Дэлхийд ховор монгол үзэгчид хэзээ засрах вэ?

1
1641

За энэ тухай ярья гэж удаан бодож  хэл загатнаж явсан билээ. Би гэдэг хүн  нэлээд хэдэн  жил гадна дотно суусных, жилдээ нэг хоёр  нутгаа зорин ирэхдээ ах дүү хамаатан садантайгаа уулзахаасаа өмнө шахуу очиж бараалхдаг хэдэн газруудтай. Тэдгээр нь Дуурийн театр, Чуулга, Драмын театр, Филармони зэрэг нэр бүхий урлагийн  ордонгууд.

Тэднийхээ нэгээр оюун сэтгэлээ баясгах санаатай үзвэр дээр нь  очно оо. Тоглолт эхлээд л сайхан сууж байтал хажуу хамрын улс шивэр авир яриад эхэлнэ, байж байгаад больчих болов уу гэхэд тэд бүр тоглолтын турш ярьчихна.  Удаан уулзаагүй хөдөөний улс таараад нэгнээ санаад л ингэж байгаа байх даа гэж өөрийгөө тайвшруулна.

Арай зэрэг зиндаа өндөртэй Дуурийн театрт өөр байх боловуу гэсэн бат итгэл тээсээр очно. Сонгодог хөгжмөөр сонороо мялаах гэсэн оргилсон хүслийг минь симфони найрал хөгжим мялаан эгшиглэж байтал нялх хүүхдийн уйлах дуу зэрэгцэн хадна.   Хүүхдээ аваад гараачээ гэсэн нэгнийхээ  шаардлагаас болж тоглолтын дундуур өндөр дуугаар хэрэлдэж байсан үзэгчдийг ч харж явлаа.   Хүүхэд харах хүнгүйдээ ч тэр үү, хүүхэддээ багаас нь хөгжмийн боловсрол олгоё гэсэн хүслээр дагуулаад ирдэг эцэг эхчүүдийг буруутгахад хэцүү. Гэхдээ түмэн хүний маш удаан хугацааны хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх  ганц үдшийг нураах гэсэн юм шиг, оюун санааны таашаал авах гэж ирсэн олон үзэгчдийг  нервтүүлж   учир мэдэхгүй нялхаа уйлуулан уйдуулан суух үзэгчдийг хувиа бодсон бэртэгчин гэх үү, хүүхдийнхээ хөгжмийн боловролын төлөө зүтгэгчид гэх үү. Тэр уйлаан дунд телевиз радиогийн бичлэг авах, архивжуулах талаар саналтгүй ажээ. Тэгтэл арын эгнээнд цаас шажигнуулан юм идэх арай томхон хүүхэд сандал өшиглөөд суулгахгүй байх энүүхэнд.

Кино театрт орсон ч бас л адилхан.

Cinema-Ninja

Драмын театрт  байдал арай  гайгүй байх боловуу гэсэн горьдлого тээсээр жүжиг үзэв. Жүжиг дундаа орж үзэгчид гол дүрийн жүжигчний амнаас гарах үгийг амьсгаа даран сонсч түүнийг өрөвдөн хайрлан, уяран уйлах гэж байтал дррррр дррррр дрррр гэж хэн нэгний кармаанаас гар утас хангинан дуугарна.  Олон хүний ундууцлыг хөдөлгөсөн өнөө гайхал гэтэл  утсаа салгахын оронд аваад ярьж гарахыг харахад хэлэх үг эс олдоно.

Уг нь боловсролтой боломжтой нэг хэсэг нь  тархи оюунаа сэргээх гэж   театрын хаалга татдаг гэж дүгнэдэг байтал заримдаа ч хүн биш хонь мал оруулаад тавьцан мэт улс  мэр сэр явах нь нөгөө зөвхөн Монголдоо гэдэг дууны үгийг бодогдуулна.

Миний дүрсэлсэн дүр зураг ганцхан надад таараад байдаг зүйл биш нийтлэг дүр төрх болсон гэдгийг олонх мэдэж байгаа тул ойлгож, санал нийлж буй биз ээ.

Гадаад орнуудад хаа ч театр үзвэрүүдээр  орж явахад манай үзэгчид шиг нэгэндээ садаа төвөг болж байдаг үзэгчид даанч таарч байгаагүй.

Дэлхийд ховор монгол үзэгчид хэзээ яавал засрах бол?

Д. Цэцэг

1 СЭТГЭГДЭЛТЭЙ

  1. yag unen zuil bichjee.huuhduud ni guildeed oriloldono geech.heleheer oodoos tenegtene.unen buduuleg.er ni oroin uzvert huuhed oruulahgui baimaar. hodooniihoo ulaanbuland suuj bna gej boddog yum shig bgaan heleh muu ug ch oldohgui bna.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ