Э.Эмүжин: Хүмүүс танил, дотно дуунуудаа сонсох дуртай

0
79

oyunja egchid yria - arguujin (5)Консерваторид утсан хөгжмөөр суралцагч оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “Талант-2019” анхдугаар уралдааны гран при шагнал хүртсэн, тус сургуулийн хийлийн 8-ын А ангийн сурагч Э.Эмүжинтэй товч ярилцлаа. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын эзэн тэрбээр 2013 оноос АНУ, Тайвань, ОХУ, БНЧУ, Итали, Унгар, Казахстан улсад болсон олон улсын тэмцээнд 1,2,3 болон тусгай байр эзэлж, шүүгчдийн нэрэмжит шагнал ч хүртэж байсан юм. Хоёр жил дараалан сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч”-аар шалгарсан тэрбээр 2017 оны Монгол Улсын “Шилдэг хүүхэд”.

-Олон улсын удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож ирсэн сурагч “Талант-2019” анхдугаар уралдаанд элбэг түрүүлнэ гэсэн бодолтой байсан уу?

-Үгүй ээ, түгшиж байсан. Нэгдүгээр ангиас сургаж, олон уралдаанд бэлдүүлсэн Д.Жаргал багш маань докторын зэрэг хамгаалахаар чөлөө аваад байгаа болохоор битүүхэндээ үгүйлээд байлаа. Бас том концертын нэгдүгээр ангийг анх удаа тайзан дээр тоглохоос айж байсан. Яах вэ, даваад гарсан.

-Яаж давж гарав?

-Мэргэжлийн багшаар ажиллаж байсан Ж.Энх болон одоо хариуцаж байгаа Д.Галбадрах багш нарынхаа заасан болгоныг өөрийн болгохыг хичээж ирсэн маань хэрэг болсон байх. Галаа багш өөрөө байнга тоглодог болохоор зохиолуудыг заахдаа ч гэсэн  яг тайзан дээр байгаа юм шиг тоглож сонсгодог. Ийм арга барилтай гэх үү дээ. Уралдаанд тоглосон нөгөө хоёр зохиолыг өмнө нь удаа дараа тоглож байсан болохоор сайн давтаад л орсон.

-Эмүжин, эмнэлэгт хааяа тоглож байгаа хэвээрээ юү. Ер нь яагаад Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өвчтөнүүдэд зориулж тоглох болсон бэ?

-Эмнэлгийн дарга нь миний цахим хуудастай танилцаад сууж байхад нь гэнэт ийм сайхан хөгжмийг өвчтөнүүддээ сонсгох сон гэсэн бодол төрсөн гэсэн. Тэр даруйдаа манайхантай холбогдож хэлэхэд нь би багшдаа хэлээд, завтай үедээ тоглож байхаар болсон юм.

-Эмнэлгийн хонгилд гэнэт хөгжим дуугаргаад эхлэхээр хүмүүс гайхдаг уу?

-Мэдэхгүй нь “Яаж байгаа юм бол” гэсэн байдалтай хардаг. Удалгүй баярлаж, “Ийм дуу тоглож болох уу“ гэж асууж, хүсэлтээ хэлдэг.

-Хүмүүс ихэвчлэн ямар хөгжим сонсохыг хүсдэг вэ?

-Танил, дотно монгол дуунуудаа сонсох дуртай.

-Хийлийн аялгуу тэдэнд яаж нөлөөлдөг гэдэг вэ?

-Толгой өвдөхөө болилоо, тайвширлаа, ямар сайхан юм бэ гэдэг.

-Хийл хөгжимд дурласан түүхээ сонирхуулаач.

-Эхэндээ сайн тоглож чаддаггүй байхдаа юугаа ч мэдэхгүй байдаг байсан. Анги ахих тусам нэг юм нэмж сурч авахаараа “Өө, ингэж тоглож болдог юм байна шүү дээ” гэж ойлгоно. Тэгсээр хөгжимдөө бага багаар дасаж, дуртай болж эхэлсэн. Нарийн юмнуудын учрыг олохын хэрээр улам дуртай болдог.

-Хийлч болох уу, хөгжмийн сайн боловсролтой болж аваад өөр мэргэжил эзэмших бэлтгэл хийхээр шилжиж суралцах уу. Тийм замналтай сурагч олон байсныг мэддэг болохоор асуулаа.

-Хийлч болно.

-Энэ мэргэжлийг амьдралаа болгох юм байна.

-Тийм ээ. Сайн сурч байгаад сайн хийлч болохыг хүсэж байна.

-Ойрын ирээдүйн зорилт юу байна?

-Улсын шалгалтдаа бэлтгэнэ. Сая уралдааны далимаар П.И.Чайковскийн хийлийн концертын нэгдүгээр ангитай танилцаж, тоглож үзсэн маань хэрэг болох байх. Тоглох гэж их сандарсан. Одоо айлгүй, гоё тоглохын төлөө дахиад сайн давтана.

Р.Оюунжаргал

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ