Н.Жүрмэддорж бүрээ ч үлээж, хөгжим ч бичиж байна

0
169
jurmДэлхийд гайхагдах монгол урлаг мэргэжилдээ эзэн, хийж бүтээн, хөгжүүлэх, дэвжүүлэхийн төлөө зүтгэлтэй уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн нэгдэл байдаг. Монголын үндэсний шилдэг хөгжимчдийн нэг Үндэсний урлагийн их театрын эвэр бүрээч, СУИС-ийн багш Нордогийн Жүрмэддоржтой ярилцлаа. Сүүлийн жилүүдэд эвэр бүрээ хөгжмийн төрөл зүйлийг олшруулах, дуугаралтыг сайжруулах талд ч янз бүрийн санаачилга гаргаж, туршилт хийж байгаа түүнтэй ярилцахаар очихдоо театрынхаа шинэ уран бүтээлд хөгжмийн зохиолчоор ажиллаж байгааг мэдлээ. Бид ийнхүү ярилцсан юм.
-Таныг янз бүрийн эвэр бүрээ урласан гэж дууллаа. Харж болох уу?
-Бололгүй яах вэ. Гэхдээ би урлаагүй, хөгжим урлаач мастертай хамтарч ажилласан юм. Би судалж, санаа дэвшүүлж, зураг гаргаж, хэмжээг нь хэлж өгсөн. Энд аргаль, янгир, гунан үхрийн эврээр хийсэнгурван төрлийн эвэр бүрээ байна.
-Аргалийн эврээр бас хийдэг юм уу. Эврийн олдоц хэр вэ?
-Тэр бүр олдохгүй. Надад аз таарсан юм. Би Өмнөговь аймгийн хүн л дээ. Жил бүр гэр бүлээрээ Гурвансайхан ууландаа очиж амардаг, ямар ч ажилтай байсан орхиод, заавал гурав хонодог юм. Энэ зун хур ихтэй ч байлаа. Нэг өдөр Дүнгэнээгийн амандаа явж байтал угалзны жамаараа унасан дагзтайгаа эвэр байж байна. Уулын үер буулгаад иржээ. Ганц сайхан аргалийн эврэн бүрээтэй болохсон гэж бодож явсныг минь хангай дуулсан юм шиг, илгээсэн мэт санагдаж ихэд бэлгэшээж авсан. Авчраад хөгжим урлаач Байгальжав ахтай нийлж байгаад ийм эвэр бүрээ болгосон. (Үлээж сонсгов.Дуу ихтэй аж. Гэхдээ ямар нэг хөгжмийн зэмсэг эсвэл хэн нэгний чанга дуу, хашхираантай адилгүй, ер бусын өнгөтэй юм).
-Энэ хөгжим үү?
-Тийм ээ. Аргаль бүрээ.
-Хөгтэй юу?
-Байхгүй. Байгалийн авиа, элдэв чимэг, уриа дуудлагад хэрэглэх зориулалттай. Өвөрмөц өнгө, дуугаралт мэдэгдэж байгаа биз. Энэ ховор чанарыг нь ашиглах юм. Хөглөх тухай ер нь болохгүй байгаа. Тэгэх л юм бол хөгтэй бусад хөгжмөөс ялгаагүй болчих болов уу гэж бодож байна. Их хаадын байлдан дагуулалтын үед бүрээ, хэнгэргийн их чимээ 30 хоногийн газраас сонсогддог байсан гэдэг юм билээ. Тийм их сүртэй. Түүхийн үүднээс аваад үзсэн ч жинхэнэ, байгалийн чанарыг нь хадгалах нь зүйтэй байх. Гэхдээ ер нь цаг хугацаа бүхнийг харуулдаг. Аль нь хэрэгтэй байна, яавал дээр байна гэдгийг тодорхой хугацааны дараа шийдэж ч магад.
-Янгирын эврээр бүрээ хийжээ. Эвэр хаанаас олоо вэ?
-Ховд аймагт байдаг найздаа захисан байсан юм. Нэг өдөр л “Оллоо” гэж хэлсэн дээ.
-“Жүрмээгийн хөгжимдөх өнгө гоё” гэж хөгжимчид ярьдаг. Хүмүүсийн онцолж ярьдаг тэр өнгө хаанаас гардаг бол?
-Мэргэжилдээ дуртай. Хөгжмийг өөрийнхөө ойлгож, мэдэрч байгаагаар бусдад хүргэхсэн гэж боддог. Мөн мэдэж, судлахыг хичээдэг. Энэ бүхнээс хамаардаг юмболов уу. Би 1999 онд СУИС төгсөхдөө, эвэр бүрээ хөгжим 1959 онд бий болсноос хойшхи хугацаанд буюу 40 жилд ямар ямар шатлалаар ямар зам туулсан бэ, боловсронгуй болсон уу, үгүй юү гэдгийг судалж, дипломын ажил хамгаалсан юм. Америк явж ирээд магистраар дахин сурахдаа арай өөр байдлаар судалсан. 1959 оноос хойшхи нь ойлгомжтой юм чинь, түүнээс өмнө энэ зэмсэг ямар байдалтай байсан юм бэ, хэрхэн хөгжимдөж байв гэдэг талаар олж мэдэхийг хүссэн. Төв Азийн нүүдэлчид одоогоос 7-8 мянган жилийн өмнө бод мал буюу зэрлэг үхэр, адууг гаршуулжээ. Тэр үед малын эвэр тухайн отог, омгийнхны гарын доорх материал болсноор хийж болох юу л байна, бүгдийг оролдож эхэлсний нэг нь дуу авиа гаргах хэрэгсэл буюу хөгжмийн зэмсэг байсан юм болов уу. Миний бодол, санаа л даа. Яг тийм гэсэн баримт олоогүй. Сүүлд судалгааны бүтээлээс Сяньбигийн үед шашны элдэв эд хэрэглэл, хөргийн зэрэгцээ эвэр бүрээ барьсан хүний хөрөг олдсон гэсэн ганц өгүүлбэр олсон. Үүндээ маш их баярласан. Энэ тухай түүхч Сүхбаатар гуайн номонд бий. Түүнээс хойш байлдан дагууллын үед сунадаг бүрээ зэрэг олон зэмсэг үүссэн түүх бий. Он цаг наашлах тусам үлээдэг зэмсгүүд бурхны шашны хөгжмийн ай савд орж ирсэн. Энэ түүхийг бүгд мэдэх юм чинь нуршаад яах вэ. Хамгийн гол нь тэр эрт, Сяньбигийн үед эвэр бүрээ байжээ гэдгийг мэдсэнээр энэ бол эртний монгол хөгжмийн зэмсэг юм байна гэж ойлгосон.
Манай алдарт Л.Мөрдорж гуай, Төрийн шагналт хөгжим урлаач Д.Индрээ багш нарын хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд хамтран Монголын үндэсний хөгжмийн найрлыг хөгжүүлэх хүрээнд 1959 онд эвэр бүрээг сэргээн зохиож, урлаж, өнөөгийн ийм төрхтэй хөгжим бий болгосон нь Монголын хөгжим дэх түүхэн чухал үйл явдал. Манай Самбалхүндэв багш оюутан, сурагчдад зааж сургаж ирснээр бид өнөөдөр тоглох хөгжимтэй, ярих сэдэвтэй байна даа.
-Сонирхолтой юм. Таны хөгжимчин болсон түүх сонирхолтой байх. Хэн нэгэн нөлөөлсөн болов уу?
-Аавынхаа нөлөөгөөр хөгжимчин болсон гэж боддог. Үнэнийг хэлэхэд анх надад хэн зөвлөж, заасныг санадаггүй юм. Нэгдүгээр ангид байхад аав надаар хамтлагт бөмбөр тоглуулсан юм даг. Манай аав Өмнөговь аймгийн Сэврэй сумын сургуулийн хөгжмийн багш, сумын соёлын төвийн эрхлэгч байхдаа долоо, наймдугаар ангийн сурагчдад үлээвэр хөгжим зааж сургаад, “Жавхаа” гэдэг хамтлаг байгуулсан. Түүнд нь цантай барабан гэж ярьдаг даа, тийм бөмбөр тоглох хэрэгтэй болж. Чадах хүүхэд олдохгүй байсан юм байлгүй, надаар тоглуулаад. 1984 онд сумын соёл урлагийн гурав хоногийн тоглолтоор хөгжилтэй юм болсон. Хамтлагийнхан тоглож дуусаад бүгд ёслоход танхимаас нэг хүн “Бөмбөр тоглосон нөхөр босооч ээ” гээд байсан гэсэн. Би босоогоороо тоглоод, сэтгэл ханамжтай нь аргагүй ёслоод байхад тэгж хэлж байдаг. Бөмбөртэйгөө чацуу болохоор харагдахүй байж л дээ.
-Тийм багаасаа хөгжимтэй “ноцолдсон” байх нь.
-Тийм ээ. Дөрөвдүгээр анги хүртлээ бөмбөр тоглосон. Нарийн бүрээ сурахыг хүсэж байлаа. Нэг өлөр үлээтэл орой нь чих өвдөхөөр нь халшраад, арай бага хүчээр үлээдэг зэмсэг гэж кларнет сонгож хичээллэсэн. Наймдугаар анги төгстөлөө энэ хөгжмөө тоглож байгаад аймгийнхаа театрт дагалдан хөгжимчин болж байлаа. Манай аймгийн уугуул, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Аюуш гэдэг мундаг уран бүтээлч бий. Одоо Төв аймгийн театрт ажилладаг. Тэр багшид аав хөтөлж аваачиж тушааж байв. Аав, багш хоёр ярилцаад кларнеттай төстэй юм гэж эвэр бүрээ хөгжим тоглуулах болсон. Хөгжим урлаач Д.Индрээ багш Өмнөговийнх. Багш зүтгэсээр байгаад аймгийнхаа театрыг үндэсний найрал хөгжимтэй болгосон байсан юм. Би театртаа гурван жил ажилласны дараа Аяа багшид хөгжмийн сургуульд сурмаар байгаагаа хэлэхэд “СУИС-д чамайг авахгүй, яагаад гэвэл чи ХБДС төгсөөгүй, Соёлын коллежид ороод яах юм, чи тэнд сурахыгаа өөрөө сураад мэдчихсэн” гээд явуулдаггүй ээ. Тэгэхээр нь дахиж хоёр жил ажиллаад, тэвчихгүй хот руу бараг л оргож хүрч ирээд, СУИС-д шалгуулж тэнцээд элссэн. Оюутан байхдаа Төмөр замын чуулгад ажилладаг байсан болохоор СУИС төгсөөд байгууллагадаа очсон л доо. Ажиллаад удаагүй байтал удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав багш “Чуулгад ирж ажиллаач” гэхээр нь “Тэнгэр аялгуу” хамтлагийнхантайгаа ирсэн.
-Таныг урьсан байна шүү дээ.
-Үндсэндээ тийм. Үндэсний урлагийн их өргөөндөө 2001 оноос хойш 17 дахь жилдээ эвэр бүрээчээр ажиллаж байна. Завсарт нь гадаадад хувийн журмаар хоёр жил хэртэй ажилласан.
-Хөгжим зохиодог юм байна. Театрынхаа шинэ бүтээлийн талаар мэдээлэл өгөх үү?
-Манай театр “Уул усны шивнээ” нэртэй, гурван хэсгээс бүрдсэн шинэ уран бүтээл хийж байгаа юм. Түүний дархад хэсгийн зарим хөгжмийн найруулгыг хийгээд өгөөч гэхээр нь ажиллаж байна. Ерөнхий найруулагч итгэж даатгасан болохоор аль болох аятайхан бүтээл гаргачих санаатай хичээж байна. Хамтлагийнхаа уран бүтээлд зориулж хөгжмийн ойр зуурын найруулга хийдэг. Анх удаа томоохон хэлбэрийн бүтээлд ажиллаж байна.
-Та түрүүн аавыгаа олон талын авьяастай, жүжигчин, хөгжимчин, дуучин хүн гэсэн. Жаахан дэлгэрүүлж яриач.
-Аав 1963 онд цэргээс халагдмагцаа Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр ороод байх үедээ хэд хэдэн киноны туслах дүрд тоглосон түүхтэй. “Аман хуур” кинонд Төмөрийн туслах болдог. Туйпуу өрж, Төмөрийн цамц индүүдэж зогсдог залуу бол миний аав. Кино үйлдвэрт удаагүй. ЗХУ-д сургуульд явж, барилгын мэргэжилтэй болоод, Өмнөговьд мэргэжилтнээр очсон. Сэврэй суманд ажиллаж байх үедээ манай ээжтэй гэрлэх болсноор, сумын хүн эмнэлгийн жолооч болоод, сүүлд нь сургуулийн хөгжмийн багш, соёлын төвийн эрхлэгч болсон. Тэр үедээ сургуулийн складад ашиглахгүй удаасан гуулин үлээвэр хөгжмүүдийг хөгжим тоглож сурах хүсэлтэй хүүхдүүдэд тарааж өгч, өөрөө сургаж, улмаар үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулсан.
-Үнэхээр хөгжим, урлагийн төлөө хүн юм.
-Тийм ээ. Аав маань өндөр настай болж байгаа. Удахгүй ная хүрнэ.
-Эвэр бүрээг гадаадынхан их сонирхдог юм билээ. Хөгжимчдөд юу гэж хэлдэг вэ?
-Америкт жааз уран бүтээлчидтэй хамтарч тоглодог байсан юм. Нөхөд маань анх сонсоод гайхах гэхээс илүү инээж хүлээж авч байлаа. Бидний хар яриагаар бол “Үгүй, энэ одоо бас дуугарчих юм аа” гэх маягтай хэлээд, инээлдээд байсан. Мэргэжлийн хөгжимчдийн дүгнэлт л дээ. Тэгэхээр нь монголчуудыг өөрийн гэсэн хөгжмийн соёлтой юм байна гэж үзэж байна даа гэж бодоод өнгөрсөн. Жуулчид их сонирхоно. Эвэр бүрээнээс илүү цуурыг их “тоодог”. Ямар өвөрмөц дуутай юм бэ гэдэг Дундуур нь шагайж харна. Зүгээр л хөндий байгаа юм чинь. Үүнийг үлээгээд хөгжим тоглох гэж гээд гайхдаг.
-Цуур хэзээ, яаж сурсан бэ?
-СУИС төгсөөд бие дааж судалж сурсан. Ховд аймгийн Дуут сумын уугуул Наранцогт гуай гэж соёлын өв тээгч, цуураараа тэнгэр бурхантай харилцдаг ч гэдэг мундаг хүн байлаа шүү дээ. Хүүхдүүд, залгамжлагч нар нь бий. Тэр хүний тоглолтын бичлэгийг сонсож байгаад сурсан.
-Харахад их амархан сурчихмаар санагддаг.
-Хүнээсээ л хамаарна. Маш их хүсэл байх юм бол хэн ч, юуг ч сурна.
Р.Оюунжаргал
 
 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ