Б.Хонгорзулын бүтээлээс үнэний гоо сайхныг мэдэрдэг

1
1117

hongorБогиновтор тогдгор бор дээл бүсэлж, “эмээ” алчуур уруу нь зангидсан нь суларч зулай нь ил гарчихсан улаа бутарсан хацартай бяцхан охин шагай элбэг давам цасан дунд машины мөрөөр гарсан харгуйгаар дугуй түрж тоглоход нь хөгшин шар нохой нь дагаж, охиныг гүйхэд нь гүйж, зогсоход нь зогсч ханьсана. Цаана нь хэдэн дүнзэн байшин харагдана. Дүн өвлийн тэсгим хүйтэн, нар хэдийнэ хэвийж оройн бүрий болж байгааг үл ажран хааяахан нусаа татчихаад наадаж яваа жаал охинд бодох санах юм юу ч үгүй нь хөдөөгийн амар амгалан, хүн зоны тайван жаргалтай амьдрал. Гэрт нь эмээ, өвөө нь буй. Халуун цай, ёпоошиг, амттай гэгчийн цөцгийн тос, саяхан хийсэн гурилтай хоол ч юм уу, магадгүй бууз хүлээж байгаа. Зураач Б.Хонгорзулын хөдөөгийн сайхан, эгэл хүн ард, жаргалтай бага насны дуулал болсон зураг бүтээлүүд харсан хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татаж сэтгэл тэнэгэр амьдралын тухай бүхэл бүтэн зохиол хүүрнэх мэт. Түүний зураг бүхэн ийм.

khongor aavuudЗураачийн урын санд охид эмэгтэйчүүдийн тухай сэдэв нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Эмээ, ээж, эгч, дүү, балетчин элбэг. Зүгээр л зураачийн сэтгэл дэх гоо дагина үзэсгэлэн төгөлдөр бие хаагаа гайхуулан байгаль эх, хорвоо ямар гээчийн уран болохыг илтгэн бага зэрэг ичингүйрэн энрхий ялдмаар таны харцыг булаах нь төгс. Зураачийн ур ухаан, гараас амилсан зураг бүтээл бүр хосгүй. Товчхондоо түүний бүтээлээс үнэний гоо сайхныг мэдэрдэг юм.

Энэ өдрүүдэд зураачийн хүүхдийн сэдэвтэй бүтээлүүдтэй танилцах боломж олдож байна. Зураач Б.Хонгорзул, зохиолч Д.Аззаяа нарын хамтарсан “Бүүвэйн домог” ба “Орчин цагийн шидэт үлгэрүүд” үзэсгэлэн LILIUM галерейд нээгдээд буй юм. Зохиолчийн бичсэн номонд орсон зураачийн бүтээлийг энд эх хувиар нь дэлгээд байна.

uzҮзэсгэлэнгийн нээлт энэ сарын 7-нд болсон бөгөөд уран зурагт дуртай үзэгч, зочид олноор ирж зургийн, номын эргэн тойронд сонирхолтой яриа хөөрөө өрнөсөн сайхан үдшийг хамтдаа үдсэн юм.

Зураач Б.Хонгорзулын бүтээлийг тусгайлан сонирхдог, зургийг нь худалдаж авдаг, цуглуулдаг хүмүүс бий. Тэдний зарим ч ирсэн байлаа. Зураач, зохиолч, тэдний фэнүүд, зочид, үзэгчид хамтдаа уран бүтээлийн тухай, цаашлаад аль сайхан бүхний тухай ярилцаж хөгжилдөн төгөлдөр хууртай дуулж цэнгэсэн нэгэн сайхан үдэш жаргасан юм.

Үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл байна. Зураач, дизайн урлалын “Гэсү” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Хонгорзулын хүүхдийн сэдэвтэй бүтээлүүдтэй танилцахаар яараарай.

Зураачийн хоёр аавыгаа хүүхэд насны хөгжилтэй дурсамжуудаа хүүрнэн тухлан суугаа байдлаар зурсан нь их гоё. Төрсөн аав Монгол Улсын Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн, хадам аав Монгол Улсын ардын зураач Ч.Гунгаасүх нар охиныхоо уран гарын бүтээл болон мөнхөрсөн нь сонирхол татдаг.

Р.Оюунжаргал

1 СЭТГЭГДЭЛТЭЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ