Б.Зоригт: “Монголын сайхан орон”-ыг бүрнээр нь тоглох гэж байна

0
34
Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт 3 дугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байгаа юм. Тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно. Багшаас тоглолтынх нь талаар мэдээлэл авсан юм.

-“Найруулга” тоглолтоо 10 дахь жилдээ хийсэн үдшээ та үзэгчдэдээ “Дахиж ийм тоглолт хийхгүй, бидний бэлтгэсэн тоглолтыг жил бүр үздэг хүн ч бий, хааяа ирдэг нь ч ий. Би бүгдээс нь уучлалт хүсэж байна, тоглолтоо үүгээр өндөрлөж байна гэж хэлсэн. Гэтэл одоо дахиад зарлажээ. Тухайн үед яагаад тэгж хэлсэн бэ?
-Тэр үед үнэхээр дахиж тоглохгүй гэж бодож байсан.
-Яагаад?
-Тоглолтыг арван жил дараалан хийхэд уран бүтээлийн хувьд ахиж дэвшиж байсан нь урам байсан л даа. Гэхдээ жил бүр дэмжигч хайж явах амаргүй байлаа. Арван жилийн хугацаанд биднийг дэмжих хүмүүс нь дэмжээд болчихсон юм шиг, дахиж тоглоход үзэх хүн олдохгүй ч юм шиг санагдаж байлаа. Зардал нэлээд гаргаад, тоглолтын дараа санхүүгийн үзүүлэлт хасах сууж байх тийм ч таатай биш. Гэсэн ч бид уран бүтээлийн төлөө, хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө, ядаж тэд маань үзэгчдийн өмнө чөлөөтэй тоглодог болоосой, хөгжим найруулдаг, зохиодог залуус гарч ирээсэй гэж бодсондоо Б.Ганхөлөг бид хоёр зүтгүүлж байлаа. Хоёрдугаарт ядарсан байсан. Найруулга гэдэг маань хөгжмийн зохиолуудыг цохивор хөгжмийн чуулгад зориулж найруулж, хөрвүүлж бичихийг хэлж байгаа юм шүү дээ. Нэг тоглолтын хөтөлбөрт багтсан зохиолуудыг найруулах гэж жилийн туршийн ажил болдог. Эхний хэдэн жил би ганцаараа найруулдаг байлаа. Сүүлдээ оюутан, сурагчдаа дайчилдаг болсон. Тэдэнд бас сорилт болох нь ч хэрэг. Найруулж байсан хүүхдүүд дундаас одоо хөгжмийн зохиол бичиж эхэлж байна. Энэ бол тоглолтын чухал үр дүн. Иймэрхүү шалтгаануудаар дахиж тоглохгүй гэж зарласан юм. Өнжиж үзлээ. Биед бол амар юм аа. Тэгтэл дахиж тоглох зайлшгүй хоёр шалтгаан байв. Нэгд, Улсын багшийн их сургуулийн, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамт олноороо дэмжээд бүх оюутнуудаа үзүүлдэг жишиг тогтоосон юм. Одоо гурав дахь жилдээ бүгд үзэх гэж байна. Тоглолтоо тайлбартай явуулдаг, олон зохиол багтаадаг, тус бүрийнх нь тухай ярихад танин мэдэхүйн маш их мэдлэг олгодог, сургуулиа төгсөөд бага насны хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтнүүд олон талын мэдлэгтэй, хөгжим сонсож сурсан, соёлтой боловсон хүчнүүд байх ёстой гэж үзээд, хичээлийн хөтөлбөр болгон зохион байгуулаад, оюутан тус бүрийг 10 мянган төгрөгөөр үзүүлдэг болсон юм. Олны хүч оломгүй далай. Ингэж харилцан бие биеэ дэмждэг болсон байсан. Тэдний бидэнд үзүүлдэг хүндэтгэлийг талаар болгож болохгүй байв.
-Ийм гоё тоглолтын тасалбарыг 10 мянгаар үнэлэхэд хайран юм аа даа.
-Олуул үздэг тусдаа үнэ юм. Түүнээс 10 мянга биш л дээ. 400 оюутан үзэхэд дөрвөн сая төгрөг болно гэдэг чинь болж байгаа биз дээ. Ийм их тус, үнэнч хамтын ажиллагаа гэж хаа байх вэ.
-Танилцуулга дээр Э.Чойдогийн “Монголын сайхан орон” гэж л бичсэн байна. Өөр хөгжим тоглоно биз дээ?
-Тийм ээ. Энэ суурь зохиол нь юм. Манай оюутнуудын найруулсан хэд хэдэн зохиол нэмэгдэнэ. “Найруулга” тоглолт цаашаа явахгүй ч, урын сан үргэлж баяжиж байх ёстой. Тэр утгаар би юм хийж байсан юм. Ардын жүжигчин Ж.Чулуун гуайн “Уран Хас” балетын хөгжмийн 80 хувийг найруулаад байлаа. Тийм болохоор мэндэлсний нь 90 жилийн ойд зориулаад тэр хөгжмөө өнгөрсөн өвөл тоглосон. Мөн өнгөрсөн намар Өвөрмонгол руу 25 хоногийн хугацаагаар ажлаар явахдаа хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Э.Чойдогийн “Монголын сайхан орон” зохиолын партитурыг аваад явсан юм. Дээхнэ үеэс энэ зохиолын найруулгыг зуун хувь хийхсэн гэж бодоод явсан юм л даа. Сая л санаагаа гүйцээлээ. Энд нэг зүйлийг ярих хэрэг гарах нь. Энэ зохиолын үндсэн эх партитур нь манай улсад байдаггүй байлаа. 1961 оноос хойш ХБНГУ-д байгаад байсан. 1990-ээд оны дундуур Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн “Алтан өргөө” киноны хөгжмийн паритурыг эх орондоо авчирсан шүү дээ. Санаж байна уу. 2015 онд юм. Тэр зуны наадмын концертын найруулагч, “Саунд оф Монголиа”-гийн М.Уянга надтай уулзаж, ярилцлаа. Зөвлөгөө авсан юм. “Багш аа, хөгжмийн ямар бүтээл тогловол шинэлэг болох вэ” гэхгүй юү. Тэгэхээр нь би санаандгүй “Алтан өргөө”-г авчирсан шиг, “Монголын сайхан орон”-ыг Германаас авчраад, мэдээж бүгдийг нь биш, хэсгээс нь тоглуулбал сонин сайхан юм болно доо. Өнөөх тринозаврбатаар бил үү, түүнийг авчирснаас илүү чухал юм болно доо” гэсэн юм. Аваад ирэх юм ч гэж бодоогүй. Тэгтэл М.Уянга нөхөр, Германд сургууль төгссөн Х.Дамдинсүрэндээ хэлээд, Х.Дамдинсүрэн нь Шадар сайдын зөвлөх гэдэг утгаар Шадар сайд У.Хүрэлсүхэд дуулгаад. Тэгэхэд нь Шадар сайд манай улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт тавьжээ. Тэгтэл Элчин сайдын яам маш шуурхай ажилласнаар “Монголын сайхан орон” зохиолын эх партитур эх орондоо ирсэн түүхтэй. Тэгэхээр монгол хүний оюун санааны охь болсон энэ бүтээл Б.Зоригт багшийн санаачилгаар, Шадар сайд У.Хүрэлсүхийн оролцоотой, “Саунд оф Монголиа”-гийн М.Уянгын зүтгэлээр Монголдоо ирсэн байгаа биз.
-Тийм юм аа.
-Үүнийг би Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэх түүхэн үйл явдал гэж боддог юм. Би өмнө нь 2012 онд Ж.Мэнд-Амар гуайн хийсэн партитураас санаа авч 1,2,3,4-ийг нь найруулж тоглосон байсан. Зохиол эхээрээ ирэхэд нь санаачлагчийн хувиар 5,6.7,8-ыг нь гүйцээж найруулан бүрэн болгов. Энэ хичээлийн жилд амжуулсан томоохон ажил. Үүнийгээ “Найруулга-2019” тоглолтынхоо суурь бүтээл болгож байна.
-“Найруулга” тоглолтоо дахиж хийх хоёр шалтгаан бий гэсэн. Нөгөөх нь юу вэ?
-Манай сургуулийн гадаа талбай цэвэрлэдэг Бат-Эрдэнэ гэдэг үйлчлэгч надаас байнга “Багш аа, шинэ уран бүтээлийн тоглолт нь хэзээ болох вэ” гэж асуудаг. Мужаан Борхүү бас үргэж асууна. Энэ хүмүүс 10 жилийн ойн тоглолт үзсэн, намайг дахиж тоглохгүй гэхийг сонссон ч гэсэн үнэхээр ингээд больчихно гэж бодохгүй байна л даа. Үнэхээр сонсохыг хүсээд байгаа юм. Бид манай хоёр шиг эгэл жирийн үзэгч, сонсогчдын сэтгэлд хүртэл тоглож байсан юм байна гэж бодоод, ойлгоод, ингээд орхичихож болохгүй юм байна гэж ухаарсан. Тэгээд өвөл “Найруулга-2018” гээд, одоо “Найруулга-2019” гээд, өөрөөр хэлбэл нэг хичээлийн жилд хоёр удаа тоглох гэж байгаа маань энэ.
-Танд болон шавь нарт нь амжилт хүсье.
-Баярлалаа.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ