Хөгжмийн эгшиг үл тасрах тэнгэрлэг гэр бүл

0
2494

сангийнхан 4Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг хөгжмийн шилдэг бүтээлийн “Алтан намар” наадмын энэ удаагийнхад очоод часхийсэн чансаатай бүтээл туурвилууд сонсч таашааж суух зуураа “өнөө хэдийгээ” үгүйлэв. Г.Бирваа, Д.Лувсаншарав, С.Сангидорж гээд л. Монголчуудынхаа сэтгэл, оюунд орон зайгаа гүн бат эзэлсэн мөн ч сайхан уран бүтээлчид юм даа. Орой нь “Алтан намар-2015”-ын мэдээлэл уншиж, зургууд үзэж байх зуур ийм зураг өөдөөс гараад ирэх нь бодлыг минь уншихтай ижил юм болов. Гэрийн эзэн хөгжмийн зохиолч, гэргий, хүүхдүүдтэй нь бүгдтэй нь танил болоод ч тэр үү, сэтгүүлчийн ажлын шугамаар тэднийг нэг бус удаа “байцааж” байсан болоод ч юм уу эднийхэн төрсөн ах дүүсээс минь ялгаагүй дотно санагдах мэт.

сангийнхан 3Хөгжмийн зохиолч С.Сангидоржийнхон түүний гэргийгээс  бусад нь бүгд хөгжмийн хүмүүс.  Том охин С.Саянцэцэг нь төгөлдөр хуурч. Хүү С.Сансаргэрэлтэх нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч. Ихэр хоёр бага охид С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг нь мөн л төгөлдөр хуурчид. Гэхдээ ээж бол хөгжмийн айхавтар мэдрэмжтэй, мэдлэг, мэдээлэл маш сайтай.

Хоёр багын нэг өдгөө Испанид, нөгөө нь Америкт ажиллаж амьдарч байдаг. Ах С.Сансаргэрэлтэх нь Америкт. Эгч С.Саянцэцэг нь аавыгаа өөд болсноос хойш ижийдээ ойр, Монголдоо аж төрж, ажиллаж бүтээж байгаа билээ.

сангийнхан 1Аавын үгүйд ах нь аав. Хүү хөгжим бичиж, хөгжмийн зохиолч эцгийн үйлс бүтээл үргэлжилсээр. Ч.Сангидоржийнд хөгжмийн эгшиг үл тасарна. Хөгжмөөр амьсгалж, хооллож, ундалж, харилцаж, ойлголцож, хайрлаж, хайрлуулж, амьдарч болдгийн дуурайл бол эдний гэр бүл юм даа. Монголынхоо тэнгэрлэг нэгэн гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Гэр бүлийн зурагтай нь танилцаж, дэлгэрэнгүй мэдээлал авах бол Фэйсбүүкд Чойгивын Сангидорж гээд олоорой.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ