Жорой

0
27

 

ulguunii mendЗураач бүсгүй Т.Хулан гэдэг нэрээ бараг мартаж буй. Аав нь охиндоо ийм нэр өгсөн ч “Жорой” хэмээн өхөөрдөж, “Жалам хар”-ын хэмнэлд бүүвэйлэн торниулж, хөлд, хэлд оруулсан. Ээж нь дунд сургуулийн багш тул өглөө гараад, орой ирдэг, тун чиг завгүй болохоор аав нь хүүхдүүддээ илүү ойр байсан болов уу. Нэг мэдэхнээ Хуланг бараг бүх хүн аавыг нь дуурайж “Жорой” гэж дууддаг болжээ. Гэсэн ч эцгийг нь өөд болсноос хойш ийнхүү өхөөрдөх нь ховордоод ирж л дээ. Тэгэхээр нь уран бүтээлч өөрөө өөрийгөө “Жорой” гэх болж, улмаар урлан, галерейдаа ч “Жоройхулан арт” гэдэг нэр өгчээ. Одоо эргээд түүнийг таньдаг, бүтээл туурвилыг нь үнэлдэг хүмүүс зураачийг хоч нэрээр нь дуудаж харилцдаг болсон нь уран бүтээлчийн нэр хүнд өссөнийг илтгэх буй за.

huuhed“Жорой” Хулангийн зургуудыг эхэндээ ойлгодоггүй байлаа. Дунд сургуульд байхдаа хүний биеийн анатомийн хичээлийн сурах бичигт харж байсан дүрсүүд үзэгдээд байх ч шиг. Нэг бол далайн ургамал, элдэв биетүүд мэт харагдах. Зураасууд бүдүүн ч бай, нарийн ч бай жижиг, жижиг бөөрөнхийнүүдээс бүтэх. Ямар хачин, төвөгтэй, эмх замбараагүй дүрсүүдийг өнгөөр сүлэлдүүлж зураг болгодог юм бэ гэж боддог байлаа. Ялангуяа ойроос харахад ойлгогдохоор тааруу.

uil2014 онд “976 арт галерей”-н куратор Б.Гантуяа түүний үзэсгэлэнг зохион байгуулж, үзэгч олныг урин залахад нь зорьж очсон юм. Зурагнууд нь урьдын адил хэв шинжтэй ч илүү сонирхолтой санагдав. Үзэсгэлэн зохион байгуулагч “Дорнын өнгө аястай график уран зургийн үзэсгэлэнд морилон саатсан та бүхний амрыг эрье” гэхэд нь Жоройгийн уран бүтээлийн онцлогийн тухай ойлголт сэвхийтэл орж ирсэн юм. Зураачаас өөрөөс нь “Та уран бүтээлийн чиглэл, арга барилаа хэрхэн тодорхойлж байна вэ” гэж асуухад “Энэ талаар урлаг судлаачид хэлэх байх. Би зурах үедээ зурдаг, ихэвчлэн боддог, дуусгаагүй зургуудаа хэдий хугацаанд ч хамаагүй хадгалдаг, санаа орж ирвэл бушуухан босоод гүйцээдэг. Өдрийн тэмдэглэл маягтай бүтээлүүд бий. Мөн улс орнуудаар, хээр тал, далай тэнгист аялж явахдаа зурдаг. Үндсэндээ хаа нэгтээ дэмий тэнэж явахдаа зурамтгай. Тэгж гаргасан бүтээлүүд илүү эрх чөлөөтэй, дур зоргын санагддаг. Монгол зураг, япон бар, зураасан зургийн өнгө аяс шингэсэн байгааг та харж байгаа болов уу” хэмээн даруухнаар тайлбарлаж байсан юм. Түүнээс хойш “Жорой” их ажил амжуулсан.

ulaan sarnaiХүүхдийн зургийн дугуйлан байгуулсан. Мэддэг, чаддагаа багачуудад зааж өгөх нь түүний оршихуйн нэгэн шалтгаан гэлтэй. Өрөө байр хаана олдоно, түүнд хүүхдүүдэд хичээл зааж ирэв. “Сувд арт” галерей, ээжийнх нь ажиллуулдаг өдөр өнжүүлэх бүлэг ч түүний хичээлийн танхим болж байлаа. Сүүлдээ гэртээ хүүхдүүд бужигнуулж үзсэн. Арай өөрөөр сэтгэж, ажиллахгүй бол болохгүй нь гэж бодож байхдаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй санаандгүй холбогдсоноор сургалтад нь хамрагджээ. Олон жил сэтгэлээс уяатай явснаа ажил хэрэг болгочихсон гэж зүтгэж байлаа. Төсөл хэрхэн бичдэгийг заалгаснаар галерей байгуулах анхны төслөө бичжээ. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан гурван сарын хөтөлбөрт хамрагдав. Урлагийг яаж бизнес болгох талаар суралцаж, мэдсэнээ амьдралд хэрэгжүүлж, элдэв бүтээгдэхүүн санаачлан хөгжүүлэв. Уран зураг бүхий хэвлэмэл бүтээгдэхүүн янз янзаар нь гаргалаа. Тэгж байхдаа ирээдүйн галерейн төсөөллөө цаасан дээр буулгаж л байлаа. Үзэсгэлэн гаргаж,  сургалт явуулдаг, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөг, үдэшлэг зохион байгуулдаг, нэг талдаа цай уух булантай, дээд давхарт нь уран бүтээлчид чөлөөтэй байрлаж бүтээн туурвидаг, хүүхдийн зургийн дугуйлангаа хичээллүүлдэг тийм гоё галерейтай болох мөрөөдлөө яг л бүтээчихсэн мэтээр зурж, бичиж, тооцоолж байв. Эрэл хайгуул, аяллаа зогсоолгүй “Шарк танк” нэвтрүүлэгт оролцлоо. Боломжийн өрсөлдсөн ч төсөлдөө санхүүжилт босгож чадсангүй. Тэр үед хүмүүс зураач бүсгүйн өмнөөс харамсаад л өнгөрсөн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байхад “Тайгам Алтай” компанийн Ц.Даваасүрэн захирал дуудуулсан байжээ. Тэрбээр “Шарк танк” нэвтрүүлэг үзсэн, манай гэр бүлийнхэн чамайг дэмжиж байлаа. Ах нь хөрөнгө оруулалт хийе, хамтаръя, галерейгаа байгуулаад өөрийнхөөрөө хөгжүүлээд цааш нь аваад явах уу” гэжээ. “Жорой” тэр өдрийг нисэж буй мэтээр өнгөрөөсөн гэсэн.

jӨөрийн гэсэн “Жоройхулан арт” галерейтай болсон зураачийн сүүлийн үеийн бүтээлүүд улам тод өнгөөр гэрэлтэж байна. Хүүхдийн сэдэвт “Бурхны бэлэг”, өглөө, үүрээр зурсан “Үүр бид хоёр” нь,  Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг сонсоод төрсөн сэтгэгдлээ буулгасан зурган хөгжим, галерейтай болсноо бэлгэдсэн “Эхлэлийн метр кв”, хонгорхон охиныхоо сэтгэлийн өнгийг тольдсон “Жинхэнэ гүнж”, хайртай хүүдээ зориулсан “Хүү” хэмээх зургууд нь жаргалтай бүсгүйн дотоод сэтгэлийн толь гэхээр. Зөөлөн ногоон, ягаан, улаан зэрэг өнгийг бусадтай зохицуулан тоглодог уран гараас нь  яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номд байх “Цэцэг тарь залуу минь, дүү минь, найз минь. Чи ч үхнэ. Би ч үхнэ. Ганцхан цэцэг л үлдэнэ” хэмээх мөртүүдээс зураган бодол “Улаан сарнай” хэмээх бүтээл нь төржээ. Улаан сарнай хаа сайгүй байдаг. Ургасан, ургуулсан, зурсан, хатгасан олон янз бий. Харин “Жорой”-гийн “Улаан сарнай” цор ганц. Түүн лугаа зураачийн оюун сэтгэлээс ургасан бүтээл бүхэн түүний тарьж, арчилж  ургуулсан төрөл бүрийн, өнгө өнгийн, янз бүрийн бэлгэдэл ерөөлтэй цэцэгс ажгуу. Зураач өөрөө танхилхан, энхрийхэн атлаа тэнхээтэй, хүчтэй цэцэгчин буюу.

Эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургууль дүүргэж, Япон улсын Окинава мужийн Урлагийн их сургуульд суралцан график зураач болсон хос морьтой мэргэжилтний оюун санааны ертөнц, уран бүтээлийн урлан, байнга зочинтой, үзэгчтэй байдаг “Жоройхулан арт” галерейн сонин сайхнаас цухасхан дурдахад ийм байна.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ