгаа дагаж ажилд нь цуг явсаар байгаад зураач болсон байх. Би насаараа багшилсан. Хүүхдээ хаанаа хийгээд хичээл зааж байх билээ. Өвгөн хөтөлж гараад, орой цуг орж ирдэг байлаа. Театр том сав, хүүхэд аль нэг буланд нь суувал суугаад, хичээлээ давтвал давтаад, унтвал унтаад байж байдаг байсан байх. Нэг мэдэхнээ хоёулаа зураач болсон. Охин маань нэлээд том болсон хойноо дуучин болно гэж үзэв ээ. Тэгэхэд нь аав нь дургүйцсэн. “Сайн дуулж сурахгүй л юм бол дуучин байхын хэрэггүй” гэж хориглосон. Охин аавынхаа үгэнд ордог болохоор өөрийнхөөрөө зүтгээгүй ээ” хэмээн ярьж байлаа.

Урлагийн гэр бүлд төрж өссөн хүү Г.Ганбаатар нь мөн урлагийн мэргэжилтэй бүсгүйтэй гэрлэсэн нь зураач Б.Хонгорзул. Эдний дунд хүү саксофонч болж байгаа. Охин Г.Оюун нь монгол киноны нэртэй зураглаач, Төрийн шагналт Л.Шаравдоржийн хүү Ш.Даваадоржтой гэрлэсэн. Эднийх мөн гурван хүүхэдтэй. Д.Дашима багш “Манай ач, зээ нар дажгүй ээ, сайхан л өсөж өндийж байна. Хүргэний хүүхдүүд сүрхий авьяастай юм шиг байгаа юм. Хүргэнээ эрт бурханд явчихад нь маш их харамссан. Хайран сайхан хүү минь байж байсан ч болоосой гэж их боддог” гээд хоолой зангируулж байлаа.

Их урлагийн талбарт өөр өөрийн орон зай, байр суурьтай энэ гэр бүлийн тэргүүн хатагтай Д.Дашима өөрийгөө их азтай хүн гэхийн сацуу хааяа муухай аашилдаг гэж байна билээ. Тэрбээр дотнын анд хөгжмийн онолч, зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жанчивыг нэг удаа “Заваан” гэж хэлж гэнэ. Тэртээ 1970-аад онд Д.Дашима багш Ленинградад дээд сургууль төгсөөд ирэхэд нь тухайн үеийн Соёлын яаманд боловсон хүчний бодлого хариуцсан түшмэд болоод байсан Д.Жанчив найз нь “Хөгжим бүжгийн дунд сургуульд дуулаачийн тогтвор суурьшилтай ажиллах багш хэрэгтэй байна. Чи чадна, оч. Юутай ч хоёр жил ажиллачих, дуулмаар байвал дараа театрт ирж болно шүү дээ” гэхээр нь юу ч бодолгүй “За” гэжээ. Дуулаачийн анги шинээр нээсэн байсныг хэлэх үү, оюутан олон, багш цөөн, хэн хүнгүй  учраа олохгүй бужигнасан орчинд явж орсон залуу мэргэжилтэн ажлаа хаанаас яаж эхлэхээс мэдэхгүй сандарч байснаас хойш олон жил хичээл заасаар, нэгийг нь ч болов дуучин болгочихсон гэж мэрийсээр нэг мэдэхнээ олон жилийг үдсэн байжээ. Гэр бүлээрээ үерхэж нөхөрлөдөг урлагийн зүтгэлтнүүд нэг дор цуглаад байх үед оюутан цагийн найздаа “Чи ёстой заваан амьтан. Намайг багш болгоод  мартчихсан. Би театрт дуулмаар л байсан. Нэгэнт эхлүүлсэн ажлыг дундуур нь орхиод явалтай биш, тэр олон хүүхдийг хэнд үлдээх вэ дээ. Одоо дуулах минь өнгөрсөн” гэж хэлж гомдоллож байжээ.

Яагаад өөрийгөө муухай ааштай гэсэн бэ гэхээр, нөхрийнхөө найз зураачдад хааяа эхнэрүүдийнх нь өмнөөс үг хэлчихдэг байсан гэнэ. Социализмын үеийн, өнөө сураад олдохгүй эрдэнэ мэт зураг бүтээл туурвисан уран бүтээлчид Ч.Гунгаасүх гуайнд орж ирэлгүй яах вэ. Яриандаа халаад ирэхээрээ өөрсдийгөө дөвийлгөх тийшээ болоод ирэнгүүт ярианд нь оролцож “Та нар өөрдсийгөө магтаж суухдаа яадаг юм. Хийсэн бүтээснийг чинь олон түмэн, төр улс үнэлэх ёстой биш үү” гэхэд нөхөд нь “Ааш муут” гэдэг байж.

Д.Дашима төрөлх Буриаддаа аж төрөөгүй дээ, тоонот нутгаасаа хол амьдарсандаа хэзээ ч харамсаж байгаагүй аж. Аав, ээжийгээ байнга эргэж, өндөр настай болсон хойно нь асарч өргөж чадсандаа баярладаг. “Яадаг юм, сургууль намайг ажлаас халбал халаг, аав ээждээ очно” гээд олон хоногоор явж байгаад ирэхэд нь бүгд санаа зовж, яаж байна гэсээр угтах тоолонд нь баярладаг байснаа хэлж байна.

Оюутан ахуй насандаа Монголын нэгэн сайхан Юндэн гээд хэлчихэд буруудахгүй, Ленинградын Театрын урлагийн сургуулийн оюутан Ч.Гунгаасүхтэй танилцаж, улмаар ханилан суусан гунхсан сайхан бүсгүй Д.Дашима өдгөө 75 настай. Бурхны орныг зорьсон ханийнх нь тухай асуулаа.

Театрын урлагийн сургуулийн оюутан Ч.Гунгаасүх Хөгжмийн дээд сургуулийн оюутны дотуур байр руу эхэндээ Д.Жанчив найзтайгаа уулзах гэж ирдэг байсан ч сүүлдээ чиглэлээ өөрчилж, буриад дангина Д.Дашимагийн зүг хандах болжээ. Сайхан залуу, гоё бүсгүй хоёр одоогийн Мариинский театрт дуурь, балет үзэнгээ болздог байв. Хөгжмийн дээд сургуулийн оюутнуудад театрын үзэгчдийн танхимын хамгийн дээд давхрын суудлуудыг олгох. Д.Дашима үерхдэг залуугаа авч ороод зогсохгүй юм л бол партер буюу доод давхарт суух гэдэг байжээ. Суудлын эзэд ирэхээр босож, шилжиж сууна.  Тэгж явсаар байх авч өөрсдийнхөө тавдугаар давхрын суудалдаа ер очдоггүй байж гэнэ. Суудлаасаа хэдэн удаа хөөгдсөн ч, жүжгийг ойроос үзэж чадсандаа баярласан хос оюутны байранд очин очтолоо үзсэн дуурь, балетын тухай ярьж явдаг байжээ. Театрт очихдоо гоёдог байжээ. Намар орой шилэн оймсоор гангарч яваад сүрхий өвдөж байснаа ч ярьж хөхрөв.

Д.Дашимаг төгсөх курст байхад залуус хуримаа хийжээ. Одоогийн Санкт-Петербург хотын хамгийн гоё сүмд хуримын ёслолоо хийж, эцэг эх, найз нөхдөө урьж, дээхнэ үеийн “Мосфильм”-ийн кинонуудаас л харж болох, оюутны байрны дурсамж дүүрэн найр хийж байжээ. Түүнээс хойш тэд удалгүй Монголд ирж анхны хүүхдээ төрүүлсэн нь өдгөө Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар. Дүү Г.Оюун нь зургаан жилийн хойно ээж аавдаа ирсэн байна.

aДуурийн дуучин, өдгөө Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, тус улсын Гавьяат жүжигчин Н.Мөнхзул, АНУ-д ажиллаж амьдардаг дуурийн дуучин Э.Саран, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, гоцол дуучин “Кармен” М.Дариймаа, мөн Буриадын театрын гоцлол дуучин С.Батчимэг гээд бүтээсэн дүр, дуулсан дуу болгоноо үзэгч, сонсогчдын сэтгэлд гүн бат зурж байдаг олон дуучин Д.Дашима багшийн шавь.

Багш нас ахисан ч, эрдэм мэдлэг нь дэлбээлэн дэлгэрсээр, дуурийн дуучин болохыг зорьж буй охид, хөвгүүдэд хичээл заасаар. “Монголын дуучдыг дэлхий хүлээн зөвшөөрөх цаг үед өнөө л ажлаа хийсээр байгаадаа баярлаж байна. Багш хүнд үүнээс өөр жаргал бий гэж үү” хэмээсэн юм.

Зурагт Д.Дашима багш, гэр бүлийн хүн ардын зураач Ч.Гунгаасүхтэй шавь Э.Сарангийн урилгаар Америкт амарч явахдаа.

Р.Оюунжаргал

“Өнөөдөр” сонины 2018.11.06-ны дугаарт

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ