Н.Жанцанноров: Хүн өлгийн өлгийн өлгийгөө хайрлах ёстой юм

0
141

suvdТөрийн шагналт, түүхч, академич Ш.Нацагдоржийн зохиолоор Төрийн шагналт найруулагч Б.Балжиннямын бүтээсэн “Мандухай сэцэн хатан” уран сайхны кино үзэгчдэд хүрснээс хойш 30 жил болжээ. Монголын  түүхийн ээдрээтэй гурван арван өнгөрсний хойно уг бүтээлд хөгжмийн зохиолчоор ажилласан Төрийн  хошой шагналт Н.Жанцанноров киноны хөгжмийг тусад нь тоглуулан, тухайн үед кинонд гол болон туслах дүр бүтээсэн ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, олон түмэнд ч хөгжмийг дангаар нь сонсгох санаачилга гаргаад буй юм. “Сэцэн Мандухай хатан” тоглолт энэ сарын 22,23-нд “Корпорэйт” концертын танхимд болно. Хөгжмийн болоод кино урлагийн түүхэнд тодоор бичиж үлдээх уг үйл явдлыг угтуулан хөгжмийн зохиолчоор “Мандухай сэцэн хатан” кино хэрхэн хөгжимтэй болсон талаар яриулсан юм.

-Чингис хааны ч нэрийг дурддаггүй байсан 1980-аад онд Мандухай сэцэн хатны тухай кино хийх санаа чухам хэнд төрсөн юм бэ?

-Аливаа юм бүхэн үндэстэй байдаг. Үүний нэгэн адил “Мандухай сэцэн хатан” кино бүтэх түүхэн боломж, дэвсгэр бүрдсэн байсанюм. Үндэс, суурь 1985 оноос эхтэй. Бүгдийг багтаах гэвэл урт яриа болно. Тэр үед үзэл санааны хувьд нэлээд шинэчлэгч Сумъяа гуай Соёлын сайд байсан үе. Нэртэй эрдэмтэн л дээ. МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай гуай, 1984 онд хойд хөршид М.Горбачёв дөнгөж гарч ирж байхад, Прага хотод төвтэй социалист орнуудын “”Энх тайван, социализмын асуудал” гэдэг сэтгүүлд Монголыг Монголоор нь хөгжүүлнэ гэсэн агуулгатай өгүүлэл бичсэн юм.

-Зөвлөлтийн далбаанаас гаргана гэсэн санаа байх нь.

-Тэр бол Монголын хөгжлийн асуудлаар зоригтой дуугарсан айхтар алсын хараатай алхам байлаа. Өнөөдөр хэн хүнгүй нийгмийн шинэчлэлийн суурь 1990 оноос эхтэй гэж ярьдаг. Гэтэл нэлээд хэдэн жилийн өмнөөс дохио дуугарч эхэлсэн байсан. Тухайн үеийн гэрч болсон улсууд байгаа дээр түүхийг үнэн мөнөөр нь бичиж, үлдээх хэрэгтэй юм.

Үүний зэрэгцээ бас нэгэн үйл явдал болсон. 1982 оны төгсгөл, 1983 оны эхээр бидний хэдэн хүн санаачилж язгуур урлагийн анхдугаар үзлэг, наадам зохион байгуулсан юм. Урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандан, Хөгжмийн холбооны Ж.Бадраа, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд Доржсүрэн бид санаа нийлж зүтгүүлсэн л дээ. Тэгэхэд би МАХН-ын Төв хороонд ажиллаж байсан болохоор Төв хорооноос шийдвэр гаргуулах талд нь нөлөөлөх үүрэгтэй. Багийнхан саналаа оруулж ирэхэд нь шугамын дагуу хүлээж авч, шийдвэрлүүлж байлаа. Язгуур урлагийн үзлэг, наадам зохион байгуулснаар морин хуур, икэл, биелгээ, хөөмий, товшуур зэрэг язгуур урлагийн төрлүүдийг шинэ цаг үед дахин нээсэн юм. Үүний дараа Монголын хөгжмийн зохиолчдын холбоо Олон улсын хөгжмийн зөвлөлийн гишүүний хувьд Азийн хөгжмийн VII индэр симпозиум-фестивалийг Монгол Улсад зохион байгуулах асуудлыг ЮНЕСКО-д асуудал болгон тавихад шийдэгдсэн. Ингэж анх удаа манай улсад 1985 онд Азийн 14 орны, тэр дундаа Япон, БНХАУ-ын уран бүтээлчид оролцсон их наадам болсон.  Хятадын 14, Японы дөрвөн хөгжимчин ирж байлаа. Гадаадын төлөөлөгчдийг ЮНЕСКО-гийн Олон улсын хөгжмийн зөвлөлийн хүндэт ерөнхийлөгч Наръяана Менон гэдэг Энэтхэгийн академич, их том хөгжим судлаач толгойлон, дэд ерөнхийлөгч  хөөмий судалдаг Францын иргэн, вьетнам гаралтай мэргэжилтэн  Тран Ван Хэ дагалдан ирсэн. Ингээд Монгол Улс олон улсын хэмжээний томоохон соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Язгуур урлагийн наадмыг эх орондоо маш бодлоготой явуулсан. 1982 оноос улс даяар үзээд, 1983 оны хоёрдугаар сард нийслэлд хэдэн өдрийн турш үргэлжлүүлж байж, бидэнд үлдсэн юмаа олж авч, түүнийгээ дэлхийд танилцуулъя гэсэн зорилго агуулж байлаа. Дэлхийн хөгжмийн тэр мундаг зүтгэлтнүүдэд зориулж Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор найруулан, язгуур болон орчин цагийн хөгжмийн урлагийн үзүүлбэрүүдээс бүрдсэн концертыг долоон орой тоглосон доо. Тагнай ташихаас авхуулаад “Учиртай гурван толгой” дууриа хүртэл үзүүлсэн. Би тэгэхэд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга байв. Орлогчоор уртын дуу судлаач, доктор Д.Оюунцэцэг ажиллаж байлаа. Наадмыг зохион байгуулах комиссын дарга нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд Д.Цэвэгмид, би орлогч нь. Ингээд тал талаасаа зүтгэж, засаг шууд оролцож том наадам хийснээр монголчууд үндэсний урлагийн ямар өвтэй юм бэ гэдэг харагдсан. Үр дүн тэр даруйгаас гарч эхэлсэн. Тэр жил Б.Шаравын “Замбуутивийн наран” бүтээл “ЮНЕСКО-гийн алтан сан”-д орсон. ЮНЕСКО манайхыг тоодог боллоо. Дараагийн наадмыг Вьетнам улс зохион байгуулахдаа  манай улсын уран бүтээлчдийг урьсан. Ингээд урлаг талын гадаад харилцааэхэлсэн. Нэг зүйлийг тодруулах ёстой. 1973 онд Н.Норовбанзад гуайн дуулсан уртын дуу, Ардын жүжигчин Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” ЮНЕСКО-д бүртгэгдсэн байсан юм шүү. Яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр тэр язгуур урлагийн наадмын үеэр ил болсон ардын дуу хуур, хөгжим зэмсгүүдийг хөгжмийн зохиомж, бүтээлд нэвтрүүлэх санаа хөгжмийн  зохиолчдод төрж эхэлсэн түүхтэй.

Б.Балжинням найруулагчийн бүтээл “Гарын таван хуруу” киноны хөгжим бичихдээ би аман хуур агшигласан байсан юм. Кино найруулагчид бүхнийг анзаарч, харж явдаг хүмүүс. Б.Балжинням “Мандухай сэцэн хатан” кино хийх болохдоо түүхэн сэдэвтэй, үндэсний агуулгатай томоохон хэмжээний уран сайхны киноны хөгжмийг хэнээр бичүүлэхээ нэлээд бодсон биз дээ. Магадгүй аман хуур ч болов дуугаргах байх гэж бодсон уу, намайг бич гэсэн юм.

-Аман хуур байтугай зэмсгүүд дуугаргажээ.

-Бас жаахан оршил ярих болох нь. 1984, 1985 оноос оюун санааны сэргэлтийн үе эхлэхтэй сацуу үзэл суртал суларч ирсэн. Үүнтэй зэрэгцээд томоохон романууд төрж эхэлсэн. Ш.Нацагдорж гуай “Мандухай хатан” түүхэн романаа бичлээ. Кино найруулагч Д.Жигжид гуайд түүгээр нь кино хийх санаа төржээ. Ингээд Д.Жигжид гуай бүх ажлыг хөөцөлдөж, хөрөнгө санхүүг нь ч шийдүүлсэн юм билээ. Гол дүрд тоглуулахаар жүжигчин Н.Сувдыг сонгосон байсан. Хөгжмийн зохиолчоор Б.Дамдинсүрэн гуайг сонгоод байсан юм шиг байна лээ. Тэд олон кино хамтарч хийсэн л дээ. Томчууд шүү дээ. Удалгүй Д.Жигжид гуайн бие муудсан. Тэгэхэд нэгэнт эхлүүлсэн томоохон ажлыг өөр найруулагчид шилжүүлэх болохгүй юу. “Монгол кино” үйлдвэр засаг, төрийн оролцоотой эхлүүлсэн болохоор хамтарч шийдвэр гаргаж, тухайн үед шинэ гарч ирсэн, нэлээд хэдэн сайн кино хийсэн байсан Б.Балжинням найруулагчид ажлыг шилжүүллээ. Шинэ найруулагч зураачаар Б.Пүрэвсүхийг, зураглаачаар Л.Шаравдоржийг, хөгжмийн зохиолчоор намайг сонгож, хамтарч ажиллах болсон доо. Б.Балжинням надтай бараг үеийнх. Тэгээд ч өмнө нь бид хоёр “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”гэсэн кинонууд дээр ажилласан болохоор бие биеэ ойлгох улс, “Хөгжмийг чи бич” л гэсэн.

-Том хөгжмийн зохиолчидбүгд байсан үе дээ.

-Үнэн. Би хожим бодож байсан удаатай. Тухайн үед Б.Балжиням найруулагч хөгжмийн зохиолчоор өөр хэнийг сонгож болох байсан бэ гэж. Л.Мөрдорж, Ц.Намсрайжав гуай хоёрын хэн нэгийг сонгож болох байсан болов уу. Гэхдээ үе бол Б.Балжиннямаас өндөр. С.Гончигсумлаа гуайг киноны хөгжим бичихгүй гэж бодож байсан байх. Б.Дамдинсүрэн гуайд санал тавих байсан байж магадгүй. “Ацаг шүдний зөрүү” киноны хөгжим биччихсэн байсан үе. Их сайн хөгжим болсон. Мөн “Жаргал даахгүйн зовлон”-гийн хөгжмийг бас бичсэн санагдаад байдаг юм. Э.Чойдог уран сайхны киноны хөгжим төдийлөн олныг бичээгүй байсан. Уран сайхныхаас гэвэл “Нар хиртсэн жил”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”, харин баримтат төрөлд “Монголын сайхан орон” киноны хөгжим зохиосон байсан л даа. Гэхдээ Э.Чойдог гуай уран сайхны кинонд томчууд дундаа тод байгаагүй. Энэ мэтийн зүйл бодоод ерөөсөө дунд үеийнхэнтэй ажиллая гэж бодсон байх.

-Дунд гэхээр таны үеийнхэн үү?

-Тийм. Тухайн үед З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав нар гарч ирсэн байсан үе. Х.Билэгжаргал хараахан танигдаагүй байлаа. Тэгэхээр З.Хангал тухайн үед ерөөсөө л кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн хөгжмийн зохиолч болчихсон байлаа.

-“Өмчилсөн” мэт үү?

-Тэр хоёр гар нийлдэг, дагнаж хамтардаг байлаа. “Суварган цэнхэр уулс”, “Тань руу нүүж явна”, хувьсгалын тухай “Хатабаатар Магсаржав” гэдэг кино байна. Маш сайн хөгжимтэйбүтээлүүд. Ерөөсөө л аварга. Ц.Нацагдорж бол симфонич. Их өргөнөөр сэтгэж, боддог. Найруулагч Х.Дамдинтай “Сүхбаатарын бага нас” зэрэг кинонд хамтарч ажилласан. З.Хангал бол нэлээд орчин үеийн хандлагатай. Зөвлөлтийн 1960-аад оны киноны хөгжмийн барилтай. Бидний үеийнхнээс Б.Шарав “Илүү сартай зун” кинонд сайхан хөгжим бичсэн. Лав “Сэтгэлийн эгшиг” нь энэ киноны хөгжмийн хэсэг. Мөн  “Гэгээн алсад одох юм сан” гэдэг сайхан аялгуу нь ч түүний бас нэгэн киноных нь гэж санадаг. Д.Жигжид гуайн “Ард Аюуш”-д бичсэн хөгжим нь ч агуулгыг тун сайн илэрхийлсэн байдаг. Найруулагч Б.Балжиннямын хувьд хөгжмийн зохиолч Б.Шарав киноны хөгжмийн зохиолч гэдгээр баригдаж өгөхгүй байсан болов уу гэж боддог.

-Нээрэн Монголын уран сайхны кинонуудад хэдхэн хөгжмийн зохиолч ажилласан байдаг. Таны хэлж байгаачлан “аваргуудын үе”-ийнхэн, тэгээд сая нэр дурдсан дунд үеийхэн хөгжим бичсэн байх юм билээ.

-Манай үеийнхнээс киноны хөгжимд томоохон алхаж орж ирсэн нь энэ л хэдэн хүн. Тэгэхээр Б.Балжинням найруулагч сурснаараа гээд надтай үзэж тарахаар шийдсэн байх гэж боддог. Түрүү ярьсан аман хуур мэтийн үндэсний хөгжим гэсэн санаа байсны зэрэгцээ төрийн түшмэлээр ажилладаг учраас  түүхэн, нийгмийн сэдвийг арай ойр мэдрэх болов уу гэж  бодсон байх талтай.

-Хөгжмийг ямар дэс дараалалтай, яаж бичсэн бэ?

suvd 2-Б.Балжинням надад кино зохиолыг найруулагчийн зохиолтой хамт өгсөн. Би уншсан. Киноны уран бүтээлийн удирдлагын багийнхан дөрвүүл нэлээд хэдэн удаа хамт сууж ажилласан. Зураг авалтын төлөвлөгөөний дагуу ярина даа. Миний саналыг хоёр зүйл дээр хүлээж аваагүйд одоо хүртэл сэтгэл жаахан дундуур байдаг юм. Тал дүүрэн малын зураг авч чадаагүй. Нүүдлийн соёлтой Монгол Улсын түүхийн нэгэн үеийн тухай өгүүлэх уран сайхны кино шүү дээ. Би хоёр ч удаа хэлсэн, тэгсэн байдаггүй. “Сэрэлт” кинонд л гэхэд төгсгөлд нь Ц.Цэгмэд гуай ямар гоё тал дүүрэн мал дунд хаахалзаж байдаг билээ. Маш олон адуу орж ирж байгаагаар төгсгөдөг биз дээ. “Мандухай” дээр гол өгсөөд давхиж байгаа хоёр мянган адуу, эсвэл талд цацсан хонь, үгүй бол тэмээн жингийн цуваа, ийм амьдралын гоё зураг авч өгсөн бол.

Магадгүй би драматургийн талын нарийн юмыг мэдэхгүй учраас би зохимжгүй асуудал тавьж байсан байж болох юм. Тийм сайхан зурагнууд байсан бол гэж одоо ч боддог. Уул даваад гарч ирж байгаа адуун сүрэг байхгүй. Дандаа л ордон дотор байлдаад л, хов жив яриад л байдаг. Тийм биз дээ (хөхрөв). Би “Та нар дэлгээд өгөөч дээ” л гээд байсан. Санаснаар болоогүй.

-Уг нь их гоё хөгжим бичих гээд байдаг.

-Тийм. Бодчихсон, дотооддоо эгшиглүүлээд л (инээв). Хоёр газар захиалга өгснийг харин биелүүлсэн. Мандухай хатан хүүхэдтэй болсноо Хархорины Уйгарын хадын балгас дээр очиж хэлдэг. “Би хүүтэй боллоо“ гэж хашхирдаг даа. Түүний өмнө хаан, тэр хоёр ордноос гараад цэцэгт талаар явдаг. Тэр хэсгийн зургийг нэлээд уртхан гэх үү, удаан авч өгөөч гэж хүсэхэд яг санаснаар авсан байлаа. Түүнд эх орон гэсэн сэдэвтэй санаа, хөгжмөө оруулж өгсөн. Нөгөөх нь дүр бүтээж яваа Ардын жүжигчин Д.Жаргалсайхан морьтон баатруудтай нуурын хажуугаар явж байдаг хэсэг юм. Тэнд ашгүй хэдэн тооны мал харагддаг. Газрын байдал уудам хөндийтэй. Д.Жаргалсайхан гуай “Сайхан зун болж байна аа” гэж ярьж явдаг санагдаж байна. Энэ хоёр дээр санаснаа хийж өгсөн. Гэхдээ л Монголын байгаль, аж байдалтай холбоотой зураг ороогүйд гомдолтой хоцорсон.

-Та зураг авалтын талбайд очоогүй гэж ярьсан байсан. Яагаад очоогүй вэ?

suvd 1-Үнэндээ би нэг ч удаа зураг авалтын талбайд очоогүй. Тухайн үед би даргын алба, улс төрийн ажил гээд элдэв татлаатай байсан болохоор очиж чадаагүй. Талбайд юу болж байсан тухайд дандаа мэдээлэлтэй байлаа. Соёлын яамны сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга, Намын төв хороонд бас“сэтэртэй”. Хөгжим бичиж буй, мэдээлэлд ойр хүний хувьд талбайд юу болж байгааг, юу болох тухай ч бүгдийг мэддэг байлаа. Киноны уран бүтээлчид гэхэд 1000-аад хүн байдаг.

Киноны төгсгөлийн байлдаантай хэсгүүдийн зургийг авах үед жанжин штабын дарга Б.Пүрэвдорж гуай 3000 орчим цэрэг командлаад, явуулын хэд хэдэн талхны үйлдвэртэй явсан юм билээ.  Элсэн тасархайд байрлаад, өдөрт 150 хонины нормтой ч бил үү ажилласан гэдэг. Нэг хүн хоногт 862 грамм мах идэж байсан гэсэн тооцоо гарлаа ч гэж байсан. Төр, засгаас кинонд ингэж анхаарч байв.

-Тэр олон цэрэг, хүн тэнд хэл хоносон бол?

-Сар гаруй болсон байх шүү. Төгсгөл хэсгийн байлдаанууд, цэргүүдийн жагсаал, Мандухай “Морь” гэж сүрлэг хэлээд дайраад ордог хэсэг, Мандухайн оршуулга гээд олны хэсэгтэй бүхий л зургийг Хөгнө ханы хавцлуудаар авсан.

-Та энэ киноны хөгжимд хэлэх гэснээ шингээж чадсан уу?

-Төр улс буюу төрийн хар хайрцагны бодлого гэж ямар эрхэм чухал зүйл байдаг юм бэ, эх орон, түүнийг хайрлах ухаан иргэн хүнд байх ёстой гэж хэлэхийг хүссэн. Эх орон гэхээс илүү яг одоо санаанд орж байгаагаар хэлэхэд хүн бол өлгийн өлгийн өлгийгөө хайрлаж байх ёстой юм шүү гэдгийг ноот бүртээ шингээхийг хичээсэн. Нэг ёсондоо шувуугаар бол үүрээ, улмаар үр удмаа хайрлах ёстой юм гэсэн санаа. Гуравдугаарт монгол хүн тэнгэр, газар лугаа адил өршөөгч, тийм сэтгэлтэн юм гэсэн зүрхний чанадын бодлоо шигтгэхийг оролдсон. Тухайн үед энэ мэтийг бодож, байдгаараа хичээж ажиллаж байсан. Чухал үүрэг хүлээснээ ухамсарлаж байлаа. Бидний хэн маань ч адил. Тэр үед алдаа гаргахгүйгхичээж байсан болохоос юун өнөөдөр 30 жилийн тоглолт болох, кино болоод хөгжим ард түмний дуртай бүтээл болох, уран бүтээлийн багийнхан бүгд Төрийн шагнал авах тухай бол бүр ч бодож байгаагүй. Ийм л түүх ярихаар байна.

“Сэцэн Мандухай хатан” тоглолт энэ сарын 22,23-нд “Корпорэйт” концертын танхимд болно. Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглохын сацуу ДБЭТ-ын найрал дуучид, хөөмийчид, уртын дуучид дуун түрлэг хадаана.

Үзэгчид цаг хугацааны машинд суун тэртээ 1988 он руу зорчин, “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтын талбайд очих мэт уур амьсгалд эзэмдүүлнэ. Хөгжмийн зохиолчийн төр улсаа дээдлэн, эх орноо буюу өлгийн өлгийн өлгийгөө хайрлан хайрлах монгол хүмүүний сэтгэлийг дуулан туурвисан хөгжмийн бүтээлийг таашаан, нэгэн үдэш баярлан цэнгээрэй.    

Р.Оюунжаргал

“Өнөөдөр” сонины 2018.12.18-ны дугаарт нийтэлсэн

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ