“Уул, усны шивнээ” шинэ бүтээл 18-нд төрнө

0
51

Тайзан дээр бэлтгэл сургуулилалт хийж буй бүжигчдийн гарт ерөнхийдөө ижил мэт авч, нарийвчилж харвал янз бүрийн хэмжээтэй, далны яс цоолж, шагай дүүжилсэн шигширгэ байх аж. Бүжиг дэглээчийн удирдлагаар холдож, ойртон, тарж, нийлэн бүжиглэх тэд байсхийгээд чангаар үг хэлнэ. Экэр, задь, ямдаг гэж сонслоо. Юу гээд байгааг нь тодруулахаар асуухдаа өөрийнхөө сонссоныг хэлж шоолуулав. Экэр биш этэр аж. Бух цаа буга гэнэ. Задь гэх нь буруу. Зарь юм байна. Эр цааг тэгж хэлдэг байх нь. Ямдаг биш нямдаг ажээ. Эм цаа буга. Ганц удаа сонссон нь байтугай, бүжигчид хэд хэдэн удаа хэлүүлж, бүр авиа тус бүрээр нь дуудуулж байж сурсан гэнэ. Үндэсний урлагийн их театрынхан “Уул усны шивнээ” хэмээх шинэ уран бүтээлдээ хэрхэн бэлтгэж байгааг нь сурвалжлахаар очиход иймэрхүү шинэ сонин мэдээлэлтэй угтсан юм. Бүжиг дэглээч А.Батхүү дэглэн найруулсан бүжгээ давтуулж байгаа нь энэ.

Үзэгчдийн танхимын голд суугаад удирдаж буй ерөнхий найруулагч А.Даваахүү чанга яригчаа мөд тавихгүй шинжтэй байхаар нь хажуугийн суудалд хүрэм нөмрөн суух танил эгчтэй уулзах гэтэл толгой сэгсрээд гарч ирсэнгүй. Эдүгээ театрын хувцасны эрхлэгч,  цагтаа дархад дууны “их аварга” байсан Ланзай үүрэгтэй суугаа ажээ. Ерөнхий найруулагч түүнийг уран бүтээлчдэд зарим үгийг дархадаар хэрхэн зөв дуудахыг заалгахаар залсан аж. Тэрбээр тайз руу анхааралтай нь аргагүй ширтэж, найруулагчийн зааврыг хүлээнэ.

Театрын удирдлагуудтай уулзахаар явж байтал ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар таарахад нь “барьж авч” театрынх нь шинэ бүтээлийн талаар мөн мэдээлэл авлаа.  Үндэсний урлагийн их театр 68 дахь жилийнхээ шинэ уран бүтээлийг хийж байгаа аж. Бүжгийн урлагийн мастеруудын нэг, Гавьяат жүжигчин А.Даваахүү театрын ерөнхий найруулагч болсноос хойш үзэгч олондоо барих гэж байгаа анхны том хэмжээний уран бүтээл нь өдгөө бэлтгэж буй “Уул усны шивнээ” хэмээн нэрийдсэн, гурван хэсгээс бүрдэх концерт ажээ. Эхний, халхуудын аж байдал, байгаль дэлхийтэйгээ зохицон хэрхэн амьдарч ирснийг харуулах хэсгийг “Уулын”, хоёр дахь буриад ятснуудын тухай дүрслэн, дуулж, бүжиглэн өгүүлэх хэсгийг “Усны”, харин дархад болон цатан ардын амьдралын тухай харуулах гурав дахь хэсгийг “Газрын шивнээ” гэж нэрлэжээ. Тус бүрт нь өөр, өөр хөгжмийн зохиолч ажилласан байна. Эхний хэсгийн хөгжмийг театрын хөгжмийн зохиолч М.Бирваа, хоёр дахь хэсгийнхийг Консерваторын багш Х.Алтангэрэл, дархад, цаатны хэсгийн хөгжмийг эвэр бүрээч Н.Жүрмэддорж бичжээ. Тус байгууллага мэргэжлийн хөгжмийн зохиолчдын зэрэгцээ үндэсний найрал хөгжимд ажилладаг туршлагатай хөгжимчдөөр бүтээл туурвиулах уламжлалтай юм байна. Дотор нь ажиллаж, амьдарч, уран бүтээлд оролцож , тоглож байдаг хөгжимчид бол байгууллагын уран бүтээлийн бодлого, өвөрмөц онцлогийг тээгчид байдаг. Тэдэнд  итгэж, үүрэг, даалгавар өгч ажиллуулахад шинэлэг, баялаг уран бүтээл төрж, урын сан арвиждаг байна. Нөгөө талаар хүний нөөцөө ашиглаж байгаа, мөн уран бүтээлчдэд хөгжиж, дэвжих боломж өгч буй хэлбэр ч аж. Мэдэхгүйгээ засаж залруулах ажилд ахмад дуучин, хувцасны эрхлэгчээ дайчилж буй нь ч хүний нөөцөө түшиж, цаг хугацаа хожиж буй сүүхээ бололтой. 1950 онд байгуулагдсан ҮУИТ өнөөдрийн байдлаар үндэсний 68 хөгжимчин, 48 бүжигчин, 24 дуучны бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн багаар үзэгч түмэндээ үйлчилж байна.

“Уул усны шивнээ” концертын дархад-цаатны хэсгийн бүжгийн сургуулилалт дуусахад буриадын хэсгийг давтахаар дуучид нэмэгдэв. Үзэгчдийн танил Б.Батмэнд, Г.Амаржаргал, Д.Ширмэнтуяа нараас авахуулаад Монголын сайхан Юндэнгүүдийн нэг дуучин Э.Чинчулуун болон Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын теарт ажиллаж байхдаа “Мандах наран зүг” дуугаараа олонд танигдсан Д.Осгонбаяр нар ч  байлаа. Дуучид буриад ардын “Ёохор хатаръя” дууг олноороо, хормейстер Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Алтантуулын удирдлагаар, арай өөр найруулгаар дуулж, тойром бүжиг хийлээ. Энэ хэсэгт дуучдын алхаа гишгээ, харц, ёсолгоо зэрэгт ерөнхий найруулагч зааварчлаад буухад нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

Ерөнхий найруулагч “Өвөг дээдэс, зон олны аж байдлыг харуулахдаа, монголчууд нүүж явахдаа өөрсдийгөө баясган цэнгэх соёлыг бий болгосон юм, тэгэхдээ унаж, эдэлж байсан малынхаа арьс шир, яс, үсийг ч ашиглан төрөл бүрийн хөгжим, хэрэгсэл хийж дуугаргадаг, тоглодог байсан гэдгийг сануулж, үзүүлж, сонсгох гэсэн юм. Амнаас ам дамжуулан домог яриандаа авч явж, ардын дуундаа шингээж,  өнөөг хүртэл “амьтай” байлгаж ирсэн уламжлал, өв бол бидний баялаг юм гэдгийг мөн хэлэхийг зорьсон. Уламжлал бол манай театрын үүсэл бөгөөд оршин байх, бүтээн туурвихын эх үндэс. Тийм учраас өмнөх уран бүтээлүүдэд байсан ч, төдийлөн тод томруунаар гаргаж ирж байгаагүй зүйлс дээр анхаарал хандуулснаар төмөр, хулс, суухан хуурын хамтлагууд бүхий язгуур хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтад суурилсан концерт тоглох гэж байгаа юм.

Монголчууд бидэнд тойром бүжиг гэдэг гайхамшигт өв бий. Боржигончуудын уул, усаа тахих, буриад зон олны хувь галын баяр наадам хийхдээ бүжиглэдэг тойром, дархадуудын байгалиа шүтэн, газар аргадаж бүждэг гээд ястан бүрийн амьдралын хэв маяг, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон  тойром бүжгүүд бий. Эдгээрийг тайзны бүтээл болгож үзэгч, олон нийтэд хүргэхийг чухалчилж байна. Мөн аргал, янгирын болон үхрийн эврэн, бас урам бүрээг танилцуулах гэж байна. Энэ бүхнийг сэргээн, уран бүтээлдээ шинээр нэвтрүүлж байна. Ийнхүү эртний, уламжлалт хөгжим, урлагтаа шинэ цагийн уран бүтээлчийн сэтгэлээр хандаж байгаагаар монголчууддаа уламжлалаа алдалгүй, өв соёлоо дээдэлж байя, эндээс улс үндэстэн, эх орноо гэсэн сэтгэлгээ бүрэлддэг, батаждаг гэдгийг хэлэх гэсэн санаатай. Товчхондоо дотроо бодож явдгаа урлагаар дамжуулж ил гаргаж байгаа юм.

Уул бүхэн дуулдаг, ус гол бүхэн бүжиглэдэг, газар юм хэлдэг, байгальтайгаа зүй бусаар харилцаж болохгүй, тахин шүтэж явах ёстой юм шүү гэдгийг сануулах үүднээс тоглолтоо “Уул усны шивнээ гэж нэрлэсэн. “Уулын шивнээ” гэсэн нэгдүгээр хэсэгт төв халх, боржигончууд тэнгэр хангай, уул усаа хэрхэн тахин шүтэж, хишгийг нь хүртэн амьдарч ирэв, хоёр дахь хэсгээс буриадын яруу тансаг дуу хуурыг сонсож, тойром бүжгийг нь харна. Сэтгэл дэх бодлоо дуу болгосон мэт, гунигаар дамжуулж яруу тансаг мэдрэмж өгдөг ястан бол буриад. Гурав дахь хэсэгт дархад-цаатнууд газар шороогоо тахин хэрхэн бүжиж, нааддаг байсан тухай өгүүлнэ.

Тойром гэдэг нь бүлэг, овог, отог гэдэг утгыг хүрээгээр илэрхийлсэн нь юм. Тойрог буюу их, бага, дунд хүрээ гэж байсан бөгөөд эв саналаа нэгтгэн тойрог, тойрмоороо бүжиглэн цэнгэдэг байжээ. Энэ бүхний тухай өгүүлэх тоглолтод ирэх үзэгчид хотын утаанаас гэв гэнэт цэнгэг агаартай байгальд ирсэн мэт болно. Манай зураачид тайзаа тэгж засаж байгаа” гэлээ.

Энэ жил ҮУИТ-ын хөгжимчдийн дунд явуулсан мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын болзолд “Эмэгтэй хөгжимчид хулсан хуур тоглож сурсан байх” гэсэн заалт оруулсны үрээр шанзчин,  ятгачин гээд бүгд хулсан хуур сурч, шалгалтаа амжилттай өгчээ. Эрэгтэйчүүд морин хуур тоглож, товшуур ч цохихын зэрэгцээ хөөмийлдөг. Эмэгтэйчүүд бас үндсэн зэмсгээрээ тоглохын сацуу өөр хөгжмөөр тоглож хүч нэмдэг байх нь зүйтэй гэж үзсэнээр ийм нэгэн дэвшил гаргажээ. Энэ сарын 18-нд үзэгчдэд  хүргэх “Уул, усны шивнээ” тоглолтоор бүсгүй хөгжимчид нэмж сурсан  эрдмээ харуулах юм байна.

Р.Оюунжаргал

“Өнөөдөр” сонины 2018.12.12-ны дугаарт

Гэрэл зургийг Г.Аргуужин

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ