“Ардын” Ганбаа

0
935

Балетчины хөдөлмөр их хүнд, хүчир. Тэвчээр, зориг, эрмэлзэл, тэмүүлэл, ухаан хэрэгтэй. Ер нь бүх юм хэрэгтэй. Тэр байтугай хөл гараа гэмтээхэд хүртэл яаж эвтэйхнээр хурдан эдгээх вэ гэдэгт суралцдаг.

О.Ганбаатар

Балетын Ганбаа гэж хэн бэ гэдгийг өнөө цагийн хүмүүст таниулах нийтлэл бичих боллоо, түүний хэн болохыг тодорхойлоход туслаач гэж театрынхнаас, ахмад, дунд, залуу үеийн балетчдаас асуулаа. Ингэхээс өөр арга байсангүй. Яагаад гэхээр түүнийг ид мандаж эхэлж байхад тухайлбал миний бие төрөөгүй байлаа. Тиймийн учир бусдаас асууж сурсан хэрэг. Тэгэхэд бүгд л “Аан, ардын Ганбаа юу” гэж байсан юм. Тийм ээ, “Ардын Ганбаа”. Энэ хүн хэн болохыг үнэнийг хэлэхэд өнөөдөр түүгээр хичээл заалгаж байгаа, дасгал авч байгаа балетчин шавь нар нь хүртэл бүрэн мэдэж байгаа юу гэсэн асуулт урган гарсан юм. Ардын жүжигчин О.Ганбаатар дуугай, даруу, олон үггүй. Өөрийнхөө тухай бол бүр ч ярихгүй. Гэхдээ энэ удаа яриулна аа.

Төрөлхийн авьяас, ур чадвараар Монголын балетын хөгжлийн түүхийн нэгээхэн үеийг тэргүүлж төр түмэндээ хүндлэгдсэн эрхэм хүндэт уран бүтээлч, багшийн алдрыг үеийн үед, үр хойчид “мөнх ногоон”-оор нь уламжлуулах нь энэ цагийн бидний үүрэг билээ.

Түүнийг уран бүтээлч талаас нь мэдэх хүмүүс ийн хэлж байх юм. Жинхэнэ балетчин. Хэзээд формтой бэлэн байдаг, бүхнийг нягт нямбай гүйцэтгэдэг, маш гоё эргэлт, яв цав үсрэлттэй. Хөдөлгөөн болгон нь өгүүлэмжтэй, дотоод хүч чадлаас гадна шавхагдашгүй гадаад техниктэй ховор балетчин. Хөдөлгөөнийг утгажуулж дүр амилуулахдаа гаргуун. Жижиг бие, намхан нурууны онцлогийг үсрэлт, эргэлтийн техникээрээ баяжуулж тайзыг эзэгнэж чаддаг. Найдвартай партнёр. Хамтрагчаа маш сайн мэдэрдэг. Зөвхөн хамтрагч биш, түшиг тулгуур, зөвлөгч байж чаддаг. Ажлаа хэзээ ч тасалдаггүй, ажлын дундуур гарч явах, хүнтэй уулзах зэргийг цээрлэдэг. Зарчимдаа үнэнч. Үүний төлөө загасчлахаа ч хойш тавьж чадна. Ардын Ганбаа ийм л хүн ажээ.

Орос багш нарын шалгалт ба Дундад Азийг зорих болсон нь

-1955 онд юм, би 11 настай бага ангид сурч байлаа. Нэгэн өдөр сургуульдаа иртэл хичээл орсонгүй, харин бүжигт хүүхэд шалгах үзлэг гээч юм явагдав. Хоёр орос багш бага ангийн бараг бүх хүүхдийг шалгалаа. Эрэгтэй, эмэгтэйгүй алхуулж гишгүүлж хараад л, ойр зуурын дасгал хөдөлгөөн хийлгээд л, гар хуруу барьж, хөл жийлгэж үзээд л, хөгжим дагаж алхаж чадаж байгаа эсэхийг ч шалгав. Үүнээс хойш нэг их удалгүй сурагч Ганбаатарыг ЗХУ-д сургуульд явуулах болсон тухай мэдээ ирсэн. Пермь хот руу явуулна гэсэн ч тэр ондоо биш, дараа жил нь өөр тийш илгээсэн юм. Пермийн сургуулийн дотуур байр дүүрсэн учир Монголоос хүүхдүүд хүлээж авахаа хойшлуулсан байсан гэсэн.

Хойтон жил нь буюу 1956 онд 12 нас хүрээд байхад нь явах бэлтгэл хангуулж эхлэв. Гэхдээ энэ удаа шалгарсан хүүхдүүдийг Орос биш, Дундад Азид явуулсан л даа. Аав ээж явуулна л гэсэн. Харин би юугаа ч мэдэхгүй. Сургууль болоод нам, засгийн ажил гэсэн бүдэг бадаг ойлголттой. Тэгээд ч тэр үеийн хүүхдүүд эцэг эхийн үгнээс гардаггүй, юу л гэнэ, аяар нь байдаг байсан цаг. Манай аавын нэр Чоймболын Очиржанцан. Уг нь цэргийн хүн байснаа намайг сургуульд явах үед төрийн энгийн албан хаагч болсон байсан. Ээжийг маань Түмэнбаярын Пагмасүрэн гэдэг. Эмч мэргэжилтэй. Эцэг эх маань хэн нэгэн хүн эрдэм ном сурах гэж байгааг дуулбал баярладаг, эрдэмтэн улсуудыг их шүтдэг, тухайн үеийн мундаг сэхээтнүүдээс үлгэр дуурайл авдаг сайхан хүмүүс байсан юм. Тиймдээ ч ганц хүү минь яах бол гэж айж эмээлгүй алс 8000 км хол газар сургуульд явуулсан юм. Мэдээж дотроо зовж байсан байж таараа. Гэсэн ч хүүгээ нүүр дүүрэн инээмсэглэлтэй үдсэн. Тэгэхээр миний аав ээж хоёр ухаантай, боловсролтой хүмүүс байсан байгаа биз.

-Хэн хэн гэдэг хүүхдүүдтэй хамт сурсан бэ?

-Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарын шалгалтад тэнцэж шалгарсан нөхөд 16-уул (Т.Туул, Д.Баасанхүү, Д.Алтантуяа, Д.Цогтсайхан, Н.Оюундэлгэр, А.Навчаа нарын үе тэнгийн охид, хөвгүүд) явсан. Узбекистаны нийслэл Ташкент хотод очлоо. Бүжиг сурахаар явж байгаа гэхээс өөр мэдэх юмгүй хэвээр. Гэтэл Ташкентын Хореографическое училище буюу балетын сургуульд очсон байлаа. Тэнд зургаан жил сураад эх орондоо ирж, театрт балетын жүжигчнээр ажилд орсон.

Театраасаа нэг ах жүжигчин

-1962 он юм байна. Тэгэхэд театр Улсын хөгжимт драматик театр гэдэг нэртэй байсан уу?

-Тийм. Монгол Улсын төр засгаас эх орондоо сонгодог урлагийг системтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд мэргэжлийн дуурийн дуучид, балетын жүжигчдийг сонгодог урлагийн хөгжлөөр тэргүүлэгч улсуудын нэг хойд хөршид сурган бэлтгэх төлөвлөгөөний дагуу явуулж сургасан юм. Улсын дуурь бүжгийн театр маань бол 1963 оны тавдугаар сарын 15-нд байгуулагдсан. Тэгэхээр би театраасаа нэг ах байгаа биз дээ.

-Нээрээ тийм юм аа…

-Тэгж хошигнох дуртай.

-Таны балетын урлагт гаргасан амжилтыг балетын гоцлооч Т.Туулаас салгахын аргагүй гэдэг юм билээ. Та хоёр оюутан байхаасаа хамтарч бүжиглэсэн гэсэн байх аа?

-Тийм ээ.

-Та хоёр театрт ирэхдээ бэлэн номертой хос байсан нь амар байсан, олон удаа хэрэг болсон гэж Б.Жамъяндагва гуай хэлж байна билээ. Шинэ театрын анхны балет юу байсан гэдэг билээ?

-Мэргэжлийн уран бүтээлчидтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Улсын дуурь, бүжгийн театрын нээлтийн балетын анхны бүтээл нь Н.А.Римский-Корсаковын “Шехерезада”, П.И.Чайковскийн “Франческа да Римини” байсан. Эдгээр балетын гол дүр цэргийн тэргүүн болон Паоло нарын дүрийг би бүтээсэн. Партнёр нь маань балетын гоцлооч Т.Туул.

Долоогийн тоог бэлгэдэж явдаг

-Та олон балетад тоглов уу?

-Улсын дуурь, бүжгийн театрын 1987 он хүртэлх хугацаанд тавигдсан бүхий л балетын жүжигт гоцолж тоглосон. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Галт, П.И.Чайковскийн “Франческа да Римини”-ийн Паоло, “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Франц, “Хошуу наадам”-ын Хайдар, “Найз залуус”-ын хувьсгалч залуу Насан, “Мөнхийн нөхөрлөл”-ийн Пунцаг, “Ганхуяг”-ийн Ганхуяг, “Мөнгөн залаа”-гийн Алтанхүү, “Эсмеральдо”-гийн Актеон, “Үнсгэлжин”-гийн хаан хүү, “Дон Кихот”-ын Базиль, “Хунт нуур”-ын алиа салбадай, “Спартак”-ын Спартак гээд л нэрлэж болно. Энэ мэтийн балетуудын гол дүрд тоглосон ухаантай.

-Хийдгээ хийсэн, туулахаа туулсан хүнд үнэндээ балетын гол дүрд тоглох тийм ч хүнд даваа байгаагүй мэт өдгөө санагдаж байх юм уу?

-Үгүй яах вэ, миний мэргэжил, ажил юм чинь даваа бүрийг давж байж л цаана нь гарч байсан даа.

-Гараа сайн байсан болохоор нэлээд эрт төрийн эрхэм дээд шаггал хүртсэн байх. Чухам хэзээ ямар шагнал авлаа?

ардын ганбаа 1-1969 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. БНАСАУ-д тоглолтоор очоод буцаж явахдаа арванхоёрдугаар сарын 31-нд Бээжин дэх Монголынхоо Элчин сайдын яаманд шинэ жилийн хүлээн авалтад орох гээд байж байхад Гадаад харилцааны яамнаас цахилгаан утас очсоныг албаны хүн уншиж танилцуулсан юм. Улсын дуурь, бүжгийн театрын балетын гоцлооч О.Ганбаатар, балетын гоцлооч Т.Туул, гоцлол дуучин Д.Жаргалсайхан нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол олголоо гэсэн мэдээ сонсгоод. АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг 29-нд нь гарсан юм билээ. Биднийг эх орондоо ирэхэд хамт олон маань баяр хүргэж угтаж авсан нь амьдралын минь мартагдашгүй нэгэн дурсгалт мөч байлаа.

Дараа нь 1976 онд Монгол Улсын ардын жүжигчин цол хүртсэн. Сүүлийн үеийн балетуудад сайн тоглосон, ЗХУ-д болсон Монголын соёлын өдрүүд зэрэг олон улсын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон гэх зэрэг үзүүлэлтээр Монголын төр засаг ид хаваа гайхуулан бүжиглэж байсан балетын гоцлооч залууд хүндтэй дээд цолоо хүртээлээ гэсэн. Одоо би 72 настай балетын дасгалжуулагч багш ажилтай. 1962 онд театрт ажилд орсноосоо хойш долоон жилийн дараа гавьяат жүжигчин болоод, түүнээс хойш мөн долоон жилийн дараа ардын жүжигчин болсноо олзуурхдаг. Монголчуудын таагүй ханддаг энэ тоо надад ээлтэй. “Долоогийн тоо муу” гэж ярьдаг нь од, хийморийг бэлгэдсэн сайн, сайхан тоо болохоор монголчууд хайрлаж, хамгаалж цээрлэхдээ муу гэж хэлдэг байх” хэмээн инээд алдан ярих нь ясны, насны уран бүтээлчийн аз жаргалтай агшин ажгуу. “Шагнал хүнд урам өгдөг юм билээ. Дотоод хүч нэмж, цэнэг өгдөг. Үүнээс илүү сайн ажиллах юм шүү гэсэн бодол төрж, тэр эрчээрээ хичээдэг юм.

“Ардын” Ганбаа ийн ярина.

ардын ганбаа 2Тэрбээр ид тоглож, “нисэн дүүлж” байсан залуу, халуун насандаа төрийн хүндтэй шагналуудыг авсан нь цагаа олсон үнэлгээ болжээ. Тайзан дээр арав гаруй жил ардын жүжигчин гэж цоллуулан балетад гоцолно гэдэг уран бүтээлчид өөрт нь ч, хамт олонд нь ч, үзэгч олонд ч ямар таашаалтай байсан гэх вэ. Гавьяат, ардын цолыг хаа хамаагүй өгдөггүй, аргагүй шалгарсан цөөн хүнд олгож байсан хатуу, хариуцлагатай он жилүүдэд төрийн хайр хишиг хүртэхэд тухайн үеийн урлаг судлаачдын ялангуяа урлаг, театр судлаач С.Дашдондогийн болон балетын багш, идэвхтэн бичигч Ж.Жав багш мэтийн сонгодог урлаг сурталчлагчдын “Үнэн”, “Утга зохиол, урлаг”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонин зэрэг   төвийн хэвлэлд өгч байсан мэдээ, мэдээлэл, нийтлэл болон нам, засийн удирдлагууд, яамдын сайд, дарга нар өөрсдөө театрт байнга ирж, шинэ бүтээл бүрийг, төрийн хүндэтгэлийн концерт зэрэг урлагийн аливаа чухал арга хэмжээг үзэж сонирхдог, үнэлж цэгнэдэг байсан нь нөлөөлсөн гэж О.Ганбаатар багш үздэг юм байна. Дарга, сайд нар дуурь, балетынхныг сайн таньдаг. Тухайлбал Ю.Цэдэнбал дарга ардын жүжигчин О.Ганбаатарт “За, Ганбаатар, сайн бүжиглэлээ шүү” гэж үл ялиг сөөнгө дуугаар хэлж баяр хүргэсэн нь нэг бус удаа. Даргын гэргий Анастасия Ивановна ч балетад дуртай, балетын жүжигчид, ер нь сонгодог урлагийнхныг ихэд хайрлан дээдэлдэг хүн байжээ. ЗХУ, Болгар болон бусад социалист оронд болдог байсан Монголын соёлын өдрүүд балетын номергүй болно гэж бараг үгүй. Тэр бүхэнд Дуурь, бүжгийн театрын балетын шилдэг гоцлоочид ээлжилж явдаг байв. О.Ганбаатарт хойд хөршийн төрийн тэргүүн Л.И.Брежнев болон А.Косыгин дарга нар Их театрын тайзнаа баяр хүргэж гар барьж байлаа. Ийнхүү жирийн сургуулийн бага ангиас балетын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, шалгалтад уригдаж, улмаар их урлагийн ууган сургуулиудын нэгэнд “шүүсээ шахуулж” балетчин болсон Ганбаатар хүү аав ээжийнхээ өргөсөн ерөөл, ачит багш нарынхаа зааж сургасан эрдмийг уйгагүй хичээл зүтгэлийн үрээр өөрийн болгосноор ёстой л төрийнхөө алганд бөмбөрч хөгжсөн түүх ийм буюу.

Багш болов

Ардын жүжигчин О.Ганбаатар 25 жил балетын гоцлоочоор ажиллаад 1987 онд тэтгэвэрт гармагцаа гар, хөлөө эвхээд сонин шагайгаад суучихсангүй. Тэрбээр балетын урлагтаа арай өөр замаар хүчин зүтгэхээр тухайн ондоо Санкт-Петербург хотын Оросын балетын академид суралцахаар одов. Тус сургуульд 1989 он хүртэлх хугацаанд суралцаж репетитор буюу балетын дасгалжуулагч багш болж ирснээс хойш өнөөг хүртэл театртаа энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Түүний хийдэг ажил нь балетмейстерийн дэглэн тавьсныг балетчдаар давтан хийлгэх юм. Үүний тулд балетчдад дасгал өгч, сургууль хийлгэнэ. Эрэгтэй, эмэгтэй, гоцлоочид, олуул хэсгийн гээд бүгдтэй нь тулж ажиллана. Балетчины хөл хаана яаж гишгэх, гар нь дээр байх уу, доор байх уу, үсрэхдээ адилхан үсрэх үү, зөрөх үү, зэрэгцээ байх уу, үгүй юу гэдгийг шийдэж давтуулна. Балетчины ой тоонд ортол, улмаар биед нь сууж өгтөл сургууль хийлгэнэ. Тэрбээр өөрт нь “Тэтгэвэртээ гарчих, тэгээд хойшоо сургуульд явж багш болоод ир” гэж зөвлөгөө өгсөн хүн бол багш, уран бүтээлийн хамтран зүтгэгч Б.Жамъяндагва. “Ардын” Ганбаа шинэ мэргэжилтэй болж балетаасаа холдоогүй болохоор түүнд ажилгүй болчихлоо гэж сэтгэлээр унах, гутрах юм ер болоогүй харин ч өөрийнхөө хүч чадлыг балетын урлагт өөрөөр сорих бас нэгэн үүдийг нээж чадсан юм.

Тэрбээр багш болсон хойноо ч жүжигт гарсаар л байсан. “Хунт нуур”-ын хаан хүүгийн халамжлагч болж, “Жизель”-ийн гол дүрийн эцэг, “Спартак”-ын боолуудын харгалзагч зэрэг дүрд тоглож байлаа. Түүнээс уран бүтээлийн тухай, түүхэнд домог болсон балетуудын тухай асуухад жижигхэн нүдээ том болтол харж ирээд л, нэг гараараа нөгөөгөө цохиж авч байгаад л, гар, хуруугаараа янз бүрийн хөдөлгөөн үзүүлж байгаад л түргэн түргэн ярина. “Дархлагдсан балетууд бий бий. “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”, “Жизель” гээд байна. Эдгээр балет дэлхийн ихэнх театрт дээр үеийнхээрээ байдаг. Бага зэрэг сайжруулсан уу гэхээс үндсэн дэглэлт хэвээр хадгалагдаж байдаг. Тухайлбал “Хунт нуур”-ын хар, цагаан хун, хаан хүү, хар шувуу бүгд байдгаараа байна, гэхдээ дэглэлт нь жаахан жаахан ондоо байж магадгүй. Гагцхүү хөдлөхгүй ганцхан гоё зүйл байдаг юм. Энэ нь жижиг хунгуудын бүжиг. Түүнийг яаж ч өөрчилье, сайжруулъя гээд болдоггүй. Петипагийн хийцийг эвдэе, жаахан ч болов өөрчилж өөрийнхөөрөө найруулъя, бүжиглүүлье гэвч болдоггүй. Дэлхийд хэчнээн олон балетмейстер ондоогоор хийх гэж үзсэн, болоогүй. Тийм болохоор яг л анхныхаар нь, алган дээр байгаа юм шигээр өнөөг хүртэл байлгаад байдаг. Тийм мундаг, ханачихсан, төгс дэглэлт. “Танец маленьких лебедей” буюу жижиг хунгуудын бүжиг гэдэг юм. Дэгдээхэй бол бүжиглэж чадахгүй л дээ, тийм болохоор жижиг хунгуудын бүжиг гэдэг.

Балетын гол дүрүүдэд балетчин бүр өөр өөрөөр тоглоно. Ю.Оюун нэг янзын хун, тэгвэл Ч.Ганчимэг арай өөр хун болдог. Тэдний илэрхийлэн гаргаж байгаа хун тус бүртээ онцлогтой, гэхдээ эцсийн дүнд тэд хун. Тамлах нь ч юу юм бэ, гэхдээ гаргахад хүнд хэцүү дүр байдаг. “Спартак”, “Дон Кихот” бол нэлээд ядраана даа. “Дон Кихот”-д хамгийн сүүлчийн хослолд ядардаг. Эрэгтэй балетчдын шүүсийг шахсан вариац бий. Сэтгэлээ илэрхийлж бүжиглэдэг, өргөлт олонтой, удаан үргэлжилдэг, өндөр үсрэлттэй, техник шаардсан хэсэг л дээ. Сүүл хавьдаа олон эргэлттэй, нэг хөлөө хажуу талдаа өргөөд нөгөө хөлийнхөө өлмий дээр тойроод эргээд байх жишээтэй. Үгүй бол тойрч үсэрч хөлөөрөө төөлж явдаг. Нэг хөлийнхөө хойноос нөгөө рүүгээ төөлөх мэт дамжиж явдаг хөдөлгөөнийг үсрэлттэй хийнэ. Үүнийг олон удаа хийхэд ядардаг. Ганц хоёрхон хийвэл юу гэж ядрах вэ. Нэгийг хийнгүүтээ жаахан амсхийгээд дахиад л үргэлжлүүлдэг болохоор хэцүү. Тийм болохоор энэ мэт хүнд юмнууд хийж байх үедээ, ер нь ч балетчид цагаа олж амрах хэрэгтэй. Тоглолтын өмнө амарч болохгүй. Тэгэх юм бол нозоороод юугаа ч хийж чадахаа байна. Урьд өдөр нь сайхан амарлаа, өглөө нь бослоо, биеэ халаалаа, хөдөлгөөнүүдээ хийж үзлээ, тэгээд тоглолтоос хоёр цагийн өмнө ирж бэлтгэж байгаад тайз руу гарна даа. Тэгэхгүй амарч байгаа нь энэ гээд унтаж байгаад босч ирэх юм бол юу ч гарахгүй. Энэ вариацыг, балетыг өөрийн болгосон байхад ер нь л болоод явчихна даа” гэх зэргээр ярихыг нь сонсч суухад мэргэжлээрээ бахархсан, мэргэжилдээ эзэн болсон хүний итгэл дүүрэн зоригийг нэвт шувт мэдрэх шиг болж байлаа.

“Ардын” Ганбааг дуугай хүн гэж дээр хэлсэн. Гэтэл тийм ч дуу муутай хүн биш юм аа. Уран бүтээлийн тухай нэг яриад эхэлбэл нэлээд хол явах юм байна. Яг л дуртай зүйлийнхээ тухай, хайртай хүнийхээ тухай ярьж байгаа юм шиг, бараг л сонсч байгаа хүний амнаас шүлс гоожтол ярих шинжтэй.

Монгол Улсын 52 жилийн түүхтэй Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, балетын дасгалжуулагч багш, Монгол Улсын ардын жүжигчин, уран бүтээлийн түүх, замналаар театраасаа ч нэгэн насаар ах Очиржанцангийн Ганбаатарын уран бүтээлийн замналаас цухасхан дурдахад ийм байна.

Тулгын гурван чулуу шиг туждаа хамт балетчид

Ардын жүжигчнээс балетчин сайхан гэргийгээ хэзээ, хаанаас олж авсан тухай нь асуулгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Яриа өдөхөд мань хүн “Би театртаа найман ажилласан байсан. Хөгжим бүжгийн дунд сургуулийн балетын ангийн оюутнууд төгсөх шалгалтдаа хослол бүжиглэх гэтэл хөвгүүд байдаггүй гэнэ. Театраас биднийг очиж туслаач гэж явуулсан юм. Тэгэхэд би Энхээтэй хослол бүжиглээд, танилцаад, тэгээд бид хоёр суусан юм” гэв ээ. Тэдний танилцсан түүх ердөө энэ биш байлтай. Хайрын түүхээ өнөө болсон хойно ийм товчхон ярих нь түүний л араншин. Танилцсан, үерхсэн түүхийг нь лавшруулан асуугаад байтал сүүлдээ бүр ичиж орхисон. Эгээ л “Одоо болно” гэчихсэнгүй. “Тэр үед хүмүүс бие биедээ хайртай, дуртай гэж тэгтлээ хэлдэг ч үгүй байсан юм. Айхавтар юм болоо ч үгүй” гэж нэмэв. Балетчин хос 1970 онд тоонот гэрт толгой холбож, улмаар гурван жилийн дараа Цолмон хэмээх цолмон хар нүдтэй цовоо охинтой болжээ. Аав ээж хоёр нь хоёулаа театрын балетчид болохоор охин мөн л театрт “аж төрнө”. Г.Цолмон аав ээжийгээ, театрынхан ажлаа хэрхэн хийж байгааг харж суусаар байгаад балетад дурлачихсан. Бяцхан охин хэний ч хүсэлт, шаардлагагүйгээр өөрөө л балетчин болно гэсэн. Аав нь бол дуртай байгаагүй. Эцэг хүний хувьд ганц охиноо өөр шигээ зовоогоод яах вэ гэж бодсон ч, уран бүтээлч хүний хувьд болгомоор байдаг. Яамаар ч юм бэ дээ гэсэн салаа бодлын дунд шийдвэр гаргаж чадахгүй явж байх хооронд охин аль хэдийнэ өөрөө шийдсэн байж. Түүнд юу ч гэж хэлээд нэмэргүй болсон байлаа. Охин балетад тэгтлээ дурлажээ.

Өдгөө О.Ганбаатар, Б.Энхээ хоёрын охин Г.Цолмон УДБЭТ-ын балетын гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин. Балетчин бүсгүй балетчин аав ээждээ хоёр хөөрхөн зээ тэврүүлсэн. Аавынхаа багш болохоор суралцсан Санкт-Петербургийн Балетын академийг төгссөн. Ийм нэгэн тулгын гурван чулуу шиг туждаа хамт балетчид Монголын сонгодог урлагийн ертөнцөд “Ардын Ганбаатарынхан” гэсэн дэд ертөнц бий болгосон эрхэмсэг уран бүтээлчид билээ.

Р.Оюунжаргал, soyol-urlag.mn

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ