О.Дарамбазар: “Б.Шарав бид чинь галт тэргэнд дээрэмчин номхруулж явсан хоёр”

0
737

ноктюрнЗураач, МУЭ-ийн нэрэмжит шагналт, СТА О.Дарамбазар уран бүтээлийн үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн “Арт” галерейд гаргаад байна. Зураачийн хувьд монгол хөрсөнд соёолж, Польшийн Уран зургийн академид боловсорч, соц нийгмийн үеэс өнөөг хүртэл зурж туурвиж ирэхдээ авьяас, онгод, бүтээл туурвил гэж юу болохыг бүтээл бүрээрээ харуулсаар ирсэн түүнтэй түрүү хавар Blue Moon арт галерейд хамтарсан үзэсгэлэн гаргах үеэр нь авсан ярилцлагаа сайтынхаа уншигчдад хүргэж байна.

Бид хөгжмийг сонсдог, таашаадаг, дурласнаа дахин дахин сонсмоор болдог. Харин дуртай хөгжмөө уран зургаар амилуулан сэтгэл оюундаа гүн бат шингээж, байршуулах гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм байна. Зураач О.Дарамбазар, зураач болж яваа гээд хэлчихэд гомдохгүй “Урбанек” Б.Лхагважав нарын хамтран гаргасан уран зургийн “Аялгуут солир” үзэсгэлэн ийм мэдрэмж төрүүлсэн юм. Үзэсгэлэнгийн танхимын ханаар “Ноктюрн”, “Этюд”, “Хар даралт”, “Нууц амраг”, “Намар”, “Хувьсгал”, “Өвлийн салхи”, “Хар зураас”, “Ягаан толбо” зэрэг “Аялгуут солир”-оос бусад нь нэгэн ижил хэмжээтэй, тус бүртээ суут Ф.Шопены этюд болон ноктюрн төрлийн хөгжмүүдэд зурсан бүтээлүүд өөр өөрийн байрыг эзлэн эрхэмсгээр инээмсэглэн байна. Инээмсэглэх бага хэрэг, зургууд хөгжим мэт сонсогдох нь холгүй. Магадгүй хүүхэд байхаасаа сонгодог хөгжимд ойр байж, өнөө хэр түүгээр амьсгалж явдаг болохоор тэгж санагдаж байж болох юм. Зарим хүн ёстой нэг давсалж байна аа гэж хэлж ч болох. Ингэж хэлэх хүмүүст буруу өгч чадахгүй. Яагаад гэхээр сонгодог хөгжимд шунан дурлаж яваагүй, амтыг нь мэдрээгүй тэдний буруу гэж юу байх вэ. Бас хүн бүр сонгодог хөгжимд дурлах, сонсох алба байхгүй. Гэхдээ л зүрх сэтгэл нь хэзээд хүлээж авахад бэлэн байдаг билээ. Учир нь сонгодог хөгжим гэдэг эд баялагтай харьцуулах аваас зуун зуунаар шалгарч тунаж үлдсэн шижир алт, алмаас эрдэнэс.

Хөгжимд, тэр дундаа Ф.Шопены тансаг хөгжмүүдэд зураг зурах санаачилгыг Б.Лхагважав одоогоос бараг жилийн өмнө гаргахад зураач О.Дарамбазар талархан хүлээж авснаар “Аялгуут солир” үзэсгэлэн саяхан үүд хаалгаа нээсэн түүхтэй. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилж өчигдөр үдэш хаалгаа барьсан юм. Зураачидтай долоон өдрийн турш хамт байхдаа үзэгч, зочдын сэтгэгдлийг сонсч, гайхсан, бахархсан, зарим талаар итгэж ядсан харцтай олонтаа тулгарч байлаа. Асуудал Дармаа зураачид биш, харин бизнесмен, улстөрч Лхагваад байсан юм. Нэг хүн ийм олон салбарт ажиллаж, хичээллэж, сурч болдог л юм байх даа гэсэн харц шидээд болох юм биш. Болдог юм байна аа. Гэхдээ энэ удаа түүнтэй биш, харин Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Дарамбазартай ярилцсан юм.

-Хамтрагч тань зураач болсон гэж та үзэж байна уу?

-Сайн зурж байгаа. Хамгийн гол нь дотоод сэтгэлээ их боловсруулсан хүн юм. Тийм болохоор зурахад үндсэндээ бэлэн болсон байсан. Миний хувьд түүнд арга техникийн талаас зөвлөгөө өгсөн.

-Та олон шавьтай багш хүн. Тэдэн дотор тань гэнэтхэн ингээд зурна аа гээд дайраад ороод ирсэн нь хэд байгаа бол?

-Урланд нэг өрөөнд хамт байдаг зураач маань “Ямар нэг болно, болохгүй гэх зүйлд баригдахгүй, чөлөөтэй, зоргоороо хүн чинь харин амар юм биш үү, зоригтой” гэж байсан. Би ч бас тэгж хэлнэ.

-Харж байхад үзэгчид таныг бүтээлээ тайлбарлаач гэж их гуйх юм. Тэгтэл та тайлбарлах дуртай биш. Таныг юм ярьж өгөхгүй болохоор үзэгчид зураг ойлгохоор тааруу байхын зэрэгцээ сэтгэл дундуур гарчих вий дээ гэж хэд хэдэн удаа бодлоо. Та яагаад тайлбарлах дургүй байдаг юм бэ?

хар даралт-Зургийг тайлбарлахын тулд зурдаггүй юм. Зураг гэдэг тархины тухайн цагийн үйл ажиллагааны бүтээгдэхүүн. Дахиж яг өмнөх шигээ зурна гэж байхгүй. Жишээ хэлье л дээ. Би хоёр жилийн өмнө зурагтаар Норовбанзад гуай дуулж байхыг сонсоод уйлаад, харуусаад, хайрлаад, огшоод. Өөрийн эрхгүй бийр барьж авч, ердөө хоёр цагт зэрэглээн дунд тэмээ яваа мэт зураг зурчихлаа. Түүндээ “Зэрэглээ” гэж нэр өглөө. Тэр үед манай зураачдын хамтарсан үзэсгэлэн гарах гэж байсан юм. За яах вэ, өгөх бүтээл ч юу билээ гэж бодоод өнжье дөө гэсэн шүү юм бодоод байж байтал гэнэт ийм зураг гараад ирэхээр нь бараг нойтноор нь авч очиж байлаа. Зураачид маань сайн болж гээд л, хүмүүс сонирхоод л байна. Тэгтэл удалгүй өнөөхийг маань худалдаж авлаа шүү. Тэгтэл дараахан нь нэг сонирхсон хүн яг түүнийгээ томоор зураад өг, таван саяыг өгье гэж байна аа. Мөнгө нь сайхан сонсогдоод зурахаар суулаа. Болдоггүй дээ. Хэчнээн хичээгээд болохгүй байлаа. Тэгэхээр нь больё гээд цааш нь харуулаад тавьчихсан. Тухайн тэр моментод ид буцалж байх үед сэтгэл, сэтгэлгээ, тархины удирдлагаар гар хөдөлнө, дараа нь жаахан жаахан харна, тэгээд л нэр өглөө, гарын үсгээ зурлаа. Ийм л байдаг даа, зураг ингэж төрдөг.

-Тэр үед та говь, тэмээ зуръя гэж бодсон юм уу?

-Санаандаа бол говь зуръя гэж босч ирсэн юм. Гэтэл явц дундаа миний бодоход би Норовбанзад гуайг зураад байсан шиг байгаа юм. Бид үнэхээр арчаагүй юм аа, төр нь ч тэр, хүмүүс ч тэр, ийм мундаг, дэлхийд байхгүй дуучнаа ийм эрт алдчих гэж харуусаад л зураад байсан. Хайр, харуусал, уртын дууны айзам эгшиг дундаас тийм нэгэн зэрэглээ гараад ирсэн.

-Сонин юм аа…

-Сая бол яах аргагүй зарим нэг зургийн талаар хүмүүст ярьж өгч байлаа л даа. Нэг хүүхэн өмнө зогсчихоод “Таны энэ “Хар даралт” гэдэг зурагт юун тухай өгүүлж байгаа юм. Харахад зураас, будаг, өнгө л байна, юу гэж ойлгох юм” гээд болдоггүй дээ. Тэгэхээр нь хэллээ. Тэр Польшийн алдартай эх оронч хөгжмийн зохиолч Ф.Шопен XIX зууны эхээр төгөлдөр хуурын зөвхөн хар даралтуудаар тоглодог хөгжим бичжээ. Дэлхийд ихэд алдаршсан бүтээл. Түүнийг би сонсоод тархи оюунд буусан сэтгэгдлээ будгаар, өнгөөр илэрхийлсэн юм. Ингэж энэ зураг төрсөн. Энэ бол хөгжмийн бүтээлийн өнгө” гэж хэлж өглөө. Өөрөөр тайлбарлаж чадаагүй. Ямар үлгэр ярьж байгаатай адил эмгэн, өвгөн хоёр байсан чинь тэгээд гэж ярих арга байх биш. Ингээд л тайлбарлах гэдэг утгагүй байдаг юм. Гэхдээ тэр эмэгтэй одоо л ойлголоо гээд толгой дохиж, өнөө зургаа дахин дахин хараад байсан.

-Энэ чинь л хүмүүс хөгжим, зураг сонирхохын эхлэл биш үү?

-Тийм байх аа.

-Сэтгэлийн хөөрлөөр хэтрүүлж хэлж байж магад. Таны бүтээлүүдийг харахад яг л хөгжим шиг. Үнэхээр л Ф.Шопены этюд, ноктюрн хөгжим сонсогдох шиг. Ялангуяа мэддэг хөгжмүүдэд зурсан бүтээлүүд тань илүү дотно, үнэн юм шиг харагдаад байгаа юм. Та энэ зургуудаа хөгжим шиг гэж хэлж чадах уу?

-Ёстой хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хүлээж аваг. Нэг юм хэлэхэд ах ньуран бүтээл, туурвил гэх зэрэг үгнээс зайлсхийдэг юм.

-Яагаад?

-Хэтийднэ. Энэ чинь тэр бүр, дурын хүн хэрэглээд байдаг үгнүүд биш. Асар гүн, гүнзгий утга агуулгатай, бурхан минь ховор хүмүүсийн тухай ярихдаа хэрэглэвэл зохиолтой мундаг үгнүүд. Дурын, наад захын нөхөр л уран бүтээл хийж байна, бүтээлээ гаргалаа гэнэ. Туурвиж байна гэх. Би ч тэгж хэлж чадахгүй.

-Тэгвэл юу гэж хэлэх вэ?

-Зураг зурсан л юм чинь зурснаа л хэлэх хэрэгтэй. Түүнээс биш юун хаа байсан туурвил, уран бүтээл.

-Тэгвэл хэний гараас гарсан зураг урлалыг уран бүтээл, туурвил гэх вэ. Тухайлбал марзан Шаравынхыг юу гэх вэ?

-Болно.

-Арай сүүлийн үеийнхнээс гэвэл хэнийхийг уран бүтээл, туурвил гэх вэ. Та театрын зураач агсан Л.Гавааг их үнэлдэг шиг санагдсан…

-Бололгүй яах вэ. Тэр мундаг хүмүүсийг бүтээлээ, туурвилаа гэхгүй яах юм. Би уран бүтээлч гэж өөрсдийгөө боддог бүх хүнийг хамааруулах гээгүй. Гэхдээ болгоомжтой, хүндэтгэлтэй хандах ёстой шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Таны тухай төдийлөн сайн мэддэггүй байлаа. Тэгтэл та олонд танигдсан олон зургийн автор юм билээ. Лав “Дэлхий ээж” таны зураг юм байна. Өөр ямар ямар зураг нэрлэх вэ?

-“Дэлхий ижий” гэдэг юм. Урлаг судлаач Дашбалдан тэр зургийг минь хараад“Монголын урлагт философи орж ирлээ” гэж бичиж урам өгч байсан. Динозавраас сэдэвлэсэн “Галав Шанхын нутгаар”, “Шуурга” зэрэг зургийг минь үнэлж “Монголын зураасан зураг дэлхийд гарлаа” ч гэж бичиж байсан. Ер нь мань хүн бидний хэний маань ч зураг бүтээлийн талаар их бичдэг, өөд нь татдаг, зүглүүлж, чиглүүлэх гэж зүтгэдэг хүн байсан юм.

-Одоо үед нэн ховордсон мэргэжилтэн байна даа…

-Тийм ээ. “Пи Пи” гэж нэг нохойн зураг байдаг. “Томилолт дууслаа”-г маань сайн зураг гэдэг. Уран зургийн галерейд, өөрөөр хэлбэл улсын сан хөмрөгт хорь гаруй зураг минь байх ёстой. Гэхдээ одоо арав гаруй л бий гэнэ лээ.

-Бусад нь хаачсан юм?

-Мэдэхгүй. Гэхдээ сайн тоолоогүй л дээ. Нэгэнт улс өмчөө болгоод авсан болохоор араас нь төдийлөн санаа тавиад байдаггүй. Тэгсэн ч гэсэн төрүүлсэн хүүхдээс минь ялгаагүй болохоор хааяа боддог юм. Чадраабалыг захирал байхад ахынх нь хэдэн зураг байна, заваараа тоо гаргаадхаач гэж л байсан юм. Тэгээд л орхигдсон. Манай галерей чинь бас шатсан шүү дээ. График зургийн хэсэг нь илүү өртсөн.

-График зураг гэснээс та Польш улсын Варшав хотын Урлагийн академийг зураач мэргэжлээр 1981 онд төгсч ирсэн юм билээ. Тэнд график зургаар мэргэшсэн. Ер нь Монголын зураачдаас Польшид төгссөн нь хэд вэ?

-Хоёр. Эрдэнэцогт гэж залуу Краковт төгссөн. Ардын зураач Чүлтэм гуай Урчуудын эвлэлийн хороог ахалж байхдаа Дүрслэхийн сургууль төгсөөд ирсэн залуусаас ЗХУ-аас гадна Болгар, Польш, Германд дээд сургуульд сургах нь зүйтэй гэсэн бодлого баримталж, тухайн үеийн нам, засгийн удирдлагуудтай зөвшилцөж явуулдаг болсон байсан. Тэр үед сураад ирсэн дээ. Азтай. Варшавт манай сургуулиас холгүй суут Шопены зүрх хадгалагдаж байдаг сүм байдаг. Тэр гайхамшигт хүний тухай бодож, хөгжим бүтээлийг нь сонирхож явснаас ингээд хөгжимд нь цуврал зургууд зурах юм гэж харин бодож байгаагүй юм билээ.

-Та хоёрын Шопены этюд, ноктюрнд гаргасан энэ өнгөнүүд дахин давтагдахгүй, дэлхийд ч байхгүй биз?

-Байхгүй.

-Тэгж бодохоор бас л гоё санагдаж байна шүү. Та Монголын зураачдаас тухайн үеийн баруунд сурч төгссөн мэргэжилтний хувьд ихэвчлэн абстракт зураг зурж байв уу?

-Үгүй ээ, бодитоор зурна. Дөнгөж сургууль төгсч ирээд тухайн үеийн Намын төв хорооны Майдар даргын зураачаар хэсэг ажилласан. Энэ Шинжлэх ухаан мэдээллийн төвөөс гардаг бүх л юмыг зурдаг байлаа. Танилцуулга, брошюр, номын график дизайн юу байдаг юм бүгдийг хийнэ. Тэр үед одоогийнх шиг компьютер энэ тэр байх биш. Бүгдийг гараараа хийнэ. “Майн 1”, Октябрийн баярын жагсаал, Маркс, Ленин гээд зурахгүй юм байхгүй. Орон нутагт томилолтоор явна, очсон газар бүртээ зурна. Хорь дөнгөж хүрч байсан даа, Дарханд уран бүтээлийн 14 хоногийн томилолтоор яваад. Их л баярлаж очсон чинь том дарга тоомжиргүйхэн угтаж аваад “Сайн хүн явуулна гэсэн, тэгээд чамайг илгээсэн юм уу” гэж асуухад нь урам хугарч байлаа. Тэгсэн Болгарын тухайн үеийн удирдагчдын нэг Г.Дмитровын хөргийг тав, гурван метр урттай даавуун дээр зураад дуусахад өнөөх дарга маань “Молодец” гэж магтаад, гэртээ хүртэл урьж дайлж цайлсан. Тэгснээ надаас чи ноднин ардын хувьсгалын ойгоор зураг өгсөн үү, үгүй юу гэж байна аа. Нанзад баатарын хөрөг өгсөн гэж хэлтэл “Өө за за, ярих юм байхгүй. Чи авьяастай мундаг хүү юм байна” гэж хэлэхэд нь тэрүүхэндээ урамшижбайлаа. Энэ мэтчилэн хаа хэрэгтэй газар бид ажиллаж ирсэн. Дараа нь Намын Төв хорооны Адъяа даргын зураач болсон доо. Байр авсан. Эхнэр, охинтойгоо айлын хажууд байдаг хүн чинь шууд гурван өрөө байранд ороод явчихсан шүү. Тэр үеийн залуусын мөрөөдөл нь орон сууц байсан юм чинь.

-Одоо ч гэсэн дээ…

-Тийм ээ. Адъяа дарга надад гурван өрөө байр өгсөн хүн дээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр дөнгөж батлаад байхдаа надад харуулж “Чи ер нь л гурван сарын дараа гэхэд байртай болно доо” гэж байна шүү. Тийм л юм байлгүй гэж бодоод чимээгүй байж байтал ёстой л гурван сар гаруйн дараа байрны түлхүүр гардаж авсан. Тэгсэн хөгжилтэй юм болоод. Айлын хажууд байхдаа угаалгын өрөөнд нүүр гараа угаачихаад алчуур савантай уутаа аваад өөрийнхөө өрөө рүү ордог байхгүй юу. Тэгтэл шинэ байрандаа орсон хойноо яг хуучин шигээ өнөөхөө сугавчилчихсан өрөө рүүгээ явж байхыг эхнэр хараад “Чи чинь гэртээ байж яагаад байгаа юм бэ” гэж байсан юм.

-Хөгжилтэй юм. Учир мэдэх хүмүүс таны чадварыг тэгж үнэлж байж шүү дээ…

-Урамшуулаад байвал овоо юм хийх нөхөр шиг байна гэж харсан юм болов уу даа. Инээдтэй гэхээр сонин түүх бий. Товчхондоо би байр хүссэн өргөдөл эрт бичиж хөөцөлдөж эхэлсэн байснаараа хожсон юм. Өмнө нь Майдар дарга намайг хоёр жил ингээд миний дэргэд ажиллачих, яг хоёр жилийн дараа чамд байр өгнө гэхээр нь би үгүй гээд буцаад явчихсан юм. Залуу хүнд ганцаараа нэг өрөөнд өдөржин зурж суух уйтгартай байдаг байлаа. Эргээд яваад очиход манай Урчуудын хорооныхон тэнэгийг минь гайхсан. Тэр үеэс л дотор нэг юм бодогдоод яваад байж л дээ. Тэр зун Архангайд ахындаа очиж амарч байхдаа ах маань мэргэлдэг болохыг мэдээд. Хавь ойрынхон ирж алдсан малынхаа сургийг гаргуулаад олж байна, ер нь их дажгүй шүү. Тэгэхээр нь ахаас би хэзээ байртай болох юм шиг байна үзээд өг гэлээ л дээ. Ах зоос шажигнуулж үзсэнээ “Чи уг нь бол хөөцөлдсөн юм байна шүү дээ. Бүтэх юм байна. Хоёр том дарга туслах гээд байх юм. Гэхдээ чи захидал бичих хэрэгтэй юм байна” гэдэг юм байна. Тийм юм сонссон хүн чинь зүгээр суудаггүй юм билээ. Нэгэнт Майдар даргаас зугтчихсан хүн чинь хөдөөнөөс ирэнгүүтээ Адъяа даргад хаяглаж захидал бичлээ. Залуу уран бүтээлч намайг дэмжиж, орон байр олгоно уу гэсэн захиа. Тэр зоригийг минь үнэлсэн үү, боломжийн сайн зураач болох юм байна гэж чадвар харж дэмжих гэсэн юм уу байр өгсөн дөө. Тэгэхэд надаас гадна хоёр хүнийг орон сууцтай болгосон.

-Та ер нь хэнд ч хэлье гэснээ хэлчихдэг шулуун зантай санагдсан. Том хүн, дарга энэ тэр гэж цэрвэж эмээдэггүй хүн бололтой…

-Яаж байна?

-Эсвэл үеийнх болохоор тэгдэг байх, Жанцанноров гуайг лав “Жанцанноров оо” гэж байна лээ.. Мэдээж тэр хүн маань бүхний хэмжүүр биш л дээ. Гэхдээ л хүмүүс ихэнхдээ түүнийг гуайлдаг…

-Бид нэг үеийнхэн л дээ. Манай ахмад зураачид гэж ухаантай хүмүүс байлаа. Тэдний хэн нь билээ нэг нь “Үе мултарчихаагүй л юм бол бие биеэ та гээд, гуайлаад байх хэрэггүй, уран бүтээлийн зай холдоод байдаг юм” гэж хэлж байсан удаатай. Түүнээс үүдэлтэй ч байж мэднэ. Би хэдэн ч насаар ах байсан бараг л бүгдийг чи гэдэг. Мэдээж бүр ахмад, ихэд хүндэлж явдаг хүмүүсээ та гэлгүй яах вэ. Тэгээд ч долигонох муухай.

-Та хөгжмийн зохиолч Шарав гуайтай хамт галт тэргэнд дээрэмчин номхруулсан түүхээ ярьж өгөөч?

-Аа тэр үү. Москва-Улаанбаатарын галт тэргэнд монголчууд монголчуудаа дээрэмддэг байсан үе. Шарав бид хоёр найз л даа. Манай хүн Москва орох гээд, би ч гэсэн Москвагаар дайраад цаашаа явах гээд нэг купейнд хамт орсон юм. Замд дээрэмчид орж ирдэг, хаалга түгжээтэй байна уу, үгүй юу хамаагүй хутга шөвгөөр айлгаад орж ирээд авч яваа бараа тоноод аваад явчихдаг байсан юм. Биднийг унтах гэж байхад дээрэмчид хутга гялалзуулаад ороод ирлээ. Босцгоо л гэж байна. Хамгийн түрүүн намайг буугаад ир, ямар бараатай явж байна гэнэ. Архи байна уу гарга гэлээ. Тэгснээ юу хийдэг хүн бэ гэж ирээд л хашгирч байна шүү. Зураач л гэлээ. Тэр хооронд агсраад л, үгүй мөн их сүрийг үзүүлж байгаа юм аа. Тэгснээ дээшээ заагаад тэр нөхөр юу хийдэг юм, яагаад бууж ирэхгүй байна гээд л ориллоо. Тэгсэн Шарав, хөгжмийн зохиолч л гэж байна. Дээрэмчин хөгжмийн зохиолч оо, дуу муу зохиодог хүн гэсэн үг үү, тэгээд ямар дуутай юм бэ дээ, алив дуулаадха гэж байна. Тэгсэн Шарав намайг дуулаач гэх юм. Тэгэхээр нь би

Алтан хундгын дэлбээнд нь мөнгө шүүдэр сөгнөөстэй,

Аавын мөртэй шороонд нь алтан эрдэнэ үелээстэй… гээд эхэлсэн чинь өнөө дээрэмчин аягатай архиа цэлэлзүүлэн

Сүргийн бэлчээр бэл рүүгээ сүүдэр ч үгүй хөхрөөстэй

Салгуу холоос намайгаа сарнаар ч нарнаар ч дуулаастай

гэснээ ийн ийн гээд уйлчихдаг юм байна. Дээрэмчнээ уярааж авсан хүмүүс чинь айх ичих нь арай багасаад ирлээ дээ. Овоо тайвшраад байж байтал нөгөөх чинь дахиад хашгирлаа. Алив зураач, хөгжмийн зохиолч хоёр дахиад дуул, чи өөр ямар дуу зохиосон юм гэж байна. Би ч сандрахдаа

Алсын газар эрдэм сурахаар хүрээд ирлээ би чиньАзай буурал ээжийгээ орхиод гарсан даа…

Гээд л эхэллээ. Үнэн хэрэгтээ Шаравын дуу мөн ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй. Чинзоригынх бч байж магад. Ямар ч байсан нөгөө нөхрийг дуугүй болгож аргадах л чухал байлаа. Тэгсэн согтуу дээрэмчин дагаж дуулаад уйлж байна аа.

Гэх мэтчилэн бид аргалж байж, урлаг, дууны хүчээр байдлыг намжааж чадсан юм. Сүүлдээ ах нар гээд овоо болж ирлээ. Тэгсэн манай Шарав сэргэлэндэж “Өнөө хэдэн тарваганы арьсаа хэлчих үү, яах вэ” гэж шивнэж байна аа. Тэгэхээр нь дүү хүү, хөгжмийн зохиолч ах чинь цөөхөн арьстай яваа, авах уу” гэж асуухад гаргуулж хараад “Уг нь сортолж байгаад янз бүрийн үнээр авдаг юм. Гэхдээ яах вэ ахын барааг бүгдийг нь хамгийн өндөр үнээр авъя” гээд дээд ханшаар авлаа. Тэгсэн түрүүнээс хойш доод орон дээр цаашаа хараад үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтээд байсан эхнэр, нөхөр хоёр дуу орж эхэлдэг байна шүү. Авгай нь “Миний дүү, надад бас нэг хэдэн арьс байна, авах уу” гэж байна. Алив гаргаад ир гэснээ, тоолж дуусаад “Та хоёр их муу хүмүүс байна. Түрүүнээс хойш наана чинь янз бүрийн юм болоод байхад дуугүй байж байснаа арьс авах, өгөх болохоор босоод ирдэг онцгүй хүмүүс байна, та хоёрын арьсыг бүгдийг нь хамгийн бага үнээр авна, май мөнгөө ав” гээд хамгийн муу арьсны үнээр бүгдийг нь бодоод хэдэн төгрөг өгөөд явчихсан.

-Тухайн үедээ аймаар л байсан байх даа. Одоо сонсохоор инээд хүрээд байх юм…

-Өнгөрсөн түүх. Дуу хөгжим, урлаг гэдэг чинь ийм хүчтэй. Чих, хараагаар дамжаад сэтгэл зүрхэндхүрч чаддаг нь хөгжим, зураг, яруу найраг юм шүү дээ. Одоо Б.Лхагважав бид хоёрын үзэсгэлэнгийн санаа ойлгогдож байна уу?

-Ойлгогдож байна. Яриулаад байвал хонон өнжин суусан ч уйдахгүй юм байна. Дараа боломж олдох байх, одоо бол ярилцлагаа өндөрлөе. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Таны зураг бүтээлийг уран бүтээл гэхгүй бол хэнийхийг тэгж хэлэх вэ. Туурвил ч гэж болох байх. Зураач Б.Саранхөхөө эмнэлэгт таныг өвчтэй тааруухан байхад очоод “Та үхнэ гэж юу яриад байгаа юм. Таныг үхвэл бид яах юм, Монголын урлаг яах юм” гэж зандарч байсан гэж та яриан дундаа хэлж байсан. Түүний хэлснээр та Монголын дүрслэх урлаг, ер нь урлагт он удаан жил өөрийн зам мөрөө улам илүү тодоор дурайлгаж явахыг хүсье.

-Баярлалаа. Хичээж л явна.

Р.Оюунжаргал, “Өдрийн шуудан” сонинд 2014 оны 5 сарын 13-нд нийтэлсэн

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ