Нугардаг, уярдаг, хайрладаг

0
126

Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн мэндэлсний 80 жилийн ой тохиож байна. Гэр бүл, үр хүүхдүүд нь аавынхаа, ханийнхаа тэгш ойн баярыг  хөгжмийн урлагийн хөгжилд тустай цуврал арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэх гэж байна. Түүний охин төгөлдөр хуурч, Консерваторийн багш, дэд профессор С.Саянцэцэгийн шавь нарын нэгдсэн тоглолт энэ сарын 27-нд Консерваторид болно. Тус сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн сурагчдын дунд хөгжмийн зохиолчийн нэрэмжит ур чадварын уралдаан ирэх сарын 1-нд явуулна. Харин маргааш нь Улсын филармонид Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн багш, төгөлдөр хуурч Д.Людковын тоглолттой. Тэрбээр төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн уран бүтээлийн хамтрагч юм.

Хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалд зориулан дурсамж нийтлэл бэлтгэлээ.

Чойгив гуай сүрхий хүн байж. Эхээс өнчирсөн олон хүүхдээ амьдралтай эрт залгуулах нь дээр гэж үзсэн үү, лав алаг нүдэн, сэргэлэн цовоо Ч.Сангидорж хүүгээ мал дээр ч гаргалгүй, багад нь сургууль бараадуулжээ. 1950-иад онд айлууд хүүхдээ сургуульд явуулах дургүй, ёс юм шиг арав хүргэж байж илгээдэг байсан бол Санги хүү наймтайдаа Баянхонгор аймгийн хуучны төвийн дунд сургуулийн босгыг хэдийнэ алхсан байв. Тэрбээр хаанаас, хэрхэн сурсан юм, нугардаг хүү байжээ. Урлаг, уран сайхны арга хэмжээ болоход сургуулийн захиргаа хэдэн хүүхдийг “улаан туг”-аа болгох бөгөөд уран нугараач хүүг хамгийн түрүүн нэр заан дайчилдаг байж гэнэ. Нэг удаа сайн нугараад, савхин гутлаар шагнуулах болзол хангасан ч, сахилгагүй гээд шагналыг нь өгөөгүй.

Ч.Сангидоржийн төрүүлсэн ижий нь эрт нас баржээ. Өргөж авсан ээж нь бас эрт хорвоог орхиход тэр бүсгүйн ижий хүүг тэврэн, хөтлөн өсгөсөн юм билээ. Эмэгтэй ингэ саахаар гарах бүртээ хүүд жижиг бор тагшийг нь өвөртлүүлэн дагуулах бөгөөд хамгийн түрүүн саасан ингэний халуун саам уулгаж эрхлүүлдэг байж гэнэ. Хөгжмийн зохиолч “Миний ээж тэмээчин” дуугаа энэ ижийдээ зориулсан юм билээ. Хүний дайтай өсгөж, хүмүүжүүлсэн ижийгээ хайрлан санах сэтгэл нь мэлмэрүүлэн уясгах ая эгшиг болон мөнхөрч дээ.

Санги хүүг долдугаар анги төгсөхөд нь аав нь Доржсэмбээ, Доржсүрэн гэдэг хоёр ахтай нь хамт ачааны машинд суулгаад Улаанбаатар руу илгээжээ. Хөвгүүддээ дунд нь 50 төгрөг өгч. “Хүний хүүхдүүд хот хүрээ ороод, сургуульд орох нь орж, ажил хийх нь ажил хийж байгаа юм байна. Та нар ч гэсэн яв. Нутгийн ахан дүүс айл гэр болчихсон байгаа. Арга ядвал яваад очиход чинь цаашаа гэхгүй” гэсэн биз ээ. Юутай ч учир мэдэхгүй ах дүү гурав их хөлийн газар ирээд хэсэг дуниартсан биз ээ. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хожим Багшийн дээд сургуулийн хажуугаар явах болгондоо гэргий Б.Бадамгэрэлдээ тус сургуулийн хашааг зааж “Бид хөдөөнөөс  ирсэн даруйдаа энэ хашаанд  байдаг байсан нутгийн, хамаатан болох Ш.Маамхүү багшийнд их ирдэг байж билээ. Сайн хүмүүс байдаг юм” гэж ярьж байжээ.

Ах дүүс хүүхэд байхын урлагт дуртай. Ах нар нь урлагийн сургуульд суралцаж, мэргэжил эзэмшиж аваад тус тусын замаар одож. Харин Ч.Сангидоржид хэн зам заасан юм, Хүн эмнэлгийн техникумын эм зүйчийн ангид орчихож. Тэр сургуулиа 18 настай төгсөөд Төрийн ордны ард талын I эмийн сан, одоогийн Занабазрын музейн ард байсан эм хангамжийн газар, бас орон нутагт гээд ер нь 20 нас хүртлээ энэ чиглэлээр ажилласан байна. Нэг хэсэг эмийн сангийн эрхлэгч ч байж. Тэгж байтал Багшийн сургуульд хөгжмийн багшийн анги нээгдэхэд хэзээний урлагт чихтэй сэргэлэн залуу яваад очжээ. Хөгжмийн онолч Д.Жанчив багш нь ангидаа хүлээж авав. Ингээд Санги Монголын хөгжмийн үе үеийн алдартан төрөн гарсан тус ангийн анхны төгсөгчдийн нэг болжээ.

“Бор тагшны божгор хүү” урлаг хэмээх нарийн төвөгтэй замд эргэлт буцалтгүй орсноор удалгүй ЗХУ-д хөгжмийн зохиолч мэргэжлээх суралцахаар одов. Казахстаны нийслэл Алматы хотын  Курмангазын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн оюутан болж, үеийн нөхөр З.Хангалын хамт галт тэргэнд суугаад алсыг зорьжээ. Тэгэхэд Ч.Сангидоржийнх гурван хүүхэдтэй болсон байв. Гэргий Б.Бадамгэрэлтэйгээ Төв аймагт танилцаж, дотноссон юм билээ. Тухайн үед Анагаах ухааны дунд сургууль төгсөөд тус аймагт арьс өнгөний диспансер хариуцсан ахлах бага эмчээр хуваарилагдаж очоод байсан, уран сайханд гаргуун Б.Бадамгэрэлийг аймгийн соёлын ордон драмын гурван жүжигт тоглуулахаар дайчилсан байжээ. Тэр үед хөгжмийн багш Ч.Сангидорж Ч.Ойдовын “Жаргалыг хүссэн Мөнхөө”-г дуут драм болгох даалгавартай очоод байж. Нэг нь жүжгийн хөгжим бичиж, нөгөөх нь тоглоод хоёр тийш явсангүй, тоонот гэрт толгой холбох хувь заяатай хос байжээ. Тэд аймгийн төвд хэсэг амьдарч байгаад 1964 онд Улаанбаатарт бүрмөсөн иржээ.

Хайртай гэргий нь ойрхон төрсөн хүүхдүүдээ асарч, өсгөх зуур нөхөр Сангидорж нь хөгжмийн зохиолч болохоор шамдан суралцсаар төгсөж ирэв. Багшийн сургуульдаа багшлахаар очив. Одогооос хэдхэн жилийн өмнө хөгжмийн онолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жанчив ярилцлагадаа тэр үеигй дурсан ярихдаа “Би хөгжмийн санй багш нар бэлтгэх гээд байдаг. Гэтэл мань хэд хөгжим зохиодог хүмүүс болох гэж зүтгээд байсан байна лээ” гэж ярьж байжээ. Тэрхүү хөгжмийн зохиолч болох гээд зүтгээд байсан багш нарын нэг нь Ч.Сангидорж ажгуу.

Ч.Сангидорж Казахстанд оюутан байхдаа амралтаараа ирэх бүртээ оюутны амьдралынхаа тухай сонин сайхан ярьдаг байж л дээ. Нэг удаа, З.Хангал тэр хоёрын араас очсон Ж.Шараагийн тухай “Мань хүн гэргий Рагчаагаа санаад хэцүүдэх юм аа” гэж ярихад нь Б.Бадамгэрэл “Аргагүй дээ” гэж бодож гэнэ. Тэрбээр өөрөө ханиа үгүйлдэг, санадаг байсан болоод анд нөхөр Шараагийн сэтгэлийг ойлгож байсан болов уу. Хөгжмийн дээд сургуульд Баян-Өлгий аймгаас очсон Ахмед найз нь амраад очихдоо нутгийн хүнс каз байнга авч очдог байсан бололтой. Төгсөж ирсэн цагаасаа хойш “Каз гоё” гэж ярих болж, найз нь ч Баян-Өлгийгөөс байнга явуулдаг байжээ.

Ч.Сангидорж дээд сургууль төгсөж ирээд Багшийн сургуульдаа багшилсан бөгөөд Монголын хөгжмийн урлагт өөр өөрийн зам мөр татуулсан олон сайхан шавь төрүүлжээ.  Найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгороос авхуулаад олон уран бүтээлч түүний гараас ажил, амьдралын замд алхаж орсон байна.

Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж уран бүтээлийн гараагаа дуугаар эхэлсэн ч, Алматыд Хөгжмийн дээд сургууль төгсөж ирснээр мэргэжлийн дан хөгжмийн маш олон бүтээл туурвисан юм билээ. Хөгжмийн төрөл бүрээр бичиж байжээ. А.С.Пушкиний нэгэн сайхан шүлэгт романс бичсэнийг нь Гавьяат жүжигчин М.Найдалмаа дуулсан байна. Хөгжмийн зохиолч “Занабазар” дуурь, “Дарь эх” магтуу, “Морьд” оратори гээд дан хөгжмийн томоохон хэлбэрийн олон бүтээлтэй. Гэхдээ олон түмэн уран бүтээлчийг тэнгэрлэг аялгуутай дуунуудаар нь илүү мэддэг тул дурсамж нийтлэлд мэргэжлийн дан хөгжмийн бүтээлүүд “чихээд” яах вэ гэж бодлоо.

Ч.Сангидорж анхны дуунуудаа Төв аймагт багшилж байхдаа буюу гэргийтэйгээ танилцахаас өмнө бичжээ. “Саранд хүртэл дуулаарай” хэмээх, ижийдээ зориулсан дуу анхных нь.

Тэрбээр хүүхдүүдээ хөгжмийн зохиолч болох юм биш биз гэж сорьдог, туршдаг байжээ. Том охин, ХБДС-ийн сурагч С.Саянцэцэгээрээ зохиомжийн чиглэлийн ажил хийлгэхэд нь төдийлөн дуртай байгаагүй аж. Тэгэхээр нь дараа нь хүү, ХБДС-ийн төгөлдөр хуурын ангид суралцдаг С.Сансаргэрэлтэхийгээ туршихад хоосонгүй байв гэнэ. Хүү аавынхаа хэд хэдэн даалгаврыг амжилттай гүйцэтгэхэд нь урамшаад, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаад шавь оруулахаар дагуулж очжээ. Багш хүүг шалгахаар “Баавгай” гэдэг сэдвээр зохиомж бичээд ир гэхэд нь хүү ядах юмгүй гүйцэтгэжээ. Үүнийг харсан Гончигоо багш “Танай хүүд материал байна” гээд шавиа болгож.  Ч.Сангидорж гурван охиныхоо нэгийг хөгжмийн зохиолч болгох гэж хичээдэг байсан бололтой. С.Сансаргэрэлтэх нь Москвагийн Хөгжмийн дээд сургуульд сурахаар явахад нь охин С.Ихэрцэцэгээ шалгуулахаар дагуулж очиж гэнэ. Тэгэхэд буурал багш бие чилээрхүү байна гээд татгалзсанаар хүү С.Сансаргэрэлтэх нь Гончигоо багшийн отгон шавь болсон түүхтэй юм билээ.

Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гаднаа ширүүн дүртэй ч, уян, зөөлөн сэтгэлтэй, нулимс ойртой хүн аж. Сэтгэл нь эвгүйрсэн үед биеэ ч, зоригоо ч чангалах хэрнэ нүдэнд нь нулимс гялалзаж байх нь энүүхэнд. Уран бүтээлийнхээ дунд үед юм байна. Нэг удаа шөнө дөлөөр гадаа дуу шуу болоход босож, цонхоор харснаа өрөөн дотуураа нааш, цааш яваад байжээ. “Энэ хүүхдүүд муур алж байна. Муур ч гэсэн амьтан. Үр амьтныг ингэж тарчлааж болохгүй, хэлэхгүй, уйлахгүй болохоос адилхан зовж байгаа шүү дээ. Хүүхдүүдэд үүнийг яаж ойлгуулах вэ” гээд яваад байж. Үүнээс хойш нэг их удалгүй “Эхийнхээ хайраар” хэмээх сайхан дуугаа төрүүлжээ.

Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг

Амин зүрхэндээ дээдэлж явна аа, би

Амин зүрхнийхээ тэр л хайраараа

Амьтны үрсийг хайрлаж явна аа хө

Энэрэн нигүүлсэхүйн ухаарал хайрласан уг бүтээлийнхээ санааг, ая эгшгийг ийнхүү нойр алдан, нааш цааш холхиж явсан тэр л шөнө сэтгэлдээ буулгасан байжээ. Ерөөс уран бүтээл энэ л маягаар, сэтгэл догдлол, хайр, харуусал, аз жаргалтай агшнаас төрдөг биз ээ.

Хөгжмийн нэрт зохиолч Ч.Сангидоржийн уран бүтээл, ялангуяа монгол хүн бүрийн сэтгэлээс уяатай аялгуу эгшгийн дээж “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай, “Миний ээж тэмээчин” гэх зэрэг дуунууд нь үеийн үед үр хойчийг ухааруулан сэхээрүүлж байх буюу.

Аавын ухаан, алсын хараа үр хүүхдүүдийнх нь мөнхийн багш. Хүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийнх нь бүтээл, туурвил, том охин С.Саянцэцэгийнх нь хөгжмийг сайхан тоглох, тоглуулахын төлөөх тууштай, шаргуу үйл ажиллагаа, нөхөр Ричардтайгаа хамтран зохион байгуулдаг хөгжмийн наадам, уралдаан, ихэр охид С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нарынх нь төгөлдөр хуурт үнэнч, хөгжим, урлагийг дээдэлдэг чанар энэ л гэр бүлийн төдийгүй оюунлаг монголчуудын үлгэр авдаг нэгэн томоохон жишээ билээ.

Аатай, ааштай мэт боловч начир дээрээ цагаахан, хүнлэг, хөгжим төрүүлэхдээ хүүхэд мэт өлгийдөн авч, бөөцийлөн бойжуулаад, хүн ардын оюуны мэлмийд хүндэтгэлтэй нь аргагүй хүртээдэг эрхэм нандин хүмүүн бол хөгжмийн алдарт зохиолч Чойгивийн Сангидорж ажгуу.

Тэрбээр нэг удаа гэргийтэйгээ хотын төвд явж байхдаа “Хөгшин чинь чамд явдаг маршрутаа хэлж өгөх үү. Эхлээд Соёлын коллеж орно. Тэндээсээ гараад Хөгжмийн зохиолчдын холбоо ирж байгаа юм. Урагшаа яваад Дуурийн театр, тэндээс гараад Багшийн дээдээр орно доо. За, тэгээд явах газар дуусахаар унаанд суугаад гэртээ харьж байгаа юм” гэжээ. Хөгшнийхөө тухай асуусан бүрт минь хариулж сониныхны ажилд тус болж суугаа хөгжмийн зохиолчийн хайртай гэргий Б.Бадамгэрэлд талархал илэрхийлье. Ч.Сангидоржийн амнаас гарч байсан, чухам үнэнийг цөөн үгээр илэрхийлдэг хээгүй, хийгүй үг хэллэг одоо ч загвар хэвээр байгаа гэхэд хилсдэхгүй байх. Гагцхүү урьд өмнө олон нийтэд төдийлөн хүрч байгаагүй мэдээлэл олох гэсэндээ хөгжмийн зохиолчийн гал голомтод тухлан Лида эгч (гэргийнх нь хоёрдогч нэр), Цагаадай хоёртой амаа хаттал ярьсан маань энэ. Цагаадай гэж цэвэрхэн гэгчийн, цагаан зүсмийн тагтаа. Эгч түүнийг гадаа, хашлаганд даараад хэвтэж байхад нь оруулж ирээд, тэжээн тэтгэж байгаа юм байна. Гэр дотуур нь нисээд л, эгч харж хайрлаад л. Тийм ээ, Ч.Сангидорж гуайнхан ийм л энэрэнгүй хүмүүс байдаг юм.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ