С.Энхбулаг: Ерөнхий сайд Т.Намнансүрэн буу зэвсгийн хамт хөгжмийн зэмсэг оруулж ирсэн

0
50

Консерваторийн Хөгжмийн ухааны факультетаас өнөөдөр тус сургуулийн концертын “А” танхимд “Хөгжмийн урлаг дахь Монгол-Оросын хамтын ажиллагаа, Орос-Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн XX зууны Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, түүхэн үүрэг, ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. Хөгжмийн онолч багш нарын санаачилсан уг ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар сайшааж хамтарч буй аж. Мөн Театрын музей зэрэг хэд хэдэн байгууллага болон “Россотрудничество” агентлагийн манай улс дахь төлөөлөгч, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева дэмжиж байгаа ажээ. Хурлын зохион байгуулагчдын нэг хөгжмийн ухааны факультетын багш, хөгжим судлаач С.Энхбулагтай ярилцлаа.

-Нэлээд орхигдсон, мартагдах шахсан сэдэв хөндөж байна уу гэж харж байна. Хурлын ач холбогдлын талаар юу хэлэх вэ?

-Монголд өрнийн хөгжмийн соёл нэвтэрч эхлээд 100 гаруй жил боллоо. Хамгийн идэвхтэй он жилүүд нь XX зууны хоёрдугаар хагас. Энэ хагас жилд Европ зүгийн буюу дэлхийн, хүн төрөлхтний соёлын түвшинтэй энэ зэрэгцэхүйц хөгжмийн соёлыг Монголд оруулж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Монголын хөгжим тэр суурин дээр хөгжиж байна. Одоо манайх дотооддоо урлагийн сургуулиудтай болчихлоо, гадагшаа хандах нь ч элбэг боллоо. БНХАУ, Америк, Итали, Франц руу гэх сонирхол давуу байна. Үүнтэй холбоотойгоор залуу багш нар, оюутнууд Оросыг мартаад эхэлж байна. Орос үг, нэр томъёо мэддэг, хэлдэг хүн ховор болж. Хөгжмийн сургалт болон энэ урлагийг хөгжүүлэх орос дэг сургуулийн даац, чансааг ярих, мэдэх хүн ховордоод ирлээ. Ийм учраас энэ талаар залуу үедээ сануулах, ойлгуулах, түүхэн ач холбогдлыг нь хэлж өгөх, тэр суурь сайн, бат бөх байсан, түүнд тулгуурласан дэг сургуулиар хөгжмийн, тэр дундаа дуулаачийн урлагтаа хандаж, сургаж, мөрдөж ирсэн болохоор өнөөдөр Монгол Улс хөгжмийн урлагаар дэлхийтэй ойр түвшинд яваа юм. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал нарын дуучдын амжилт энэ л, өөрөөр хэлбэл хөгжмийн сургалтын орос дэг сургуулийн ач. Суурь сайтай дуучид Орос гүрэнд уралдаануудад оролцож өөрсдийгөө сориод, болох, болохгүйн ухааныг олоод урагшилсных. П.И.Чайковский, М.Глинка, Е.Образцова нарын гээд хөгжмийн алдартнуудын нэрэмжит уралдаанд оролцож, хаана хүрэхийн тулд юу хийх, яах ёстойгоо мэдээд, ажиллаад, улмаар баруун руу гарч байна. Тэгэхээр энд орос дэг сургууль, Оросоор дайрах чухал дамжлага байгаа биз. Хөгжмийн урлагт орос чанар ийм чухал. Түүхийг эргэж харах, судлах, хөгжүүлэх шаардлага байгаа тул энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм. Бид санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллаж байгаа байгууллага, хүмүүст талархаж байна.

-Оройтох шахсан чухал арга хэмжээ санагдлаа.

-Орос ардын үг байдаг. Огт үгүйгээс оройтсон нь дээр гэсэн утгатай. Тийм л юм болж байна. Манай улс бол мөнхийн хөрш, хоёр том гүрнээс аль ч салбарт өөрсдийгөө тусгаар авч үзэх учиргүй юм. Боломж байхгүй. Ач холбогдол өгч, товойлгох нь ховор байгаа болохоос биш ОХУ-тай улстай бид урьдын адил харилцсаар, оюутан залуусаа сургасаар байгаа л даа. Харин цаашид хоёр улсын харилцааны түүхэн ач холбогдолд суурилсан хамтын ажиллагааны шинэ хэлбэр, өгөөжийн төлөө санаа бодол уралдуулах ёстой. Тэгвэл хөгжмийн урлаг, амьдрал улам баяжна. Өөрсдийгөө мэргэжлийн түвшинд хөндлөнгөөс харах, дүгнэлт хийх хамгийн сайн, зөв цонх бол орос дэг сургуулийн үүднээс хандах юм. Орос дэг сургууль гэдэг бол үндсэндээ Европ. Европ гэдэг бол хүн төрөлхтний соёл л гэсэн үг. Тэгэхээр энэ хурлыг зохион байгуулснаар багш, оюутан, судлаачдад санаа сэдэл төрөх, шинэ, сонирхолтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье гэх, цаашилбал, хөгжмийн урлагийн тухайд хоёр улсын багш, оюутны солилцоог идэвхжүүлэх ч ач холбогдол байх болов уу. Эрдэм шинжилгээний хуралд найман судлаач илтгэл хэлэлцүүлнэ. Үндсэн илтгэлийг санаачлагчдын төлөөлөл миний бие тавина.

-Санаачлагчдаа нэрлэх үү?

-Манай Хөгжмийн ухааны тэнхимийн багш Ч.Энхбат, сэтгүүлч, судлаач Ч.Болд, урлаг судлалын ухааны доктор Б.Сүхээ болон миний бие гэсэн дөрвөн хүн ярилцаж байгаад ажил хэрэг болгохоор шийдсэн. Үндсэн илтгэлээс гадна долоон судлаач бэлтгэснээ танилцуулж хэлэлцүүлнэ. Мартагдсан, зарим нь огт сонсож байгаагүй ч түүх бий.

Богд хааны дэргэд үлээвэр хөгжмийн цөөхүүл байжээ. Тэнд ажиллаж байсан Кольцов гэдэг орос мэргэжилтний бүдэгхэн, хаа нэгтээ дурдагдаж байсан түүхийг хөгжим судлаач, доктор Л.Энэбиш тодруулна. Кольцов бол анхны үлээвэр хөгжимчдийг сургаж, цөөхүүл байгуулан удирдсан, багш нарыг бэлтгэх I, II сургуульд хичээл зааж байсан хүн юм билээ.

Манай улсын хөгжмийн урлагийн нэгэн томоохон салбар нь цэргийн хөгжмийнх. Энэ төрөл цэрэг, армийн дэргэд тусдаа аихнаасаа сайн хөгжиж ирсэн. Одоо ч тэр. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа үүнтэй холбоотойгоор  “Лялин ба үлээвэр найрал хөгжим” гэсэн сэдвээр илтгэл тавина. Оросоос Лялин гэж хүн цэргийн хөгжмийн анхны удирдаачаар ирсэн юм билээ. Түүний дараа хэн хэн мэргэжилтнээр ирж, ямар ямар уран бүтээл туурвиж, удирдан тоглуулж байсан талаар ярих юм.

1930-аад онд манай улсад хөгжмийн соёл төдийлөн сайн нэвтрээгүй, ноот бичлэг байхгүй байсан үе. Монголд Берлин-Печникова нар ирж тэр үед дуулж байсан ардын урт, богино дуунуудыг сонсож, түүвэрлэж бичээд эмхэтгэл гаргасан байдаг. Зузаан эмхэтгэл бий. Одоо ер нь нэг, хоёрхон ширхэг үлдсэн. М.Дугаржав, Ж.Дорждагва гээд тухайн үеийн Төв театрт ажиллаж байсан  сайн дуучид дуулж бичүүлсэн. 1933, 1935 онд дуучин М.Дугаржав, Д.Түдэв, С.Түвдэн нар Москва явсан. Эхлээд хөгжмийн наадамд явсан бол дараа нь пянзны бичлэг хийлгэсэн. Энэ бүхний талаар болон ер нь 1930-аад онд оросууд манай улсын хөгжмийн чиглэлийн хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллаж байсан тухайд  СУИС-ийн багш Ж.Чулуунцэцэг илтгэнэ. Товчхондоо тэр үед оросууд яаж тусалсан бэ гэдэгт хариу өгнө. Манай сургуулийн багш, мөн МУИС-д ажилладаг Р.Оюунбат багш 1920-1930-аад онд манай улсад ажиллаж байсан Кондратьев гэж хүинй тухай болон хөгжим судлал чиглэлд бүтээсэн  номынх нь талаар тодруулж ярих юм.

-Олонтаа сонсож байсан нэр. Монголд нэлээд удсан мэргэжилтэн үү?

-Козловын экспедициэр ирсэн гэдэг шиг санаж байна. Монгол судлаачдын багийн гишүүнээр ирээд, үлдэж ардын дуу, хөгжим, тууль судалсан юм билээ. Р.Оюунбат багш тодорхой хэлэх болов уу. Энэ хүн манай дуучид 1935 онд хойд хөршид пянзны бичлэг хийлгэхээр очиход нь их тусалсан байна лээ. И.Сталин нарын удирдагчидтай ихэд ойр ажиллаж байсан бололтой байдаг. Дараа нь 1940-өөд онд Б.Смирнов ирсэн. Энэ мэргэжилтний Монголын үндэсний анхны “Учиртай гурван толгой” дуурьт хэрхэн ажилласан талаар нь хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг илтгэх юм. 1950-1960-аад он, түүнээс хойш орос мэргэжилтнүүд манай улсад ажилласан байдал, хөгжмийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар доктор Ц.Ариунболд багш ярина. Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн цөм болох хөгжмийн боловсролын талд илүү анхаарч байгаа. Хөгжим бүжгийн дунд сургуульд 1960-1980-аад онд ажиллаж байсан Зөвлөлтийн 100 гаруй мэргэжилтний хэн нь хэн болох талаар судалснаа багцалж ярихаар бэлтгэсэн.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд буюу оросууд манай улсын бүжгийн урлагийн хөгжилд хэрхэн нөлөөлсөн талаар, тодруулбал Кузнецова, Романовский гээд манайд бүжгийн урлагийг хөгжүүлэх чиглэлд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүсийн талаар Консерваторын бүжгийн факультетын багш Б.Энхчимэг танилцуулна. Энэ мэргэжилтнүүд Төв театр гэж байхаас авхуулаад ажиллаж байжээ. Мөн “Россотрудничество” агентлагийн манай улс дахь төлөөлөгч, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева бас илтгэлтэй оролцоно.

-Түрүүн нэгэн сонирхолтой түүх хөндөөд орхилоо. Ерөнхий сайд Т.Намнансүрэн хойд хөршөөс хөгжмийн зэмсэг авчирсан гэсэн үү?

-Богд хааны үеийн Засгийн газрын Ерөнхий сайд Т.Намнансүрэн нарын төлөөлөгчид 1913 оны аравдугаар сар хавьд Петербургт очжээ. Хаант Орос улстай дипломат харилцаа тогтоох болон улс төрийн чиглэлийн бусад үйл ажиллагааны тухай хэлэлцэж, цэрэг зэвсэг, мөнгө санхүүгийн тусламж хүсэхээр очсон байна л даа. Тэд 1914 оны нэг, хоёрдугаар сарын үед буцаж ирсэн. Хойд хөршийг зорьж очсон хэргээ ч бүтээжээ. Гурван сая рублийн зээл авч, 10 мянган ширхэг буу авах болсон гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Оросууд Ерөнхий сайдыг хүлээж авч төрийн хүндэтгэлийн ёслол үйлджээ. Цэргийн жагсаал болж, үлээвэр хөгжмөөр тоглож. Үүний дараа Т.Намнансүрэн гуай ширээний ард сууж гэрээ, хэлэлцээр хийх үедээ “Тэр хөгжмийн зэмсгээсээ хэдийг өгчихвөл бас их зүгээр байна” гэж хэлсэн гэдэг. Тэр олон их үнэтэй буу зэвсгийн хажууд хэдэн үлээвэр хөгжим юу байх вэ дээ, зөвшөөрч. Удалгүй буу зэвсэг Монголд ирэхэд нарийн бүрээ, угалзан бүрээ  зэрэг таван төрлийн, есөн ширхэг зэмсэгцуг ачуулсан байжээ. Энэ хэдэн хөгжим өнөөдрийн манай улсын цэргийн хөгжмийн эхлэл, үндэс болов уу. Ингэж Ерөнхий сайд Т.Намнансүрэн гуай Монголын хөгжмийн урлагийн хөгжилд сайн үйл бүтээж, олон нийтийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

-Энэ хөгжмүүдийг өнөөх Кольцов монголчуудад зааж сургаж, хөгжимддөг болгож дээ.

-Энэ тухай Л.Энбиш доктор ярьж магадгүй. Хэр судалсныг мэдээгүй. Кольцов хэзээ, хаанаас ирсэн, хэсэгтээ монголчуудад хөгжим зааж сургаж байгаад хаачсан зэрэг нь тодорхойгүй. Зарим хүн түүнийг хүрээний хар лам гэх юм билээ. Харин зарим нь Монголд буу зэвсэг оруулах үед ирсэн гээд байгаа юм. Л.Энэбиш гуай энэ талаар олж тогтоосон бол их чухал илтгэл болно. Юутай ч Кольцов Богд хааны торгон цэргүүдээс бие хаа, эрүү, шүд зэргийг нь харж байгаад хэдийг сонгож хөгжим заасан байгаа юм. Яах аргагүй мэргэжлийн хүний ажиллагаа. Залууст хөгжмийн онол, барил, тавил зааж өгөхөд  цэргүүд хичээн суралцжээ. Бүгд хөгжмөө дуугаргадаг болсон. Кольцов өөрөө хэд хэдэн ардын дуу найруулж тоглуулсан. “Өвгөн” Л.Цэрэндорж гуай дурсамждаа бичсэн нь бий. “Тухайн үед Хүрээ дан намхан байшинтай байлаа. Богдын ногоон ордны тэндээс бараг орой болгон шахуу сүрлэг гоё хөгжим сонсогддог байсан” гэж бичсэн байдаг.

Соёл судлаач, доктор Д.Цэдэв гуай бас нэлээд сайн судалсан. Богдын засгийн төрийн сүлд дууллын талаар Токиод тавьсан илтгэлийг нь уншсан. 1910-аад оны үед манай улсад Оросын экспедиц орж иржээ. Богд хаан бас их сониуч. Гаднаас ирсэн улсаас хол, ойрын сонин сайхан сонсох дуртай, авчирсан бараа сэлтээс нь худалдаж авдаг хаан байжээ. Хүлээн авалт ч нэлээд зохион байгуулдаг байжээ. Нэг удаа оросуудыг хүлээж авч л дээ. Тэгж байхдаа уур амьсгалыг тааруулаад сангаасаа нэгэн төгөлдөр хуур гаргаж ирж, шороо тоосыг нь арчтал ширээ тойрон сууж байсан хүмүүсээс Красин хэмээх залуу босож ирээд “Славься, царь” дууг тоглоход сууж байсан нөхөд бүгд босоод ёсолжээ. Богд хаан юу болж байгааг орчуулагчаар дамжуулж мэдээд, “Дахиад нэг тоглоодох доо” гээд хоёр дахиа анхааралтай сонссон байгаа юм. Тэгж байхдаа төрийн сүлд дуулал гэж байдаг юм байна гэж ойлгосон бололтой. Дараа нь 1914 онд хөгжимтэй болмогцоо Орос руу Богд хаант улсын төрийн сүлд дуу захиалж хийлгэсэн. Москвагийн их сургуулийн дорно дахины судлалын тэнхимээс нэг дуу өгсөн нь “Зуун лангийн жороо луусан” гэдэг дуу. Номд луусан гэж байдаг, уг нь луус л даа. Дорно дахин судлаачид Монголыг сайн мэддэг хүмүүс байлгүй яах вэ, агуулга ойролцоо болохоор нь энэ дууг зааж өгч л дээ. Найруулсан хүн нь тухайн үеийн Мариинскийн буюу хаана театрын нэгдүгээр хийлч, концертмейстер Кадлец гэдэг хөгжимчин. Төрийн дууллыг найруулахдаа дуулах байдлаар бус,  харин хөгжмийн бүтээл маягтай болгожээ. Энэ дуу нь Богдын засгийн төрийн сүлд дуулал бөгөөд  Ардын засаг байгуулах хүртэл, бараг 1924 онд улс тунхаглах хүртэл ч юм уу  хөгжимдүүлж байсан юм билээ. Кадлец бол Хаант Оросод ирж суурьшсан чех хүн. Хааны театрт олон жил ажиллахдаа хөгжимдөхийн зэрэгцээ хөгжим зохиодог, нэлээд хэдэн балетын хөгжим бичсэн зохиолч. Тэгэхээр Монголын анхны төрийн сүлд дууллыг чех хөгжмийн зохиолч бичсэн байгаа биз.

-Яагаад “Зуун лангийн жороо луус” гэдэг дууг сонгосон байж таарах вэ?

-Үгийг нь олж уншвал утга, агуулга талаас нь хүлээн зөвшөөрөхөөр. Монголчууд туурга тусгаар улсаа байгуулан, эзэн хаанаа эрдэнийн ширээнд залж, түмэн олноор магнай тэнийсэн өдрийн түүхэн ёслолыг илэрхийлсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Зуун лангийн жороо луусыг

Жуузан дундаа хөлөглөнө хө

Зураг болсон Богд ламыгаа

Зонховын ширээнээ залав аа хө

Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ

Мөрөн дундаа хангинуулаад

Мөнхийн настай Богд ламыгаа

Мөргөлийн ширээнээ залав аа хө гэж өгүүлдэг.

-Сонирхолтой түүх ярьж өглөө.

-Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих судлаачид юун тухай ярих, хэлэлцүүлэх талаар тоймлож мэдээллээ. Өөрсдийнх нь илтгэлийг бүрнээр сонсвол мэдээж илүү амттай байх болно. XX зуунд манай улсад ажиллаж байсан Орос, Зөвлөлтийн хөгжмийн мэргэжилтнүүд “хөмөрсөн тогоо”-ноос гараад удаагүй шинэ Монгол Улсын соёл, хөгжилд хөгжмийн урлагаар дамжуулж маш чухлаар  нөлөөлж ирснийг энэ хэдхэн жишээнээс харж болно. Энэ үнэ цэнийг бид өнөөдөр тодотгож, хөгжмийн урлагийн хөгжил хаанахын ямар ундаргатай болохыг залуу үедээ ойлгуулах нь хөгжим судлаач бидний үүрэг гэж бодож байна.

Р.Оюунжаргал

2018.11.20-ны дугаарт нийтэлсэн

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ