Арлааны Эрдэнэ-Очир хаачив

0
1867

номЯруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өнөөдөр шинэ номоо хэвлэлтээс авчээ. Тэрбээр шүлэг, найргийн бүтээлүүдээ англи хэлнээ эмхэтгэн ном болгосон байна. Фэйсбүүк хуудаснаа товч мэдээлэл ”хаячихаад” утсаа хаагаад алга болсон түүнд баяр хүргэх гэсэн найз нөхөд нь дэмий л “Арлаан хааччихав” гэж бие биеэсээ асууж сурч байгаа юм байх.

ном 1Сайтынхаа уншигчдад түүний тэртээ 1999 онд бичсэн нэгэн шүлгийг илгээе.

Тэрбээр:

-Та бүхэндээ өглөөний мэнд дэвшүүлье. Хан Баянзүрх хайрханыхаа орой дээрээс хэдэн тийшээ алсран цэлийх нутаг усаа харж зогсном, би. Төрж өсөөд хурга ишгэнд дэгдэж, хүлгийн зоонд дэрвэж, дов толгодын оройд гарж, тэнгэрийн хаяа, холын уулыг харж хүн болов оо, би. Зургийг маань хүү Мөнх-Уул дарлаа гэжээ.

ӨДРИЙН ХӨРӨГ

Алсад торолзох хоёр Богд хаан хатан суудалтай
Анирхан тал нутаг минь цэцгэн давалгаатай
Агь таанын нь сэвшээнд сэвлэг хийсгэн дэрвэж
Аавтайгаа хөтлөлцөн явсан минь өнөө ч нүдэнд зураатай

Адуу тургиж, ингэ буйлах эх нутагтаа
Аанай л нэг ирэхэд уярал ухаарлын эгшигтэй
Амандаа хөх өвс зуугаад тэнгэр ширтэн хэвтэхэд
Аз жаргал цээжинд амтагдах нь дууны хувьтай

Амаа мэдэхгүй сарваатай арван хоёртой хүү
Айл саахалтын хооронд чавхдаж явсан минь саяхан
Айраг үнэртсэн салхитай Хонгорын тойрмын захад
Ангирын шаргал дэгдээхий нисч сурах нь туяхан

Алчуураа засаад инээмсрэх ижий минь залуухан
Аашилж аргадаад хошуу цорвойх эмээ минь ануухан байжээ
Аяс үесхэн гуниг цээж дүүрээд замхарна
Амьдралын мянган толгод бүдэг бадагхан зэрэглээтэй

Хорвоогийн явдал ээлжилж, цаг урсаад би хорин долоотой
Хонгор гэргий минь цэцгэн дунд хэвтээд зүүрмэглэнэ
Хоёр хүү минь эрвээхийтэй хөөцөлдөөд бидэн жаргалтай
Хосгүй ийм нэгэн хөргийг би ертөнцөд хуудаслана.

1999.10.01.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ