Америкийн орчин үеийн бүжгийн жүжигчид Монголд

0
304

amМонголын Урлагийн зөвлөл ээлжит гэнэтийн бэлгээ барьж байна. Тус зөвлөл дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Америкийн “Нортвест Данс Прожект” компанийн аялан тоглолтыг энэ сарын 21-26-нд эх орондоо зохион байгуулж байгаа юм.

Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээчид, шилдэг бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээл толилуулсан тус компани 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд анх удаа өөрсдийн шилдэг дөрвөн бүтээлээс танилцуулна.

Тус аялан тоглолтын хүрээнд УДБЭТ-т 25-ны үдэш “Орчин үеийн бүжгийн үдэш” тоглолттой. Мөн УДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгуудын 100 гаруй залуу бүжигчдэд мэргэжлийн сургалт явуулах бөгөөд тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайз гэрлийн сургалтыг мэргэжлийн 50 гаруй гэрлийн инженерүүдэд зориулан зохион байгуулах юм.

Энэхүү нэрд гарсан бүжгийн тоглолтыг Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, Ерөнхий ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, ивээн тэттэгчээр Deloitte Oнч Аудит ХХК, Төгөлдөр сан, ХАС Банк, Blue Fin ХХК, Таван Богд Групп, дэмжигчээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, D-Light ХХК нар хамтран ажиллаж байна.

Р.Оюунаа

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ