“Лучиа ди Ламмермур” анх удаа Монголд

0
1285

Дуурийн театр шинэ бүтээл тавьж байна. Итали дуурьт Шотландын зүүн өмнөд хэсэгт болж буй үйл явдлын тухай өгүүлнэ. Гол баатар нь Лучиа хэмээх, Ламмермур нутагтаа хамгийн сайхан залуу бүсгүй. Зохиолч нь Английн алдарт Вальтер Скотт. Харин түүний зохиолоос сэдэвлэсэн либреттыг “Лучиа ди Ламмермур” дуурь болгосон хүн нь Италийн дуурийн урлагийн аваргуудын нэг Гаэтано Доницетти. Дуурь эмгэнэлт. Үйл явдал нь бараг л дуурь бүхэнд байх хайрын гурвалжин тойрсон адал явдал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойронд хөвөрнө.

Урьд өмнө нь олонтаа сонсч, сураг ажгийг нь дуулж байсан уг дуурь өдгөө монгол үзэгчдийн хүртээл болох гэж байна. УДБЭТ-ын уран бүтээлч хамт олон үүнийг цоо шинээр тайзнаа тавьж байна. Италийн хөгжмийн зохиолч дуурийн урлагийн нэрт мастеруудын нэг Г.Доницеттийн бүтээл анхлан манай улсын театрын тайзнаа амилах гэж байгаа нь онцлох үйл явдал юм. Манай үзэгчдэд итали дууриуд танил, үзэж заншсан. Тэр хэрээр Италийн алдар суут хөгжмийн зохиолчид Ж.Верди, Ж.Пуччини, Ж.Россини нарыг сайн мэднэ. Ж.Вердийн “Травиата”, “Трубадур”, “Риголетто”, “Отелло”, “Аида” гэх мэтчилэн хөгжмийн зохиолчийн оюуны охь болсон гайхамшигт бүтээлүүдийг шимтэн үздэг билээ. Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-д дуртай. Хөгжилтэй “Севилийн үсчин” дуурь Ж.Россинийнх. Монгол үзэгчдийн итали дуурийн талаарх мэдлэгийг энэ мэтчилэн дурдах аваас бид хэр хэмжээний соёлт ард түмэн билээ гэдэг ойлгогдоно.

УДБЭТ-ын шинэ бүтээл “Лучиа ди Ламмермур” дуурийн нээлт ирэх сарын 17-нд болно. Хөгжим судлаачид сэтгэл хөглөм аялгуулаг, тун чиг адал явдалтай хөгжим бичдэгээрээ ялгардаг гэж үнэлдэг, тэртээх XVIII зууны оюун сэтгэлгээний толь болсон Г.Доницеттийн дуурийг таалан хүлээж авъя.

Хөгжмийн зохиолч 1797 онд төрж, 1848 онд өөд болжээ. Тэрбээр ердөө 51 наслахдаа 26 жилийг нь хөгжим бүтээн туурвих үйлсэд зориулсны оргил бүтээлүүдийнх нь нэг энэхүү “Лучиа ди Ламмермур” дуурь юм.

Энэ дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд онцгой сайхан төдийгүй Шотландын уугуул оршин суугчдад, британичуудад өгөөж өгсөн сонирхолтой бүтээл юм.

Ламмермур бол Шотландын зүүн өмнөд хэсэгт байх намхавтар толгод голдуу нутаг. Тэнд хэдэн зууны тэртээгээс хонины аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай бөгөөд хонины ноосны эх орон. Английн алдарт зохиолч Скотт Вальтер “Лучиа Ламмермур”-аа бичсэнээр, дараа нь үүнээс нь сэдэвлэсэн дуурийг Г.Доницетти төрүүлснээр Ламмермур нутаг алдаршиж, улмаар хонин сүргийн бэлчээр намхан хэдэн толгод аялал жуулчлалын алдартай бүс болон хувирчээ.

Ингэж англи зохиолч, итали хөгжмийн зохиолчийн хамтын бүтээлийн хаялга Британийн эдийн засгийн өсөлтөд нөлөөгөө үзүүлсээр ирсэн ажээ.

Монголын тайзнаа Ламмермурын сайхан бүсгүй Лучиа-гийн дүрийг анхлан бүтээх гэж буй УДБЭТ-ын гоцлол дуучин УГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА Х.Туяа нарт болон бусад дүрийг бүтээх дуучид, нийт дуран бүтээлчдэд амжилт хүсье.

Тус дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч ажиллаж байгаа юм.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ